| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/02221/И |
| Дугаар | 102/ШШ2023/01945 |
| Огноо | 2023-05-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2023/01945
2023 оны 05 сарын 18 өдөр Дугаар 102/ШШ2023/01945 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... дүүргийн ...-р хороо, Дандарбаатарын гудамж, ... байрны ... тоотод оршин суух, ... менежер ажилтай, регистр ..., Б овогтой Б-ийн С,
Хариуцагч: ... дүүргийн ...-р хороо, ... дүгээр байны ... тоотод байрлах, регистр ..., Г.М.К ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг бүрдүүлж өгөхийг Г.М.К ХХК-д даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Г.М.К ХХК-д холбогдуулан ... дүүргийн ...-р хороо, Дандбарбаатарын гудамж, ... байрны ... тоот ... өрөө сууц, тус давхрын ... тоот ... м.кв талбайтай агуулахын өрөөний өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Миний бие 2020 оны 7 дугаар сард Г.М.К ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, ... дүүргийн ...-р хороо, Дандбарбаатарын гудамж, ... байрны ... тоот ... өрөө сууцыг 80 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Байр ашиглалтад орсон, 2020 оны 7 сард хүлээн авч одоо хүртэл амьдарч байна. Төлбөрийг би бүрэн төлсөн, гэрээний 3.8-д захиалагчид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авахад гүйцэтгэгчийн зүгээс шаардлагатай бичиг баримтыг хууль ёсны дагуу бүрдүүлж өгнө гэж заасны дагуу шаардсан боловч одоо болтол үүргээ гүйцэтгээгүй. Г.М.К ХХК-ний барьж ашиглалтад оруулсан барилгаас 1 өрөө агуулахыг 4 сая төгрөгөөр худалдан авахаар 2020 оны 1-р сард агуулахын захиалгын гэрээ хийж, мөнгийг бүрэн төлсөн, 10-р сард хүлээн авч одоо хүртэл ашиглаж байна. Гэрээний 3.7-д зааснаар бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй. ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10-р сарын 1-ний 1032 дугаар шийтгэх тогтоолоор Г-ийг гэм буруутайд тооцсон, гэхдээ ... байрыг хохирлоос чөлөөлсөн, иргэдийн худалдан авсан, төлбөр төлсөн байр гэж чөлөөлсөн. Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.С нь 2020 оны 7-р сарын 20-ны өдөр манай компаний барьж ашиглалтад оруулсан ... дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, Дандарбаатарын гудамж, ... байрны ... тоот ... м.кв талбайтай ... өрөө байр болон ...-р давхрын ... тоот агуулахын өрөөг тус тус захиалж, “Орон сууц захиалгын гэрээ” байгуулсан. Гэрээний дагуу орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн бөгөөд одоо байрандаа амьдарч байна. Бид энэ байрны болон агуулахын өмчлөгч нь Б.С болохыг зөвшөөрч байна. Мөн манай компаний зүгээс уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн өгөхөөр ажиллаж байгаа болно. Манай компани Б.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа учир уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: Г.М.К ХХК-ний албан бичиг /хх 4/, “Орон сууц захиалгын гэрээ”, төлбөр төлсөн баримт /хх 5-18/,
Хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээ /хх 26/ зэрэг баримтуудыг гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
Б.С нь Г.М.К ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, ... дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, Дандарбаатарын гудамж, ... байрны ... тоот ... м.кв талбай бүхий ... өрөө сууцыг 80 000 000 төгрөгөөр, 2020 оны 01-р сарын 01-ний өдөр “Агуулахын өрөөний захиалгын гэрээ байгуулж, ... байрны ...-р давхрын ... тоот агуулахын өрөөг захиалж, 4 000 000 төгрөгийг төлөхөөр тус тус /хх 6-11/ тохирчээ.
Захиалагч нь орон сууцны үнэ 80 000 000 төгрөг, агуулахын үнэ 4 000 000 төгрөгийг бүрэн төлсөн нь кассын орлогын баримтаар /хх 5, 14-16/ тогтоогдсон, байрыг хүлээн авсан, төлбөрийг төлсөн талаар талууд маргаагүй байна.
Орон сууц захиалгын гэрээний 3.8 дахь хэсэг, агуулахын өрөөний захи лагын гэрээний 3.7-д зааснаар...үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг хууль ёсны дагуу бүрдүүлж өгөх үүргийг Г.М.К ХХК хүлээжээ.
Харин улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн ... дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, Дандарбаатарын гудамж, ... орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.М.К ХХК /хх 26/ бүртгэгджээ.
Г.М.К ХХК нь орон сууцыг ашиглалтад оруулсан боловч ... тоот ... өрөө сууц, ...-р давхрын ... тоот агуулахыг захиалагч Б.Сын өмчлөлд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь сууцны болон агуулахын үнийг төлснөөр өмчлөх эрх үүссэн байх ба харин улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөгч болно. Иймд түүнийг ... тоот ... өрөө сууц, агуулахын өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож, гэрээний 3.7, 3.8 дахь хэсэгт заасан үүргээ гүйцэтгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогтой Б-ийн С нь ... дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, Дандарбаатарын гудамж, ... дугаар байрны ... тоот ... м.кв талбай бүхий ... өрөө сууц, ... дугаар давхрын ... тоот агуулахыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөхийг Г.М.К ХХК-д даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М.К ХХК-иас 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА