Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2023/02795

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 09 13

181/ШШ2023/02795

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э.Х-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н газарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, өөрийн байранд оршин байх Х ХХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч Н газарт холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02983 дугаартай захирамжаар Э.Х-аас 212,405,290 төгрөг гаргуулж, Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулахаар зарлажээ.

Н газар нь анхны дуудлага худалдааг хуульд заасан журмын дагуу зарлаагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т ...дуудлага худалдааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор явуулна гэж заасныг зөрчсөн.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан тогтоол гаргаагүй, танилцуулаагүй, боломжит хугацаанд мэдэгдээгүй бөгөөд Э.Х-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1 дүгээр байрны ,,, тоот орон сууцыг тухайн байранд нь очиж битүүмжлэх ажиллагаа хийгээгүй байж, хураах тогтоол үйлдэж, үнэлгээ тогтоож, шууд дуудлага худалдаанд оруулж байгаа нь хууль бус юм.

Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл дээр төлбөр төлөгчтэй утсаар ярьсан гэх боловч цайны цагаар буюу 12 цаг 40 минутад эхлээд 12 цаг 41 минутад дууссан гэж, 1 минутын хугацаанд утсаар ярьсан тэмдэглэл үйлдсэн байгаа учраас Э.Хт мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байна. Мобиком корпораци ХХК-иас дуудлага хийсэн эсэх талаар лавлагаа гаргуулах гэсэн боловч техникийн үйл ажиллагаатай холбоотой гаргаж өгөх боломжгүй гэсэн. Түүнчлэн, Э.Х-т мэдэгдэх хуудас очоогүй талаарх баримтыг Монгол шуудан ХК-аас гаргаж өгсөн. Иймд дуудлага худалдааны талаар төлбөр төлөгчид мэдэгдээгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж заасан. Гэвч анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлээгүй.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7-д Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээллэнэ гэж заасан заасан боловч шийдвэр гүйцэтгэх газраас энэ талаар ажиллагаа явуулаагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу явуулна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т Энэ хуулийн 64.3-т заасан ажиллагаагаар худалдан борлогдоогүй хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоосон үнээс 30 хувиар тооцон бууруулж худалдан борлуулна. Энэ тохиолдолд эд хөрөнгийн үнийг бууруулах талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргана гэж заасан. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Э.Х-ын өмчлөлийн орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэлгээнээс бага дүнгээр дуудлага худалдаанд оруулсан.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Э.Х-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1 дүгээр байрны ,,,, тоот орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр анхны албадан дуудлагаа худалдаанд оруулах ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02983 дугаар захирамжаар Э.Х-аас 212,405,290 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Э.Х-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22030145,,,, дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1 байр, б10 тоот хаягт байршилтай 131.3 м.кв талбайтай таван өрөө орон сууцыг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 21280563/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 21280563/03 тоот тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулахад төлбөр авагчаас эрхийн улсын бүртгэлийн Ү-22030145,,,, дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1 байр, ,,,, тоот хаягт байршилтай 131.3 м.кв талбайтай таван өрөө орон сууцны үнэлгээг харилцан тохиролцох боломжгүй, хөндлөнгийн шинжээч томилж зах зээлийн үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4-155/18944 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1 байр, б10 тоот хаягт байршилтай 131.3 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22030145,,,, дугаартай, таван өрөө орон сууцыг 307,993,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдэж, үнэлгээний тайланг хуулбарлан өгсөн.

Төлбөр төлөгч Э.Х-ын оршин суух хаягаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4-155/19809 тоот албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/3 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Нэхэмжлэгч Э.Х 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 249 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 889 дүгээр магадлалаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 919 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан.

Төлбөр төлөгч Э.Х-т 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-155/21613 тоот албан бичгээр мэдэгдэл, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/10 дугаар анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг тус тус өөрийн холбоо барих утас болох 99861901 дугаарт нь мэдэгдэж, өөрийн биеэр ирж танилцахыг хэлэхэд Маргааш очиж авах болно гэснийг тэмдэглэсэн боловч ирж аваагүй тул түүний оршин суух хаяг болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1 дүгээр байр, Б10 тоот хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Улмаар хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулж, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4-155/22469 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон болохыг төлбөр төлөгч Э.Х-ын 998619,, дугаар залгаж мэдэгдэж, өөрийн биеэр ирж танилцахыг хэлэхэд Өөрөө очиж авна гэснийг тэмдэглэсэн боловч ирж аваагүй тул түүний оршин суух хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Э.Х-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Х нь Х ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан 160,000,000 төгрөгийг орон сууц худалдан авах зорилгоор жилийн 19,8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож улсын бүртгэлийн Ү-22030145,, дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1 дүгээр байр, б10 тоот хаягт байрлалттай 131.3 м.кв талбай бүхий 5 орон сууцыг барьцаалж үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.

Зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй тул Худалдаа хөгжлийн банкны зүгээс зээлдэгчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 210,425,015.91 төгрөг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02983 тоот шийдвэр, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 589 тоот магадлалаар хариуцагч Э.Х-аас 210,425,015.91 төгрөг гаргуулан Худалдаа хөгжлийн банканд олгож, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гарсан.

Хариуцагч нь шүүхийн шийдвэр болон магадлалыг сайн дураараа биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс явагдаж эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр барьцааны хөрөнгийг битүүмжилж, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хураасан. Үүний дараа нэхэмжлэгч үнэлгээтэй холбоотой маргаад 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан анхны албадан дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгө нь 220,000,000 төгрөгөөр гуравдагч этгээдэд худалдан борлогдсон.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдааг зохион байгуулахтай холбоотой мэдэгдэл, тогтоолыг шуудангаар төлбөр төлөгчид хүргүүлсэн. Шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувиар анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь үндэслэлтэй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын фэйсбүүк хуудас дээр албадан дуудлага худалдааны зарыг сар бүр мэдээллэдэг. Хариуцагчийн гаргасан хариу тайлбар, нотлох баримтаас үзэхэд хугацааны дагуу хураах ажиллагаа, үнэлгээний мэдэгдэл ар, араасаа хийгдсэн байна.

Э.Х нь мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлэхээс санаатай зайлсхийж удаашруулж байна. Үүнээс шалтгаалаад төлбөр барагдахгүй, төлбөр авагчид хохирол учирч байна. Ийм нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Э.Х-ын иргэний үнэмлэхний хуулбар, Э.Х-ын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Саяболдод гаргасан гомдол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4/59 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, Э.Х-ын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа Ч.Оюунцэцэгт гаргасан гомдол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3-2/2843 тоот албан бичиг, Албадан дуудлага худалдааны зар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/00249 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2022/00889 дүгээр магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02983 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 589 дүгээр магадлал, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 21280563 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 21280563/03 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б.Тэмүүлэнд олгосон итгэмжлэл, 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б.Сэр-Одод олгосон итгэмжлэл, 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар Б.Саяболд, Т.Мөнхзул нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ГХ2021/00340 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШЗ2021/05558 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02983 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 589 дүгээр магадлал, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 4 дугаартай албан бичиг, Ү-22030145,, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4-155/41720 дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 155/01 дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 21280563/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 21280563/02 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 21280563/155 дугаартай Зарлан дуудах мэдэгдэл, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 21280563/03 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 4-155/16535 дугаартай Үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Х ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 6/7866 дугаартай Н газарт гаргасан Хүсэлт гаргах тухай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 9/221 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 36/Ш дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4-155/18944 дугаартай Мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4-155/19809 дугаартай Мэдэгдэл, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/3 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2021/12275 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/00249 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2022/00889 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ШХТ2022/00919 дүгээр Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/10 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-155/21613 дугаартай Мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тэмдэглэл, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Н газар анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4-155/22469 дугаар Мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12/4 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шуудангийн магадлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Э.Чинзоригт олгосон итгэмжлэл, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 3/30 дугаартай гүйцэтгэх захирал О.Орхоны Итгэмжлэл олгох тухай албан бичгийг нотлох баримтаар ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар: Хавтаст хэргийн 101 дүгээр талд авагдсан 99861901 дугаар руу дуудлага хийсэн талаарх баримтыг нотлох баримтаас хасаж, Мобиком корпораци ХХК-иас 89086155 дугаар 99861901 дугаар руу 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд дуудлага хийсэн эсэх лавлагааг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн боловч Мобиком корпораци ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 4/6695 тоот албан бичгээр техникийн нөхцөл байдлын улмаас сүүлийн 3 сараас өмнөх хугацааны гадагш ярьсан болон илгээсэн мессежний жагсаалтыг шалгах боломжгүй гэх хариу ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Н газар нь анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолыг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлээгүй, тогтоолыг нэхэмжлэгчид танилцуулаагүй, боломжит хугацаанд мэдэгдээгүй, анхны албадан дуудлага худалдааны зарыг нийтэд мэдээллээгүй, хөрөнгийн үнэлгээгээр гаргасан дүгнэлтээс хэт доогуур үнээр дуудлага худалдаанд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3, 64.4, 69, 70 дугаар зүйлийн 70.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасныг зөрчсөн тул анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэлтэй гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үнэлгээ бодитой гарсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэх тайлбар гаргав.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02983 дугаар шийдвэрээр Э.Х-аас 210,425,015.91 төгрөгийг гаргуулж, Х ХХК-д олгож, хариуцагч Э.Х шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-22030145,, дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж 12/1 дүгээр байрны б 10 тоот хаягт байрлах 131,3 мкв талбатай 5 өрөө орон сууц болон 2011 онд үйлдвэрлэгдсэн Ford Explorer маркийн 1FMHK8D81CGA215** арлын дугаартай, цагаан өнгөтэй, 95-** УНЕ улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 589 дүгээр магадлалаар хэвээр үлдээжээ. /хавтаст хэргийн 19-24, 25-32, 73-81 дүгээр хуудас/

 

5.2. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрхи шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Э.Х-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22030145,, дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1 дүгээр байр б10 тоот хаягт байрлах 131.3 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 21280563/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор битүүмжилж, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 21280563/03 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасантай нийцсэн байна. /хавтаст хэргийн 34-36, 71-72 ,84-87 дугаар хуудас/

 

5.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 4-155/16535 тоот албан бичгээр төлбөр төлөгч Э.Хт 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр авагч үнийн санал ирүүлээгүй, улмаар төлбөр авагч Х ХХК-иас 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр барьцаа хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээч томилуулан тогтоолгох хүсэлт гаргаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 9/221 дүгээр Шинжээч томилох тухай тогтоол-оор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх үл хөдлөх хөрөнгийг 307,993,000 төгрөгөөр үнэлсэн болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 4-155/16535 тоот албан бичиг, Х ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 6/7866 тоот Хүсэлт гаргах тухай албан бичиг, Шинжээч томилох тухай тогтоол, Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №36/Ш дугаартай Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай албан бичгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 88-90 дүгээр хуудас/

 

5.4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4-155/18944 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Э.Хт үл хөдлөх хөрөнгийг 307,993,000 төгрөгөөр үнэлснийг мэдэгдэхэд, төлбөр авагч үнэлгээг эс зөвшөөрч, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/00249 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2022/00889 дүгээр магадлалаар хэвээр үлдээсэн, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Одын гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор тогтоогдож байна. /хавтаст хэргийн 91, 97-103 дугаар хуудас/

 

5.5. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/10 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор төлбөр төлөгч Э.Х-ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22030145,, дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1 дүгээр байр б10 тоот хаягт байрлах 131.3 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 307,993,000 төгрөгийн 70 хувь буюу 215,595,100 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2 давхрын 200 тоот өрөөнд зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэж, тогтоолыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар болон төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хүргүүлэхийг 155 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгажээ. /хавтаст хэргийн 105 дугаар хуудас/

 

5.6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-155//21613 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Э.Х-ын оршин суух хаягийн дагуу шууданд хийж, Монгол шуудан ХК-ийн дардас дарагджээ. /хавтаст хэргийн 106 дугаар хуудас/

 

Мөн өдөр шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч Э.Хт түүний 99861901 дугаарын утсаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-155//21613 тоот мэдэгдэл болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/10 дугаар мэдэгдлийг танилцуулж, биечлэн ирж танилцахыг мэдэгдэхэд төлбөр төлөгчөөс Би маргааш өглөө очоод танилцах болно гэсэн хариу өгсөн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 107 дугаар хуудас/

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно. гэж, 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Э.Х Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Э.Саяболдод 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг хүчингүй болгох тухай гомдол гаргасныг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4/59 дүгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол-оор гомдлыг хангахаас татгалзсан байна. /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/

 

Улмаар нэхэмжлэгч Э.Х Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Ч.Оюунцэцэгт 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гомдол гаргасныг Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3-2/2843 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн үндэслэлээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгджээ. /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/

 

Иймд нэхэмжлэгч Э.Х-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан гэж үзнэ.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3.-т Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ. гэж заажээ.

 

7.1. Хэрэгт авагдсан баримтаар шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч Э.Хт 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, мэдэгдлийг утсаар мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан, төлбөр төлөгч Э.Х 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан болох нь тус тус тогтоогдсон.

 

Иймд төлбөр төлөгч Э.Хт анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах талаар мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

7.2. Харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/10 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолд уг тогтоолыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлэхийг 155 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгасан байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс уг тогтоолыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.-т Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ. гэж заасан.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг баримтлан анхны албадан дуудлага худалдааны талаар нийтэд мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

Иймд хариуцагч Н газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу анхны албадан дуудлага худалдааг зарлаж нийтэд мэдээллэсэн, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлсэн болохоо баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

9. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3.-т Үнэ хаялцуулах худалдааг энэ хууль болон Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулна. гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалт нь мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.-т зааснаар хөдлөх эд хөрөнгөд хамаарах тул нэхэмжлэгчиййн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээчийн тогтоосон үнээр анхны албадан дуудлага худалдаанд оруулах байсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Э.Х-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22030145,, дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1 дүгээр байр б10 тоот хаягт байрлах 131.3 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан ажиллагааг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ