Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 117

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Ю.Нямсүрэн

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням  

Шүүгдэгч Д.Эрдэнэжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аюур овогт Дамбадаржаагийн Эрдэнэжаргалд холбогдох эрүүгийн 1719000010004 дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ‎эцэг, эхийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 17-3 тоотод оршин суух, ‎эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Аюур овогт Дамбадаржаагийн Эрдэнэжаргал /ЕЭ76033075/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.Эрдэнэжаргал нь 2017 оны 06 дугаар сарын 23-ны шөнийн 23 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг Дампилын гудамжны 17-3 тоот гэртээ хохирогч Д.Эрдэнэтогтохтой маргалдаж биед нь хутгаар зүссэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Д.Эрдэнэжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 6 сарын 23-ны шөнө нилээн согтуу байсан сайн санахгүй байна ямар ч гэсэн маргалдсан нь маргалдсан тэгээд ийм юм болсон. Өглөө эрүүлжүүлэхээс гарахад миний хувцас нил цус болсон байсан” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Эрдэнэжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017.06.23-ны орой найзтайгаа архи уучихаад байж байхад 23 цагийн орчим болов уу гэж бодож байна миний төрсөн дүү Эрдэнэтогтох гаднаас мөн согтуу орж ирсэн. Гаднаас орж ирээд гэрт архи дарс уулаа гээд уурлаад мөн миний хамтран амьдардаг Энхсайхан гээд хүүхнийг ‎элдэвээр хэлээд хүнд хэрэггүй хүн гэх мэтээр муулсан юм. Миний уур хүрээд дүүтэйгээ муудаад барьцалдаад авсан. Манай дүү Эрдэнэтогтох намайг шанаадаад авахаар нь миний уур хүрээд гал тогоонд байсан ногоон иштэй заазуур аваад зүүн талын шанаа болон зүүн хөлийг нь зүсчихсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-33/,

 

Хохирогч Д.Эрдэнэтогтохын мөрдөн байцаалтөнд өгсөн: “2017.06.23-ны шөнө 23 цагийн орчим босоод ус уух гээд жижиг өрөөнөөс гал тогооны өрөөнд ортол … Эрдэнэжаргал ах тухайн үед гал тогооны өрөөнд унтаж байсан босч ирээд намайг архи уулаа гэж хэлснээс болоод хоёулаа маргалдаж зууралдаж байх гал тогооны өрөөнөөс саарал өнгийн заазуур аваад миний зүүн чих болон зүүн хөлийн шилбэ орчим эсгэчихээд гараад явчихсан. Би эмнэлэг орж зүүн шанаа болон зүүн шилбэндээ оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг /хх 18-20/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.06.27-ны өдрийн 245 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх 34/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 12/,

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгч Д.Эрдэнэжаргал нь 2017 оны 06 дугаар сарын 23-ны шөнийн 23 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг Дампилын гудамжны 17-3 тоот гэртээ хохирогч Д.Эрдэнэтогтохтой маргалдаж биед нь хутгаар зүссэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Эрдэнэжаргалын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “манай дүү Эрдэнэтогтох намайг шанаадаад авахаар нь миний уур хүрээд гал тогоонд байсан ногоон иштэй заазуур аваад зүүн талын шанаа болон зүүн хөлийг нь зүсчихсэн юм” гэсэн мэдүүлэг, , хохирогч Д.Эрдэнэтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн “Эрдэнэжаргал ах намайг архи уулаа гэж хэлснээс болоод хоёулаа маргалдаж зууралдаж байх гал тогооны өрөөнөөс саарал өнгийн заазуур аваад миний зүүн чих болон зүүн хөлийн шилбэ орчим эсгэчихээд гараад явчихсан” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.06.27-ны өдрийн 245 дугаарт шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч Д.Эрдэнэжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол урчуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Эрдэнэжаргал нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирүүгүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

 

Шүүгдэгч Д.Эрдэнэжаргал нь хохирогч Д.Эрдэнэтогтохтой эвлэрсэн болохоо талууд мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд илэрхийсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн иштэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Аюур овогт Дамбадаржаагийн Эрдэнэжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэжаргалыг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Эрдэнэжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхэгийг устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Эрдэнэжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД