Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2023/02147

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2023/02147

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дугаар хороо, ... хороолол ...-р байр ... тоотод оршин суух, регистр ..., З овогтой Б-ы Б,

Хариуцагч: ... дүүргийн ... дүгээр хороо, ...-р хороолол, Хасбаатарын гудамж ... байрны ... тоотод оршин суух, регистр ..., Ц овогтой Б-гийн Т,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 47 600 000 төгрөг гаргуулах, 2016 оны 12-р сарын 8-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээтэй орон сууц худалдах, худалдан авах тухай иргэд хоорондын хийсэн хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Болормаа /үнэмлэх 2653/, хариуцагч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Оюумаа /үнэмлэх 0596/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Б нь Б.Т-д холбогдуулан орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 47 600 000 төгрөг гаргуулах, 2016 оны 12-р сарын 8-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээтэй орон сууц худалдах, худалдан авах тухай иргэд хоорондын хийсэн хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

Иргэн Б.Б нь үл хөдлөх эд хөрөнгийн ... дугаартай, гэрчилгээний ... дугаартай Нийслэлийн ... дүүргийн ...-р хороо, ... хороолол, Хасбаатарын гудамж ... байр, ... тоот ... өрөө ... м.кв орон сууцыг өмчилдөг. Уг орон сууцыг Голомт банкинд барьцаалан 2013 оны 12 сарын 25-ны өдөр ... дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, ... дугаартай Ипотекийн гэрээ байгуулсан бөгөөд дугаартай барьцаалбар үйлдэгдсэн байдаг. Гэтэл Б.Т нь 2016 оны 10 сард тус орон сууцыг худалдан авна гээд орон сууцанд одоог хүртэл амьдарч байна. Бодит байдал дээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгуулагдаагүй, Б.Тийн эзэмшилд шилжүүлэх үндэслэл бүрдээгүй болно. Энэ тухай Б.Т-д удаа дараа хэлж, төлбөр тооцооны асуудлаа цэгцлэх, эсвэл байрнаасаа гарах тухай 5 жил гаруй хугацаанд шаардлага тавьж ирсэн байна. Иймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар орон сууцыг албадан чөлөөлөх шаардлага гаргах эрхтэй байна.

Б.Т нь миний өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгөөгүй тул өөрийн хөрөнгөө эзэмшиж, ашиглаж чадахгүй, өдөр ирэх тусам элэгдэл, гэмтэлд орж хохирол учраад байна. Тиймээс үл хөдлөх хөрөнгө хууль бусаар эзэмшиж, ашигласны төлбөрийг зах зээлийн үнэ ханш, бүс нутгийн түрээсийн төлбөрийн үнэ ханшаар харьцуулан тооцож ... м.кв талбайтай ... өрөө орон сууцыг ашигласан төлбөрт сарын 700,000 төгрөгөөр тооцон 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 68 сарын нийт 47,600,000 төгрөгийг шаардаж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хулээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1 -д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна, 495 дугаар зүйлийн 495.1-д Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, ... бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан. Тиймээс Б.Т нь өнөөдрийг хүртэл амьдарч байгаа учраас Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-т зааснаар 47,600,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээж байна. Иймд Нийслэлийн ... дүүргийн ...-р хороо, ... хороолол, Хасбаатарын гудамж ... байр, ... тоот орон сууцыг Б.Т-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, орон сууцыг 2016 оны 10 сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл эзэмшиж ашигласан төлбөрт 47,600,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Дээрх хэлцэлд Б.Б нь өөрийн биеэр гарын үсэг зураагүй, тус өдөр нотариатын газар очоогүй болно. Хэн, ямар байдлаар уг гэрээ хэлцлийг үйлдсэнийг мэдэхгүй байгаа бөгөөд гагцхүү өөрөө гарын үсэг зурж, нотариатын үйлдлийг хийхэд байлцаагүй юм. Тиймээс Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн аваагүй, 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хэлцэлд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр байх нөхцөлийг хангаагүй, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулсанд тооцох боломжгүй юм. Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нъ ч гаргах эрхтэй, 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана., 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно"-т гэж тус тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлэх, улмаар улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг заасан. Гэтэл 2016 оны 12 сарын 08-ны өдөр байгуулсан Орон сууцны зээлийн гэрээтэй орон сууц худалдах, худалдан авах тухай иргэд хоорондын хийсэн хэлцэл нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдээгүй байна. Тиймээс мөн адил Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар дагуу зөвхөн зээлдэгч буюу 2013.12.25-ны өдөр Голомт банктай байгуулсан "Орон сууц зээлийн гэрээ-ний дагуу Б.Б үүрэг гүйцэтгэгч юм. Гэтэл маргаан бүхий хэлцэлд Б.Б-ийн үүргийг шилжүүлсэн нь хууль зөрчсөн. Мөн барьцаалбараар гэрчлэгдсэн барьцаа хөрөнгийн өмчлөл шилжүүлэх хэлцэл нь хууль зөрчиж байна. Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус юм.

Иймд 2016 оны 12 сарын 08-ны өдөр байгуулсан Орон сууцны зээлийн гэрээтэй орон сууц худалдах, худалдан авах тухай иргэд хоорондын хийсэн хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусад тооцож, Нийслэлийн ... дүүргийн ...-р хороо, ... хороолол, Хасбаатарын гудамж ... байр, ... тоот орон сууцыг Б.Т-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, орон сууцыг 2016 оны 10 сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл эзэмшиж ашигласан төлбөрт 47,600,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэр бүлийн хамт, Б.Б-тэй харилцан тохиролцож ... дүүргийн ...-р хороо ...-р байрны ... тоот ... өрөө ... м.кв ... өрөө орон сууцны зээлийн гэрээтэй орон сууц худалдаж авсан. Худалдаж авахад Б.Б энэ байранд амьдрахгүй, хувь лизингээр энэ байрыг зарна, урьдчилгаа 44 600 000 төгрөг төлчих гэхээр нь бид зөвшөөрч, Орон сууцны зээлийн гэрээтэй орон сууц худалдаж худалдан авах гэрээ хийсэн. Гэрээний дагуу байрыг 88 845 000 сая төгрөгөөр буюу м.кв-ийг нь 1500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Үүний дагуу 2016 оны 10 сарын 17-ны өдөр 32 000 000 төгрөгийг Б.Б-ийн Голомт банкны ... дугаарын дансанд, үлдэгдэл 12 000 000 төгрөгийг Б.Б-ийн ХААН банкны ... дугаарын дансанд 2016 оны 12 сарын 08-ны өдөр шилжүүлснээр урьдчилгааг бүрэн төлсөн. Үлдэх 44 201 899 57 төгрөгийн төлбөрийг Голомт банкны ... тоот дансанд сар бүр 473 000 мянган төгрөг зээлд төлж дуусгах, зээлийг төлж дуусгаснаар Түвшинтөрийн нэр дээр гэрчилгээг шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Ингээд гэрээний дагуу Голомт банкны данс руу сар бүр 473 000 төгрөг шилжүүлсээр ирсэн, Өнгөрсөн 6 жилийн хугацаанд төлж байгаа. Нийт 76 000 000 төгрөг төлсөн байна. Мөн гэрээний 4-т зааснаар тус байрыг миний эзэмшилд хүлээлгэн өгсөн, одоо хүртэл тус байрандаа амьдарч байна. Мөн гэрээний 5, 6-д зааснаар төлбөрөө төлж дуусаад миний өмчлөлд шилжүүлж өгөх үүрэгтэй. Иймд Б.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчээс: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ /хх 6/, Орон сууцны зээлийн болон барьцааны гэрээ /хх 7-17/, түрээсийн гэрээ /хх 41-42/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 43/, барьцаалбар /хх 100-102/, ХААН банкны дансны хуулга /хх 103-104/, зээлийн дансны хуулга /хх 204-208/,

Хариуцагчаас: Орон сууцны зээлийн гэрээтэй орон сууц худалдах, худалдан тухай иргэд хоорондын хийсэн хэлцэл /хх 49/, өмчлөх эрхийн гэрчилгээ /хх 50-51/, Голомт банкны зээл төлсөн баримтууд /хх 53-92, 136-156-157/, /,

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр: Нийслэлийн архиваас нотариатчийн бүртгэлийн дэвтэр, гэрээг гэрчлэхэд бүрдүүлсэн баримт /хх 126-133/,

Хариуцагчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авсан /хх 191-194/ зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч нь Орон сууцны зээлийн гэрээтэй орон сууц худалдах, худалдан авах тухай иргэд хоорондын хийсэн хэлцэл хүчин төгөлдөр байгуулагдаагүй, төлбөр тооцоог дуусгаагүй тул хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Б.Т нь орон сууцыг 2016 оны 10 сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл эзэмшиж ашигласны төлбөрт 47,600,000 төгрөг гаргуулах, 2016 оны 12 сарын 08-ны өдөр байгуулсан Орон сууцны зээлийн гэрээтэй орон сууц худалдах, худалдан авах тухай иргэд хоорондын хийсэн хэлцэл нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч Орон сууцны зээлийн гэрээтэй орон сууц худалдаж худалдан авах гэрээ хийж байрыг 88 845 000 сая төгрөгөөр худалдан авахаар тохирсон, урьдчилгааг төлж, түүний Голомт банкны зээлийг сар бүр 473 000 мянган төгрөг зээлд төлж дуусгах, зээлийг төлж дуусгаснаар гэрчилгээг шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Гэрээний 4-т зааснаар тус байрыг миний эзэмшилд хүлээлгэн өгсөн. Б.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

4.Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

4.1. Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, ... дугаар байрны ... тоот ... өрөө ... м.кв талбай бүхий сууцны өмчлөгчөөр Б.Б бүртгэгдсэн, өмчлөх эрхийн ... дугаар гэрчилгээ олгогджээ. /хх 6, 50-51/

Улмаар Б.Б, Д.Г нар нь Голомт банктай 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ... дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, ... дугаартай Ипотекийн гэрээ /хх 6-17, 50-51/ байгуулжээ. Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусах ба ипотекийн гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Өмчлөгч Б.Б нь Б.Ттэй 2016 оны 12 сарын 08-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээтэй орон сууц худалдах, худалдан авах тухай иргэд хоорондын хийсэн хэлцэл хийж, орон сууцыг 88 845 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь орон сууцны зээлийн гэрээг цуцлахгүйгээр цаашид графикийн дагуу зээлдэгч Б.Б-ийн зээлийг төлөх, Голомт банкинд урьдчилан төлсөн 44 600 000 төгрөгийг худалдагчид шилжүүлснээр 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр орон сууцыг Б.Т-ийн эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгөх, зээлийг бүрэн төлж тооцоо хийснээр өмчлөх эрхийг шилжүүлэхээр тус тус /хх 49/ тохирчээ.

Б.Б 2016 оны 9-р сард орон сууц зарах тухай зарыг сонинд тавьсан, зарын дагуу Б.Т нь гэр бүлийн хамт уулзсан, гэрээ хийсэн, гэрээний дагуу 46 000 000 төгрөг төлсөн, түүний Голомт банкны зээлд сар бүр 473 000 төгрөг төлж байгаа талаар талууд /хх 53-92, 103-104, 156-157, 204-208/ маргаагүй.

Харин талууд гэрээгээр Иргэний хуулийн 112 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн буюу орон сууцны үнийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжихээр тохирсон байна.

Талууд гэрээг нотариатаар гэрчлүүлсэн нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг зөрчөөгүй. Хэдийгээр нэхэмжлэгч би гэрээнд гарын үсэг зураагүй, нотариат дээр очоогүй гэж маргадаг боловч түүний хүсэлтээр бүрдүүлсэн нотариатчийн бүртгэлийн дэвтэр, гэрээг гэрчлэхэд бүрдүүлсэн баримтыг /хх 126-133/ няцаагаагүй.

Түүнчлэн түүний хүсэлтээр гарын үсгийн шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон, шинжилгээнд шаардлагатай чөлөөт загвар байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч шинжилгээнд оролцоогүй, улмаар Шүүх шинжилгээний ерөнхий газар шинжилгээ хийхээс татгалзсан /хх 131-150/ болно.

Зохигч Орон сууцны зээлийн гэрээтэй орон сууц худалдах, худалдан авах тухай иргэд хоорондын хийсэн хэлцэл хийхдээ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн, гэрээний гол нөхцөлөөр тохирсон, хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн, 56.1.8 дахь хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

4.2. Талуудын байгуулсан 2016 оны 12 сарын 08-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээтэй орон сууц худалдах, худалдан авах тухай иргэд хоорондын хийсэн хэлцэл-ийн 4-т худалдан авагч нь худалдагчийн Голомт банкинд урьдчилан төлсөн 44 600 000 төгрөгөөс 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 32 000 000 төгрөгийг Б.Б-ийн Голомт банкны ... тоот дансанд шилжүүлсэн, үлдэх 12 000 000 төгрөгийг ХААН банкны ... тоот дансанд 2016 он 12 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлснээр үүрэг дуусгавар болох тул 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр худалдагч нь ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, ... дугаар байрны ... тоот ... м.кв талбай бүхий ... өрөө орон сууцыг Б.Т-ийн эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тохирчээ.

Худалдан авагч 44 600 000 төгрөгийг төлсөн, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй, гэрээгээр тохирсноор орон сууцыг түүний эзэмшилд шилжүүлэн өгсөн, хариуцагч 2016 оны 12 дугаар 08-ны өдрөөс одоо хүртэл тухайн сууцанд амьдарч байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

Хариуцагч дээрх гэрээний үндсэн дээр орон сууцанд амьдарч байгаа нь хууль бус эзэмшил болохгүй бөгөөд нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүсэхгүй.

Нөгөө талаас, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж маргасан тохиолдолд түүний үр дагаварыг арилгуулах шаардлага гаргаагүй байна.

 

Түүнчлэн Б.Т нь банкны зээлийг 2-3 жилийн дотор төлж дуусгахаар тохирсон гэх үндэслэл тогтоогдоогүй байх ба түүнийг 2018 оноос хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэхгүй.

4.3. Гэрч Ц.С-ийн ...... тоот байрыг худалдаж авахаар би төрсөн хүү, түүний эхрнэртэй очиж уулзсан, бидэнд зээл гарах боломжгүй, байр авах мөнгө хүрэхгүй байсан, сонины зараас хувь лизинг гэх зараар очсон, 44 саяыг эхлээд төлсөн, нотариат орсон, Б.Б эхнэр Д.Г-ийн хамт байсан, зээлд сард 470 000 төгрөг төлдөг... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Г-ийн ...Б.Б-тэй эхнэр нөхөр байсан, 2016 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан, бид хоёр гэр бүлээ салгахаас өмнө 2016 онд байраа зарна гэж зар тавьсан, Тухайн үед 8 хувийн зээлтэй, тодорхой мөнгө төлсөн байсан, урьдчилгааг оролцуулаад 46 сая төгрөг Т ахаас авсан, үлдэх зээлийг Т ах төлөх, зээлээ төлж дуусаад Б өмчлөх эрхээ шилжүүлэх нөхцөлтэй байраа зарсан, нотариатаар гэрчлүүлэхэд би хамт байсан, байраа зараад мангаа хэрэглэчихсэн, Б надад ...Т-ийг шүүхэд өгөөд байраа буцааж авъя, 120 саяар зараад өгсөн мөнгийг нь өгөөд үлдсэнийг нь хувааж авъя гэж хэлсэн. Би үүнийг зөвшөөрөөөгүй, үүнээс болж бид маргалдсан...гэх мэдүүлгээр тус тус орон сууцыг гэрээ хийж шилжүүлсэн, зээлийг хариуцагч төлж байгаа, байрыг хууль бусаар эзэмшээгүй үйл баримтыг нотолсон байна.

4.4. Нэхэмжлэгч нь Б.Т ...байрыг 2018 онд чөлөөлсөн бол нь түрээслүүлэх боломжтой байсан, би өөрөө байр түрээслэдэг, байраа эзэмшиж, ашиглаж чадахгүйгээс элэгдэл, гэмтэлд орж хохирч байна гэх үндэслэлээр эзэмшиж, ашигласны төлбөрт 47 600 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Ингэхдээ байрны сарын түрээсийн ханш 700 000 төгрөгөөр 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 68 сарын нийт 47 600 000 төгрөг байхаар тооцсон байна.

Нэхэмжлэгч нь хэлцлийн үндсэн дээр ... өрөө сууцыг Б.Т-д эзэмшүүлсэн нь тогтоогдсон, хэлцэл хүчин төгөлдөр байна.

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар...хожим хүчин төгөлдөр бус болсон, улмаар бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээх буюу буцаан шаардах шаардлагад хамаарахгүй гэж дүгнэлээ.

5.Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1 156 210 төгрөг төлжээ.

Нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцвол хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагад 70 200 төгрөг, 47 600 000 төгрөгийн шаардлагад 395 950 төгрөг, гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлд гэрээ хэлцлийн үнийн дүнгээр буюу 88 845 000 төгрөгийн хэмжээгээр 602 175 төгрөг нийт 1 068 325 төгрөг төлөх байжээ. Харин нэхэмжлэгч 1 156 210 төгрөг төлсөн байх ба 87 885 төгрөг илүү төлсөн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 068 325 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, энэ хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар илүү төлсөн 87 885 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг, 56.1.8 дахь хэсэг, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэг, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б, Б.Т нарын хооронд байгуулсан 2016 оны 12 сарын 08-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээтэй орон сууц худалдах, худалдан авах тухай иргэд хоорондын хийсэн хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, Хасбаатарын гудамж ... дугаар байрны ... тоот орон сууцыг Б.Т-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Б.Т-өөс 47 600 000 /дөчин долоон сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 068 325 /нэг сая жаран найман мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогоос 87 885 /наян долоон мянга найман зуун наян тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

 

4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА