| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 195/2025/2262/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2489 |
| Огноо | 2025-11-04 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2489
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,
улсын яллагч Б.Одонтуяа,
шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Г-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508037580994 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Б аймгийн Б суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Б аймгийн Б сум, ** багт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н овогт Н.Г (РД:**).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01 цаг 30 минутын орчимд “Subaru impreza” маркийн ** БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Дахин хэрэг хийхгүй” гэв.
Эрүүгийн 2508037580994 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Эрх бүхий албан тушаалтны: “...2025.07.19-ний өдөр ** БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 34-р байрны замд 01 цаг 30 минутын үед жолоодсон. Жолооч Н.Г-ыг үлээлгэн шалгахад 0,62% гарсан...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 5-6 дахь тал),
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан: “** БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Г спиртийн агууламж 0,62 %...” гэх баримт, гэрэл зураг (хавтаст хэргийн 4, 7 дахь тал),
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.01.17-ны өдрийн 2025/ЗШ/88 дугаар “...2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,72 хувийн согтолттойгоор “Мустанг-5” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар Н.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэх шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 62-64 дэх тал),
Шүүгдэгч Н.Г-ын яллагдагчаар өгсөн: “2025 оны 7 дугаар сарын 19-ний 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр байрны гүүрний ард байрлах нийтийн байранд байдаг найзын гэрт Булган аймгаас авчирч зарж байсан айргаас 1-2 литр орчим уусан. Тэндээс гараад автобусны буудал руу хүн дөхүүлж өгсөн. Замын цагдаа намайг зогсоож шалгасан. Драйгер багаж үлээлгэхэд 0,62 хувийн согтолттой байсан. Миний унаж явсан тээврийн хэрэгслийг журмын хашаанд байршуулж намайг явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дахь тал),
Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл: “Жолооны эрх хасагдсан, 2025.02.04-ний өдрөөс 2026.02.04 хүртэл 1 жил” гэжээ (хавтаст хэргийн 18 дахь тал), зөрчлийн материалын хуулбар (хх-32-61),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-19), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-85), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-20), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-78-79), Булган аймгийн Баяннуур сумын Хан шахайт багийн Засаг даргын “Н.Г нь тус багт өрх толгойлсон эцэг 3 хүүхдийн хамт байнга оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-80), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-82-84), АСАП сангийн лавлагаа (хх-10-17) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01 цаг 30 минутын орчимд “Subaru impreza” маркийн ** БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...92-15 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Г спиртийн агууламж 0,62 %...” гэх хуудас (хх-7), Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.01.17-ны өдрийн 2025/ЗШ/88 дугаар шийтгэврийн хуулбар (хх-62-64) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчжээ.
Шүүгдэгч Н.Г урьд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр согтуугаар (1,72%) тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан нь Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.01.17-ны өдрийн 2025/ЗШ/88 дугаар шийтгэвэр (хх-62-64)-ээр нотлогдлоо.
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг, “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.
Иймд шүүгдэгч Н.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин согтуу (амьсгал дахь спиртийн агууламж 0,62%)-аар тээврийн хэрэгсэл жолоодсон санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд уг үйлдлийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Н.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2025 оны 7 дугаар сарын 19-ний 01 цаг 30 минутын орчимд “Subaru impreza” маркийн ** БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Булган аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй...” гэж,
шүүгдэгч “Зорчих эрхийг хязгаарлах ялыг хамгийн багаар оногдуулж өгнө үү” гэж дүгнэлтээ тус тус танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа, зөрчилд шийтгүүлснээс хойш 6 сар орчмын дараа дахин согтуу /0,62%/-аар тээврийн хэрэгсэл жолоодсон), дээрх гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учраагүй, шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, малчин, бага насны 3 хүүхэдтэй)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг буюу Булган аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н овогт Н.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг буюу Булган аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Галдандагвад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР