| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/00905/И |
| Дугаар | 102/ШШ2023/02029 |
| Огноо | 2023-05-24 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2023/02029
2023 оны 05 сарын 24 өдөр Дугаар 102/ШШ2023/02029 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ... ажилтай, регистр ..., Х.Б овогтой Ш-ийн Ю,
Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, М.О.Х.Н.У.Б.Т.З.Н,
Нэхэмжлэлийн шаардлага: Галт тэрэгний даргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын зөрүүг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, Д.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, Ц.Жавхлан, Б.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.Ю нь М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-т холбогдуулан галт тэрэгний даргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын зөрүүг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Миний бие 1991 оны 07-р сарын 01-ээс Зорчигчийн вагон депод үйлчлэгч, засварчин, цехийн мастер, галт тэрэгний мастер, даргаар одоог хүртэл тасралтгүй 32 жил ажиллаж байна. 2022 оны 12-р сарын 06-ны өдөр Замын-Үүд, Улаанбаатар чиглэлийн 295 дугаар галт тэргэнд ажил үүрэг гүйцэтгэж байх үед Сайншанд өртөөнд галт тэргэнд схемийн дагуу 129 номерын тээшний вагоныг холбох сэлгээний ажил хийгдсэн. Холбосны дараа 472, 129 номерын вагоны хооронд авто угсрааны тууш тэнхлэгийн дагуу вагон үзэгчид техникийн хэмжилт үзлэг хийж 110 мм-н зөрүү гарсан. Зөрүүг нягтлан үзэхийн тулд тээшний вагонд дахин сэлгээ хийж салган хоёр вагоны авто угсраанд нэг бүрчлэн хэмжилт хийсэн. Уг ажиллагаанаас шалтгаалан 25 минутын барилт гарсан. Галт тэрэг нь Улаанбаатарт зурмагийн дагуу цагаараа зурмагийн тасалдал бусад зөрчилгүй ирсэн. Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, төмөр замын тээврийг зохион байгуулах нь хамтын хөдөлмөрийн үр дүн байдаг. Дан ганц галт тэрэгний дарга тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг ганцаараа хангаад ажиллана гэж байдаггүй. Галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой ажилтнууд өөр өөрсдийн ажлын байрны зорилгын хүрээнд хэрэгжүүлэн ажилладаг. Миний бие дээрх галт тэрэгний 25 минутын техникийн үзлэг шалгалтын талаар албаны диспетчер, депогийн орлогч дарга, инженер, албаны дарга, орлогч нарт болсон асуудлын талаар газар дээр нь мэдээлэл өгсөн. 2022 оны 12-р сарын 09-ний өдөр Зорчигчийн вагон депогийн орлогч дарга Ч.Мөнхбат шуурхай хурал хийж үр дүнгийн шагналыг 100 хувь хасах шийдвэрийг гаргасан юм. Гэтэл 2022 оны 12-р сарын 09-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн байгууллагын дарга Б.Ю нь 2023 оны 1-р сарын 02-ны өдөр Б-02 тоот тушаалаар нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэхүү тушаалыг хүлээн аваад удаагүй байхад дахин надад 2023 оны 1-р сарын 05-ны өдрийн ... тоот тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гаргасан байсан. Энэ тушаалыг би гарсны дараа нь олж мэдсэн. Ажил олгогч надад сахилгын шийтгэл ногдуулахдаа 4 удаа шийдвэр гаргаж, миний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар намайг илэрхий хохироож байгаад гомдолтой байна. Надад сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр, тушаалын үндэслэлд дараах зөрчлүүдийг гаргасан гэж үзсэн байдаг. Үүнд: Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ гүйцэтгэх, зорчигчийн галт тэрэгний аяллын өмнөх хяналтын үзлэгийг биечлэн хийж, зөрчлийг арилгуулж ажиллах, ажил үүрэг гүйцэтгэх үедээ диспетчер, тоо бүртгэгч-нарядчик болон холбогдох ажилтнуудтай мэдээллийг солилцож, уялдаа холбоотой ажиллах, хариуцсан цувааны хэмжээнд гарсан аливаа зөрчил, дутагдлыг тухай бүр ашиглалт эрхэлсэн орлогч дарга, ашиглалт хариуцсан инженерт мэдэгдэж мэдээ мэдээллээр хангах гарсан асуудалд шуурхай арга хэмжээ авч ажиллах, зорчигчийн галт тэргийг зурмагийн дагуу сааталгүй аялуулах, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг өөрийн албан үүргийн хүрээнд биечлэн хангах, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны үүргийн 3.1.6 дахь, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал, мөн ажиллагааг бүрэн хангаж, хөдөлгөөний зурмагийг чанд биелүүлэх, зорчигч ачаа, ачаа тээшийг цаг тухайд нь тээвэрлэх, галт тэрэгний зурмагийг мөрдөх 3.1.19, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж, хөдөлгөөний зурмагийг чанд биелүүлж ажиллах, мөн хөдөлгөөнийг оновчтой, шуурхай зохион байгуулах заалтуудыг тус тус биелүүлээгүй гэжээ. Дээр дурдсан заалтуудыг би тухайн үед бүгдийг нь ханган биелүүлж ажилласан бөгөөд зурмагийн дагуу тасалдалгүй тэрэг аяласн төдийгүй би хөдөлмөрийн сахилга хүлээх хэмжээний зөрчил гаргаагүй атал үндэслэлгүйгээр буруутган миний хөдөлмөр эрхлэлттэй хамааралгүй асуудлаар шийтгэл ноогдуулсанд гомдолтой байна. Тухайлбал ажил олгогч буруутай гэж үзсэн асуудлуудыг тухай бүр биелүүлж ажилласан, ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн, зорчигчийн галт тэрэгний аяллын өмнөх хяналтын үзлэгийг биечлэн хийж, зөрчлийг арилгуулж ажилласан, ажил үүрэг гүйцэтгэх үедээ диспетчер, тоо бүртгэгч-нарядчик болон холбогдох ажилтнуудтай мэдээллийг солилцож, уялдаа холбоотой ажилласан, мэдээллүүдийг цаг тухай бүр нь мэдээлж байсан, хариуцсан цувааны хэмжээнд гарсан аливаа зөрчил, дутагдлыг тухай бүр ашиглалт эрхэлсэн орлогч дарга, ашиглалт хариуцсан инженерт мэдэгдэж мэдээ мэдээллээр хангах гарсан асуудалд шуурхай арга хэмжээ авч ажилласан, зорчигчийн галт тэргийг зурмагийн дагуу сааталгүй аялуулсан, галт тэрэг цагийн хуваарийн дагуу УБ-т ирсэн, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг өөрийн албан үүргийн хүрээнд биечлэн ханган ажилласан, хоёр вагоныг салган хэмжилт, техникийн үзлэгийг дахин хийлгүүлсэн, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны үүргийн 3.1.6 дахь, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал, мөн ажиллагааг бүрэн хангаж, хөдөлгөөний зурмагийг чанд биелүүлсэн, зорчигч ачаа, ачаа тээшийг цаг тухайд нь тээвэрлэх, галт тэрэгний зурмагийг мөрдөх 3.1.19, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж, хөдөлгөөний зурмагийг чанд биелүүлж ажиллах, мөн хөдөлгөөнийг оновчтой, шуурхай зохион байгуулах заалтуудыг тус тус биелүүлээгүйгэх заалт надад шууд хамааралтай биш заалт бөгөөд хөдөлгөөний зурмагийг би шуурхай зохион байгуулдаг албан тушаалтан биш. Нэг ажил дээр давхардуулан шийтгэл ноогдуулсан. Надад сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр нь бодит үндэслэлтэй болоогүйгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг бичгээр гаргана.” гэснийг зөрчин надад мэдэгдэхгүйгээр 2 ч удаа сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гаргаад байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй гэж заасныг зөрчиж удаа дараа сахилгын шийтгэл ногдуулсан тушаал шийдвэрийг гаргасанд гомдолтой байна. Ажил олгогч миний хөдөлмөрлөх эрх, хүний эрхийг огтхон хүндэтгэлгүйгээр удаа дараа дур мэдэн сахилгын шийтгэл ногдуулан, өөрчилж байгаа нь ажил олгогчийн хувьд үүрэгт ажлаа хайнга, хариуцлагагүй ажилтан хүнийг илэрхий дорд үзэж байгаагийн илрэл гэж үзэж байна. Би надад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж ажил олгогчийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан боловч надад ажил олгогчийн төлөөлөгч дарамт үзүүлэн сахилгын шийтгэл хөнгөдсөн, зурмагийн тасалдал нуусан зэргээр илт үндэслэлгүй зүйлүүд ярьж зүй бус үйлдэл гаргасан. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хуралдсан боловч ажил олгогчийн тал илтэд эвлэрэхгүй нь тодорхой байсан учир тэмдэглэлийг үйлдэж надад 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гардууллаа. Иймд өөрийн хөдөлмөрлөх эрхийг хуулийн хүрээнд хамгаалуулахаар шүүхэд гомдлоо гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье. Намайг галт тэрэгний даргын ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлсний зөрүү 2 503 212 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын зөрүүг төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Ю-г Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1, 39.1, 80 1, захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн тус нийгэмлэгийн даргын 2006 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ... дүгээр тушаалаар 2006 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс галт тэрэгний даргаар ажиллуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тус байгууллагын галт тэрэгний дарга Ш.Ю нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Замын-Үүд өртөөнөөс зам тосолгооны 472 дугаар вагоныг 295 дугаар галт тэргэнд схемийн дагуу холбуулаагүй тул Сайншанд өртөөнд тээшний вагоныг залгахад авто угсрааны тэнхлэгт зөрүү гаран галт тэргийг 28 минут барьсан байна. Зорчигчийн вагон депогийн орлогч даргын удирдсан 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэлээр галт тэрэгний дарга Ш.Ю нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон заавал биелүүлэх үүрэг даалгаврыг биелүүлээгүй, зорчигчийн галт тэрэгний аяллын өмнөх хяналтын үзлэгийг биечлэн хийж, зөрчлийг арилгуулж ажиллаагүй тул “Нээлттэй сануулах” сахилгын шийтгэл ногдуулахаар санал хүргүүлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2, Байгууллагын дүрмийн 4.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 14.2.2, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Зорчигчийн вагон депогийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б-02 дугаар тушаалаар галт тэрэгний дарга Ш.Ю нь Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан замын орлогч даргын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн цахилгааны 2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 295 дугаар галт тэргэнд Сайншанд өртөөнөөс зам төмрийн тосолгооны 472 дугаар вагоныг схемийн дагуу холбож найруулаагүй явуулсан тул нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Дээрх тушаалыг Ш.Юд мэдэгдсэн боловч өөрийн биеэр ирж тушаалтай танилцан хүлээн аваагүй, уг тушаалыг нийт ажилтанд зарлах хэлбэрээр мэдэгдээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, Зорчигчийн вагон депогийн дүрмийн 4.1.3, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хөдөлмөрийн дотоод журмын 14.2.18, хөдөлмөрийн гэрээний 3.2.3 дахь заалт, Зорчигчийн вагон депогийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэл, шударга ёсны зарчмыг тус тус үндэслэн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгээгүй, Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан замын орлогч даргын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн цахилгааны 2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 295 дугаар галт тэргэнд Сайншанд өртөөнөөс зам төмрийн тосолгооны 472 дугаар вагоныг схемийн дагуу холбож найруулаагүй явуулсан тул Зорчигчийн вагон депогийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаар тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс албан тушаал бууруулан вагоны үйлчлэгчээр ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулан, энэхүү тушаал гарсантай холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б-02 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна. Ш.Югийн зүгээс хөдөлмөрийн сахилга хүлээх зөрчил гаргаагүй байхад үндэслэлгүйгээр буруутган миний хөдөлмөр эрхлэлттэй хамааралгүй асуудлаар шийтгэл ногдуулсан гэж үзэн тус нийгэмлэгийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс нь Засгийн газрын 2022 оны 153 дугаар тогтоолоор баталсан “Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дүрэм”-ийн 1.1-т комисс нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэхтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулахаар заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар уг гомдлыг хэлэлцээд талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар харилцан тохиролцоогүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ” гэж заасны дагуу албан тушаал бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан Зорчигчийн вагон депогийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Ш.Югийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: Зорчигчийн вагон депогийн даргын 2023-01-02-ны Б-02 дугаар, 2023-01-09-ний ... дугаар, ... дугаар тушаал /хх 5-8/, галт тэрэгний даргын ажлын байрны тодорхойлолт /хх 9-13/, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссийн 2023-01-24-ний 03 дугаар хуралдааны тамдэглэл /хх 14-19/, шуурхай хуралдааны тэмдэглэл /хх 20-24/, эмнэлэгийн баримт /хх 95-96/, галт тэрэгний баримт /хх 97-103/, НДШ төлөлтийн лавлагаа /хх 132/, Э.Түвшинжаргалын тайлбар /хх 137/,
Хариуцагчаас: Зорчигчийн вагон депогийн даргын 2023-01-02-ны Б-02 дугаар, 2023-01-09-ний ... дугаар, ... дугаар тушаал /хх 34-37/, шуурхай хуралдааны тэмдэглэл /хх хх 38-39/, хөдөлмөрийн гэрээ /хх 40-43/, галт тэрэгний даргын ажлын байрны тодорхойлолт /хх 44-46/, Хууль зүйн албанд гаргасан тайлбар /хх 47, 59/, УБТЗ-ын вагон депогийн даргын 2006-03-31-ний ... дугаар “Хөдөлмөрийн харилцааг зохицуулах тухай” тушаал /хх 48/, 472, 475-р галт тэрэгний аяллын баримт /хх 50-58, 61/, цалингийн тооцоо /хх 60/, УБТЗ нийгэмлэгийн дотоод журам /хх 62-63-84/, УБТЗ нийгэмлэгийн дүрэм /хх 107-109/, Ашиглалтын салбарын хурлын тэмдэглэл /хх 110-126/, Зорчигчийн вагон депогийн дүрэм /хх 176-181/, галт тэрэгний биечилсэн хуудас /хх 182-183/
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр: хх 138-162 дахь талд нотлох баримт, эрх шилжүүлэх итгэмжлэл /хх 174/ зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогджээ. Үүнд:
2.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал болох Ш.Ю нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш өөр ажилд шилжүүлсэн тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж нийгэмлэгийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан, маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй нь 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэлээр тогтоогдсон /хх 14-19/, улмаар энэ хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2.2. Улаанбаатар төмөр замын Улаанбаатар дахь вагон депогийн даргын 2006 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ... дүгээр тушаалаар Ш.Юг галт тэрэгний даргаар ажиллуулж, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй /хх 40-41/ байгуулжээ.
Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ... тушаалаар ...Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан замын орлогч даргын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн цахилгааны 2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар галт тэргэнд Сайншанд өртөөнөөс зам төмрийн тосолгооны ... дугаар вагоныг схемийн дагуу холбож найруулаагүй явуулсан ...зөрчилд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, вагоны үйлчлэгчээр ажиллуулахаар шийдвэрлэсэн /хх 34/ байна.
Улмаар ажил олгогч нь Ш.Ю-тэй 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, вагоны үйлчлэгчээр ажиллуулсан байна.
2.3. Галт тэрэгний дарга нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагаа болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, галт тэрэгний аюулгүй ажиллагааг бүрэн хангаж, батлагдсан зурмагийн дагуу сааталгүй аялуулах, аяллын өмнөх хяналтын үзлэгийг биечлэн хийж зөрчлийг арилгуулж ажиллах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан /хх 44-46/ бөгөөд Ш.Ю ажил үүргээ гүйцэтгэхдээ ...аяллын өмнөх хяналтын үзлэгийг хангалтгүй хийснээс галт тэргийг зурмагийн дагуу сааталгүй аялуулах үүргээ зөрчсөн, галт тэрэгний аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллаагүйгээс түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон байна.
2.4. Зорчигчийн вагон депогийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шуурхай хуралдаанаар Ш.Ю-г оролцуулан тухайн асуудлыг хэлэлцсэн байх ба 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэхдээ Замын-Үүд өртөөнөөс ... дугаар галт тэргэнд зам тосолгооны ... дугаар вагоныг схемийн дагуу холбуулаагүйгээс Сайншанд өртөөнд тээшний вагон залгахад авто угсрааны тэнхлэгт зөрүү гарсан, улмаар зурмагийн тасалдал үүсгэж галт тэргийг 28 минут барьсан үйл баримт тогтоогдсон, галт тэрэгний дарга ...... дугаар вагоныг цахилгааны дагуу холбуулаагүй буруу гэдгээ зөвшөөрсөн нь хурлын тэмдэглэл, бичгээр гаргасан тодорхойлолтоор /хх 50-56, 110-121/ тус тус тогтоогджээ.
2.5. Нийгэмлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 3.9-д зааснаар ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг шуурхай хуралдаанаар шийдвэрлэх, 3.2-т зааснаар алба, салбар нэгжийн дарга нь салбар, нэгжийн дүрэм, Замын даргаас олгосон итгэмжлэлийн хүрээнд тушаал шийдвэр гаргах, Зорчигчийн вагон депогийн дүрмийн 4.1.6-д зааснаар Депогийн дарга ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй байна. /хх 62-84/
Түүнчлэн Замын даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10/94 дүгээр итгэмжлэлээр Б.Ю-д “Эрх шилжүүлэх итгэмжлэл” олгосон, итгэмжлэл 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг дуустал хугацаанд хүчинтэй /хх 175/ байхаар олгосон, итгэмжлэл хүчинтэй байна.
2.6. Шуурхай хуралдааны үед гараар хөтөлсөн тэмдэглэлд ...Ю-ийн үр дүнгийн шагналыг 50 хувь бууруулахаар шийдвэрлэсэн байх /хх 111-121/ ба харин тэмдэглэлийг албажуулахдаа шийдвэрлэх хэсгийг “нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулах” гэж өөрөөр /хх 38-39/ бичжээ.
Хуралдааны үед бичсэн тэмдэглэлийг эх хувь гэж үзэх ба үр дүнгийн шагналыг бууруулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэг, УБТЗ нийгэмлэгийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлд тооцогдохгүй.
Өөрөөр хэлбэл, шуурхай хуралдаанаар гарсан зөрчлийг хэлэлцсэн боловч сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлээгүй гэж үзнэ.
Харин “нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулах”-аар албажуулсан тэмдэглэл энэ шийдвэрийн үндэслэл болохгүй.
2.7. Зорчигчийн вагон депогийн дарга дээрх зөрчилд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б-02 дугаар тушаал гаргаж Ш.Юд нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан боловч 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаар тушаалын 5 дахь заалтаар Б-02 тоот тушаалыг хүчингүй болгожээ. /хх 34-36/
Нэхэмжлэгч Б-02 дугаар тушаалыг хүчингүй болгосон хэсэгт гомдол гаргаагүй, харин албан тушаал бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч маргасан байна.
Түүнчлэн Зорчигчийн вагон депогийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаар “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” тушаалаар ... дугаар тушаалын 1 дүгээр заалтад ...2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар галт тэргэнд гэснийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 295 дугаар галт тэргэнд...гэж /хх 37/ өөрчилжээ.
Энэ тушаалын талаар болон зөрчил гаргасан огноог өөрчилсөн талаар талууд маргаагүй байна.
2.8. Ш.Ю-д сахилгын шийтгэл ногдуулсан ... дугаар тушаалыг гаргахдаа дараах хууль тогтоомж, дүрэм, журмыг:
-Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх “албан тушаал бууруулах” заалт,
-Зорчигчийн вагон депогийн дүрмийн 4.1.3 дахь “Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангуулна” гэсэн /хх 176-186/ заалт ,
-Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 14.2.18 дахь заалтыг үндэслэл болгосон боловч “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хурлын 3 дугаар протоколын 2 дугаар хавсралтаар баталсан “Улаанбаатар төмөр зам”-ын хөдөлмөрийн дотоод журамд 14.2.18 гэсэн заалт тусгагдаагүй /хх 67-84/ байна.
Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн баталсан байх ба энэ журмын 14.2-т сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалт, 14.2.4.албан тушаал бууруулах шийтгэл тусгагджээ. Өөрөөр хэлбэл, тушаалд зүйл, заалтыг алдаатай бичсэн байх ба энэ нь сахилгын шийтгэл ногдуулахгүй байх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.
-Хөдөлмөрийн гэрээний 3.2.3 дахь “ажил үүрэг болон гаргасан зөрчилтэй нь холбогдуулан ажилтнаар тодорхойлолт бичүүлж авна” гэх /хх 40-41/ заалт,
-Шуурхай хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн гаргасан нь сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон байна.
Харин тушаалын 1 дэх заалтад Галт тэрэгний даргын ажлын байрны тодорхойлолтын хэд хэдэн заалтыг биелүүлээгүй гэж заасан нь хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцогдохгүй.
2.9. Галт тэрэгний дарга нь 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэхдээ Замын-Үүд өртөөнөөс 295 дугаар галт тэргэнд зам тосолгооны 472 дугаар вагоныг схемийн дагуу холбуулаагүйгээс Сайншанд өртөөнд тээшний вагон залгахад авто угсрааны тэнхлэгт зөрүү гарсан, улмаар зурмагийн тасалдал үүсгэж галт тэргийг 28 минут барьснаас галт тэрэгний дараагийн өртөөнд зогсох хугацаа багасах, цагийн тасалдлыг арилгахын тулд хурд өөрчлөгдөх зэргээр тээврийн хэрэгслийн аюулгүй байдал алдагдах, зорчигчдын амь нас, эрүүл мэнд, ачаа тээврийг эрсдэлд оруулах ноцтой нөхцөл байдлыг бий болгожээ.
Хэдийгээр галт тэрэгний дарга нь анхны актыг үйлдсэн боловч галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой гарсан гологдол, дутагдлыг бүртгээгүй, эрх бүхий удирдах албан тушаалтанд мэдэгдээгүй, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн /хх 55, 158-161/ байна.
Түүнчлэн 295 дугаар галт тэрэг Улаанбаатар өртөөнд хугацаандаа ирсэн гэх боловч энэ нь хариуцлага тооцохгүй байх үндэслэл болохгүй.
Ажил олгогчоос зөрчлийн шинж байдал, хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан Ш.Ю-д албан тушаал бууруулах шийтгэл ногдуулсан нь тохирсон байна.
3.Хэргийн 9-13 дахь талд авагдсан Галт тэрэгний даргын ажлын байрны тодорхойлолт нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан М.О.Х.Н.У.Б.Т.З.Нийн Зорчигчийн вагон депогийн галт тэрэгний даргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү 2 503 212 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн Ш.Ю-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА