| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2106 00000 0304 |
| Дугаар | 2021/ДШМ/811 |
| Огноо | 2021-09-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2021/ДШМ/811
М.Пт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Өнөрбаяр,
шүүгдэгч М.П, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/782 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Пын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2106 00000 0304 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
....................., 20................ оны ......... дугаар сарын ..........-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 503 дугаар байрны 60 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;
М.П нь 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Purev Ant” гэх фэйсбүүк хаягаас “3-аас 5 хоногийн дотор 10-15 хувийн ашигтай бизнесийн санал байна” гэсэн зар тавьж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, иргэн Б.Болдбаатар нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хужирбуланд явж байх үедээ М.П гэсэн эзэмшигчтэй 5028966726 дугаарын Хаан банкны данс руу хөрөнгө оруулалтын мөнгө гэж 142.000 төгрөгийг шилжүүлэн залилуулсан,
“Purev Ant” гэх фэйсбүүк хаягаас “3-аас 5 хоногийн дотор 10-15 хувийн ашигтай бизнесийн санал байна” гэсэн зар тавьж зохиомол байдлыг зориудаар бий болгосны улмаас иргэн Х.Баттуяа нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 4-17 тоотод оршин суух гэрээсээ 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хөрөнгө оруулалтын мөнгө гэж 142.000 төгрөгийг өөрийн 5028966726 тоот данснаас М.П эзэмшигчтэй 5028966726 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлж залилуулсан,
“Purev Ant” гэх фэйсбүүк хаягаас “3-аас 5 хоногийн дотор 10-15 хувийн ашигтай бизнесийн санал байна” гэсэн зар тавьж зохиомол байдлыг зориудаар бий болгосны улмаас иргэн Ш.Энхмаа нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаа хотхоны 13-1-37 тоот гэрээсээ 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хөрөнгө оруулалтын мөнгө гэж 142.000 төгрөгийг өөрийн 5142144693 тоот данснаас М.Пын эзэмшлийн 5028966726 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлж залилуулсан,
“Purev Ant” гэх фэйсбүүк хаягаар “Форекс арилжааны бизнес эрхэлдэг хүн байна, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд хөрөнгө оруулсан мөнгөө 2 хоногийн хугацаанд өсгөж авах хүмүүс холбогдоорой” гэж зар тавьж зохиомол байдлыг зориудаар бий болгосны улмаас А.Энхпүрэв нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 41 дүгээр байрны 10 тоотод оршин суух гэрээсээ М.П эзэмшигчтэй Хаан банкны 5028966726 тоот данс руу хөрөнгө оруулалтын мөнгө гэж 284.000 шилжүүлж залилуулсан,
Фэйсбүүкт “Форекс арилжаанд хөрөнгө оруулалт авч 30 хувийн ашиг өгнө” гэсэн зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон Д.Мөнгөнхуяг нь 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1.139.600 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 2.139.600 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 305 тоотод оршин суух гэрээсээ интернет банкаар шилжүүлж залилуулсан,
цахим хэрэгсэл ашиглаж “Purev Ant” гэх фэйсбүүк хаяг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Бизнес санаанууд” гэх фэйсбүүк группт “Байр машиныхаа лизингийг төлж хэрэглээний мөнгөө өөрсдөө олох, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, ирээдүйгээ баталгаатай болгох, найдвартай хөрөнгө оруулалт хийх хүмүүс байвал чатаар холбогдоорой” гэх зар байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, Г.Батсүлдээс 522.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5028966726 тоот төгрөгийн харилцах дансаар шилжүүлэн авч залилсан,
иргэн Э.Хос-Эрдэнийг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Ийгл таун” хотхоны 428 дугаар байрны 11а тоот хаягт гэртээ байхад нь цахим орчин дахь “Purev Ant” гэх хаягаар “Хөрөнгө оруулалт хийвэл ашиг өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 142.000 төгрөгийг Хаан банкны 5028966726 тоот дансаар шилжүүлэн авч, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1.142.000 төгрөгийг Хаан банкны 5028866726 тоот дансаар шилжүүлэн авч, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 280.000 төгрөгийг Хаан банкны 5028966726 тоот дансаар шилжүүлэн авч залилан, үргэлжилсэн үйлдлээр бусдад 1.564.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .........................ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Паас 4.935.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Болдбаатарт 142.000 төгрөг, хохирогч Х.Баттуяад 142.000 төгрөг, хохирогч Ш.Энхмаад 142.000 төгрөг, хохирогч А.Энхпүрэвт 284.000 төгрөг, хохирогч Д.Мөнгөнхуягт 2.139.600 төгрөг, хохирогч Г.Батсүлдэд 522.000 төгрөг, хохирогч Э.Хос-Эрдэнэд 1.542.700 төгрөг тус тус олгож, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Пт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, эдлэх ялыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хууль, эрх зүйн мэдлэггүйн улмаас өмгөөлөгч авч чадаагүй учир Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өмгөөлүүлэх хүнгүй орж 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэндээ гомдолтой байна. ...Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 4.935.000 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө төлж барагдуулсан байх болно. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдолгүй, шударгаар амьдрах зорилготой байна.” гэв.
Шүүгдэгч М.Пын өмгөөлөгч Л.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.П гэм буруу дээрээ маргадаггүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчөөр хангасан бол хорих ялаар шийтгүүлэхгүйгээр хэргээ шийдвэрлүүлэх боломжтой байсан гэж дүгнэж байна. 7 хохирогчид холбогдох 4.935.600 төгрөгийн хохирлоос 4 хохирогчид холбогдох буюу Ш.Энхмаа, Х.Баттуяа, Б.Болдбаатар, А.Энхпүрэв нарын 710.000 төгрөгийг нөхөн төлсөн байгаа. Одоо 3 хохирогчид холбогдох буюу хохирогч Д.Мөнгөнхуягт 2.139.600 төгрөг, Г.Батсүлдэд 522.000 төгрөг, Э.Хос-Эрдэнэд 1.564.000 төгрөг, нийт 4.225.600 төгрөгийн хохирлыг шүүгдэгч М.П 6 сарын дотор төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Ар гэрийнх нь зүгээс хохирлыг барагдуулна гэсэн байдаг. Иймд шүүгдэгч М.Пыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү.” гэв.
Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Ш.Энхмаа, Х.Баттуяа, Б.Болдбаатар, А.Энхпүрэв нарын хохирол болох 710.000 төгрөгийг төлсөн гэж байна. Үлдсэн хохирогч нарын 4.225.600 төгрөг төлөгдөөгүй байгаа юм байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн...” гэж заасан. Нийт хохирлын 15 хувийг нөхөн төлсөн, үлдэгдэл 85 хувийг огт төлөөгүй байна. Иймд хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэхгүй байна. Үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч М.Пын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
“Purev Ant” гэх фэйсбүүк хаягаас “3-аас 5 хоногийн дотор 10-15 хувийн ашигтай бизнесийн санал байна” гэсэн зар тавьж зохиомол байдлыг зориудаар бий болгосны улмаас иргэн Х.Баттуяа нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 4-17 тоотод оршин суух гэрээсээ 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хөрөнгө оруулалтын мөнгө гэж 142.000 төгрөгийг өөрийн 5028966726 тоот данснаас М.П эзэмшигчтэй 5028966726 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлж залилуулсан,
“Purev Ant” гэх фэйсбүүк хаягаас “3-аас 5 хоногийн дотор 10-15 хувийн ашигтай бизнесийн санал байна” гэсэн зар тавьж зохиомол байдлыг зориудаар бий болгосны улмаас иргэн Ш.Энхмаа нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаа хотхоны 13-1-37 тоот гэрээсээ 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хөрөнгө оруулалтын мөнгө гэж 142.000 төгрөгийг өөрийн 5142144693 тоот данснаас М.Пын эзэмшлийн 5028966726 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлж залилуулсан,
“Purev Ant” гэх фэйсбүүк хаягаар “Форекс арилжааны бизнес эрхэлдэг хүн байна, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд хөрөнгө оруулсан мөнгөө 2 хоногийн хугацаанд өсгөж авах хүмүүс холбогдоорой” гэж зар тавьж зохиомол байдлыг зориудаар бий болгосны улмаас А.Энхпүрэв нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 41 дүгээр байрны 10 тоотод оршин суух гэрээсээ М.П эзэмшигчтэй Хаан банкны 5028966726 тоот данс руу хөрөнгө оруулалтын мөнгө гэж 284.000 шилжүүлж залилуулсан,
Фэйсбүүкт “Форекс арилжаанд хөрөнгө оруулалт авч 30 хувийн ашиг өгнө” гэсэн зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон Д.Мөнгөнхуяг нь 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1.139.600 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 2.139.600 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 305 тоотод оршин суух гэрээсээ интернет банкаар шилжүүлж залилуулсан,
цахим хэрэгсэл ашиглаж “Purev Ant” гэх фэйсбүүк хаяг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Бизнес санаанууд” гэх фэйсбүүк группт “Байр машиныхаа лизингийг төлж хэрэглээний мөнгөө өөрсдөө олох, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, ирээдүйгээ баталгаатай болгох, найдвартай хөрөнгө оруулалт хийх хүмүүс байвал чатаар холбогдоорой” гэх зар байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, Г.Батсүлдээс 522.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5028966726 тоот төгрөгийн харилцах дансаар шилжүүлэн авч залилсан,
иргэн Э.Хос-Эрдэнийг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Ийгл таун” хотхоны 428 дугаар байрны 11а тоот хаягт гэртээ байхад нь цахим орчин дахь “Purev Ant” гэх хаягаар “Хөрөнгө оруулалт хийвэл ашиг өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 142.000 төгрөгийг Хаан банкны 5028966726 тоот дансаар шилжүүлэн авч, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1.142.000 төгрөгийг Хаан банкны 5028866726 тоот дансаар шилжүүлэн авч, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 280.000 төгрөгийг Хаан банкны 5028966726 тоот дансаар шилжүүлэн авч залилан, үргэлжилсэн үйлдлээр бусдад 1.564.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Х.Баттуяагийн “...Би 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр фейсбүүк дээр “хөрөнгө оруулалт авч хамтран ажиллана” гэсэн зарын дагуу “Purev Ant” гэх фейсбүүк хэрэглэгчтэй холбогдож тодруулахад 3-5 хоногт 20-23 хувь ашигтай санал тавьсан. 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн нөхөр Д.Энхбаярын Хаан банкны 5029972205 дугаарын данснаас 142.000 төгрөгийг Пүрэвбаатар гэх хүний 5028966726 дугаарын дансанд шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгийг маань өгөлгүй залилсан юм. ...” /1хх 70-71/ гэсэн мэдүүлэг,
хохирогч Ш.Энхмаагийн “...Би 2021 оны 1 дүгээр сарын 10-ны үед фейсбүүкт “хөрөнгө оруулалт хайж байна, хамтарч ажиллана” гэсэн зарын дагуу “Purev Ant” гэх фейсбүүкт холбогдоход гурван хоногт 20 хувийн ашигтай санхүүжилт авна гэхээр нь би өөрийн Хаан банкныхаа 5142144693 дугаарын данс дахь мөнгөнөөсөө 142.000 төгрөгийг Пүрэвбаатар гэх хүний Хаан банкны дансанд шилжүүлсэн бөгөөд тухайн хүн нь буцаж холбогдож тодруулахад мөнгийг маань өгөлгүй залилуулсан. Би нэг удаа 142.000 төгрөг шилжүүлсэн. ...” /1хх 88-89/ гэсэн мэдүүлэг,
хохирогч А.Энхпүрэвийн “...2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр фейсбүүкээр “форекс арилжааны бизнес эрхэлдэг хүн байна. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд богино хугацаанд буюу 2 хоногийн хугацаанд хөрөнгө оруулсан мөнгөө өсгөж тодорхой хэмжээний хувь нэмж авах хүмүүс холбогдоорой” гэсэн зар хараад тус зарыг оруулсан “Purev Ant” гэх хаяг руу өөрийн фейсбүүкээрээ холбогдсон бөгөөд 100 доллар буюу 284.000 төгрөг шилжүүлээд 2 хоногийн дараа 125 доллар болгож өгье гэхээр нь зөвшөөрөөд өөрийнхөө Хаан банкны данснаас гэртээ байж байхдаа интернэт банкаар 5028966726 дугаарын дансанд шилжүүлсэн. Тэрнээс хойш мөнгө өгөхгүй удаад байхаар нь юу болсон талаар асуухад дахиад 50 доллар шилжүүлчих, тэгвэл маргааш яг мөнгийг чинь бүгдийг нь өгье гэсэн. Би түүний биеэрээ уулз гэсэн ба тэгээд алга болчихсон. ...” /1хх 117-119/ гэсэн мэдүүлэг,
хохирогч Д.Мөнгөнхуягийн “...Би 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 305 тоот гэртээ гар утсаараа фейсбүүк дэх бизнес санаа групп дээрх зар хараад сууж байхад “Purev Ant” гэсэн фейсбүүк хаягаас “Forex” арилжаанд хөрөнгө оруулалт аваад буцаагаад 2-3 хоногийн дараа олсон ашгаасаа мөнгө өгнө гэсэн утгатай зар явахаар нь би уг зарын дагууд би “Purev Ant” гэсэн нэртэй хаягтай чатаар холбогдож мэдээлэл авсан. Миний хийсэн мөнгөний 25-30 хувийг ашиг болгож өгнө гэсэн. Тэгээд би 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Хаан банкны 5065016464 тоот данснаасаа 5028966726 тоот Хаан банкны Пүрэвбаатарын дансанд 1.139.600 төгрөг хийгээд ашиг болох 160 доллар авахаар тохиролцсон. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр чат холбогдож мөнгөө асуухад дахиад нэг сая төгрөг данс руу хийгээч ээ таны үндсэн мөнгөтэй нийлүүлээд 1 цагийн дараа 2.500.000 төгрөг болгоод хийе гэж хэлсэн. Тэгээд би мөнгөө шилжүүлээд нэг цагийн дараа чатаар холбогдоход удахгүй таны мөнгийг хийнэ гэж хэлээд одоо болтол миний 2.139.600 төгрөгийг өгөхгүй намайг залилж мэхэлсэн. ...” /1хх 162/ гэсэн мэдүүлэг,
хохирогч Г.Батсүлдийн “...2020 оны 12 дугаар сарын 25-нд өөрийн Г.Батсүлд гэсэн фейсбүүк хаягаар орж мэдээлэл харж байгаад Бизнес санаанууд гэсэн нэртэй группэд орсон тэгэхэд “Purev Ant” гэсэн нэртэй хаяг дээр “Байр машиныхаа лизингийг төлж хэрэглээний мөнгөө өөрсдөө олох, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, ирээдүйгээ баталгаатай болгох, найдвартай хөрөнгө оруулалт хийх хүмүүс байвал chat холбогдоорой” гэсэн мэдээлэл байсан. Түүний доод хэсэгт би мэдээлэл авъя гэж бичсэн бөгөөд тухайн мэдээллийг тавьсан хүнтэй “Purev Ant” гэсэн хаягаар чаталсан. Дараа нь нөгөө хүн 80361030 гэсэн дугаараас залгаж надтай ярьсан. Тухайн хүн надад хэлэхдээ чиний оруулсан мөнгөөр хөрөнгө оруулж ашиг гэж 25-30 хувь авна мөн чи өөрийн шилжүүлсэн мөнгөө буцааж авах боломжтой гэсэн учраас би тухайн хүний надад өгсөн 5028966726 гэсэн данс руу 2020 оны 12 дугаар сарын 26-нд 142,000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 3-нд 380,000 төгрөг, нийт 522,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд утас руу залгахад холбогдохгүй байсан. ...” /1хх 242-243/ гэсэн мэдүүлэг,
хохирогч Э.Хос-Эрдэнийн “...“Bitcoin Mongolia” гэсэн фейсбүүк групп дээр “Purev Ant” гэсэн хаягаас “хөрөнгө оруулах мөнгө хайж байна, 2 талдаа ашигтай, сонирхож байгаа хүн байвал чатаар мэдээлэл аваарай” гэсэн зар байсан. Чатаар холбогдоход бид нар 3-4 үүлээ ажилладаг, ерөнхийдөө гадаадаас хувьцаа аваад буцааж зараад дундаас нь ашиг олдог гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөр хөрөнгө оруулаад ашиг авсан хүн байгаа юу, харуулах юм байна уу гэхэд над руу иргэний үнэмлэхийн зургаа, бас нэг дансны хуулганы зураг явуулсан. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүрэгт байх гэрээсээ 142.000 төгрөгийг 5028966726 дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд 2 хоногийн дараа буюу нөгөө залуу хөрөнгө оруулсан мөнгөний чинь ашиг нь гараад ирлээ гээд 21.000 төгрөг над руу шилжүүлсэн. Тэгэхэд нь би хөрөнгө оруулсан мөнгөө татаад авчихъя гэхэд одоо татахаар болдоггүй юм аа, тэр сайтад нь хүсэлт гаргаад татаж авдаг гэсэн. Тэгсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр над руу чат бичээд би 9.000 доллар татаж байгаа юм аа, минийх лимит нь хүрдэггүй 8600 доллар болчхоод заавал 9.000 доллар хүрч байж татах гээд байна. Чи надад 400 доллар явуулчих би 3-4 цагийн дотор татаж аваад 15-20 хувийн ашиг бодож өгье тэгээд өмнөх мөнгийг чинь бас гаргаж өгье гэсэн. Би 400 долларыг монгол мөнгөөр 1.142.000 төгрөгийг 5028966726 данс руу шилжүүлсэн. Тэгээд 3-4 цаг болоод яасан юу болсон бэ гэж асуухад ингэс хийгээд ороод ирэх байхаа гэсэн. Тэгээд маргааш нь болоод яачихав аа гэж асуухад уг нь ингэж гацдаггүй юм аа оны сүүлийн өдөр гээд сайт нь жаахан гацаад байх шиг байна гэсэн. Тэгсэн он гарчихвал 1 дүгээр сарын 1-нд ороод ирэх байхаа түр хүлээж байгаарай уучлаарай хүндрэл учруулчихлаа гэж хэлсэн. Тэгсэн он гараад 1 дүгээр сарын 1-нд би юу болов гээд асуухад он гараад лимит нь 9500 болчхож лай болж байна би 350 доллар олчихсон одоо 150 доллар олчихвол болох гээд байна гэсэн. Тэгснээ чамд мөнгө байна уу явуулаач гэхээр нь би 150 долларыг монгол мөнгөөр 280.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийтдээ 1.564.000 төгрөгийг Мөнхтуяагийн Пүрэвбаатар гэдэг хүний 5028966726 дугаартай данс руу шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш залгахаар утсаа авахгүй чат бичихээр хариу бичихгүй алга болсон. ...” /2хх 101-102/ гэсэн мэдүүлгүүд,
шүүгдэгч М.Пын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 41-54, 172, 2хх 27, 128/, шүүгдэгч, хохирогч нарын фейсбүүк чатын зураг /1хх 174-199, 2хх 39-55/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч М.Пыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч М.Пын үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 7 удаагийн үйлдлээр нийт 4.935.000 төгрөгийг авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч М.П “...Хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих”, 7.1-д “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан... Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Пын үйлдсэн гэмт хэрэг нь энэ хуулийн үйлчлэлд хамаарч байх ба шүүгдэгч М.П нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим болох 710.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газраас явахыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тодорхой хугацаанд хүлээлгэхийг зорчих эрх хязгаарлах ял” гэнэ гэжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина.” гэж, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д “шүүхээс тогтоосон зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх” үүргийг тус тус заажээ.
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч М.Пын биеийн байцаалтын хувьд ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 503 дугаар байрны 60 тоотод оршин суудаг гэсэн байх тул түүний энэ хаягаар буюу тухайн дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах хязгаарлалтыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч М.П нь хохирогч Б.Болдбаатарт 142.000 төгрөг, хохирогч Х.Баттуяад 142.000 төгрөг, хохирогч Ш.Энхмаад 142.000 төгрөг, хохирогч А.Энхпүрэвт 284.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/782 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 18 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, түүнийг нэн даруй сулласугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч М.П нь оршин сууж байгаа газраа буюу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 503 дугаар байрны 60 тоотыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр өөрчлөх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүргийг магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад заасан хугацаагаар тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан М.П нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч М.Пын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хохирогч Б.Болдбаатарт 142.000 төгрөг, хохирогч Х.Баттуяад 142.000 төгрөг, хохирогч Ш.Энхмаад 142.000 төгрөг, хохирогч А.Энхпүрэвт 284.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ