2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар      2025/ШЦТ/2564

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтөлж,

улсын яллагч Б.Сүрмандах (цахимаар),

хохирогч Б.Б,

хохирогч Б.Л,

шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б*** овогт А.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310022751183 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Б*** овогт А.А  (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

           Шүүгдэгч А.А нь Солонгос улсын виз гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн цогцолборт байхдаа хохирогч Б.Л-н шилжүүлсэн 6,000,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны ****** тоот дансаар, 2022 оны 10 дугаар сарын 03, 05-ны өдрүүдэд хохирогч Б.Б-н шилжүүлсэн 8,000,000 төгрөгийг ******** тоот дансаар тус тус шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ “...Гомдолтой байна, 8,000,000 төгрөгийн хохирлоо барагдуулмаар байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Л мэдүүлэхдээ “...Гомдолтой байна, 6,000,000 төгрөгийн хохирлоо барагдуулмаар байна” гэв.

Шүүгдэгч А.А нь 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Солонгосын виз гаргаж өгнө” гэж хохирогч Б.Л-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан иргэн Т.М-н өргөдөл (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),

Хохирогч Б.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас),

Гэрч Т.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас),

Х.А-н эзэмшлийн Хаан банкны ******** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга “...огноо: 2022.10.03, харьцсан данс: ********, цаг: 18:59, орлого: 4,000,000, огноо: 2022.10.05, харьцсан данс: 5026495260, цаг: 08:48, орлого: 2,000,000, огноо: 2022.10.05, харьцсан данс: ********, цаг: 11:40, орлого: 2,000,000...” (хавтаст хэргийн 91 дүгээр хуудас),

Х.Х-н эзэмшлийн Хаан банкны ******** дугаартай данснаас А.А-н эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ****** дугаартай данс руу 6,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт “...огноо: 2022.6.13, гүйлгээний утга: М.Л...” (хавтаст хэргийн 37 дугаар хуудас),

Шүүгдэгч А.А нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Солонгосын виз гаргаж өгнө” гэж хохирогч Б.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 8,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Б.Б-н эзэмшлийн Хаан банкны ******** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга “...огноо: 2022.10.03, харьцсан данс: ********, цаг: 18:42, зарлага: 4,000,000, огноо: 2022.10.04, харьцсан данс: 5026495260, цаг: 19:02, зарлага: 4,000,000” (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),

Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас),

Х.Х-н эзэмшлийн Хаан банкны ******** дугаартай данснаас Х.А-н эзэмшлийн Хаан банкны ******** дугаартай данс руу нийт 8,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт “...огноо: 2025.10.03, дүн: 4,000,000, 2022.10.05, дүн: 2,000,000, 2022.10.05, дүн: 2,000,000...” (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас, 38 дугаар хуудас),

Шүүгдэгч А.А-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 159-160 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 85 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 83 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 86 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 87 дугаар хуудас), татварын ерөнхий газрын иргэнд олгох тодорхойлолт (хавтаст хэргийн 88 дугаар хуудас), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 951 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 110-116 дугаар хуудас), Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 717 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 117-124 дүгээр хуудас).

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

    Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл:

          Шүүгдэгч А.АлтаАнцэцэг нь 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт “Солонгосын виз гаргаж өгнө” гэж хохирогч Б.Л-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, дансны хуулга, шилжүүлгийн баримтууд, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өсгөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

          Шүүгдэгч А.А нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт “Солонгосын виз гаргаж өгнө” гэж хохирогч Б.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 8,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь хохирогчийн мэдүүлэг, дансны хуулга, шилжүүлгийн баримт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

    Залилах гэмт хэргийн ойлголт, шинж, хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл хийж (хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж), өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл залилагч этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тухайлан тайлбарлавал “хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг,

“зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориудаар бий болгохыг, тухайлбал өөрийгөө амжилттай бизнесмен, баян, их хэмжээний эд хөрөнгийн өв залгамжлагч, томоохон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мэтээр бодит байдал дээр огтоос байхгүй зүйлийг байгаа мэтээр зохиомол байдал бүрдүүлэхийг,

бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хохирогч эд зүйлс, өмч хөрөнгөө шилжүүлж байгаа үйлдлийн бодит байдлын хууль зүйн үр дагавар нь түүнд хохиролтой байгаа байдлыг гэмт хэрэгтэн хэдийгээр мэдэж байсан атал зориудаар үл мэдээлэх, нуун дарагдуулсан эс үйлдэхүйг ойлгоно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч А.А нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.А-н үйлдлийн хувьд үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.А ньхэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.А-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-д 8,000,000 төгрөгийн, Б.Л-д 6,000,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирол төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.А-с 14,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д 8,000,000 төгрөгийг, хохирогч Б.Л-д 6,000,000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч А.А-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, урьд эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 7 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч А.А-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүхээс шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд шүүгдэгч А.А-д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зааснаар шүүгдэгч А.А-д энэ шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 717 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялыг 3 жил 01 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус зааснаар шүүгдэгч А.А-н 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 51 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

III. Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон 51 хоногтой, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б*** овогт А.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д энэ шийтгэх тогтоолоор 6 (зургаа) сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 717 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 (хоёр) жил 7 (долоо) сар 10 (арав) хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялыг 3 (гурав) жил 01 (нэг) сар 10 (арав) хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.А-н 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 51 (тавин нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-с нийт 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-д 8,000,000 (найман сая) төгрөг, хохирогч Б.Л-д 6,000,000 (зургаан сая) төгрөгийг тус тус олгосугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.А-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      Г.ЗОЛБОО