Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/02645

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/02645

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дүгээр хороо, Бага тойруу, ... дугаар байрны ... тоотод оршин суух, Б овогт О-ын Д,

Хариуцагч: ... дүүргийн ... дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, ... байрны ... тоотод оршин суух, Ш овогт О-ын Б,

Нэхэмжлэлийн шаардлага: 12 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Чанцал /үнэмлэх 3347/, хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгч Н.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч О.Б-д холбогдуулан нөхөн олговорын 12 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

Би 1978 оны 12-р сарын 11-ний өдөр төрж 5 настай байхдаа аав Л.О-ын хууль ёсны дагуу үрчлүүлэн бага охин нь болсон. Миний аав Л.О нь 1941 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Хэргийг нь 1958 оны 7-р сарын 18-ны өдрийн 36 дугаар тогтоолоор цагаатгасан. Аав маань 1990 онд нас барсан. Бид аав, ээжээс 5-уулаа байснаас 3 ах, эгч нас барж, О.Б эгч бид хоёр үлдсэн. Ингээд улсаас хэлмэгдэгсдэд олгох цагаатгалын нөхөн олговор олгож байгаа талаар бид хоёр мэдээд баримт бичгээ бүрдүүлж цагаатгалын комисст өгсөн. Нөхөн олговорын 40 сая төгрөгийг 70 хувь буюу 28 000 000 төгрөгийг О.Б, 30 хувь буюу 12 000 000 төгрөгийг би авахаар хэлцэл хийж, нотариатаар гэрчлүүлсэн. Уг хэлцлээ Цагаатгалын комисст өгч баталгаажуулсан байсан. Гэтэл 2020 оны 6-р сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/0... дугаартай шийдвэрээр ганц О.Б-д 40 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. Ингээд О.Б 2022 оны 5-р сарын 18-ны өдөр олговорыг хүлээн авсан байсан. Би О.Б-аас хэлцлийн дагуу тохирсон 12 сая төгрөгийг нэхэхэд удахгүй өгнө, би өрөнд өгчихсөн, удахгүй тендерийн мөнгө орж ирнэ гэх зэргээр өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд аав Л.О-ыг цагаатгасны нөхөн олговор болох 40 000 000 төгрөгөөс 12 000 000 төгрөгийг О.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч О.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний эцэг Осорбазар хэлмэгдэж цагаатгагдсан хүн юм. Өмнө 1 000 000 төгрөгийг миний төрсөн эгч О.Д авч төрсөн ах дүү нарт хувааж эцгийнхээ хойдын буянд зарцуулж байсан. Тэр үед миний эцгээр овоглосон ийм хүн байгаагүй. Гэтэл 2022 онд миний аавын үрчилсэн охин О.Д гэгч гарч ирсэн. Аав маань хэлмэгдэж байгаад шоронгоос суллагдсан ч эх орондоо ихийг бүтээсэн нэр хүндтэй сэхээтэн хүн байсан. Харин нэхэмжлэлийг уншиж танилцвал тодорхойгүй зүйл их байх тул садангийн ямар холбоотой болохыг мэдэж байж хэлмэгдлийн мөнгөнөөс өгөх эсэхээ шийдэх ёстойг ойлголоо. Миний төрсөн ах дүү нарын хүүхдүүд ч бий. Би тэдэндээ ч хувь хүртээх ёстой. Мөн аавынхаа хойдын буянд буяны үйл хийнэ. Миний ямар ч ах дүү нар О.Д-г миний эцгээр овоглодгийг мэдэхгүй, тэр хүн бидний эцгийн болон бусад ах, эгч нарын жаргал, зовлон буян номын ажилд оролцож байгаагүй. Надад О.Д-гийн хэлж ярьснаар аавын маань бидний ээжээс хойш ханилсан хүний охиноос төрсөн охин байна гэж ойлгосон. Гэтэл нэхэмжлэлээс үзвэл түүний төрсөн эх, эцэг, үрчилсэн эх нь хэн болох нь тодорхойгүй байна. Ингэснээр хэзээ хэнээс ямар шалтгаанаар үрчилсэн эсэх нь тодорхой болох ёстой. Мөн үрчилсэн эхийн мэдээлэл ч алга байна. Түүний хэлснээр харин миний аав, түүнтэй ханилсан эмэгтэй 2 нь О.Д-гийн эмээ, өвөө л болмоор санагдаад байна гэжээ.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 12 000 000 төгрөгийн хэлцэл хийсэн нь үнэн. Өнөөдрийг хүртэл уулзаж учирч байгаагүй тал дээр хариуцагч гомддог. Үрчлэлтийг хүчингүй болгох асуудал ярихгүй гэсэн. Тиймээс хариуцагчийн хүсэл зоригийн хэмжээнд тайлбар хийж байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 4/, хэлцэл /хх 5/, үрчилсний бүртгэлийн лавлагаа /хх 6/, Цагаатгалын комиссийн тодорхойлолт /хх 7/, НИТХ-ын нөхөх олговор олгох тухай албан бичиг, мөнгө шилжүүлсэн баримт /хх 8-9/, фото зураг, хувь чатаар бичсэн зурвас /хх 52-60/, төрсний бүртгэлийн болон төрөл садангийн лавлагаа, төрсний гэрчилгээ /хх 66-68/,

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6-р сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/0... дугаар шийдвэртэй хэргээс баримтууд /хх 22-35/ зэрэг баримтыг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Би аав Л.О-т 5 настай байхдаа үрчлэгдсэн, хэлмэгдэгсдэд олгох нөхөх олговорыг эгч О.Б-тай 70, 30 хувиар хувааж авахаар хэлцэл хийсэн. Гэтэл 40 000 000 төгрөгийг ганцаараа авсан боловч надад өгөх 12 000 000 төгрөгийг өгөөгүй тул гаргуулахаар шаардсан.

3.Хариуцагч нь 2022 онд миний аавын аавын үрчилсэн охин гэх О.Д гэнэт гарч ирсэн, миний ах дүү нар хэн нь түүнийг миний эцгээр овоглодгийг мэдэхгүй, О.Д-гийн хэлснээр аавын маань бидний ээжээс хойш ханилсан хүний охиноос төрсөн охин байна гэж ойлгосон гэж татгалзжээ.

 

 

4.Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогджээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6-р сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/0... дугаар шийдвэрээр хэлмэгдэгч Л.О-т олгох нөхөх олговор 40 000 000 төгрөгийг түүний охин О.Бд олгож шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч О-ын Д нь 1983 оны 5-р сарын 12-ны өдөр Л.О-т үрчлэгдэж, улсын бүртгэлд үрчлэлт бүртгэгдсэн, үрчлэлт хүчин төгөлдөр /хх 6, 24/ байна.

 

Тухайн хэргийг шийдвэрлэхэд үрчлэлтийн лавлагаа хэрэгт баримтаар авагдсан байжээ.

 

Хэлмэгдэгчид олгох 40 000 000 төгрөгийн нөхөн олговороос О.Б 70 хувь буюу 28 000 000 төгрөгийг, О.Д 30 хувь буюу 12 000 000 төгрөгийг тус тус авахаар хэлцэл хийж, нотариатаар гэрчлүүлсэн, Цагаатгалын комисс хэлцлийн талаар тодорхойлсон байна.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар хариуцагч О.Б шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нөхөх олговрыг ямар хувь хэмжээгээр хоорондоо хуваан авах тухай харилцан тохиролцсоныг батлах баримтын нотариатаар гэрчлэгдсэн хуулбарыг хавсаргах хуулийн шаардлагыг хангаагүйгээс түүнд нөхөх олговорыг дангаар олгож шийджээ.

 

Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар хэлмэгдэгч нас барсан бол хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд дээрх олговорыг авах эрхтэй бөгөөд хэлцлээр тохирсон 12 000 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй.

 

5.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 206 950 төгрөг төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч О.Баас 206 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасныг баримтлан О-ын Б-аас 12 000 000 /арван хоёр сая/ төгрөг гаргуулж О-ын Д-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар О.Д-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч О.Б-аас 206 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Д-д олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА