| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 195/2025/2309/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2537 |
| Огноо | 2025-11-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2537
хан амарсан уу
2025 11 11 2025/ШЦТ/2537
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,
улсын яллагч Э.Ууганзаяа,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508000301777 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Г аймгийн Е суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дампын оператор мэргэжилтэй, “Т” ХХК-д дампын оператор ажилтай гэх, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Баян-Уулын 5 дугаар гудамж, 2 тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Б.Б (РД:**).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Баян Уулын ** дугаар гудамж, ** тоотод байрлах иргэн Б.М-ын гэрт “манай хүүхдийг уруу татаж архи уулаа” гэх шалтгаанаар хохирогч Ц.Д-ийн нүүр хэсэгт өшиглөж эрүүл мэндэд “баруун дээд үүдэн 2-р шүд хугарал, зүүн доод үүдэн 1-р шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2024 оны 11 сард Сонгинохайрхан дүүргийн Тахилтад М-ын гэрт машинаа янзлах гэж очсон. Хүүг 3 хоног дараалан архи уулаа гэж ээж нь надад хэлсэн. Гэрт нь хүмүүс том том дуугараад байхаар хаалгыг нь 2-3 хүчтэй татаад ортол архи, пиво ууж байсан. Би уурлаад хохирогчийг сандал дээрээс тийрээд унагасан. Гараад хорооны цагдаа руу явсан. Шүдийг нь хийлгүүлээд өгье гэтэл утас нь холбогдохгүй, алга болсон. Араас нь тийрч унагасан. Урагшаа унахдаа юм мөргөсөн байж магадгүй. Би нүүр лүү нь цохиогүй. Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 2508000301777 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ц.Д-ийн: “2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр би хуурай дүү М-ын гэрт очиж дээвэр хийхээр Баянбүрдээс хамт явсан. Ирээд дээвэр хийхээсээ өмнө хоол хийж идэнгээ пиво ууж байтал гаднаас М-ын аав Б гэх хүн ирээд үгийн зөрүүгүй “миний хүүхдийг битгий уруу татаж архи уугаад бай” гээд түрийтэй том гутлаар нүүр хэсэг рүү 3 удаа цохисон. Миний толгой эргээд гэдрэг унасан. Тэр үед М аавыгаа түлхэж холдуулаад надтай хамт гэрээсээ гарч намайг автобусны буудал руу хүргэж өгсөн. Тухайн өдрөөс хойш М-ын аав руу залгаж “ахаа миний шүдийг янзлуулаад өгчихвөл надад гомдоод байх зүйл алга” гэж хэлэхэд “2024 оны 11 сарын 29-ний өдөр мөнгөтэй болоод өгчихнө” гэсэн ч өнөөдрийг хүртэл барагдуулсан зүйл байхгүй тул цагдаад хандсан. ...11 сарын 25-ны өдөр М руу залгаж таньдаг хүмүүс байж өргөдөл өгөөд яах вэ, шүд хийлгээд өг гэсэн чинь Б ах шүд хийлгэж өгнө гээд хийж өгөөгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Шүд янзлуулах 560,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14, 17-18 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024.12.17-ны өдрийн 816 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Ц.Д-ийн биед баруун дээд үүдэн 2-р шүд хугарал, зүүн доод үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтэл хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна” гэжээ (хавтаст хэргийн 34-35 дахь тал),
Гэрч Б.М-ын: “...2025 оны 11 -р сарын 22-ны 09 цаг өнгөрч байхад босоод манай хашаанд байдаг аавын гэр лүү орж хоолны мах авсан. Гэртээ орж ирээд махаа хэрчиж байсан. Ц.Д ах сандал дээр суугаад архи ууж байсан. Нөгөө өндөр залуу нь орон дээр унтаж байсан чинь гаднаас аав Б.Борж ирээд архины шил харчихаад “та нар манай хүүхдийн гэрт хүүхэд уруу татаж архи уулаа” гээд Ц.Д-г цохиод авах шиг болсон пид гээд 1 удаа дуугарсан. Би эргээд харсан чинь Ц.Д ах газар уначихсан, аав уурлаад цагдаа дуудна гээд гараад явсан. Ц.Д ах “жорлон ороод ирье” гээд гараад буцаж орж ирээгүй. Сандал дээр сууж байсан хүн хажуу тийшээ унасан байсан, нүүр болон бусад хэсгээс цус гарсан харагдаагүй...” гэх мэдүүлэг (ххэргийн 21-23 дахь тал),
Гэрч Б.Б-ийн: “2024 оны 11 дүгээр сарын сүүлээр санагдаж байна, машин засаж байгаад танилцаж байсан Буриад ах намайг гэрээс өглөө ирж аваад түүний хүү Мягмарнямын гэрт очсон. Би очингуутаа машин дээр очоод түлхүүр багажаа гаргаж байтал гэр дотор том том дуугараад чимээ гараад байхаар нь гэрт ортол хоёр залуу сууж байсан. Буриад ах надад “наад хоёроо харж байгаарай, би цагдаа дуудаад ирье” гээд гараад явсан. Би гараад юмаа хийж байх үед тэр хоёр залуу гараад явчихсан. Би Буриад ах руу залгаад гараад явчихлаа гэж хэлсэн. Буриад ахаас юу болсон талаар асуухад “хүүхдийн гэрт архи дарс уулаа” гэсэн утгатай юм яриад уурласан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хх-9),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-78), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-65), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-79), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-82-83), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа тухай лавлагаа (хх-84) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Баян Уулын 5 дугаар гудамж, ** тоотод байрлах иргэн Б.М-ын гэрт “манай хүүхдийг уруу татаж архи уулаа” гэх шалтгаанаар хохирогч Ц.Д-ийн нүүр хэсэгт өшиглөж эрүүл мэндэд “баруун дээд үүдэн 2-р шүд хугарал, зүүн доод үүдэн 1-р шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ц.Д-ийн мэдүүлэг (хх-14, 17-18), шүүх эмнэлгийн 816 дугаар дүгнэлт (хх-34-35), гэрч Б.М-ын мэдүүлэг (хх-21-23), гэрч Б.Б-ийн мэдүүлэг (хх-26-27) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ын “хүүхэд уруу татаж архи уулаа” гэх шалтгаанаар хохирогчийн нүүрэнд өшиглөж унаган хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд төлөгдсөн зүйлгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Ц.Д “Шүдээ янзлуулна” гэснийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Баян Уулын 5-2 тоот иргэн Б.М-н гэрт “манай хүүхдийг уруу татаж архи уулаа” гэх шалтгааны улмаас хохирогч Ц.Д-ийн нүүр хэсэгт өшиглөж эрүүл мэндэд “баруун дээд үүдэн 2-р шүд хугарал, зүүн доод үүдэн 1-р шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 880 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 880,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч “хүүхэд уруу татаж архи уулаа” гэх шалтгаанаар хохирогчийн нүүр хэсэгт өшиглөж унаган эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Шүдээ янзлуулмаар байна” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эрхэлсэн ажилтай, орлоготой)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“Т” ХХК-д ажилладаг, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч Б.Б-ыг 600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Ц.Д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР