Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 204

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга В.Орхон,

Улсын яллагч Б.Соёлмаа,

Шүүгдэгч А.Лхам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Амирдаагийн Лхамд холбогдох эрүүгийн 1710000000005 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш орчуулагч мэргэжилтэй, ам бүл 3, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 47 дугаар байрны 53 тоотод оршин суух, 2005 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ФМ 84042303/, Боржигон овогт Амирдаагийн Лхам нь:

- 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 22 цагийн орчимд согтуугаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Танил хуушуур” кафед Ө.Буянаатай тооцооны асуудлаас болж маргалдаж, улмаар түүний нүүр рүү пивоны бакал авч шидэн, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дээд хана, дух, зулай ясны шугаман ил хугарал, духны шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ө.Буянаагийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл / хх 4 /,

Хохирогч Ө.Буянаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  “...Лхамаа элдэвээр хэлээд дормжлооод хашгичаад хэрүүл хийгээд байхаар нь би дүүгээ дагуулаад явлаа гээд босоод явсан чинь Лхамаа миний өөдөөс ширээн дээр байсан пивоны грушик аваад миний өөдөөс шидсэн чинь миний дух онож газар унаад пивоны грушик хагарсан.Миний дух хэсгээс цус гарсан...” гэжээ. / хх 6-8 /,

Гэрч Г.Ариунаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Буянаа шатаар буухгүй Лхамаатай хэрэлдээд байсан. Би Лхамааг барьчихсан байсан. Лхамаа том биетэй учир хорьж дийлэхгүй барьцалдаад байж байсан чинь Буянаа хашгираад явчихаар нь Буянаа руу харсан чинь толгойноос нь цус гарчихсан байсан. Тэгсэн Лхамаа ширээн дээр байсан бакал аваад шидсэн байсан...” гэжээ. / хх 11-13 /,

Гэрч Э.Хоролсүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  “...Буянаа эгчийн дүү Буянаа эгчийг авч явах гээд гарнаас нь барихад Буянаа эгч хэрэлдээд өдөөд байсан. Тэгтэл Лхам эгч Буянаа эгчийн нүүр хэсэгт нэг удаа алгадсан. Тэгсэн барьцалдаад авсан. Буянаа эгчийг дүү нь татаж чангаагаад шатны орчим аваачсан. Ариунаа эгч бид 2 Лхам эгчийг хорьсон. Тэгтэл хажуу дахь ширээн дээр байсан пивоны бакалыг гартаа барьсан харагдсан. Би Буянаа эгч рүү очих гэж байтал Лхам эгч бакалаа Буянаа эгч рүү шидэхэд түүний баруун хөмсөгний дээд хэсэгт оносон. Тэгээд Буянаа эгчийн толгойноос цус гарсан...” гэжээ. / хх 17-18/,

Гэрч Б.Ичинхорлоо мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Лхамаа ширээн дээр байсан пивоны бакал бариад далайгаад байсан. Эгч Буянаа гарах гэж яваад эргээд харах үед Лхамаа нь гартаа барьсан бакалыг шидэхэд эгчийн духан дээр онож бакал хагарсан. Эгчийн нүүрээр дүүрэн цус болсон...” гэжээ. / хх 19-20 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 8648 дугаартай дүгнэлтэнд:

1. Ө.Буянаагийн биед баруун нүдний ухархайн дээд хана, дух, зулай ясны шугаман ил хугарал, духны шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь 2017.07.03-ны өдөр үүсэн байх боломжтой… гэжээ. / хх 23/,

 “Натур эмнэлэг” компьютерт томографийн оношилгоо / хх 24 /,

Шинжээч эмч Т.Амартүвшин мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Ө.Буянаад учирсан баруун нүдний ухархайн дээд хана, дух, зулай ясны шугаман ил хугарал, духны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэжээ. / хх 25-26 /,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Лхам мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгуулийн ялыг бөөнөөр нь төлөх боломжгүй байгаа тул 3 жилийн хугацаагаар төлөх боломжийг олгож өгнө үү гэв.

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35/, ял шалгах хуудас /хх-34/, хохирогчийн гомдол саналгүй, хохирол хүлээн авсан тухай хүсэлт /хх-67/, шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтийг хангасан мөрдөн байцаагчийн тогтоол /хх-50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Лхам нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 22 цагийн орчимд согтуугаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Танил хуушуур” кафед Ө.Буянаатай тооцооны асуудлаас болж маргалдаж, улмаар түүний нүүр рүү пивоны бакал авч шидэн, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дээд хана, дух, зулай ясны шугаман ил хугарал, духны шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн №8648 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Лхам нь хүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс шүүгдэгч А.Лхамд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 / арван мянган / нэгж буюу 10.000.000 / арван сая / төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Лхамд оногдуулсан торгох ялыг 2 / хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Лхамын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч А.Лхам нь хохирогч Ө.Буянаад 2.000.000 / хоёр сая / төгрөг төлснийг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Амирдаагийн Лхамыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Лхамыг 10.000 / арван мянган / нэгж буюу 10.000.000 / арван сая / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Лхамд оногдуулсан 10.000.000 / арван сая / төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Лхам нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.Лхамд оногдуулсан 10.000.000 / арван сая / төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Лхамд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.ОЛЗОД