| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Золбоо |
| Хэргийн индекс | 195/2025/2254/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2645 |
| Огноо | 2025-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 23.1.1, |
| Улсын яллагч | Н.А |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2645
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтөлж,
улсын яллагч Н.Анхбаяр,
шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О*** овогт О.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508030511445 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О*** овогт О.Д (РД:********).
Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ 2025 оны 6 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орбитын 52 дугаар гудамжинд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын **** хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаагийн дэд ахлагч Э.Д-г тус дүүргийн 2,3,36 дугаар хорооны чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа ирүүлсэн дуудлага мэдээлэлд очиж, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогдсон этгээдийг цагдаагийн газарт хүргэх авто машинд суулгах зэргээр албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан биед нь халдаж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг,
Мөн ингэх явцдаа Э.Д-г зодож, түүнд зүүн хацар, хүзүүнд шарх, эрүү хүзүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч О.Д нь 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбитын 52 дугаар гудамжинд хохирогч Т.И-тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хамрын хянга болон хоёр хажуу хана зөрүүтэй цөмөрсөн шинэ хугарал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун чих, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 125 дугаар хуудас),
Хохирогч Б.И-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 130-131 дүгээр хуудас),
Гэрч Г.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 139-140 дүгээр хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0725/8491 дугаартай шинжээчийн:
“1.Б.И-н биед хамрын хянга болон хоёр хажуу хана зөрүүтэй цөмөрсөн шинэ хугарал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун чих, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3.Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 145-146 дугаар хуудас),
Шүүгдэгч О.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “мэдүүлэг (хавтаст хэргийн 162-163 дугаар хуудас),
Шүүгдэгч О.Д нь 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбитын 52 дугаар гудамжинд дуудлагын дагуу албан үүргээ биелүүлэхээр очсон цагдаагийн албан хаагч хохирогч Э.Д-н биед халдаж хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа хохирогчийн эрүүл мэндэд зүүн хацар, хүзүүнд шарх, эрүү, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),
Хохирогч Э.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),
Гэрч О.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),
Гэрч Л.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),
Гэрч Г.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн СХД0725/164 дугаартай шинжээчийн:
“1.Э.Д-н биед зүүн хацар, хүзүүнд шарх, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.7.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
3.5.Дээрх гэмтэл нь 2-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.
4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),
2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас),
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/339 дугаартай “Цагдаагийн дэд ахлагч Э.Д-г ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаал (хавтаст хэргийн 120 дугаар хуудас),
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын **** хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн авто эргүүлд ажиллах эргүүлийн офицер, цагдаа-жолооч нарын томилгоо (хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас),
Шүүгдэгч О.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 114 дүгээр хуудас, 185 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 87 дугаар хуудас), “Шангри-Ла Улаанбаатар” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 83 дугаар хуудас), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 85 дугаар хуудас, 223 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 86 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 88 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 91 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 92 дугаар хуудас), асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас, 170-172 дугаар хуудас), Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 228-229 дүгээр хуудас).
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл:
Шүүгдэгч О.Д нь 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбитын 52 дугаар гудамжинд хохирогч Т.И-тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хамрын хянга болон хоёр хажуу хана зөрүүтэй цөмөрсөн шинэ хугарал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун чих, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас, хохирогч, гэрчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч О.Д нь 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбитын 52 дугаар гудамжинд дуудлагын дагуу албан үүргээ биелүүлэхээр очсон цагдаагийн албан хаагч хохирогч Э.Д-н биед халдаж хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа хохирогчийн эрүүл мэндэд зүүн хацар, хүзүүнд шарх, эрүү, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/339 дугаартай тушаал, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын **** хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн авто эргүүлд ажиллах эргүүлийн офицер, цагдаа-жолооч нарын томилгоо, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн ойлголт, шинж, хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-д заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Харин энэ гэмт хэргийг “хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн” бол хүндрүүлэх шинжид хамаарахаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн ойлголт, шинж, хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэх явцдаа тавьсан шаардлагыг үл ойшоон эсэргүүцэж, тэдгээрийн эсрэг цохих, өшиглөх, түлхэх, боох, хувцсыг нь урах, мөрдсийг нь хуулах зэргээр бие махбодийн хүчирхийлэл үйлдэх, мөн тэдгээрийг айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж эсэргүүцсэн идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлд “Хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэж, “Албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодод халдсаныг ойлгоно.
Өөрөөр хэлбэл хохирогч Э.Д нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын **** хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа болох нь Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/339 дугаартай “Цагдаагийн дэд ахлагч Э.Д-г ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаал, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн авто эргүүлд ажиллах эргүүлийн офицер, цагдаа-жолооч нарын томилгоо зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал болон нийтийн албаны ашиг сонирхол, хууль сахиулах талаар хуулиар тогтоосон журам, хууль сахиулагчийн хэвийн үйл ажиллагааны эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч О.Д нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч О.Д-н үйлдлүүдийн хувьд үргэлжилсэн үйлдлээр “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” болон “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” хэд хэдэн төрлийн гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч О.Д-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.И, Э.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй боловч хохирогч Т.И-д 1,850,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн, хохирогч нар сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.Д-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Харин хохирогч Т.И, Э.Д нар нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч О.Д-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох гэсэн улсын яллагчийн саналыг дэмжиж байна, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч О.Д-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч О.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч О.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар шүүгдэгч О.Д-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт торгох ялын хэмжээг 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр тогтоов.
Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.
III. Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О*** овогт О.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн, нийт торгох ялын хэмжээг 4,000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 (дөрвөн сая) төгрөгөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Хохирогч Т.И, Э.Д нар нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч О.Д-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЗОЛБОО