Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/02644

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/02644

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 01 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

  Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух, регистр ..., Ш овогтой Д-гийн Б,

Хариуцагч: ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод боршин байрлах, регистр ..., Х.Н ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 50 116 300 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохирол 178 110 496.29 төгрөг гаргуулах тухай хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар /үнэмлэх 2975/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасан, гэрч Д.Т, Ц.Н, Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Б нь Х.Н ХХК-д холбогдуулан 50 116 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Д.Б би Х.Н ХХК-тай д аймгийн З сумын Х М чиглэлийн төмөр замын төслийн 9 цэгийн ус зайлуулах хоолойн барилгын ажил дээр туслан гүйцэтгэгчээр ажиллахаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр харилцан тохиролцож дараах нөхцөлтэй гэрээг байгуулсан. Бид 9 цэгийн ус зайлуулах хоолойн барилгын ажпыг 240 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр ажлын хөлс төлбөрийг тохирч, ажил эхлэх болон хүлээлгэн өгөх хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Бид гэрээ байгуулсан даруй барилгын ажлаа эхлэхээр 2022 оны 04 дүгээр сарын 10-ны дотор д аймгийн З сумын Х Мд очсон боловч ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанаасаа нэг cap хоцорч, гүүрний улаан шугам татсаны дараа 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ажил эхэлсэн. Ингээд барилгын ажлыг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хийж дуусгаад гүйтгэсэн ажлаа хүлээлгэн өгсөн юм. Улмаар төслийн төлбөр тооцоог 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Х.Н ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Бтэй хийж нийт ажлын хөлс 240 000 000 төгрөгнөөс 35 116 300 төгрөгийн үлдэгдэл тооцоог авахаар болсон. Гэтэл өдөр Х.Н ХХК нь Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 35 116 300 төгрөгийг төлж барагдуулахгүй удаа дараа хойшлуулсаар өнөөдрийг хүрээд байна. Мөн төслийн 9 цэгийн ус зайлуулах хоолойн барилгын ажлаас гадна гэрээнд тусгагдаагүй далангийн чулуун бэхэлгээ хийх ажил буюу зах зээлийн ханшаар 70 000 000 төгрөгний ажлыг Х.Н ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Б нь ...Баянмөнхөө чи нэгэнд энэ төслийн ажлыг хийж байгаа юм чинь далангийн чулуун бэхэлгээ хийх ажлыг хийнэ шүү... гэж гэрээнд тусгагдаагүй ажил хийлгэж байгаа тул хөлс төлбөрөө нэмж өгөх юм байна гэж ойлгоод тухайн ажлыг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэж 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл бүтэн нэг cap хийж гүйцэтгэн дуусгаж хүлээлгэн өгсөн. Тухайн далангийн чулуун бэхэлгээ хийх ажлыг дуусгаж хүлээлгэн өгсөний дараа 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр миний Хаан банкны 567 528 6519 тоот дансруу 10 000 000 төгрөг шилжүүлсэн боловч бусад төлбөр тооцоо болох ажилчдын цалин хөлс, хоол хүнс, шатхуун ззрэг зардалын тооцоог огт хийж барагдуулаагүй. Далангийн чулуун бэхэлгээ хийх ажлыг зах зээлийн ханшаар 70 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэдэг ба энэ ажил дээр өөрийнхөө мөнгөнөөс гаргасан ажилчдын цалин хөлс, хоол хүнсэнд зарцуулсан зардал болох 15 000 000 төгрөгийг Х.Н ХХК-иас гаргуулах хүсэлтэй байна. Тиймээс Х.Н ХХК-иас Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу хийж гүйцэтгэсэн ажпын үлдэгдэл төлбөр болох 35 116 300 төгрөг, далангийн чулуун бэхэлгээ хийх ажлын хөлс төлбөрийн үлдэгдэл болох 15 000 000 төгрөг нийт 50 116 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Н ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Б миний бие Д.Б-ийг 2021 оноос таних ба хувийн харилцаатай танилын түвшинд байсан буюу 2022 оны 04 дүгээр сараас хамтран ажиллах гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй. З-Ханги-Мандалын төмөр замын ажилд Х.Н ХХК нь 9 цэгийн ус зайлуулах хоолойн ажлыг хийлгэхээр иргэн Д.Б-өд санал болгосны дагуу барилгын зураг төсөлтэй гэрээний нэг талыг төлөөлөх төрсөн дүү Дашзэвэг овогтой Төгсбаярын хамт танилцаж, хоолойн ажлыг барих үнийн саналыг 220 000 000 төгрөгт багтаан ажил хийх саналыг гаргасан. Энэ үед миний бие ерөнхий менежер Б.Энхбатын хамт байлцсан ба ажлыг цаг хугацаанд нь чанартай сайн хийж дуусгахад анхаарч ажиллахыг сануулан компанийн зүгээс 20 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 240 000 000 төгрөгийн барилгын ажил гүйцэтгэх гэрээг харилцан тохиролцож, 2 талаас гарын үсэг зурж байгуулсан. Нэхэмжлэлд дурдсан далангийн чулуу бэхэлгээ хийх ажил гэдэг нь ажил гүйцэтгэх гэрээний нэгдмэл хэсэг бөгөөд гэрээнээс гадуур салангид хийгдэх ажил огт биш юм. Гүйцэтгэгч тал 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа далан чулуун бэхэлгээний ажил тусдаа биш гэдгийг анхнаасаа маш сайн мэдэж ойлгоод гэрээгээ байгуулсан атлаа төөрөгдөл үүсгэсэн нэхэмжлэл гаргасан байна. Барилгын ажил гүйцэтгэх газар нь д аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах тул 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тус компанийн геодезийн инженер Б.Ж, механикч Ч.Ө, мөн Д.Т ахлуулсан ажилчдтай явж ажлын 2 хоног талбайн кемп байгуулсан. Нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ажил эхэлсэн гэж байгаа нь ор үндэсгүй бөгөөд барилгын өдөр тутмын ажлын талбайн инженерийн дэвтэр, хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг хөтөлдөг дэвтэр тэмдэглэлүүдээр 2022 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр ажил эхэлсэн гэдэг нь үгүйсгэгдэнэ. Гүйцэтгэгч тал нэхэмжлэлдээ гэрээнд заасан хугацаанаасаа нэг cap хоцорч, гүүрний улаан шугам татсаны дараа 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ажил эхэлсэн гэж байгаа бол уг асуудлыг зохицуулахаар гэрээний 8.19-д заасан инженерээр батлуулсан мэдэгдэл үйлдэгдсэн байхаар гэрээнд тусгасан. Гэрээнд заасан сул зогсолтын асуудал огт байгаагүй. Учир нь Төмөр бетон гүүрний тэг тэнхлэгийн газар дээрх буулгасан акт нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд улаан шугам татагдсан юм. Гүйцэтгэгч тал барилгын ажлын ачааллыг бүрэн даах чадамжгүйн улмаас барилгын төлөвлөгөөт ажилд саад учирч зохих ёсоор ажпаа гүйцэтгээгүйн улмаас захиалагчийн зүгээс 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн компанийн зардлаар ажиллах хүч нэмэгдүүлж, захиалагч Х.Н ХХК-иас ажлын доголдлыг арилгах зорилгоор 9 хүнийг нэмэлт хүчээр ажиллуулсан. Гэрээг захиалагч 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс барилгын ажлын явцтай газар дээр нь танилцахад гэрээний үүрэгт хамаарах хэв хашмал, ханьч, тулаас зэрэг шаардах материалуудыг дутагдалтай, ажлын гүйцэтгэл муу байсан учраас компаниас санхүүжилтийг шийдвэрлэж, Улаанбаатар хотоос дутуу материалуудыг татаж, ажлыг хэвийн байдалд оруулсан. Мөн гэрээнд тусгасан дугуй хоолойг кольцо угсрах, байрлуулах ажлыг гүйцэтгэгч тал хийхээр гэрээлсэн боловч хүн хүч нь хүрэлцэхгүйн байсан учраас манай компани өөрсдийн ажилчдадаа дайчилж хийж дуусгасан. Өөрөөр хэлбэл ажпын өртөг нь шингэсэн боловч гүйцэтгэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй юм. Гэрээгээр хоол хүнсний асуудлыг бүрэн шийдвэрлэхээр тохиролцож, санхүүгийн асуудлыг шийдсэн байхад ажилчдад хүнсний хомсдол үүсгэсэн байсныг манай компани хариуцан газар дээр нь шийдсэн. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 01-нд дуусах байсан учраас 7 хоногийн өмнө барилгын ажлыг хариуцлагатай хийх шаардлага тавихад гүйцэтгэгч тал 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэхэд ажлаа бүрэн хүлээлгэж өгөхөөр тохирсон. Гэрээний 9.2.2-т Урьдчилан таамаглах боломжгүйн нөхцөл байдлаас болж ажил хойшлогдсон, саатуулсан, тасарсан бол захиалагч нь туслан гүйцэтгэгчийн хүсэлт холбогдох баримтыг үндэслэн гэрээний хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан. Гэвч захиалагчид шаардлага тавьж албан бичгээр хандаж байсан зүйлгүй болно. Харин гүйцэтгэгч тал барилгын ажлыг бүтэн 1 cap сунжруулж байгаад наадмын бүх нийтийн амралтын өдрүүдээр амрахаар ажлын байраа орхин Улаанбаатар хот руу буцсан. Наадмын дараа гүйцэтгэгч талаас 5 хүн ажиллахаар эргэж ирсэн ба ажлын бүтээмж муу, ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа зэргийг Д.Бөд удаа дараа хэлж хүн хүчээ нэмэгдүүлэх, барилгын ажлыг хурдан хугацаанд чанартай гүйцэтгэж дуусгах талаар шаардлага тавьж байсан. Мөн 2022 оны 07 дугаар сарын 18-аас 2022 оны 08 дугаар сарын 01-ний хооронд гэрээнд заасан үүрэгт ажлаа биелүүлээгүй, тасалдуулсан, барилгын ажил огт хийгдээгүй улмаас энэхүү доголдлыг арилгах зорилгоор манай компани нь хоёрдох удаагаа ажилчдыг нэмж шинээр барилгын талбайд шаардагдах машин механизмыг Улаанбаатар хотоос зөөвөрлөн авчирч ажиллуулсан. Гүйцэтгэгч иргэн Д.Б нь гэрээний 8.14, 8.15 дах заалтуудыг зөрчсөнийг манай компани засаж залруулах хоёр дах үйлдлээ хийсэн. Нэхэмжпэгч тал нь гэрээний нийт өртгөөс үлдэгдэл 35,116,300 төгрөгийг нэхэмжилжээ. Энэ үлдэгдэл тооцоог хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээний 4.4-т заасны дагуу ажпыг бүрэн хүлээлцэж акт үйлдсэний дараа нийт өртгийн 10% буюу 24,000,000 төгрөгийн тооцоо хийхээр тохирсон. д аймгийн З-Ханги-Мандал чиглэлийн төмөр замын ажлыг улсын комисст хүлээлгэж өгөөгүй байна. Иргэн Д.Б нь З-Ханги чиглэлийн төмөр замын 9 цэгийн хоолойн барилгын ажилд зарцуулагдсан ажлын дундын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тооцоо нийлсэн актыг төслийн нийт зардлын тайлан гэсэн буруу ойлголттой байна. Иргэн Д.Бөд ... тоот Хаан банкны данс руу Х.Н ХХК-ний Голомт банкны ... тоот данснаас нийт 178 465 700 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс гадна иргэн Д.Бөд ... тоот данс руу иргэн Г.Бийн Хаан банкны ... тоот хувийн данснаас нийт 10 500 000 төгрөгийг шилжүүлсэн нь төслийн нийт санхүүжилтийн 77.2% болж байна. Гүйцэтгэгч ажлаа цаг тухайд нь гүйцэтгээгүйгээс үүссэн доголдлоос шалтгаалан тухайн төслийн ажилд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 9 хүн нэмэлтээр гаргаж ажиллуулах зардалд 38 570 000 төгрөг, барилгын ажилд болон кемпийн хэрэгцээнд зориулж Х.Н ХХК-ний Голомт банкны ... тоот данснаас 11 423 000 төгрөг, иргэн Г.ийн Хаан банкны ... тоот хувийн данснаас 22 787 705 төгрөг, иргэн Д.Бийн авсан шатахууны зардал болох 8 697 930 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн барилгын ажилд ашиглагдсан хүн хүч, машин механизмын зардал 48 631 861.29 төгрөгийн зардлууд болох нийт 79 076 196.29 төгрөгийг нэмж зарцуулсан. Гүйцэтгэгч үүргээ бүрэн гүйцэтгээгүйг мэдэж байгаа бөгөөд 4.4-т заасны дагуу ажлаа бүрэн хүлээлгэн өгч барилгын ажлыг хүлээлцсэн акт үйлдээгүй атал шүүхэд маргаан үүсгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.Н ХХК нь Д.Бтэй 240 000 000 төгрөгт багтаан хийхээр тохирсон боловч компаниас 319 076 196.29 төгрөгийн зардлыг гаргаж, тус компани нь 79 076 196.29 төгрөгийг нэмэлтээр гаргаж санхүүгийн алдагдал хохирол хүлээгээд байна. Гүйцэтгэгч 2022 оны 06 дугаар сарын 27-ний өдөр ажлаа дуусгаад хүлээлгэн өгсөн гэж бичсэнболовч гэрээний 4.4, 8.7-д заасан шаардлагуудыг огт хангахгүй, ажил хүлээлцсэн акт үйлдэгдээгүй учраас бодит үнэн байдалд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Х.Н ХХК нь Д.Бөөс 178 110 496 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

З-Ханги-Мандалын төмөр замын ажилд Х.Н ХХК нь 9 цэгийн ус зайлуулах хоолойн ажлыг хийлгэх гэрээнд Д.Б үнийн саналыг 220 000 000 төгрөгт багтаан хийх саналыг гаргасан. Уг санал дээр захиалагч орон нутагт ажиллах нөхцөл бололцоог бодолцон 20 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 240 000 000 төгрөг болгож НӨАТ-ыг захиалагч хариуцахаар гэрээ байгуулсан. Барилгын ажил гүйцэтгэх газар нь д аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлаж байсан Гүйцэтгэгч тал 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ажлын талбайд очсон. Төмөр бетон гүүрний тэг тэнхлэгийн газар дээрх буулгасан акт нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд улаан шугам татагдсан юм. Гүйцэтгэгч тал 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ажилласан ба ажлын ачааллыг бүрэн даах чадамжгүйн улмаас барилгын төлөвлөгөөт ажилд саад учирч ажлын хоног удааширч байсан учир 9 хүнийг нэмэлтээр ажиллуулсан. Захиалагч 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс гэрээний дагуу ажлын явцтай биечлэн очиж танилцахад гэрээний үүрэгт хамаарах хэв хашмал, ханьч, тулаас зэрэг шаардах материалууд дутагдалтай, ажлын гүйцэтгэл муу байгааг тогтоогоод, санхүүжилтийг шийдвэрлэж, Улаанбаатар хотоос дутуу материалуудыг татаж, захиалагч тал ажлыг хэвийн байдалд оруулсан. Мөн дугуй хоолойн кольцо угсрах, байрлуулах ажлыг гүйцэтгэгч тал хийхээр гэрээлсэн боловч хүн хүч нь хүрэлцэхгүйн улмаас захиалагч тал ажилчдаа дайчилж хийж дуусгасан. Өөрөөр хэлбэл гэрээнд эдгээр ажлын өртөг нь шингэсэн боловч гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлээгүй юм. Гэрээнд хоол хүнсний асуудлыг бүрэн шийдвэрлэхээр тохиролцож, санхүүгийн асуудлыг шийдсэн байхад ажилчдад хүнсний хомсдол үүссэн байсныг захиалагч тал хариуцан газар дээр нь шуурхай шийдсэн. 2022 оны 06 дугаар сарын 01-нд гэрээний хугацаа дуусах байсан тул 7 хоногийн өмнө захиалагчаас хариуцлагатай ажиллах шаардлага тависан. Гүйцэтгэгч 2022 оны 06 дугаар сарын 10 гэхэд ажлаа бүрэн хүлээлгэж өгөхөөр тохирсон. Гэрээний 9.2.2-т урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлаас болж ажил хойшлогдсон, саатуулсан, тасарсан асуудлыг захиалагч талаас гаргаагүй. Гүйцэтгэгч гэрээлсэн ажлыг 1 cap гаруй сунжруулж байгаад наадмын бүх нийтийн амралтын өдрүүдээр амрахаар ажлын байраа орхин, Улаанбаатар хот руу буцсан. Наадмын дараа 5 хүн ажиллахаар эргэж ирсэн ба ажлын бүтээмж муу, ажлын гүйцэтгэл хангалтгүй байгааг удаа дараа хэлж шаардлага тавьж байсан. Шаардлагыг биелүүлээгүйн улмаас захиалагч шаардагдах машин механизмыг Улаанбаатар хотоос зөөвөрлөн авчирч ажиллуулсан. Гэрээний 4.4-т заасны дагуу ажлыг бүрэн хүлээлцэж, акт үйлдсэний дараа нийт өртгийн 10%-ийн тооцоо хийхээр заасан бөгөөд одоогоор д аймгийн З-Ханги-Мандал чиглэлийн төмөр замын ажлыг улсын комисст хүлээлгэж өгөөгүй байна. Гэрээний явцын тооцоо нийлүүлсэн үйлдлийг ажил хүлээлцсэн мэтээр тайлбарлаж байна. Захиалагч нь гүйцэтгэгч талын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэт биелүүлээгүйгээс шууд хамааралтайгаар дараах тооцоологдоогүй хохирлууд үүсээд байна. Үүнд: Нэмэгдсэн өртгийн албан татварын 24 000 000 төгрөг, 5 сард нэмэлтээр ажилласан 9 хүний ажлын 38 570 000 төгрөг, барилгын ажилд болон кемпийн хэрэгцээнд зориулж 34 210 705 төгрөг, шатахууны зардал 8 697 930 төгрөг, 8 сард нэмэлтээр барилгын ажилд ашиглагдсан хүн хүч, машин механизмын зардал 48 631 861.29 төгрөг, гэрээний 8.16-д тогтоосон хугацаанд ажпыг бүрэн хийж хүлээлгэн өгөөгүй тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 10%-иар алданги төлнө гэсэн заалтын дагуу 24 000 000 төгрөг нийт 178 110 496.29 төгрөгийн хохирлыг Д.Б-өөс нэхэмжилж байна гэжээ.

4.Нэхэмжлэгч Д.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Х.Н ХХК-тай д аймгийн З сумын Х М чиглэлийн төмөр замын төслийн 9 цэгийн ус зайлуулах хоолойн барилгын ажил дээр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулж туслан гүйцэтгэгэгчээр ажиллахаар болсон. Батсүх нь гэрээнд заагдсан ажлыг тохирсон цаг хугацаандаа хийж гүйцэтгэснийг үл тооцож байгаад харамсаж байна. Энэ ажлын дараа тусгай техникээр далангийн ажил явагдаж дууссаны дараа чулуун бэхэлгээ хийх ажлыг хийж дуусгасан ба нийт өртөг нь зах зээлийн ханшаар 70 гаруй сая төгрөгийн ажлыг бид хийж гүйцэтгэсэн ч Х.Н ХХК-иас өөрөөсөө гаргасан зардлаа л зөвхөн нэхэмжилсэн байгаа юм. Энэ ажилд гарахдаа зээлсэн мөнгөнүүдийг одоо хэр нь төлж чадаагүй өрөнд орж хүнд хэцүү байдалд байна. Д.Б би д аймгийн З сумын Х М чиглэлийн төмөр замын төслийн 9 цэгийн ус зайлуулах хоолойн барилгын ажлыг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хийж дуусгаад гүйтгэсэн ажлаа хүлээлгэн өгсөн юм. Улмаар төслийн төлбөр тооцоог 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Х.Н ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Бтэй хийж нийт ажлын хөлс 240 000 000 төгрөгөөс 35 116 300 төгрөгийн үлдэгдэл тооцоог Х.Н ХХК-иас авхаар болсон. Гэтэл өдөр Х.Н ХХК нь Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу хийж гүйцэтгэсэн ажпын үлдэгдэл төлбөр болох 35 116 300 төгрөгийг төлөж барагдуулахгүй удаа дараа хойшлуулсаар өнөөдрийг хүрээд байгаа ба энэ нотлох баримтуудаар харагдаж байгаа болно. Бүхэл бүтэн хавар зунжин халуунд халж хөлс хүчээ дуслуулан ажилласан хөлс мөнгийг минь ялгаж салгаж өгнө гэдэгт гүнээ итгэж байгаа тул Х.Н ХХК-ний гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Нэхэмжлэгчээс: Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хх 6-18/, тооцоо нийлсэн баримт /хх 19/, ХААН банкны дансны хуулга /хх 20-35/, зураг /хх 36-39/, бараа материал тоног төхөөрөмж түрээслэх гэрээ орлого, зарлагын баримтууд /хх 174-201/,

Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 50/, ажлын дэвсгэр зураг /хх 56/, барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл /хх 57-91/, ажиллагсдын зардлын тооцоо /хх 92, 107/, Г.Бийн ХААН банкны дансны хуулга /хх 108-121/, Х.Н ХХК-ний захирлын тушаал /хх 122-123/, ажилчдын цалингийн тооцоо /хх 124-138/, Х.Н ХХК-ний Голомт банкны дансны хуулга /хх 93-106/, түлшний тооцоо, зарлагын баримт /хх 139-142/, машин механизмын түрээсийн гэрээ, холбогдох баримт /хх 143-151/, иргэн Т.Бат-Ирээдүй, Б.Эрхбаяр нарын тайлбар /хх 152-155/, Монголиан транс лайн ХХК-ний үзлэг шалгалтын акт, мэдэгдэл /хх 204-215/, асьфальт бетон холвц нийүүлэлтийн гэрээ /2-р хавтас 39-42/, Х.Н ХХК-ний захирлын тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /2-р хавтас 62-65/,

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр: үзлэг хийсэн тэмдэглэл /хх 224-250, 2-р хавтас 1-21/ зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Бийн нэхэмжлэлийн шаардлагаас 24 166 300 төгрөгийг хангаж, бусад хэсэг буюу 26 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Х.Н ХХК-ний 178 110 496.29 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн төлөөгүй талаар маргасан бол, хариуцагч нь ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөөгүй, акт үйлдээгүй гэж маргажээ.

3. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаараа хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

Х.Н ХХК нь Д.Бтэй 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, д аймгийн З-Ханги-Мандал чиглэлийн төмөр замын төслийн 9 цэгийн ус зайлуулах хоолойн барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллуулах, захиалагч ажлын хөлс 240 000 000 төгрөг төлөх, гүйцэтгэгч ажлыг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 01-ний дотор гүйцэтгэхээр тус тус /хх 6-18/ тохирчээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Х.Н ХХК нь Монголиан транс лайн ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны хувьд ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч байна.

3.1. Монголиан транс лайн ХХК, Х.Н ХХК нь 2022 оны 4-р сарын 15-ны өдөр ус зайлуулах хоолойн барилга угсралтын ажлыг эхлүүлэх тэмдэглэлийг баталгаажуулсан /хх 58-70/ байх ба энэ өдрөөс ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгааг өгч ажлыг эхлүүлсэн /хх 71-91/ байна.

Нэхэмжлэгч нь ажлыг 2022 оны 4-р сарын 30-нд эхэлсэн гэж маргадаг боловч ажлыг эхлүүлэх цэг тавьж баталгаажуулсан баримтаар үгүйсгэгдсэн, нөгөө талаас, гэрээний 8.19 дэх хэсэгт зааснаар захиалагчаас шалтгаалж сул зогссон, сул зогсолтын мэдэгдлийг талбайн инженер баталгаажуулсан баримт хэрэгт авагдаагүй байна.

Харин хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгааг өгсөн баримтаас үзвэл 2022 оны 6-р сарын 24-ний өдөр зааварчилгаа өгч гарын үсэг зурагдсан, үүнээс хойш зааварчилгаа өгөөгүй байх ба ажлыг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хийж дуусгасан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

3.2. Талууд гүйцэтгэсэн ажлын төлбөр тооцоог 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хийсэн /хх 19/, нийт 240 000 000 төгрөгийн ажлаас 35 116 300 төгрөгийг захиалагч төлөх үлдэгдлийг баталгаажуулжээ.

Тооцоо нийлснээс хойш буюу 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр захиалагч 10 000 000 төгрөг шилжүүлсэн, энэ талаар талууд маргаагүй. Өөрөөр хэлбэл, тооцооноос 24 116 300 төгрөгийг төлөөгүй гэж дүгнэлээ.

Талууд тооцоо нийлснээр ажлыг дүгнэсэн гэж үзэхээр байна. Хэдийгээр хариуцагч нь Д.Б ажлыг хүлээлгэн өгч акт үйлдээгүй гэж тайлбарладаг боловч ажлын гүйцэтгэлийг дүгнэх, үр дүнг хүлээн авч акт үйлдэх нь нэг талын буюу гүйцэтгэгчийн хүлээх үүрэг бус, захиалагч ажлын үр дүнг хүлээн авах үүрэгтэй.

Гэрээний оролцогч ажлыг актаар хүлээж аваагүй нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй.

3.3. Туслан гүйцэтгэгч нь захиалагчийн хүсэлтээр 9 цэгийн ус зайлуулах хоолойн барилгын ажлаас гадна гэрээнд тусгагдаагүй далангийн чулуун бэхэлгээ хийх 70 000 000 төгрөгийг ажлыг 2022 оны 07 дугаар сарын 22-ноос 2022 оны 08 дүгээр сарын 23-ны өдөр хийж гүйцэтгэн дуусгаж хүлээлгэн өгсөн гэх ба өөрөөс гаргасан ажилчдын цалин, хоол хүнсэнд зарцуулсан зардал 15 000 000 төгрөгийг Х.Н ХХК-иас гаргуулахаар маргасан.

Хариуцагч нь ...далангийн чулуун бэхэлгээ хийх ажил нь ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон нэгдмэл хэсэг бөгөөд гэрээнээс гадуур салангид хийгдэх ажил биш ..гэж татгалзжээ.

Төмөр замын тээврийн тухай хуулийн 3.1.2."суурь бүтэц" гэж төмөр замын шугамын дээд, доод бүтэц болон гүүр, хоолой зэрэг инженерийн байгууламж, техник технологийн иж бүрдлийг; Барилгын тухай хуулийн 4.1.1."барилга байгууламж" гэж ...далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг ойлгох бөгөөд төмөр замын ус зайлуулах хоолой, түүний бэхэлгээ нь түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн иж бүрдэл байгууламж, газрын үндсэн бүрдэл хэсэг болно.

Хуулийн эдгээр зохицуулалтаар ...ус зайлуулах хоолойн чулуун бэхэлгээ нь гэрээгээр хийх цогц ажил бөгөөд салангид хийгдэх ажил биш гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй, өөрөөр хэлбэл, 240 000 000 төгрөгийн ажилд багтсан гүйцэтгэвэл зохих ажил байжээ.

Үүнээс гадна, туслан гүйцэтгэгч нь 15 000 000 төгрөгийн зардал гаргасан баримтыг гаргаагүй, баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн, туслан гүйцэтгэгч ажил гүйцэтгэхдээ техник тоног төхөөрөмж, шатахуун материал, хоол хүнсээ өөрөө хангадаг байсан нь хэргийн 174-201 дэх талд авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

3.4. Шүүх хуралдаанд гэрч Д.Т-ын мэдүүлгээр ...4 дүгээр сарын 15-нд улаан шугамаа тавьж ажил эхэлсэн, ажлын ачаалал даахгүй биш бүгд хангалттай сайн ажилласан, хоол хүнс, шатахуун түлш, ажлын байрыг бид өөрсдөө гаргасан, хүнсний хомсдол үүсч байгаагүй, ажлыг хугацаанд өгсөн нь,

Гэрч Ч.Н мэдүүлгээр...зам гүүрийн ажил дээр эхнээс нь дуустал ажилласан, захирал н.Б, инженерүүд сайн ажиллаж байна гэж байсан, намайг компанидаа ажиллах санал хүртэл тавьж байсан, ажлаа сайхан дуусгаад гар бариад баярлаад явсан, хийсэн ажилд ямар ч доголдол дутагдал гараагүй, чулуун бэхэлгээний ажлыг үргэлжлээд явж байна гэж бодсон...гэсэн нь туслан гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь дуусгасан, ажлын доголдол гаргаагүйг нотолсон байна.

 

4. Хариуцагч Х.Н ХХК нь Д.Б-өөс ажлаа бүрэн гүйцэтгээгүй, ажлаа хүлээлгэж өгөөгүй гэх үндэслэлээр хохирол 178 110 496 төгрөг гаргуулахаар маргасан, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ...ажил гүйцэтгэгчтэй яаж холбогдож байгаа нь тодорхой бус, бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж татгалзжээ. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан талаар захиалагч шаардлага гаргаагүй, доголдлын талаар мэдэгдсэн, арилгаагүй тохиолдолд өөрийн зардлаар догодлыг арилгах, ажлын хөлсийг бууруулах, доголдлын улмаас гэрээг цуцлах шаардлага гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй.

Түүнчлэн туслан гүйцэтгэгчийн ажилд талбайн инженер Н.Б ажиллаж, захиалагчийн хяналтыг тавьж байсан нь ...би Хушингарын навч компанид замын инженерээр ажилладаг, төсөл дээр 2022 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сарын хооронд 5 сарын хугацаанд ажилласан, ажлын үр дүн хугацаа, хариуцлага тал дээр сул байсан тул манай компани 05 дугаар сарын 24-нд нэмэлт хүч гаргаад гэрээний ажлаа дуусгавар болгосон, ажлын үр дүнг одоо болтол хүлээлгэж өгөөгүй, акт үйлдээгүй... гэх мэдүүлгээр тогтоогдсон, харин ажлын үр дүн доголдолтой талаар мэдэгдэж байсан талаар мэдүүлээгүй байна.

 

4.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын 24 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэлээ. Х.Н ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй. Нөгөө талаас, 240 000 000 төгрөгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг захиалагч хариуцахаар гэрээнд тусгасан, түүнчлэн 24 000 000 төгрөгийн татварыг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

-Х.Н ХХК нь туслан гүйцэтгэгчийн ажлын ачааллыг бүрэн даах чадамжгүй байдал, төлөвлөгөөт ажилд саад учирч ажлын хоног удааширч байсан тул 9 хүнийг нэмэлтээр ажиллуулж ажлын хөлс 38 570 000 төгрөг төлсөн гэж маргажээ.

Х.Н ХХК-ний захирлын 2022 оны 19-ний өдрийн 005 тоот тушаал, 009 тоот тушаал гаргаж Т.Б нарын 9 хүнийг ажиллуулах, цалин хөлс олгохоор /хх 122-123/ тусгажээ.

Харин туслан гүйцэтгэгч ажлаа гүйцэтгэх чадамжгүй байсан нь баримтаар тогтоогдоогүйгээс гадна эдгээр хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажиллуулсныг баримтаар нотлоогүй байна. Хэргийн 89 дүгээр талд авагдсан 2022 оны 6-р сарын 19-ний өдрийн зааварчилгаанд Бат-Ирээдүй нарын хүмүүсийн нэр орсон боловч гарын үсэг зураагүйгээс дүгнэвэл эдгээр хүмүүсийг нэмэлтээр ажиллуулж зардал гаргасан гэж үзэхгүй. Түүнчлэн хэргийн 135-138 дугаар талд авагдсан банкны баримтаар Х.Н ХХК-иас цалин олгосон нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл, аль банкны хэний данснаас Т.Б-д мөнгө шилжүүлсэн нь тодорхойгүй байна. Иймд Х.Н ХХК нь туслан гүйцэтгэгчийн буруугаас 38 370 000 төгрөгийн зардал гаргасан гэх үндэслэлгүй.

-Хариуцагч нь туслан гүйцэтгэгчийн буруугаас барилгын ажилд болон кемпийн хэрэгцээнд зориулж 34 210 705 төгрөгийн зардал гаргасан гэж маргажээ.

Хэргийн 107 дугаар талд энэ зардлын тооцоог гаргасан байх ба талуудын тооцоо нийлсэн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс өмнөх зардлуудыг давхар тооцсон, өөрөөр хэлбэл, туслан гүйцэтгэгч Д.Бөд шилжүүлсэн гэх зардал нь тооцоо нийлсэн актад орсон гэж үзнэ.

Нөгөө талаас, Ч.Ө, Б.Ж нарт шилжүүлсэн болон бусад зардал нь туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил, төлбөр тооцоотой шалтгаант холбоотой нь тогтоогдоогүй /хх 107-121/ байна.

-Хэргийн 139-144 дүгээр талд шатахууны зардал 8 697 930 төгрөгийн тооцоо, зарлагын баримтуудыг хавсаргажээ.

Эдгээр Б, Б, Т нарын гэх ... дугаартай машинд авсан гэх шатахууны зарлагын баримтуудад худалдагч, худалдан авагч, шалгасан нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулаагүйгээс гадна 8 697 930 төгрөгийн шатахуун худалдан авч төлбөр төлсөн нь баримтаар тогтогдоогүй байна.

-Х.Н ХХК нь ... девелофмент ХХК-тай 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Машин механизмын түрээсийн гэрээ байгуулж, 3 төрлийн техникийг 6 хүн хүч ажиллуулах, гэрээний хугацааг гүйцэтгэлээр тооцох, нэг сарын түрээсийн төлбөр 44 002 600 төгрөг байхаар /хх 145-155/ тохирчээ.

Энэ гэрээ нь туслан гүйцэтгэгчийн үүргээ гүйцэтгэх боломжгүй байдалтай холбоотойгоор нэмэлтээр хүн хүч, машин механизм түрээлсэлж гарсан 48,631,861.29 төгрөгийн зардал гаргасан үндэслэл тогтоогдоогүй.

Түүнчлэн түрээслэгч гэрээний үүргээ биелүүлж түрээслэгчид төлбөрөө төлсөн, тооцооны актаар 1 219 541 төгрөгийн төлбөр тооцоотой гарсан нь туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил, үр дүнтэй шалтгаант холбоотой гэж үзэх боломжгүй.

Нөгөө талаас, тендерийн баталгаа ... девелофмент ХХК гэсэн 73 920 000 төгрөгийн зарлага туслан гүйцэтгэгчтэй холбоогүй гэж дүгнэлээ.

Т.Б, Б.Э нар нь энэ хэргийн оролцогч биш бөгөөд шүүхэд тайлбар гаргах үүрэггүй /хх 152-155/, эдгээр тайлбар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

-Гэрээний 8.16-д туслан гүйцэтгэгч тогтоосон хугацаанд ажлыг бүрэн хийж хүлээлгэн өгөөгүй тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 10%-иар алданги төлөхөөр тусгажээ.

Иргэний хуульд зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх ба 10 хувиар алданги төлөхөөр тогтоосон нь хуульд нийцээгүй байна.

Х.Н ХХК нь нэхэмжлэгчээс 24 000 000 төгрөгийн алданги шаардсан нь үндэслэлгүй, ажлыг хүлээлцэх, акт үйлдэх нь гэрээний талуудын хэн алины үүрэг байна.

5. Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг бүхэлд нь дүгнэвэл зөвхөн туслан гүйцэтгэгчийн хүлээх хариуцлага, үүргийг тусгасан хэт нэг талыг барьсан гэрээ болжээ.

Сөрөг нэхэмжлэлийг ...нэмэгдсэн өртгийн албан татвар, нэмэлтээр ажиллуулсан гэх 9 хүний цалинг ямар үндэслэлээр тооцсон, тавьсан нь тодорхойгүй, кемпийн зардал 42.000.000 төгрөгийг яагаад гаргах болсон, энэ нь нэхэмжлэгчтэй яаж холбогдож байгаа нь тодорхой бус гэсэн тайлбар, татгалзал үндэслэлтэй байна.

 

6. Х.Н ХХК-иас нотлох баримтаар гаргасан М.Т.Л ХХК-ний 2023 оны 4-р сарын 26-ны өдрийн үзлэг шалтгалтын акт мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул энэ шийдвэрийн үндэслэл /хх 204-213/ болохгүй.

Х.Н ХХК нь 2023 оны 4-р сарын 24-ний өдрийн 023/023 дугаар албан бичгээр Д.Б-өд мэдэгдэл хүргүүлсэн /хх 214/ байх ба М.Т.Л ХХК ажил хүлээж авах тул талбай дэр ирэхийг мэдэгджээ.

 

7.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Б-ийн гар утас, СД бичлэгт үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн /хх 226-250, 2-р хавтас 1-21/ байх ба үзлэгээр төлбөр тооцоо, хийсэн ажлын зургийг баримтжуулжээ.

Туслан гүйцэтгэгч хийсэн ажлын бичлэгийг хийсэн нь хууль зөрчсөн, хууль бус аргаар цуглуулсан баримт гэх үндэслэлгүй тул нотлох баримтаас хасах шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

8. Нэхэмжлэгч Д.Б шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 408 532 төгрөг, хариуцагч Х.Н ХХК сөрөг нэхэмжлэл гаргахдаа 1 048 502 төгрөг тус тус төлсөн байна. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 408 532 төгрөг, хариуцагчаас төлсөн 1 048 502 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Н ХХК-иас 278 531 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Н ХХК-иас 24 116 300 /хорин дөрвөн сая нэг зуун арван зургаан мянга гурван зуу/ төгрөг гаргуулж Д.Б-өд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 26 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б-өөс 178 110 496 /нэг зуун далан найман сая нэг зуун арван мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулахыг хүссэн Х.Н ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.Б-өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 532 төгрөг, хариуцагч Х.Н ХХК-иас төлсөн 1 048 502 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Н ХХК-иас 278 531 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.  

 


 

                   

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА