Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2023/02531

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 08 15

181/ШШ2023/02531

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Б-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,678,904.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Э.Ө,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д ХХК хариуцагч А.Б-т холбогдуулан 4,678,904.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай компани Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун хотхоны орон сууцны контор, СӨХ-ны үйл ажиллагааг хамтран гүйцэтгэдэг бөгөөд оршин суугчдынхаа ая тухтай, амгалан тайван амьдрах таатай орчныг бүрдүүлж ажилладаг.

Оршин суугч А.Б нь 2018 оны 02 дугаар сараас 2020 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны цэвэр бохир, халуун ус, дулаан, ашиглалт үйлчилгээний төлбөр болох 4,678,904.17 төгрөгийг төлөөгүй байна. Уг дүн алданги тооцоогүй дүн болно.

А.Б нь 2020 оны 6 сард тус байраа бусдад худалдан зарж борлуулсан. Манай байгууллагын зүгээс А.Б-т төлбөрөө төлөхийг бүхий л байдлаар мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

Анх ашиглалт үйлчилгээний төлбөрийг 65,200 төгрөгөөр тогтоосон бөгөөд одоо болтол энэ тарифаар явж байна. Энэ айлын цахилгаан шатны зардал, хөдөлмөрийн аюулгүй байдал, ус, дулааны зардлыг манай байгууллага төлсөн.

Оршин суугчид өөрсдөө Сууц өмчлөгчдийн холбоогоо байгуулах эрхтэй. Орон сууц төлбөрөө төлөөд авсан бол байранд амьдарснаас үл хамааран ашиглалт үйлчилгээний зардлыг төлөх ёстой. Усны заалтыг бид 2220 айлаас авдаг. Усны тоолуурын заалт нь гэртээ байдаг. Сар бүр тоолуурын заалтаа өг гэж мессежээр илгээдэг. Ажилчид явж дахин тоолуурын заалтыг авдаг. Хариуцагч өмнө нь усны тоолуурын заалтаа өгдөг байсан. Гэвч сүүлийн хугацаанд усны тоолуурын заалтаа өгөгөүй тул сүүлийн 3 сараар тооцож авна гэсэн зохицуулалтын дагуу усны төлбөрийг тооцсон.

Суугч тухайн байранд амьдарч байсан, байгаагүйгээс шалтгаалахгүй төлбөрөө төлөх ёстой. Дундын эзэмшлийн талбайн нийтийн эзэмшлийн гэрлийг асааж, харуул хамгаалалтыг ажиллуулдагаараа ажиллуулна. Та амьдрахгүй байлаа гээд дундын эзэмшлийн талбайн үйл ажиллагаа зогсохгүй. Ийм учраас ашиглалт үйлчилгээний зардлаа төлөх ёстой. СӨХ-ны төлбөр гэж байхгүй. Ашиглалт үйлчилгээний зардал гэж байгаа.

Бид оршин суугч нарын хөрөнгө болох орон сууцны үнэ цэнийг алдагдуулахгүйн тулд 13 жил хичээж ажилласан. Бид нар оршин суугч нарын тав тухтай байдал болон орон сууцны чанарыг алдагдуулахгүй байхын тулд хариуцагчийн өмнөөс уг зардлыг төлсөөр ирсэн. СӨХ-д ямар ч төрийн байгууллагад өргүй байдлаар хүлээлгэж өгсөн.

Иймд А.Б-аас ашиглалт үйлчилгээний зардал 65,200 төгрөгийг 29 сараар тооцож 1,890,800 төгрөг, ус дулааны төлбөр 2,161,694.17 төгрөг, авто зогсоолын ашиглалт үйлчилгээний төлбөр 579,900 төгрөг, нийт 4,678,904.17 төгрөгийг нэхэмжилж байна гэв. 

 

2. Хариуцагч А.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д ХХК нь сууц өмчлөгчөөс ашиглалт үйлчилгээний зардлыг шаарах эрх бүхий этгээд биш бөгөөд уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй. Учир нь СӨХ биш, СӨХ-г байгуулах эрхгүй гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч байна.

Ашиглалт үйлчилгээний зардлыг шаардах эрх нь Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар тодорхойлогддог.

СӨХ нь ашгийн төлөө бус байгууллага байна. Ашиглалт үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагаанаас хэн нэгэн ашиг олох байдлаар үйл ажиллагаа явуулах ёсгүй. Д ХХК нь ашиг олох зорилготой компани. Хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А//1358 дугаар Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай захирамжийн 1 дүгээр зүйлийн 1.6-д зааснаас тодорхой харагдана. Цахим сайтаас авсан хуулбар дээр агуулга нь харагдаж байна. Шүүх нийтэд илэрхий баримтыг хүсэлтэд хавсаргасан холбоосоор шалгах боломжтой гэж үзэж байна. Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, ашиг олох зорилготой компани гарч ирээд сайн дураараа хэдэн хувийн ашиг олоод байгаа нь тодорхойгүй, давамгай байдлаа ашиглаад үйл ажиллагаа явуулаад байна.

Дулаан болон усны хэрэглээтэй холбоотой үйл ажиллагаа нь хуульд заасны дагуу дүрмээр зохицуулагддаг. Нэхэмжлэгч талаас хариуцагчид удаа, дараа гэрээ байгуулах шаардлага хүргүүлсэн гэдэг. Хариуцагч тал мэдэгдэл өгөөд авахгүй, гэрээгээ байгуулахгүй байсан бол шуудангаар хүргүүлснээ нотлох боломжтой ч нэхэмжлэгч талаас нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын давамгай байдалтай аж ахуйн нэгж гэх жагсаалтаас Д ХХК-ийг давамгай байдалтай аж ахуйн нэгж болохыг харж болно. Өрсөлдөөний тухай хуулиар давамгай байдалтай аж ахуйн нэгж нь үндсэн үйл ажиллагааны зэрэгцээ нэмэлт үйл ажиллагаа явуулах байдлаар хэрэглэгчид тулгахыг хориглосон байдаг.

Ус, дулаан нийлүүлэх үйл ажиллагааны зөвшөөрөлтэй ус, дулаан нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэхийн хажуугаар СӨХ-ны үйл ажиллагааг эрхлээд төлбөр шаардах нь хууль зөрчсөн.

Хариуцагч амьдарч байсан хугацаандаа төлбөрөө төлсөн. Хариуцагч А.Б усны заалтаа өгдөг байсан. Хэрэглэсэн төлбөрөө төлдөг байсан. Манай талаас зайлшгүй гарсан зардал болох дулааны зардлыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Огт хэрэглээгүй усны зардал болон хууль зөрчсөн байдлаар явуулсан СӨХ-ны зардлыг төлөх боломжгүй. Ашиглалт үйлчилгээний зардал гэж байгаа нь хуульд заасан зарчим, нөхцлийг зөрчөөд өөртөө ашиг хонжоо олох зорилготой явуулсан үйл ажиллагаанд төлбөр төлмөөргүй байна. Хуульд нийцсэн бол зөвшөөрөх байсан.

Нэхэмжлэх болон мессежээр үйлдсэн баримт нь хэн, хэзээ үйлдсэн нь тодорхой бус, нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байна. Хариуцагчид хэдэн төгрөг хуваарилаад, хэд гараад байгаа нь тодорхой биш. Тэр олон айлаас яаж тооцоод байгаа юм бэ? Ашгийн төлөө байгууллага үйл ажиллагаа явуулж байхад оршин суугч нар эрхээ хэрэгжүүлэх боломж байгаагүй. Энэ боломжийг хязгаарласаар ирсэн. Хуульд заасан нөхцөлд нийцээгүй байдлаар хийсэн гэрээг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэл гарах өдрийн байдлаар тоолуурын заалт хэд байгаа талаар нотлох боломжтой. Хариуцагч өөр газар байсан болохоор баримт авах боломжгүй байна. Усны хэрэглээ байхгүй учраас төлбөрийг төлөхгүй. Дулаан болон зогсоолын төлбөрийг хүлээн зөвшөөрнө гэв. 

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамжид 89,900 төгрөг төлсөн баримт, Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 21/078 дугаартай О.Энхбаярт олгосон итгэмжлэл, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 246 дугаартай тодорхойлолт, Кристал таун хотхон, 803 дугаар байр, 504 тоотын Контор ашиглалт үйлчилгээний төлбөрийн товчоо, Д ХХК-ийн тусгай зөвшөөрөл, хавсралт, 90/2017, 91/2017 дугаартай тусгай зөвшөөрөл, Сүм их бүрд ХХК, Дундмандал ХХК нарын хооронд байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Харуул хамгаалалын үйлчилгээ үзүүлэх тухай түр гэрээ, Д ХХК, Сима тек ХХК нарын хооронд байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №АР-210603-04, №АР-200603-04, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн АР-180604-05, 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/Р170605-02 дугаартай Цахилгаан шат ашиглалтын засвар үйлчилгээний гэрээ, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Хог тээврийн үйлчилгээний гэрээ, Дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ, Сима тек ХХК лифт үйлчилгээ, Сүм их орд ХХК харуул хамгаалалт, Хог тээврийн тооцооны хүснэгт, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 534 дугаартай Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, түүний нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоох тухай тогтоол, Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, 2017-2021 оны гүйлгээний мэдээлэл, Кристал таун хотхон сууц өмчлөгчдийн холбооны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №22/001 дугаартай Кристал таун хотхон-ны 801, 802, 803, 804 дүгээр орон сууцны байрнуудыг сууц өмчлөгчдийн холбоонд эрх үүрэг, эд хөрөнгө шилжүүлэхэд хоёр талын комисс, Д ХХК, Кристал таун СӨХ нарын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №21/15 дугаартай Кристал таун хотхон-ны 801, 802, 803, 804 дүгээр орон сууцны байрнуудыг сууц өмчлөгчдийн холбоонд эрх үүрэг, эд хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ, Кристал таун хотхон СӨХ-ны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №21/08 дугаартай Удирдах зөвлөлийн хурлын тогтоол, Кристал таун хотхон-ны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №01 дугаартай Д ХХК ашиглалтын албанд гаргасан хүсэлт, гэрчилгээ, Харилцах дансны бүртгэл, Кристал таун хотхон СӨХ-ны дүрэм зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б.Мягмардоржид олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 246 дугаартай Засаг даргын тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2/254 дугаартай тодорхойлолт, Шангри Ла Улаанбаатар хотел ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн DM01211687 дугаартай Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны Засаг даргад гаргасан хүсэлт, 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр, 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Улаанбаатар хотын хэрэглэгчдэд борлуулах дулааны тариф, Орон сууцны үйлчилгээний үнэ тариф, Дулаан цэвэр ус, халуун ус, бохир ус татан зайлуулах тарифын өөрчлөлтүүд, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 123 дугаартай Тариф батлах тухай тогтоол, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Улаанбаатар хотын хэрэглэгчдэд борлуулах дулааны тариф, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 534 дугаартай Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, түүний нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоох тухай тогтоол, Дулаан түгээх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, Д ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 44 дугаартай Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай тогтоол, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 94 дугаартай Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай тогтоол, Улаанбаатар хотын хүн амд мөрдөх цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, батлах тухай тогтоол, Улаанбаатар хотын зөөврийн ус хангамж, бохир ус зөөврөөр татан зайлуулах үйлчилгээний тариф, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаартай Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай тогтоол, Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 02/299 дугаартай Д ХХК-д хүргүүлсэн Тогтоол хүргүүлэх тухай хүсэлт, Ашиглалт үйлчилгээний чөлөөлөгдөх төлбөр, Кристал таун Д ХХК-ийн 2017, 2018, 2019, 2020, 2021 оны гүйлгээний мэдээлэл, Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар хоёр ОНӨААТҮГ-ын Хог тээврийн үйлчилгээний гэрээ, 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 803-504 дугаартай Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 803-504 дугаартай Авто зогсоол захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Эмералд резиденс хотхоны 504 дүгээр байр, В1 давхар, 2002 тоотод үйл ажиллагаа явуулж буй тооцооны нягтлан бодогч н.Туяагийн samrtkontor программаас нэхэмжлэлд дурдсан хугацаанд хариуцагч Н.Болдбаатарт ус, дулаан хэрэглэсний төлбөр төлөх тухай мэдэгдсэн мессежэд үзлэг хийсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс компанийн тусгай зөвшөөрөлтэй эсэх талаарх баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун хотхоны 803 дугаар байрны 504 тоот орон сууцны өмчлөгчийн талаарх түүхчилсэн лавлагаа, мөн А.Б нь тус орон сууцанд авто машины зогсоол эзэмшдэг эсэх талаарх лавлагааг нотлох баримтаар гаргуулсан.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: хэргийн нотлох баримтаас 1 дүгээр хавтаст хэргийн 9-24 дүгээр талд авагдсан Д ХХК орон сууцны контор, баримт, 94-107 дугаар талд авагдсан ашиглалтын зардлын задаргаа, ашиглалтын үйлчилгээний чөлөөлөгдөх төлбөр, дулаан цэвэр ус, халуун ус, бохир ус татан зайлуулах тарифын өөрчлөлтүүд, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Эрчим хүчний зохицуулах хорооны 123 дугаар тогтоол, Улаанбаатар хотын хэрэглэгчдэд борлуулах дулааны тариф, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02/299 дугаар тогтоол, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, батлах тухай тогтоол, Улаанбаатар хотын зөөврийн ус хангамж, бохир ус зөөврөөр татан зайлуулах үйлчилгээний тариф, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 44 дугаартай Цэвэр бохир усны үйлчилгээний тариф батлах тухай баримт, 111-140 дүгээр талд авагдсан гялс банкны интернет гүйлгээний мэдээлэл болох баримт, 150-180 дугаар талд авагдсан төлбөрийн даалгавар, гялс банкны интернет гүйлгээний мэдээлэл болох баримт, 183-204 дүгээр талд авагдсан гялс банкны интернет гүйлгээний мэдээлэл, төлбөрийн даалгавар болох баримт, 118-223 дугаар талд авагдсан гялс банкны интернет гүйлгээний мэдээлэл, төлбөрийн нэхэмжлэх, Авто зогсоол захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ, байр хүлээлцсэн акт зэрэг баримт, 233-240 дүгээр талд авагдсан 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаартай Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай, Улаанбаатар хотын үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагад мөрдөх цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, Улаанбаатар хотын бохир усны тогтмол тариф, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаар Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 94 дугаартай Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай зэрэг баримтуудыг хассан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун хотхонд Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаагүй байсан учраас манай компани тухайн хотхоны ашиглалт, үйлчилгээг хариуцаж байсан. Хариуцагч А.Б нь 2018 оны 02 дугаар сараас 2020 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны ашиглалт үйлчилгээний зардлыг төлөөгүй тул түүнээс 29 сарын ашиглалт үйлчилгээний зардал 1,890,800 төгрөг, ус дулаан хэрэглэсний төлбөрт 2,161,694,17 төгрөг, зогсоолын ашиглалт үйлчилгээний төлбөр 579,900 төгрөг, нийт 4,678,904.17 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэв.

 

3. Хариуцагч А.Б нэхэмжлэлийн шаардлагаас дулааны төлбөр болон авто зогсоолын ашиглалт үйлчилгээний төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргасан. Үүнд: Д ХХК нь Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа эрхлэх эрхгүй учраас ашиглалт үйлчилгээний зардлыг шаардах эрх бүхий этгээд биш, хэрэглэгчтэй ус, дулааны гэрээ байгуулаагүй. Огт хэрэглээгүй усны зардал болон хууль зөрчсөн байдлаар явуулсан СӨХ-ны зардлыг төлөх боломжгүй гэж маргав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Д ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Кристал таун хотхоны орон сууцны контор, ашиглалтын дараах үйлчилгээг 2012 оноос хойш хавсран гүйцэтгэж байсан болох нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 246 тоот албан бичгээр тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 37 дугаар хуудас/

 

4.2. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс Д ХХК-д Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8-д тус тус заасан Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл-ийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр олгож, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунгасан байна. /1 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/

 

4.3. Эрчим хүчний зохицуулах хорооноос Д ХХК-д олгосон дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 1 жил 6 сарын хугацаагаар сунгасан болох нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 534 дүгээр тогтоол, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 92, 249-250/

 

4.3. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун хотхоны 803 дугаар байрны 504 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд А.Б, Д.Алтанчимэг нар, 803 дугаар байрны зоорийн давхрын 3-48а тоот хаягт байршилтай автозогсоолын өмчлөгчөөр 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч А.Б бүртгэлтэй байсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 6/8141 тоот албан бичгээр тогтоогдсон. /1 дүгээр хавтаст хэргийн 77-85 дугаар хуудас/

 

5. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар орон сууц өмчлөгч бүр өөрийн өмчлөлийн орон сууцны болон орон сууцны бус зориулалттай талбайн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэргийн төлбөрийг эрх бүхий байгууллагад, харин дундын өмчлөлийн зүйлийн ашиглалтын төлбөрийг сууц өмчлөгчдийн холбоонд төлөхөөр заасан.

 

5.1. Нэхэмжлэгч Д ХХК-ийн зүгээс ашиглалт үйлчилгээний зардлыг 1 сарын 65,200 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн боловч ашиглалт, үйлчилгээний зардлыг хэн, хэзээ, хэрхэн 1 сарын 62,500 төгрөгөөр тогтоосон, уг зардалд ямар, ямар зардал багтаж байгаа нь тодорхойгүй, уг зардлыг хариуцагчийн төлөх ёстой төлбөр гэж нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй учир А.Баас ашиглалт, үйлчилгээний зардалд 1,890,800 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.

 

5.2. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээгээр зохицуулна гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээнд хэрэглэгчийг төлөөлж гарын үсэг зураагүй байгаа учраас талуудын хооронд уг гэрээ байгуулагдаагүй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 223-227 дугаар хуудас/

 

Иймд талуудын хооронд гэрээний үүрэг үүсэхгүй, түүнчлэн Д ХХК нь Сууц өмчлөгчдийн холбоо биш учраас хуульд заасан үүрэг мөн үүсэхгүй.

 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дулааны төлбөр болон авто зогсоолын ашиглалтын төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т зааснаар хариуцагч А.Баас дулааны төлбөрт 1,644,060.35 төгрөг, автозогсоолын ашиглалт үйлчилгээний төлбөрт 562,600 төгрөг, нийт 2,206,660 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

6. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22.2-т Энэ хуулийн 22.1-д зааснаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах хороо шийдвэрлэнэ., 22.3.-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч нь энэ хуулийн 22.2-т заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. гэж заасан.

 

Нэхэмжлэгч Д ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигч тул хэрэглэгчтэй үүсгэсэн маргааныг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22.2, 22.3-т зааснаар Зохицуулах хороонд, Зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Д ХХК нь урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн болох нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг баримтлан А.Б-т холбогдуулан гаргасан Д ХХК-ийн усны төлбөрт нэхэмжилсэн 454,234 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

7. Дээрх үндэслэлээр, хариуцагч А.Б-аас 2,206,660 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,018,010 /4,224,670-2,206,660/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89,900 төгрөгөөс 75,623 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 14,277 төгрөгийг, хариуцагч А.Баас 50,257 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 117 дугаар зүйлийн 117.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч А.Б-аас 2,206,660 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,018,010 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан Д ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Б-т холбогдох усны төлбөр 454,234 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89,900 төгрөгөөс 75,623 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 14,277 төгрөгийг, хариуцагч А.Б-аас 50,257 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ