Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2023/02488

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 08 08

181/ШШ2023/02488

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  М даатгал ХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 37,012,367 төгрөг гаргуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт олгосон 38,249,777.84 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.М хариуцагч М даатгал ХК холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 37,449,922.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг 437,556.97 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 37,012,367 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч Д.М нь М даатгал ХК-тай 90С17100422**, 90С17100422**, 90С17100422** дугаартай эд хөрөнгийн даатгалын гэрээг байгуулсан. Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах зоогийн газарт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр цахилгааны гэмтлийн улмаас гал гарч, даатгалын тохиолдол бий болсон.

Улмаар нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр М трейд ХХК-иар-иар хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд зоогийн газар, караоке, буузны цехийн барилга болон барилгын доторхи шатаж, дахин ашиглах боломжгүй болсон тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжүүдийг нийт 110,400,000 төгрөгөөр үнэлсэн. Барилгын хохирлыг 84,400,000 төгрөгөөр үнэлсэн.

Даатгалын гэрээний нийт үнэлгээ нь 75,262,145.27 төгрөг учраас нэхэмжлэгч Д.М-ын зүгээс нийт үүссэн хохирлын үнийн дүнгээр биш, даатгалын гэрээгээр тохирсон үнийн дүнгээр нөхөн төлбөр шаардах эрх үүссэн.

Үүний дагуу М даатгал ХК хандахад хэд, хэдэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Тухайлбал, М трейд ХХК-иар нь даатгалын мэргэжлийн оролцогч биш, мэргэжлийн үнэлгээний компани биш гэж үзсэн. Нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албанаас М даатгал ХК ...танай компанийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/1772 тоот албан бичигт дурдсан даатгуулагчаас бүрдүүлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөөгүй мэдэгдэл нь үндэслэлгүй байна. ...Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.4-т заасан даатгалын хохирол үнэлэгч гэсэн нэр томъёог Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор уг хуулийн 14, 16, 19 дүгээр зүйлд тус тус ашиглаж, зөвхөн жолоочийн албан журмын даатгалын үед даатгалын тохиолдлыг шалгах, хохирогчийн хүлээх үүрэг, нөхөн төлбөр олгох харилцааг зохицуулж байна гэж албан бичиг хүргүүлсэн.

Үүний дараа даатгалын байгууллагаас гал түймрийн акт дээр цахилгааны утсанд хэт ачаалал үүссэнээс гал гарсан байх магадлалтай гэсэн дүгнэлт гарсан байгаа учраас даатгуулагчийн буруу гэсэн асуудал яригдсан. Энэ асуудлыг нэг мөр болгох үүднээс Онцгой байдлын газарт шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь Монгол даатгал ХК биш учраас хариу өгөх боломжгүй гэсэн.

Үүний дараа М даатгал ХК-ийн зүгээс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хохирлыг үнэлгээчнээр харилцан тохиролцъё гэсэн хариуг өгсөн. Учирсан хохирлыг баталгаажуулах үүднээс даатгалын хохирлын үнэлгээчнийг харилцан тохиролцож томилох тухай хүсэлт гаргасан. Санхүүгийн зохицуулах хороон дээр бид 2, 3 удаа очсон. Дараа нь Монгол даатгал ХК-иас үнэлгээ гаргасан. М даатгал ХК-ийн өөрсдийн шинжээчид нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг хэрхэн үгүйсгэснээ нотлоогүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Тус компани нь одоогоор даатгалын нөхөн төлбөрт 38,249,777.84 төгрөгийг шилжүүлсэн.

Манай талаас М трейд ХХК-иар-ийн үнэлгээгээр нөхөн төлбөрийг олгох ёстой гэж үзсэн. Сүүлд галын улсын байцаагч анх гаргасан актаа засаж өгснөөс болоод хэрэгт хоёр өөр баримт ирсэн. М даатгал ХК-ийн зүгээс галын улсын байцаагч Д.Э-ыг эрүүгийн журмаар шалгуулахад тухайн асуудал нь гэмт хэргийн шинжгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан.

Талууд нэхэмжлэгчийн буруугаас шалтгаалж гал гарсан эсэх маргааныг аль хэдийн тохиролцсон. Уг асуудлаар шинжээч томилж, дүгнэлт гаргах шаардлага байхгүй учраас М даатгал ХК-ийн зүгээс гарсан нөхцөл байдалд тохируулан нөхөн төлбөр олгосон. М даатгал ХК-ийн ажилтан давуу байдал олгоод, алдаа гаргаад нөхөн төлбөрийг олгосон зүйл байхгүй.

Мөн цахилгааны хэлбэлзэл нь цахилгаан дамжуулахтай холбоотой үйл ажиллагаа. Цахилгааны хэлбэлзэл ямар ч хэмжээгээр ирж болно. Үүнийг дан ганц Д.М-ын буруутай үйл ажиллагаа гэж үзэх боломжгүй. Мөн тоног төхөөрөмжийн ашиглалтын горим, заавар зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Тухайн үед зөвхөн буузны жигнүүр ажиллаж байсан. Хоёр газын плитка байсан гэсэн. Гал түймэр гарсан актад газын плитка ажиллуулсан нь ашиглалтын горим зөрчсөн гэж дүгнээгүй. Ашиглалтаас хамааран гал гарсан гэж дүгнэлт гаргаагүй, цахилгааны хэлбэлзлээс болсон гэсэн. Даатгагчийн буруугаас болоод хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Ямар нэг байдлаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бий болоогүй. Тиймээс даатгагч даатгалын нөхөн төлбөр төлсөн. Хэрвээ даатгагч гал гарсан шалтгаан дээр маргасан бол төлбөр өгөхгүй байсан.

Монгол даатгал ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг, мэргэжлийн оролцогч учраас маргаагүй. Маргаангүй төлбөр төлсөн гэдэг. Мэргэжлийн оролцогчийн хувьд хариуцлагагүй хандаж болохгүй.

Шүүхэд гаргаж өгсөн баримтаар Д.М-д хялбаршуулсан журмаар зөрчлийн шийтгэл ногдуулсан байна гэсэн. Сүүлд өгсөн баримтаар дээрх шийтгэлийн хуудас нь прокурорын нэгдсэн санд бүртгэгдээгүй болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч талаас тооцооллын алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч талаас олгосон нөхөн төлбөрийн дүнг зөвшөөрнө.

 

Иймд нөхөн төлбөрийн үлдэгдэл 37,012,367 төгрөгийг М даатгал ХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын 3 гэрээ байгуулагдсан талаар маргахгүй. Мөн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр даатгалын зүйлд хохирол учирсан талаар маргахгүй.

Маргаан нь гал юунаас болж гарсан, хэн буруутай талаар маргаж байна. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын улсын хяналтын байцаагч Д.Э-ын 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн акт, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Д.Мад өгсөн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хариу албан бичгүүд дээр уг гал цахилгааны хэлбэлзэл, барилгын дээвэр дээгүүр татсан утсанд үүссэн хэт халалтаас болж гал гарсан байх магадлалтай гэж үзсэн. Үүнээс үзэхэд 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гарсан гал хэт ачааллаас болж гарсан. Тухайн галд Д.М буруутай.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 өөр актын талаар ярьсан. Нэг өдрийн, нэг дугаартай 2 өөр акт байна. Энэ актыг эцэслэсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 281 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолд Гал түймрийн улсын байцаагч Д.Э ...анх гаргасан актаас чинь болоод даатгалын нөхөн төлбөр авч чадахгүй байна гэж Д.М-ын эхнэр н.Оюунгэрэл гуйхаар нь цахилгааны хэлбэлзэл хэт ачаалалтай холбоотой гал гарсан байх магадлалтай гэсэн үг үсгийг нь засаад дахин акт үйлдэж өгсөн. Нэгэнт эд хөрөнгөөрөө хохирсон хүнийг нэмж хохироогоод яах вэ гээд зөрчлийн хэрэг нээн шалгах ёстой байсныг хялбаршуулсан журмаар шийдвэрлээд торгууль оногдуулахгүйгээр явуулсан. гэх мэдүүлэг тусгагдсан. Уг прокурорын тогтоолоос Д.М буруутайг харж болно.

Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 19 дүгээр зүйлийн 19.21-т даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд техник тоног төхөөрөмжийн ашиглалтын горим зөрчсөн, цахилгааны даац, ачаалал хэтэрснээс учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэсэн зохицуулалттай. Иймд 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн гал цахилгааны хэт ачааллаас болж гарсан, үүнд Д.М буруутай байна. Иймд даатгагчийн зүгээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

3. Хариуцагч Монгол даатгал ХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Нэхэмжлэгч Д.М нь М даатгал ХК-тай 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 90С17100422**, 90С17100422**, 90С17100422** тоот Зээлийн барьцаа хөрөнгийн даатгал-ын гэрээнүүдийг тус тус 1 жилийн хугацаатай байгуулсан.

Дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд буюу 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр даатгалын зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөнд гал гарсан.

Д.М-ын буруутай үйлдлийн улмаас даатгалын зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөнд гал гарсан болох нь даатгуулагчаас нөхөн төлбөр авахдаа бүрдүүлэн өгсөн дараах баримтуудаар нотлогдож байдаг. Тодруулбал,

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 23/043/29 дүгээр Гал түймэр гарсан тухай акт-д ... уг зоогийн газрын цахилгаан хэрэглээ хүчдэл нь байнгын хэлбэлзэл ирдэг. Тухайн барилгын дээврийн хэсгээр татсан цахилгаан утсанд хэт ачаалал /халаалт/ үүссэнээс гал гарсан байх магадлалтай байна гэж дүгнэсэн байдаг.

Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Д.Э-ын 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 23/43 тоот Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудаст ... уг зоогийн газрын цахилгаан хэрэглээ хүчдэл нь байнгын хэлбэлзэл ирдэг. Тухайн барилгын дээврийн хэсгээр татсан цахилгаан утсанд хэт ачаалал /халаалт/ үүссэнээс гал гарч зөрчил илэрсэн байна. ... Иймд галын аюулгүй байдлын норм дүрмийн зөрчил үүссэн байх тул Д.М-ыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасны дагуу торгох шийтгэл оногдуулах-аар дурдсан болно.

Нэхэмжлэгчтэй байгуулсан даатгалын гэрээний 19 дүгээр зүйлийн 19.21 дэх хэсэгт Техник тоног төхөөрөмжийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохиролд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзана гэж заасан бөгөөд даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас буюу ачаалал хэтрүүлснээс хохирол үүссэн нөхцөлд нөхөн төлбөр олгохгүй талаар тухайлан гэрээнд зааж даатгуулагчтай тохиролцсон байдаг.

Ийнхүү Д.М-ын буруутай үйлдлийн улмаас буюу хэт ачаалал үүсгэснээс гал гарсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байхад манай компанийн нөхөн төлбөрийн албанаас хариуцпагагүй үйлдэл гаргаж даатгалын гэрээний 16 дахь хэсэгт Даатгалтай хөрөнгө даатгуулагчийн өөрийнх нь буруугаар сүйрсэн бол... олгохоор тооцсон хохирлын хувиар нөхөн төлнө гэж заасныг баримталж даатгапын нөхөн төлбөрт 38,249,777.84 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон байна.

Нөхөн төлбөрийг олгохдоо Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо-ны тусгай зөвшөөрөл бүхий хохирол үнэлэгч нарын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20/05 дугаар хохирлын үнэлгээний тайланд заасан хохирлын бодит үнэлгээ болох 47,812,222.3 төгрөгөөс 80 хувиар тооцон /47,812,222.3 *80/100=38,249,777.84/ нөхөн төлбөрийг олгосон байдаг.

Гэтэл Д.М-ын дээрх тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл бүрдсэн байхад нөхөн төлбөрийн ажилтны хариуцлагагүй байдлаас болж үндэслэлгүйгээр нөхөн төлбөр олгосон байгаа нь манай компанид хохирол учруулж байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн шаардлагатай холбоотой асуудал байх тул нэхэмжлэгч Д.М-аас даатгалын нөхөн төлбөрт олгосон 38,249,777.84 төгрөгийг буцаан гаргуулж, М даатгал ХК-д олгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Даатгалын баталгааг, даатгалын гэрээ гэсэн баримт бичигт үндэслэн гарын үсэг зурж баталгаажуулсан. Нэхэмжлэгчид байсан даатгалын гэрээ нь шатаад байхгүй болсон. М даатгал ХК даатгалын гэрээ нь байгаа. Гэрээнд ямар зохицуулалт байгааг мэдэх боломжгүй. Даатгагч Тоног төхөөрөмжийн ашиглалтын горим заавар зөрчсөн, даац ачаалал хэтрүүлснээс үүссэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохгүй гэж тайлбарлаж байна. Гэвч хэрэгт ашиглалтын горим заавар зөрчсөн талаарх баримт байхгүй.

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 9/26 тоот албан бичгээр Хөрөнгийн үнэлгээний тайланг зөвшөөрөөгүй мэдэгдэл нь үндэслэлгүй байна. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.2-т заасны дагуу даатгалын нөхөн төлбөрийн учирсан хохирлыг хохирол үнэлгээчний гаргасан акт материалын дагуу олгохоор заасан бөгөөд өргөдөлд дурдсан хөрөнгийн үнэлгээг Сангийн сайдын 2017 оны 07 тоот тушаалаар олгогдсон хөрөнгийн үнэлгээ хийлгэх эрх бүхий 07120004 тоот гэрчилгээтэй үнэлгээчин гүйцэтгэсэн байна. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/1772 дугаарт албан бичигт дурдсан Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.2-т заасан даатгалын хохирол үнэлэгч гэсэн нэр томьёог жолоочийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор уг үнэлгээний 14, 16, 19 дүгээр зүйлд тус тус ашиглаж зөвхөн жолоочийн албан журмын даатгалын тохиолдлыг шалгах хохирогчийн хүлээх үүрэг нөхөн төлбөртэй холбоотой харилцааг зохицуулсан. Тиймээс журмын дагуу шийдвэрлээд 2019 оны 02 дугаар сарын 25-ны дотор хохирлыг олго гэсэн. Энэ агуулгаар хуулийн нэр томьёогоор үнэлгээ дээр маргах нь үндэслэлгүй.

Онцгой байдлын ерөнхий газрын 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 23/307 тоот албан бичигт Гал түймрийн улсын байцаагч ахмад Д.Э-ын 9 дүгээр сарын 06-ны өдрийн 23/4329 дугаар гал түймэр гарсан тухай актын гал түймэр илрүүлсэн байдал хэсэгт цахилгааны хүчдэлд байнга хэлбэлзэл ирдэг. Хэт ачааллын улмаас гал гарсан байх магадлалтай талаар дурдсан байна. М даатгал ХК нь Монгол Улсын Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т заасан шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд хамаарахгүй учраас шинжээч томилох боломжгүй гэсэн хариу өгсөн.

Мөн М даатгал ХК 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гал гарсан талаар дүгнэсэн байдал нь учир дутагдалтай байгаа учраас галын шалтгааныг дүгнэж хариу ирүүлэхийг хүсэлтээр илгээсэн. Баталгаажуулах үүднээс хохирлын үнэлгээчнийг харилцан томилох хүсэлтэй байна гэж маргаж байсан. 2020 оны 4 дүгээр сард бас маргасан. Санхүүгийн зохицуулах хорооноос чирэгдэлгүйгээр асуудлыг шийдэж өг гэж 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үүрэг болгосон. Үүний дараа шинжээч томилсон. М даатгал ХК-ийн зүгээс 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нөхөн төлбөр шилжүүлсэн. Хариуцагч 2019 оны 02 дугаар сар хүртэл галын дүгнэлттэй холбогдох баримттай маргасан. 2020 оны 02 дугаар сард маргаагүй учраас Онцгой байдлын газрын шинжээч томилох боломжгүй гэсэн албан бичгийг нь үндэслээд хохирлын нөхөн төлбөрийг олгосон. Дүгнээд үзэхээр эхлээд гал гарсан шалтгаан дээр маргаж байгаад сүүлд маргахаа больж нөхөн төлбөр төлсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №4501100000 дугаар тодорхойлолт, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 3/184 тоот Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг, М даатгал ХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/238 тоот албан бичиг, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 23/307 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, 90С17100422**, 90С17100422**, 90С17100422** дугаартай Зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын баталгаа, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 9/271 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, М трейд ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 516 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2020/06523, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2020/07484 дүгээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/30 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б.Б-д олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар М даатгал ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/1482 дугаартай А.А-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20/05 дугаар тушаал, Монголын хөрөнгө хохирол үнэлэгчдийн холбоо ТББ-ын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хохирлын үнэлгээний тайлан, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 01/675 дугаартай Б.Н-д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 349,200 төгрөг төлсөн баримт, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №МД90-0021**, №МД90-0021**, №МД90-0021** дугаартай Төлбөрийн даалгавар, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/01-667 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг, эд хөрөнгийн даатгалын баталгаа, гэр, хашаа байшингийн даатгалын баталгаа, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01/1216 дугаартай А.А-д олгосон итгэмжлэл, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 23/043/29 дугаартай Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай акт, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 23/43 дугаартай Шийтгэлийн хуудас, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/1245 дугаартай М даатгал ХК-ийн гомдол гаргах тухай албан бичиг, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/64 дугаартай Ө.О-д олгосон итгэмжлэл, 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 281 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Шүүхийн журмаар: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, хохирлын үнэлгээний тайланг гаргуулсан. Мөн Дархан-Уул аймгийн Прокурорын газраас тус прокурорын газрын нэгдсэн бүртгэлд Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Д.Э-ын гаргасан 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №23/43 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас бүртгэгдсэн талаарх лавлагааг нотлох баримтаар гаргуулсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №23/043/29 дугаар Гал түймэр гарсан тухай акт, Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Д.Э-ын 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №23/43 дугаар Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг баримтаар гаргуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад Д.Э-д холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа эсэх талаарх лавлагаа, эрүүгийн хэрэг үүсгэсэн бол эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг нотлох баримтаар гаргуулсан.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хариуцагч Монгол даатгал ХК-иас 90С17100422**, 90С17100422**, 90С17100422** тоот даатгалын гэрээг гаргуулах тухай хүсэлтээсээ 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр татгалзсан болно. /хх147/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-д 90С17100422**, 90С17100422**, 90С17100422** тоот даатгалын гэрээнд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШЗ2021/13845 дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01/01-839 тоот Тайлбар хүргүүлэх тухай албан бичгээр ...Дээрх даатгалын гэрээнүүдийн эх хувь зөвхөн талуудад хадгалагддаг тул манай банканд гэрээний эх хувь болон хуулбар хувь байхгүй болно гэх тайлбар ирүүлсэн тул үзлэг хийх боломжгүй болсон.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Д.М М даатгал ХК-тай 90С17100422**, 90С17100422**, 90С17100422** дугаартай эд хөрөнгийн даатгалын гэрээг байгуулсан. Даатгуулсан эд хөрөнгөд 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гал гарч, даатгалын тохиолдол үүссэн. Даатгалын зүйл бүрэн сүйрсэн учир даатгалын гэрээний нийт үнэлгээ 75,262,145.27 төгрөгөөс даатгагчийн олгосон 38,249,777.84 төгрөгийг хасаж, үлдэх 37,012,368 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Даатгалын гэрээний 19 дүгээр зүйлийн 19.21-т зааснаар техник тоног төхөөрөмжийн ашиглалтын горим зөрчсөн, цахилгааны хэт ачаалал хэтэрснээс болж учирсан хохирол даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарна. 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн гал цахилгааны хэт ачааллаас болж гарсан учраас нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл бүрдсэн гэж маргав.

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Даатгуулагч Д.М-ын буруутай үйлдлийн улмаас буюу цахилгааны хэт ачаалал үүссэний улмаас гал гарсан байхад манай компанийн нөхөн төлбөрийн албанаас хариуцлагагүй үйлдэл гаргаж даатгуулагчид 38,249,777.84 төгрөгийг олгосон байх тул нэхэмжлэгч Д.М-ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж уг төлбөрийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргав. Үүнд: Монгол даатгал ХК бол Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн оролцогч. М даатгал ХК-ийн зүгээс анх гал гарсан шалтгааны талаар маргаж байгаад уг асуудлын талаар маргахаа больж, өөрсдөө үнэлгээ тогтоолгоод нөхөн төлбөрийг олгосон. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч М даатгал ХК-тай 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 90С17100422** дугаартай Зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-200500075** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 9,808,340.79 төгрөгөөр үнэлэн даатгуулж, даатгалын хураамжид 49,041.7 төгрөг, 90С17100422** дугаартай Зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-20050002** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 48,311,150.89 төгрөгөөр үнэлэн даатгуулж, даатгалын хураамжид 241,555.75 төгрөг, 90С1710042248 дугаартай Зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-20050007** дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 17,142,653.59 төгрөгөөр үнэлэн даатгуулж, даатгалын хураамжид 17,142,653.59 төгрөг төлсөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын баталгаа, Эд хөрөнгийн даатгалын баталгаа-аар тогтоогдож байна. /хх8-10, 121-124/

 

6.2. Талуудын хооронд байгуулагдсан 90С17100422**, 90С17100422**, 90С17100422** дугаартай Даатгалын гэрээ-ээр галын, сантехникийн, байгалийн, цахилгаан эрчим хүчний, технологийн алдааны, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас учирсан эрсдлийг даатгасан байна.

 

6.3. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөрө Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах Буузандаа нэртэй зоогийн газарт гал гарч, даатгуулсан эд хөрөнгөд хохирол учирсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 23/043/29 дугаартай Гал түймэр гарсан тухай акт-аар тогтоогдож байна. /хх138/

 

6.4. Даатгуулагч Д.Маас М даатгал ХК нөхөн төлбөр хүссэн хүсэлтийг гаргахад нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна. Даатгуулагчаас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан байх бөгөөд Санхүүгийн Зохицуулах хорооны ажлын албаны 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 3/184 тоот албан бичгээр ...уг даатгалын тохиолдолтой холбоотой асуудлаар даатгуулагчийг дуудан уулзаж, харилцан тохиролцож, Даатгалын тухай хуулийн 9.1.4, Даатгалын, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлтийн 5.5.1-д тус тус заасны дагуу учирсан хохирлын нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг чирэгдэлгүй даруй шийдвэрлэж, даатгуулагчид бичгээр хариу өгөхийг үүрэг болгожээ. /хх5/

 

6.5. Даатгуулагч Д.М-ын захиалгаар М трейд ХХК-иар даатгуулсан эд хөрөнгөд учирсан хохирлыг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зардлын хандлагын аргаар үнэлж, нийт хохирлын хэмжээг 110,400,000 төгрөгөөр, үүнээс зоогийн газрын барилгын хохирлыг 35,563,100 төгрөгөөр, буузны цехийн барилгын хохирлыг 17,695,900 төгрөгөөр, караокены барилгын хохирлыг 31,128,200 төгрөгөөр, тавилга эд хогшлын хохирлыг 26,020,200 төгрөгөөр үнэлсэн байна. /хх13-26/

 

6.6. Даатгагч М даатгал ХК-ийн захиалгаар Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо даатгуулсан эд хөрөнгөд учирсан хохирлыг 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зах зээлийн хандлагаар үнэлж, зоогийн газрын барилгын хохирлыг 25,170,163.20 төгрөгөөр, буузны цехийн барилгын хохирлыг 6,080,309.30 төгрөгөөр, караокены барилгын хохирлыг 21,910,949.76 төгрөгөөр үнэлж, барилгаас ашиглах боломжтой материалын үнийг 5,349,200 төгрөгийг хасч нийт хохирлын хэмжээг 47,812,200 төгрөгөөр тогтоосон байна. /хх43-53/

 

6.7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүхээс томилогдсон шинжээч Хөрөнгө Эстимэйт ХХК даатгуулсан эд хөрөнгөд учирсан хохирлыг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өртгийн аргаар тооцоолон зоогийн газрын барилгын хохирлыг 21,751,880 төгрөгөөр үнэлж, үүнээс дахин ашиглах боломжтой материалын үнэ 1,270,000 төгрөгийг хасч 20,481,880 төгрөгөөр, буузны цехийн барилгын хохирлыг 11,353,990 төгрөгөөр, караокены барилгын хохирлыг 19,972,430 төгрөгөөр үнэлж, үүнээс дахин ашиглах боломжтой материалын үнэ 1,425,000 төгрөгийг хасч 18,547,430 төгрөгөөр тус тус тогтоож, нийт хохирлын хэмжээг 50,383,300 төгрөгөөр тогтоосон байна. /хх76-89/

 

6.8. М даатгал ХК-ийн зүгээс 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр даатгалын гэрээний 16 дахь хэсэгт Даатгалтай хөрөнгө даатгуулагчийн өөрийнх нь буруугаар сүйрсэн бол ... олгохоор тооцсон хохирлын 80 хувиар нөхөн төлнө гэж заасныг баримтлан Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо-ны 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20/05 дугаар үнэлгээний тайланд заасан хохирлын үнэлгээ болох 47,812,222.3 төгрөгийн 80 хувиар тооцож, 38,249,777.84 төгрөгийг даатгуулагч Д.Мад олгосон болох нь №МД90-00218** №МД90-0021**, №МД90-0021** дугаартай төлбөрийн даалгавруудаар тогтоогдож байна. /хх109-111/

6.9. Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрий 281 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор Онцгой байдлын гал түймрийн улсын хяналтын байцаагч Д.Энхбат нь утга агуулгын зөрүүтэй, он, сар, өдөр, дугаар нь ижил 2 дүгнэлт гаргасан, иргэн Д.М үндэслэл бүхий анхны дүгнэлтээр 37,812,222 төгрөгийн даатгалын нөхөн төлбөр авсан болохыг тогтоосон байна. /хх238-239/

 

6.10. Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №23/43 дугаар Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр бус, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үйлдэгдээгүй болох нь Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 23/275 тоот, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 23/497 тоот, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23/39 тоот албан бичиг, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 281 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор тогтоогдож байна.

 

7. Талууд даатгалын гэрээ байгуулагдсан, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гал гарч, даатгалын зүйл бүрэн сүйрсэн, Монгол даатгал ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 38,249,777.84 төгрөгийг даатгуулагчид олгосон үйл баримтын талаар маргаагүй.

 

Харин гал гарсан шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээ, нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бүрдсэн эсэхэд маргасан.

 

8. Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хэрэгт авагдсан Зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын баталгаа-ны 19.21-т Техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол-д нөхөн төлбөр олгохгүй гэж заажээ.

 

Гал түймрийн хяналтын улсын байцаагч, ахмад Д.Э-ын 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 23/043/29 дугаартай Гал түймэр гарсан тухай акт-д ...Уг зоогийн газрын цахилгаан хэрэглээ хүчдэл нь байнгын хэлбэлзэл ирдэг. Тухайн барилгын дээврийн хэсгээр татсан цахилгааны утсанд хэт ачаалал /халалт/ үүссэнээс гал гарсан байх магадлалтай гэж дүгнэсэн байна./хх138/

 

Хариуцагч М даатгал ХК-ийн зүгээс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/238 тоот албан бичгээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт галын шалтгааныг хуульд заасны дагуу дүгнэж, хариу ирүүлэх хүсэлтийг илгээсэн боловч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 23/307 тоот албан бичгээр шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүйг мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч Д.М нь Гал түймрийн хяналтын улсын байцаагч, ахмад Д.Э-ын 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 23/043/29 дугаартай Гал түймэр гарсан тухай акт-д дурдсан ...Уг зоогийн газрын цахилгаан хэрэглээ хүчдэл нь байнгын хэлбэлзэл ирдэг. Тухайн барилгын дээврийн хэсгээр татсан цахилгааны утсанд хэт ачаалал /халалт/ үүссэнээс гал гарсан байх магадлалтай гэх дүгнэлтийг үгүйсгэж чадаагүй, цахилгааны утсанд хэт ачаалал үүссэн нь өөрийн буруутай үйлдлээс шалтгаалаагүй гэдгийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Иймд гэрээнд заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бүрдсэн байх тул даатгуулагч нөхөн төлбөрийн үлдэх хэсгийг олгохоос татгалзах эрхтэй. Иймд М даатгал ХК-иас даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 37,012,368 төгрөг гаргуулах тухай Д.М-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Даатгуулагч Д.М-ын буруутай үйлдлийн улмаас буюу цахилгааны хэт ачаалал үүссэний улмаас гал гарсан байхад манай компанийн нөхөн төлбөрийн албанаас хариуцлагагүй үйлдэл гаргаж даатгуулагчид 38,249,777.84 төгрөгийг олгосон байх тул Д.М үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж уг төлбөрийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй байна. Үүнд: 1. хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, 2. үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай бол гэж заажээ.

 

Хариуцагч М даатгал ХК нь даатгалын гэрээний 16-д Даатгалтай хөрөнгө даатгуулагчийн өөрийнх нь буруугаар сүйрсэн бол 14 болон 15-д заасан зарчмаар олгохоор тооцсон хохирлын 80 хувиар нөхөн төлнө гэж заасныг баримтлан 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр даатгуулагчид 38,249,777.84 төгрөг олгосон болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчдын маргаагүй тайлбараар тогтоогдсон.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчийн тайлбар нотлох баримтад хамаарна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Нэхэмжлэгчтэй байгуулсан даатгалын гэрээний 19 дүгээр зүйлийн 19.21 дэх хэсэгт техник тоног төхөөрөмжийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохиролд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзана гэж заасан. Дээр дурдсаны дагуу даатгалын гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл бүрдсэн байсан хэдий ч манай компанийн зүгээс даатгуулагчийн эрх, ашиг болон хамтын ажиллагаагаа харгалзан үзэж даатгалын гэрээнд заасан даатгагчид хамгийн ашигтай хувилбар бүхий гэрээний заалтыг хэрэглэж даатгалын нөхөн төлбөрт 37,812,222.3 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон гэж дурдсан.

 

Иймд хариуцагч М даатгал ХК-ийн зүгээс даатгуулагчийн эрх, ашгийг харгалзан үзэж, даатгалын гэрээнд заасан даатгуулагчид ашигтай хувилбарыг тооцож олгосон нөхөн төлбөр болох 38,249,777.84 төгрөгөөр нэхэмжлэгч Д.М-ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй тул Д.М-аас даатгалын нөхөн төлбөрт олгосон 38,249,777.84 төгрөгийг буцаан гаргуулах тухай М даатгал ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан М даатгал ХК-иас 37,012,367 төгрөг гаргуулах тухай Д.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул Д.М-аас 38,249,777.84 төгрөг гаргуулах тухай М даатгал ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ