Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/810

 

Э.Үд холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Амарзаяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/863 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ү.Содномцогийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 39 дугаартай эсэргүүцлээр Э.Үд холбогдох 2106 00000 1183 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

..........................., 19............ оны ........... дугаар сарын .....................-ны өдөр Булган аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Дүнжингарав худалдааны төвд худалдагч ажилтай, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 20-542 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................./;

Э.Ү нь 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвөөс 167.050 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнийг интернет банкаар төлбөрөө хийсэн хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 167.050 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Үгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ........................г хуурч, зохиомол байдал зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Үд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр, Э.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн төлөөлөгч Д.Хоролгарав нь гомдолгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ү.Содномцог бичсэн эсэргүүцэлдээ: “...Монгол Улсын Их хурлаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлахдаа уг хуулийг хэрэглэх нөхцөлийг 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт томъёолжээ. Уг заалтаас үзэхэд “...өршөөлд хамруулах үндэслэл нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор тодорхойлогдсон байна” гэжээ. Хуулийн үйлчлэх цаг хугацааны зааг буюу хууль батлагдах цаг хугацаанд эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусгавар болж, ял шийтгүүлсэн ялтны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл болон 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсэгт заасан журмыг хэрэглэхээр, харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсэгт заасан журмыг хэрэглэхээр тус тус томъёолсон байна. Гэтэл Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах үед эрүүгийн 2106 00000 1183 дугаартай хэрэгт шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байсан бөгөөд гэм буруутай эсэхийг шүүх хуралдаанаар хэлэлцэн, шийдвэр гаргахдаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 болон 9 дүгээр зүйлд заасан “Өршөөлд хамруулахгүй нөхцөл” байгаа эсэхэд аливаа хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр, харин шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт “...Өршөөлийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тусгагдсан байх тул” гэсэн нь хууль зүйн хувьд алдаатай дүгнэлт хийсэн гэж үзнэ. Шүүхээс шийтгэх тогтоол гаргаж, шүүгдэгч Э.Үг гэм буруутайд тооцсон шийдвэрийн агуулгатай прокурор санал нэгдэж байгаа боловч Э.Үд холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан нөхцөл тогтоосон хэм хэмжээ болон 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасан журмыг тус тус зөрчсөн гэж үзнэ. Шийтгэх тогтоолд шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон хяналтын прокурор Д.Бат-Эрдэнийн нэрийг Я.Амарзаяа гэж ташаа бичсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 863 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор Я.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурор Ү.Содномцогийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Үд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Э.Ү нь 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвөөс 167.050 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнийг интернет банкаар төлбөрөө хийсэн хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 167.050 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хоролгаравын  “... 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн касс дээр ажиллаж байхад 30 орчим насны эмэгтэй 167.050 төгрөгийн бараа аваад интернэт банкаар төлбөрөө хийнэ хэмээн зогсож байсан. Тэр эмэгтэйд гар утас болохгүй байгаа бол миний утсаар хийгээд үз гэж хэлсэн. Тэр эмэгтэй миний утсыг барьж зогсож байгаад буцааж өгсөн. ...тэр үед хүмүүс ихтэй байсан болохоор дараагийн хүний худалдаж авсан барааг бичээд байж байтал тэр эмэгтэй гараад явсан байсан. ...” /хх 8-9/ гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Э.Үгийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Номин сүлжээ дэлгүүрт орж үйлчлүүлээд гарахдаа тооцоогоо хийх гээд Хаан банкны дансаа хартал 102.000 төгрөг байсан болохоор мөнгө хүрэхгүйгээ мэдээд худалдагч охинд худал хэлж миний гар утасны Хаан банк болохгүй байна гэхэд уг охин надад гар утсаа өгсөн. Би тэр гар устыг нь авч Хаан банкны интернэт банкаар шилжүүллээ гэж худал хэлэн яваад өгсөн. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 38/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Э.Үгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 18/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Э.Үг хуурч, зохиомол байдал зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Үгийн “Номин” худалдааны төвөөс 167.050 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнийг интернет банкаар төлбөрөө хийсэн хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 167.050 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг бөгөөд үнэлэгдэхгүй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх гэж байхгүй учраас залилах гэмт хэрэгт хохирол шаардана гэж ойлгоно. Гэхдээ тус хохиролын хэмжээг тусгайлан заагаагүй учраас бага нэгж буюу бага хэмжээний хохиролоос доош хэмжээг ойлгох бөгөөд Э.Ү “Номин” худалдааны төвөөс 167.050 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнийг интернет банкаар төлбөрөө хийсэн хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 167.050 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг авсан нь залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Үд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Прокурор Ү.Содномцог “...Э.Үд холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан нөхцөл тогтоосон хэм хэмжээ болон 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасан журмыг тус тус зөрчсөн гэж үзнэ. ...Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 863 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тус тус заажээ.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Үд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байх ба түүний үйлдсэн Залилах гэмт хэрэг нь дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан зүйл, хэсэгт багтсан байх тул түүнд холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор хуульчилсан байх тул шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг солих боломжгүйг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх хуралдаанд прокурор Д.Бат-Эрдэнэ оролцсон байхад шийтгэх тогтоолд улсын яллагчийг Я.Амарзаяа гэж буруу бичсэн байх бөгөөд цаашид ийм алдаа гаргахгүй байхад анхаарвал зохино.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/863 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ү.Содномцогийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 39 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/863 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ү.Содномцогийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 39 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР        

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ