Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/804

 

 

Ж.М, Б.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Анхжаргал,

өсвөр насны шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Д.Март,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Мын гаргасан давж заалдах гомдлоор Ж.М, Б.Б нарт холбогдох 2108 00000 0271 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ......................., 20................ оны ........ дугаар сарын ............. -ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, хойд эцэг, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, Тээвэрчдийн 4 дүгээр гудамжны 45 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:........../,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 379 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр эдлээгүй үлдсэн 6 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 474 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлсэн;

2. .............................. , 19........... оны .......... дугаар сарын .................-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, нөхөр, таван хүүхдийн хамт  Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойтын 62 дугаар гудамжны 5в тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:........................../,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

Өсвөр насны шүүгдэгч Ж.М нь:

1. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 28-1За тоотод оршин суух Г.Төмөрбаатарын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг хагалж, нэвтрэн орж, дунд гарын хуучин мөнгөн аяга 8 ширхэг, жижиг гарын хуучин мөнгөн аяга 1 ширхэг, бэлэн 250.000 төгрөгийн эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.040.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2. 2021 оны 01 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 54-02 тоотод байрлах О.Байгалмаагийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж, бэлэн 100.000 төгрөг, бугуйн цагны хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 135.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

3. 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 7-23 тоотод оршин суух Ж.Чулуунхүүгийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж, мөнгөн аяга 12 ширхэг, зэс аяга 3 ширхэг, гуулин аяга 3 ширхэг, монетон ээмэг, бөгж, кулонтой 1 хос, 4 шил виски, цагаан архи, хөөрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 5.463.900 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

4. 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 8 дугаар хороо Нарлагийн 12-11 тоотод оршин суух Г.Гантулгын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны вакум цонхны түгжээг эвдэж нэвтрэн орж, таслагч, гар дрилл 2 ширхэг, гар хөрөө, хар нүдний шил, G-Schock бугуйн цаг, хүүхдийн 2 мөртэй ягаан үүргэвч зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 197.100 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

5. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагаас 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 2-23 тоотод оршин суух С.Лхагвасүрэнгийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны вакум цонхоор нэвтрэн орж, алтан ээмэг, хөөрөг 2 ширхэг, номин ногоон шигтгээтэй бөгж, пудр 13 ширхэг, сувдан, ногоон шигтгээтэй энгэрийн зүүлт 2 ширхэг, хүзүүний зүүлт, шүрэн эрхи, ээмэг, бөгж, кулон, зүүлт зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 6.485.900 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

6. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 02-056 тоотод оршин суух Х.Нямсүрэнгийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж, пүүз, жинсэн яак, мөнгөн бөгж, мөнгөн гинж, мөнгөн халбага, сэрээний ком зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 342.300 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

7. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 9-107 тоотод оршин суух С.Эрдэнэсувдын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж, хар савхин цүнх, монетон гинж, бөгж, ээмэг 1 хос, “Самсунг А-5” загварын гар утас, мөнгөн аяга 4 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 1.194.380 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

8. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 2-37 тоотод оршин суух О.Энхбатын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны салхивчаар нэвтэрч хөөрөг, алтан ээмэг, бөгж, монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг бөгж, циркон шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, мөнгөн хослол, зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад 2.477.500 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” худалдааны төвд С.Эрдэнэсувдын өмчлөлийн мөнгөн аяганы мөнгийг, Г.Төмөрбаатарын өмчлөлийн мөнгөн аяга 9 ширхэг,

О.Энхбатын өмчлөлийн зөөврийн компьютер, С.Лхагвасүрэнгийн өмчлөлийн алтан ээмэг 2 ширхэг, хөөрөг 2 ширхэг, 2 ширхэг алтан бөгж, 99 граммын мөнгө, 6 ширхэг хайрцагтай пудр, гоёлын ээмэг, бөгж 6 ширхгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Бурхан буудай овогтой Жаалмаагийн Мандахбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон сууцад нэвтэрч үйлдсэн, шүүгдэгч Магнаг овогт Батбуяны Бямбажаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  өсвөр насны            шүүгдэгч Бурхан буудай овогтой Жаалмаагийн Мандахбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, Шүүгдэгч Магнаг овогт Батбуяны Бямбажаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Мт оногдуулсан 4 жил 8 сарын хорих ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сарын хорих ялаар тогтоож сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнсэн хянан харгалзах хугацаандаа оршин суух газраа өөрчлөх тохиолдолд эрх бүхий этгээдэд мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Мын цагдан хоригдсон 118 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Мээс 8.192.750 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Төмөрбаатарт 250.000 төгрөгийг, О.Байгалмаад 135.000 төгрөгийг, Ж.Чулуунхүүд 4.915.550 төгрөгийг, Г.Гантулгад 35.100 төгрөгийг, Х.Нямсүрэнд 279.800 төгрөгийг, С.Эрдэнэсувдад 1.194.380 төгрөгийг, О.Энхбатад 1.382.920 төгрөгийг тус тус олгохоор, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хасваргаж, Ж.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өсвөр насны шүүгдэгч Ж.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Авто угаалгад ажиллаж, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулахаа амлаж байна. Иймд надад боломж олгож, ажил хөдөлмөр хийж хохирлоо барагдуулах боломж олгоно уу. Энэ байдлыг харгалзан үзэж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Ж.Мын өмгөөлөгч Д.Март тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.М нь нийт 188 хоног цагдан хоригдсон байгаа. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл хамаарна. Өсвөр насны шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасаж тооцно гэж заасан учраас өсвөр насны шүүгдэгч Ж.Мт оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасаж өгнө үү. Хохирол төлбөрийн хувьд өсвөр насны шүүгдэгч Ж.Мын ээж Дархан-Уул аймгаас ирж уулзсан. Хохирол төлбөрийг төлж барагдуулна гэдгээ анхан шатны шүүх хуралдаан дээр илэрхийлсэн. ...” гэв.

Прокурор У.Анхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд өсвөр насны шүүгдэгч Ж.Мын хорих ялаас 2 жилийн хугацааг хасахаар байгаа боловч өөрөө 8.192.750 төгрөгийн хохирол төлбөрийг төлөөгүй байгаа. Мөн хохирол төлбөрийг бодитойгоор төлөхөө бодитойгоор илэрхийлсэн нотлох баримтгүй, хэрхэн төлж барагдуулах нь тогтоогдохгүй байна. Өсвөр насны шүүгдэгч Ж.Мын өмгөөлөгч Д.Март нь мөн хохирол төлбөрийг хэрхэн төлж барагдуулахаа илэрхийлж чадаагүй. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Мын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Ж.М нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 28-1За тоотод оршин суух Г.Төмөрбаатарын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг хагалж, нэвтрэн орж, дунд гарын хуучин мөнгөн аяга 8 ширхэг, жижиг гарын хуучин мөнгөн аяга 1 ширхэг, бэлэн 250.000 төгрөгийн эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.040.000 төгрөгний хохирол учруулсан,

2. 2021 оны 01 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 54-02 тоотод байрлах О.Байгалмаагийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж бэлэн 100.000 төгрөг, бугуйн цагны хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 135.000 төгрөгний хохирол учруулсан,

3. 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 7-23 тоотод оршин суух Ж.Чулуунхүүгийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж, мөнгөн аяга 12 ширхэг, зэс аяга 3 ширхэг, гуулин аяга 3 ширхэг, монетон ээмэг, бөгж, кулонтой 1 хос, 4 шил виски, цагаан архи, хөөрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 5.463.900 төгрөгний хохирол учруулсан,

4. 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 8 дугаар хороо Нарлагийн 12-11 тоотод оршин суух Г.Гантулгын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны вакум цонхны түгжээг эвдэж нэвтрэн орж, таслагч, гар дрилл 2 ширхэг, гар хөрөө, хар нүдний шил, G-Schock бугуйн цаг, хүүхдийн 2 мөртэй ягаан үүргэвч зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 197.100 төгрөгний хохирол учруулсан,

5. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагаас 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 2-23 тоотод оршин суух С.Лхагвасүрэнгийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны вакум цонхоор нэвтрэн орж, алтан ээмэг, хөөрөг 2 ширхэг, номин ногоон шигтгээтэй бөгж, пудр 13 ширхэг, сувдан, ногоон шигтгээтэй энгэрийн зүүлт 2 ширхэг, хүзүүний зүүлт, шүрэн эрхи, ээмэг, бөгж, кулон, зүүлт зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 6.485.900 төгрөгний хохирол учруулсан,

6. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 02-056 тоотод оршин суух Х.Нямсүрэнгийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж, пүүз, жинсэн яак, мөнгөн бөгж, мөнгөн гинж, мөнгөн халбага, сэрээний ком зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 342.300 төгрөгний хохирол учруулсан,

7. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 9-107 тоотод оршин суух С.Эрдэнэсувдын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж, хар савхин цүнх, монетон гинж, бөгж, ээмэг 1 хос, “Самсунг А-5” загварын гар утас, мөнгөн аяга 4 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 1.194.380 төгрөгний хохирол учруулсан,

8. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 2-37 тоотод оршин суух О.Энхбатын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны салхивчаар нэвтэрч хөөрөг, алтан ээмэг, бөгж, монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг бөгж, циркон шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, мөнгөн хослол, зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад 2.477.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” худалдааны төвд С.Эрдэнэсувдын өмчлөлийн мөнгөн аяганы мөнгийг, Г.Төмөрбаатарын өмчлөлийн мөнгөн аяга 9 ширхэг,

О.Энхбатын өмчлөлийн зөөврийн компьютер, С.Лхагвасүрэнгийн өмчлөлийн алтан ээмэг 2 ширхэг, хөөрөг 2 ширхэг, 2 ширхэг алтан бөгж, 99 граммын мөнгө, 6 ширхэг хайрцагтай пудр, гоёлын ээмэг, бөгж 6 ширхгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

хохирогч Г.Төмөрбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2021 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 10 цаг 30 минутын орчим эхнэр Чимгээгийн хамт гэрээсээ гараад орой 18 цагийн орчим гэртээ ирэхэд хашааны гаднах төмөр хаалга онгорхой байхаар нь хашааруугаа ороод хаалгаа онгойлгох гэхэд хаалга хөшсөн байдалтай байхаар нь цоожоо онгойлгоод дотогшоо ороход байшингийн баруун талын цонх хангарсан байдалтай гэрийн эд зүйл эмх замбараагүй болсон байхаар нь хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс дунд гарын 8 ширхэг мөнгөн аяга, жижиг гарын 1 ширхэг мөнгөн аяга, бэлэн 250.000 төгрөг алдагдсан..." /1хх 33/,

хохирогч О.Байгалмаагийн: "...Би Сонгинхайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 54-02 тоотод ганцаараа амьдардаг юм. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 04 цаг 30 минутанд ажилдаа явахаар гэрээсээ гараад орой 23 цагийн орчим гэртээ хариад байшингийнхаа хаалгыг онгойлгох гэхэд хаалга дотроос нь цоожилсон байсан. Тэгээд хаалгаа онгойлгож дотогш ороход гэрийн бүх эд зүйл эмх замбараагүй унтлагын өрөөний зүүн талын цонх онгорхой гэрт хулгай орсон байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс ган төмөртэй бугуйн цаг болон бэлэн 100 000 орчим төгрөг хулгайд алдагдсан..." /1хх 193-194/,

хохирогч Ж.Чулуунхүүгийн: "....2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байгаад 14 цаг 30 минутын үед хүнсний зүйл авахаар гзрээсээ гарч яваад Сүлд худалдааны төв орчхоод буцаад 17 цагийн үед хашааныхаа үүдэнд иртэл хашааны хаалга онгорхой үүдэнд нь ажлын цагаан бээлий хэвтэж байхаар нь гайхаад цаашаа явж очоод байшингийн хаалганы цоожийг онгойлгох гэхэд хажуунаас нь хөшсөн байхаар нь гайхаад эргээд хартал ногооны хашааны хаалга онгорхой тойроод очтол байшингийн баруун урд цонх онгорхой цонхоор хартал гэр доторх эд зүйлс хөглөрсөн байхаар нь шууд цагдаад дуудлага өгсөн. Мөнгөн аяга 12 ширхэг, зэс аяга 3 ширхэг, гуулин аяга 3 ширхэг, монетон бөгж, ээмэг, кулон гинжтэйгээ, шүрэн толгойтоо алтан нуухтай хаш хөөрөг /эмэгтэй хүний/, монгол архи 1, 4 шил виски, байсан алдагдсан...” /2хх 16-17/,

хохирогч Г.Гантулгын: "...Би Налайх дүүргийн 8 дугаар хороо, Нарлагийн 12-11 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 03 дугаар сарын 04-ний орой гэртээ ирэхэд манай байшингийн цонх онгорхой байхаар нь гэртээ орж үзэхэд хулгай орсон байдалтай байсан. Гар дрилл 2 ширхэг, гар хөрөө, тастагч, хар нүдний шил, “G-Shock” бугуйн цаг, хүүхдийн 2 мөртэй ягаан үүргэвч зэрэг алдагдсан. Тасдагч, тогонд залгадаг гар дрилл, баттеретай цэнэглэдэг гар дрилл зэргийн үнэлгээг мэдэхгүй байна. Харин хайрцагтай гар хөрөөг 15.000 төгрөг, хар нүдний шилийг гадаадаас 10 доллараар, “G-Shock” бугуйн цагийг 33 долараар, хүүхдийн үүргэвчийг 30.000 төгрөгөөр үнэлж байна. Вакум цонхны нэг түгжээ хугарсан байсан. Өөр эвдэрч гэмтсэн зүйл байхгүй..." /2хх 52-53/,

 хохирогч С.Лхагвасүрэнгийн: "...Нөхөр бид хоёр 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өглөөний 10 цагийн орчимд Их дэлгүүрийн ар талд байх шүдний эмнэлэг орсон. Тэгээд би нөхөрийн хамтаар өөрийн ээж болох Мядагсүрэнгийн Нисэхэд байх гэрт нь очсон. Тэгээд ээжийндээ байж байгаад хүү Пүрэвжаргалын гэрт очоод усанд орчоод гэртээ 19 цагийн орчимд ирсэн. Тэр үед манай гэрийн бүх гэрэл ассан. Тэгээд хаалга нь онгойхгүй дотроосоо түгжсэн байдалтай байсан. Тэгэхээр нь гэрийнхээ ойр орчмоо харсан чинь цонх онгорхой байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Алтан сүүжин ээмэг 2020 оны 10 дугаар сард Зоос гоёл дэлгүүрээс 1.028.000 төгрөгөөр авч байсан граммыг нь сайн мэдэхгүй байна..." /2хх 134-138/,

хохирогч Х.Нямсүрэнгийн: "...2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 18 цаг өнгөрч байхад би өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 3-56 тоотод гэртээ ирэхэд хаалга онгойхгүй байсан. Тэгээд тойроод байшингаа хартал унтлагын өрөөний цонх онгорхой байсан. Гэрээс 2 ширхэг пүүз, 1 жинсэн яак, 5 ширхэг мөнгөн бөгж, 1 мөнгөн зүүлт, мөнгөн халбага сэрээний эдлэл ...4 ширхэг халбага сэрээний мөнгөн ком шинэ, хавтгай хайлуулахад бэлэн 500 орчим грамм цэвэр мөнгө алга болсон..." /2хх 235/,

хохирогч С.Эрдэнэсувдын: "...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө 09 цаг өнгөрч байх үед би гэрээсээ гарсан. Тухайн үед гэрт миний дүү Энхбаатар үлдээд өдөр 10 цаг 50 минутын үед гэрээс гарсан гэсэн. Тэгээд орой 18 цаг 50 минутанд манай нөхөр надруу яриад гэрт хулгай орсон байна гэхээр нь би гэртээ ирсэн. Надаас өмнө манай нөхөр орой 18 цаг 40 минутын орчим гэртээ ирсэн гэсэн. Тэгээд би гэртээ иртэл манай гал тогооны өрөөний цонхны салхивч онгорхой тэрүүгээр хулгайч орсон байна лээ ...Алдсан эд зүйлсээ олж авмаар байна..." /3хх 46-47/,

хохирогч О.Энхбатын: "...Би 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ...15 цаг 20 минутанд хүү Шинэбаяр залгаж "ааваа гэрт хулгай орчихсон байна, цонх онгорхой байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд гэрлүүгээ яваад очтол байшингийн зүүн урд булангийн вакум цонх онгорхой байсан мөн унтлагын өрөөнд байсан хувцасны шүүгээ, авдар болон бусад эд зүйлсийг онгичоод дотор нь байсан эд зүйлсийг гаргаад шалан дээр тараачихсан байсан. ...миний гартаам хөөрөг, мөн эхнэрийн гоёлын мөнгөлөг саванд байсан эхнэрийн алтан ээмэг 1 хос, алтан бөгж 1 ширхэг, монетон ээмэг шигтгэдэг 1 хос, монетон хос бөгж 2 ширхэг, хар хөх өнгийн сапир чулуун шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, ...бөгж 1 ширхэг, циркон чулуун шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 1 ширхэг, хар хээтэй мөнгөн ээмэг 1 хос, хар хээтэй мөнгөн хүзүүний гинж, зүүлттэйгээ 1 ширхэг, жижиг шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, жижиг шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, ...самсунг нэртэй нөүтбүүк, хар цүнх болон цэнэглэгчийн хамт алдагдсан..." /3хх 97-98/,

гэрч Ж.Батцэцэгийн: "...Миний бие хувиараа өөрийн эзэмшлийн 18-32 УБЭ улсын дугаартай Хонда Инсайт загварын тээврийн хэрэгслээр таксинд явдаг юм. Өнөөдөр буюу 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед байх Очир худалдааны төвийн урдуур гараад явж байтал автобусны буудал дээр нэг эрэгтэй хүн гар өргөхөөр зогсоод автал Улаанбаатар хот Дарь-Эх дундын буудал орно 25.000 төгрөг өгье гэхээр нь би зөвшөөрөөд тухайн залууг суулгаад Улаанбаатар хот Дарь-Эхийн дундын буудал гэдэг газар өөрөөр нь заалгаад яг автобусны буудал дээр буулгасан. ...Машин бариад явж байхад Улаанбаатар хот руу ортол юм дугараагүй. Учир нь би Налайхаас тэр залууг авахад 3 хүн давхар суугаад офицерын буудал дээр буусан юм. Тэгээд тэрнээс цааш явж байхдаа би тэр дүүтэй яриа өдөөд миний дүү хаа хүрч яваа юм гэхэд манай аав намайг эмээ, өвөө хоёртойгоо очоод золго гээд явуулсан. Би тэгээд золгосон чинь надад энэ архийг аав, ах хоёртоо өгөөрэй гэсэн гээд цүнхээ онгойлгоод 2 шил архи харуулсан нэг нь киркпанд гээд нэртэй 1,75 литрийн их том архи харагдсан, нөгөө нь хөөрөг шиг хэлбэртэй архи байсныг хайрцагнаас нь гаргаж харуулаад ахдаа өгөөрэй гэж хэлсэн гээд надад харуулсан өөр юу байсныг нь харж чадаагүй харин надад хэлэхдээ эмээ 2 пүүз өгсөн нэгийг нь мартаад гараад ирсэн гэж ярьж байсан..." /2хх 21/,

гэрч Х.Цэнд-Аюушийн: "...Би хажуу талын айлд сэжиг бүхий хүн орж гарч байгааг хараагүй. Хүүхдүүдээ хараад гэртээ байдаг болохоор гэрээс нээх гардаггүй. Гэхдээ өдөр 14 цагийн орчим манай нохой хуцаад байхаар нь гэрээсээ гарч хартал манай хажуу талын айлын хашааны урд хоёр хүн зогсож байсан. Нэг хүн нь цаашаа хараад бие засаж байсан. Нэг хүн нь харалдаа зогсож байсан. Тэр хоёр хүн нь 30-40 насны, 1.65-1.70 см орчим өндөртэй, махлах ч биш, туранхай ч биш ердийн жинтэй бордуу царайтай эрэгтэй хүмүүс байсан. Тэгээд би хоёр хүүхдээ гэрт үлээсэн байсан болохоор гэр рүүгээ орсон. Тэгтэл нөхөр 18 цагийн үед гэрт ирээд байж байтал манай хажуу айлын Төмөрөө ах манай хаалгыг цохиод гэрт хулгай орсон байна, хүн орж байхыг харсан уу гэсэн. Тэгээд би хажуу айлд хулгай орсныг мэдсэн..." /1хх 38/,

гэрч З.Гэрэлтулгын: "...Миний машинд байсан 4 залуугийн 2 нь ногоон өнгийн 2 талдаа үүргэвчтэй жижиг цүнх, 1 талдаа үүргэвчтэй хар өнгөтэй цүнхтэй явж байсан шиг санагдаж байна. Би тэр цүнхнүүдийг нь сайн анзаараагүй учраас гаднах байдлыг нь сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан тэдгээр хүмүүс 2 ширхэг цүнхтэй явж байсан. Тэдгээр цүнхнүүд нь дотроо ямар нэгэн эд зүйлтэй байсан /гаднаас нь харахад илэрхий мэдэгдэж байсан/ дотор нь яг юу юу байсан талаар би мэдэхгүй байна..." /2хх 23/,

гэрч У.Тэмүүжингийн: "...Бид нартай 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр манай гэрт ирж намайг авсан. Ж.М өмнө ял хулгайн хэрэгт ял шийтгүүлж байсан залуу Налайх дүүрэгт айл ухсан юм билээ тэгээд бид нарыг барьсан. Ж.М эхлээд бид нартай ирж уулзахдаа би угаалгын газар ажиллаж байгаа гэж хэлээд бид сууж явсан таксины мөнгө 15.000 төгрөг, дэлгүүрээс ундаа гоймон, чихэр, талх гэх мэтчлэн 50.000 орчим мянган төгрөг, буудлын 50.000 төгрөг гаргасан юм. Тэгээд буудалд шөнөжингөө сууж байсан чинь Ж.М “би айл ухаад 12 ширхэг мөнгөн аяга аваад эвдлээд зарчихсан, үлдэгдэл 1 мөнгөн аяга нь энэ байна” гэж хэлээд бид нар тэр мөнгөн аяганд архи уусан юм. Өглөө 10-11 цагийн үед манай найз Ж.М шаргал өнгийн бөгж, гинж надад үзүүлээд өмдний баруун талын халаасанд хийсэн юм..." /2хх -26-27/,

гэрч С.Чулуунбаатарын: "...Би 2021 оны 3 дугаар сарын 02-ны орой 18 цаг 30 минутын орчимд Урт цагааны 10 дугаар корпусын 2 давхарт байрлах өрөөндөө ажлаа хийж байхад 18 орчим настай, малгайтай цамцтай хүүхэд орж ирээд мөнгө авах уу гэхээр нь авна гэтэл цүнхнээсээ цагаан өнгийн торонд хийчихсэн эвдчихсэн аяганы мөнгө гаргаж ирэхээр нь үзэж байгаад 720 грамм болоод би бэлнээр 300.000 төгрөг өгөөд Урт цагааны замын урд талын бэлэн мөнгөний машинаас 420.000 төгрөг авч өгөөд явуулсан. ...Тухайн хүүхдээс өөрөөс нь асуухад хулгайн эд зүйл биш манай ах нар цуг явж байгаа гадаа машин дотор сууж байгаа гэхээр нь итгэчихсэн юм. ...Мөнгө авдаг газарт 550 граммыг зарсан. Бусдыг нь хажуу талынхаа дарханд зарчихсан..." /2хх 29-30/,

насанд хүрээгүй гэрч Б.Золбоогийн: "...Дарь-Эхийн хуучин эцэст байрладаг "Арвай" гэдэг нэртэй буудалд орсон. Ороод усанд ороод байж байхад Мандахаа би та нарт нэг юм хэлий гэж хэлсэн. Нэг ширхэг виски, нэг ширхэг мөнгөн аягатай цүнхнээсээ гаргаж ирсэн. Тэгэнгүүт нь би чи хулгай хийчихсэн юм уу? гэсэн чинь хамгийн сүүлийн удаа дахиж тэгэхгүй гэж хэлсэн..." /2хх 63-65/ гэх мэдүүлэг,

 гэрч Ц.Нямхүүгийн: "...2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ...нэгхүүхэд орж ирээд мөнгөн эдлэл үзүүлээд танайх мөнгөн эдлэл авдаг уу гэж хэлэхээр нь би авна гэж хэлсэн. ...Би 70 граммаар бодож 84.000 төгрөг болж байна гэж хэлээд мөнгийг нь өгсөн..." /2хх 239-241/,

 насанд хүрээгүй гэрч Э.Шинэбаярын: "...2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 12 цаг 50 минутын орчимд аав гэрт ирээд дүү бид хоёрыг гэрээс авч гараад хаалга түгжээд түлхүүрээ надад өгсөн. Тэгээд манай аав миний дүү бид хоёрыг ...машиндаа суулгаад ...байрны буудлын хажууд байдаг үсчинд буулгаж өгөөд ажилруугаа явсан ...Бид хоёр үсээ засуулчихаад хоёулаа явган гэртээ харьсан. 15 цаг 20 минутын орчимд гэртээ ирээд байшингийн гадаа төмөр хаалгийг түлхтэл манай гэрийн дотор хаалга түгжээтэй байсан. Тэгэхээр нь эргэж гарч ирээд байшингынхаа цонхны шил нь цуурчихсан байсан. ...Тэгээд байшиндаа ороод ээж аав хоёрын унтлагын өрөөрүү ортол унтлагын өрөө нь эмх замбараагүй болчихсон шүүгээнийх нь шургуулганууд нь газар уначихсан байсан..." /3хх 101-102/,

 өсвөр насны шүүгдэгч Ж.Мын: “...2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 28-13а тоотод оршин суух иргэн Төмөрбаатарын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг хагалж салхивчаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох дунд гарын хуучин мөнгөн аяга 8 ширхэг, жижиг гарын хуучин мөнгөн аяга 1 ширхэг бэлэн 250.000 төгрөгийг хулгайлаад бусдад зарсан нь үнэн. ...Налайх дүүрэгт автобусны эцсийн буудал дээр буугаад баруун тийш зам гараад хоёр нарийн гудамж гараад Нарлаг гэх газраас эзэнгүй айлын цонхыг түлхэн орж барилгын багаж цаг зэрэг аваад цааш яваад Бадрал гэх газраас эзэнгүй айлын цонхыг түлхэн орж 12 ширхэг мөнгөн аяга, ээмэг бөгж, 3 шил виски зэргийг аваад улбар шар цүнхэнд хийж гараад төв замаас такси бариад Улаанбаатар хот Дарь-Эх гэх газарт байх Нийтийн байранд ирсэн. Тэндээсээ урт цагаан ороод хөөрөг, ээмэг бөгж, 11 ширхэг мөнгөн аягыг 720.000 төгрөгөөр худалдсан. ...Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 9-107 тоот айлын хашаанд байрлах байшинд нууцаар орж 4 ширхэг мөнгөн аяга, “Самсунг А-5” маркийн гар утас монетон бөгж 1 ширэг, савхин материалтай хар өнгийн цүнх зэргийг хулгайлсан. Тэгээд тэр байшингаас гараад автобусанд суугаад Драгон дээр явж байсан хүнд бүгдийг нь нийлүүлээд зарсан. ...Би 2021 оны 02 сарын эхээр автобусанд сууж Хан-Уул дүүрэг Нисэхийн автобусны эцэс дээр бууж зүүн тийш алхаж худгаар өнгөрч яваад урагшаа, хойшоо харсан хаалгатай давхар гудамжны урдуур явахад хүрэн байшинтай хашааны гүйдэг хаалгатай хашаа байсан. Би хашаанд ороход нэг давхар нь машины гражтай , 2 давхар байшингийн шатаар өгсөж хаалгыг нь тогшиж үзтэл хүн байхгүй байсан. Тэгэхээр нь цонхоор нь харж байгаад түлхэж цонхыг онгойлгоод дотор нь орсон. Би тэр айлаас хар цүнхтэй ямаха гэсэн бичигтэй цүнхтэй нотебоок эмэгтэй хүний алт, монетон мөнгөн ээмэг зэргийг аваад явсан” /1хх 101, 2хх 82-86, 3хх 66-67, 106/,

шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 16-ны 17 үед нэг хүүхэд орж ирээд мөнгө авдаг уу гэсэн. Тэгэхээр нь би авдаг гээд тэр хүүхдийн барьж орж ирсэн 2 мөнгөн аяганы хуульж барьсан мөнгийг граммыг нь 1000 төгрөгөөр бодож 118000 төгрөгөөр авсан. Тэр хүүхэд дахиж ирэхдээ 6 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 5 ийн аяга 2 ширхэг, 3 ийн аяга 1 ширхэгийг авч ирээд хэдээр авах уу гэхээр нь би граммыг 1000 аар бодож 560000 төгрөгөөр авсан. Мөн самсунг нотебоок авч ирэхээр нь тэрийг нь 7000 төгрөгөөр бодож авсан. Тэр өдрөөс хойш 2 өдрийн дараа тэр хүүхэд 2 ширхэг алтан ээмэг, нэг нь толгойтой бор өнгийн чулуутай , нэг н толгойгүй цайвар өнгийн чулуутай 2 ширхэг хөөрөг , 99 грамм мөнгө, 6 ширхэг пүдр , гоёлын ээмэг бөгж нийлээд 6 ширхэгийг авч ирснийг нийтэд нь 835000 төгрөгөөр худалдаж авсан. ...” / 1хх-42/,

шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн: “...Би нийт 1.520.000 төгрөгийн эд зүйлсийг нь худалдаж авсан бөгөөд түүнээс ямар ч мөнгө аваагүй байгаа. ...” /1хх-136/ гэсэн мэдүүлгүүд,

 хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 2-8, 175-182, 232-243, 2 хх 45-46, 116-126, 211-216, 3хх 30-41, 3хх 84-92/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 250, 3хх 128-132/,

эд зүйлд үнэлгээ хийсэн дүгнэлт /1хх 62-63, 199-200, 2хх 39-41, 2хх 67-68, 160-162, 247-248, 3хх 52-53, 103-111/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 14-27, 246-249/,

эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1хх 10, 43-47, 52, 2хх 47, 171-177, 183, 249, 3хх 4, 93-94/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 168-173/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 48-51, 2хх 178-182, 250, 3хх 1-3/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, өсвөр насны шүүгдэгч Ж.Мыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон сууцад нэвтэрч үйлдсэн, шүүгдэгч Б.Быг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэж гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Ж.М, шүүгдэгч Б.Б нарын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Мөн өсвөр насны шүүгдэгч Ж.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, тус зүйл хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, шүүгдэгч Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тус зүйл хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Өсвөр насны шүүгдэгч Ж.М “...Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилго нь хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйдсэн хүнд эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа билээ.

Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар ялаас өршөөн хэлтрүүлэхэд яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардахаар байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө хохирогч Г.Төмөрбаатарт 250.000 төгрөгийг, О.Байгалмаад 135.000 төгрөгийг, Г.Гантулгад 35.100 төгрөгийг, Х.Нямсүрэнд 279.800 төгрөгийг тус тус олгож, Ж.М нь урьд авто угаалгын газарт ажиллаж байсан, уг газартаа дахин ажиллаж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө тус шүүх хуралдаанд илэрхийлсэн бөгөөд тэрээр хохирлоо нөхөн төлөх боломжтой гэж дүгнэж, түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Мт анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Ж.М нь нийт 189 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, түүнийг нэн даруй суллахаар шийдвэрлэв.

Харин, шүүгдэгч Б.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь эдийн засгийн гэмт хэрэгт хамаарах бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн арван наймдугаар бүлэгт заасан эдийн засгийн гэмт хэргийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахгүй байхаар хуульчилсан тул шүүгдэгч Б.Бын хувьд Эрүүгийн хуульд заасан ялаас өршөөн хэлтрүүлэх хууль зүйн боломжгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Ж.Мын цагдан хоригдсон 189 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан уг ялыг эдэлсэнд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Мыг нэн даруй сулласугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ