Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2023/02301

 

2023 08 10

182/ШШ2023/02301

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ХААН банк ХК ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.А-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,477,454 төгрөг, нотариатын зардал 28,500 төгрөг, нийт 16,505,954 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Хандсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХААН банк ХК нь*******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,477,454 төгрөг, нотариатын зардалд 28,500 төгрөг, нийт 16,505,954 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Уртын гол ургийн овогт Багварын Болджин, Мөнхжаргалант ургийн овогт Батсайханы Ангараг нар нь Хаан Банк ХК-ийн Арслантай гүүр тооцооны төвөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №ЗГ201642682922 тоот Барьцаат тээлийн гэрээг байгуулж 10,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хэрэглээний зээл зориулалтаар авсан.

 

Зээлдэгчид зээлийн барьцаанд Багварын Болджин, Батсайханы Ангараг нарын Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Тайнь 7 гудамж, 201 тоот хаягт байрлах гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг тус тус барьцаалуулсан.

 

1.2.Зээлдэгч нар нь Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлээс 2,910,907 төгрөг, хүүгийн төлбөрт 2,241,787 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,806 төгрөг, нийт 5,159,499 төгрөгийг төлж барагдуулсан байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарган 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/01999 тоот шийдвэр гарч хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст үүрэг болгосон бөгөөд тус хэлтсээс хариуцагчийн хаягийг олж тогтоон 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №28 к 1-3/5802 тоот албан бичгийг ирүүлсэн болно.

 

1.3. Хариуцагчийн хаяг тодорхой болсон тул банк Батсайханы Ангарагт холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 7,089,094 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8,565,303 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 823,058 төгрөг, нотариатын зардлын 28,500 төгрөг, нийт 16,505,954 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна.

 

1.4 Үндсэн зээлдэгч нас барсан учраас хамтран зээлдэгч*******аас нэхэмжилж байна. Хариуцагч******* зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэдэгт маргадаггүй, гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар үүрэг бий болж байгаа. Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч нар өөрсдийн сайн дурын үндсэн дээр гарын үсэг зурж, үүргээ хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгчийг тодорхойлсон байдаг. Хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч******* зээлийн гэрээнд гарын үсэг зурсан талаар ямар нэгэн маргаан байдаггүй учраас*******т холбогдуулан хууль ёсны дагуу нэхэмжлэл гаргасан гэнэ.

Хамтран үүрэг гүйцэтгэгч, хариуцагч*******т гэрээнд заасан эрх, үүргийг нь танилцуулсан. Хэдэн төгрөгийн зээл авсан гэдгийг мэдээгүй гэсэн асуудал ярилаа. Гэрээний хуудас бүрд гарын үсэг зурсан байна. Бичиг үсэг мэддэг хүн бол харах нь тодорхой. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтын дагуу гаргаж байгаа. Өнөөдөр нас барсан хүний ясыг өндөлзүүлэх шаардлага байна уу. Хэрэгт ач холбогдолгүй ч гэсэн ёс зүйн хувьд зохисгүй. Үнэхээр гэр бүлийн хүчирхийлэгч, мөрийтэй тоглодог байсан бол тухайн үед цагдаад мэдэгдэхгүй яасан юм бэ. Үнэхээр ийм нөхцөл байсан бол баримт байх ёстой. Хариуцагч******* гэрээнд гарын үсэг зурж, эрх, үүргээ ойлгосон. Хамтран үүрэг гүйцэтгэгч гэдгийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан. Хамтран үүрэг гүйцэтгэгч гэрээний 4.1, 4.2-т зааснаар үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх, үүрэг хүлээнэ. Үүний дагуу зээлээ төлөх үүрэгтэй. Үндсэн зээлдэгч нь зээлийн төлбөрөө төлөх боломжгүй, чадваргүй болох юм бол хамтран үүрэг гүйцэтгэгч давхар хариуцах ёстой шүү гэдгийг сануулж байгаа хэлбэр. Түүнээс биш билэгдлийн чанартай биш. Хамтран үүрэг гүйцэтгэгч зээлийн төлбөрийг өөртөө авсан эсэхээс үл хамаарч хуулийн дагуу шаардлага гаргасан. Хариуцагч хариу тайлбар дээрээ ажилгүй, орлогогүй байсан гэсэн. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн хариу тайлбар дээр дурдагдаагүй Б.Болджинг хүчирхийлэгч байсан гэж ярьсан. Энэ нь баримтаар тогтоогдох ёстой. Хариуцагч******* ажилгүй, 2 хүүхэдтэйгээ үлдсэн гэдэг баримт нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Үндсэн зээлдэгч нас барсан асуудал яригдаж байна. Хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан этгээд үндсэн зээлдэгч нас барсан бол одоо яах вэ гээд өөрөө ирж уулзах, явах үүрэгтэй байсан. Энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой зээлийн төлбөр нэмэгдсэн асуудалд банк буруугүй учраас хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм гэв.

 

2.Хариуцагч*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1 Би Хаан банктай Барьцаат зээлийн гэрээг албан ёсоор байгуулаагүй. Банк тантай ийм гэрээ байгуулж байна, хэрэв эрсдэл гарвал та энэ зээлийг хариуцан төлнө гэж ярилцаж тохирсон зүйл байхгүй. Харин энэ, энэ дээр гарын үсэг зур гэхээр хэд хэдэн цаасан дээр гарын үсэг зурсан нь үнэн. Зээлийн гэрээг 2016 оны 7 сард байгуулсан байгаа. Үүнээс хойш банк зээлээ төлүүлэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй учрыг ойлгохгүй байна. Нөгөө талаар зээлийг цалингийн зээл хэлбэрээр олгосон байтлаа хүү нь яагаад ийм өндөр байгаа юм болоо. Мөн ковидын үеэр бүх төрлийн зээлийн хүү зогссон байх учиртай биш билүү.

 

2.2. Жинхэнэ зээлдэгч талийгаач Б.Болджин маань 2020 оны 6 сард нас барсан. Гэтэл зээл олгосноос хойш амьд сэрүүн үед нь зээлийн төлбөрөө төлүүлэх арга хэмжээ аваагүй байж нас барсны дараа 2 хүүхдээ асарч, өнчирч, ядарч яваа өрх толгойлсон эмэгтэй над дээр бүх ачааг үүрүүлж байгаад харамсаж байна.

 

2.3.Би энэ зээлээс нэг ч төгрөгийг авч, амьдралдаа зарцуулаагүй тул төлөхгүй. Манай гэр бүл урьд нь зээл авах талаар ярилцаж, тохиролцоогүй бөгөөд үүнийг би албан газрынхаа хэрэгцээнд авч байгаа зээл гэж ойлгосон. Тэгээд ч бидэнд зээлийн барьцаанд тавих эд хөрөнгө болон цалин гэх мэт бидэнд хувийн хэрэгцээнд зээл авах нөхцөл боломж бүрдээгүй байсан.

 

2.4 Талийгаач амьд сэрүүн байхдаа үндсэндээ 5 сая гаруй төгрөг төлсөн байсан. Үүнийг Хаан банкны шүүхэд гаргаж өгсөн материалаас олж харлаа. Гэрээ анхнаасаа ямар зориулалтаар, яаж байгуулагдсан гэрээ гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр болон нотлох баримтуудаар тодорхой болсон. Талийгаач цалингийн зээл авсан. Цалингийн зээл авахад нь байгууллага нь тодорхойлолт гаргаж өгсөн. Цалингийн зээлийг ямар хүнд олгодог вэ гэдгээ банк өөрөө сайн мэдэж байгаа. Ямар ч ажил хийдэггүй, хүүхдээ харах чөлөөтэй байгаа эмэгтэйг хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан гэдгийг сайн ойлгохгүй байна. Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн адил төлбөрийн чадвартай, тодорхой ажил эрхэлдэг, үндсэн зээлдэгч зээлээ төлж чадахгүй тохиолдолд уг зээлийг төлөх санхүүгийн чадвартай этгээдийг банк хамтран зээлдэгчээр тодорхойлж, болгодог. Гэтэл тухайн зээлийн хувьд эхнэр нь юм чинь гэдэг байдлаар гарын үсэг зуруулсан. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсан байх юм бол үүрэг дуусгавар болно гэж заасан. Тиймээс******* энэ үүргийг хариуцах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.5 Мөн******* гэртээ байхгүй байсан учраас эрэн сурвалжлуулсан гэж байна.******* анхан шатны шүүх хурал дээр яагаад надаас одоо нэхээд байгаа юм бэ, үндсэн зээлдэгч нас бараад удсан, танай банк байрлалаа өөрчилсөн, би очоод хэлэх гэтэл танайх хаягтаа байгаагүй гэдгээ хэлдэг. Танайх хаягаа өөрчилсөн бол зээлдэгч нартаа хэлэх ёстой байтал хэлээгүй. Мөн цагдаагаар эрэн сурвалжлуулах явцад үндсэн зээлдэгч Б.Болджин нас барсан гэдгийг мэдсэн байгаа. Б.Болджинг биш Б.Ангаргийг эрэн сурвалжлуулаад байсан нь сонин байна. Эрэн сурвалжлуулж хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх гэж байгаа нөхцөлүүд нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.6*******ийн хувьд Б.Болджинг байгууллагын хэрэглээнд авах гэж байна, надад огтхон ч хамаагүй гэж бодсон. Нөхөр нь хамтран зээлдэгч олж ир гэсэн учраас чи ирээд дуугүй л гарын үсэг зур, би төлнө гэж хэлснээр гарын үсэг зурсан. Та эрх, үүргээ ойлгож байгаа, ийм хариуцлага хүлээнэ, энэ зээлийг үндсэн зээлдэгч төлж чадахгүй бол та үүнийг төлнө гэдгийг бичиг үсэг мэддэг хүн уншина гэж байна. Тийм зүйл байхгүй. Тэгвэл банк яагаад гэртээ хүүхдээ хардаг, өнөө маргаашгүй төрөх гэж байгаа эмэгтэйгээр гарын үсэг зуруулсан юм бэ. Энэ нь зээлийн зориулалтаас харагдаж байна.******* ахуйн хэрэглээнд зориулж зээл авсан бол төлөхөд маргах зүйл байхгүй. Гэтэл зээлийн зориулалт нь цалингийн зээл. Талийгаач ажил хийж байсан учраас зээл авсан. Тийм учраас хамтран зээлдэгчийн санхүүгийн байдлыг судлалгүй олгосон. Яагаад гэвэл Б.Болджин ажил хийдэг, байгууллагын тодорхойлолтоос нь харахад 1,200,000 төгрөгийн цалинтай байсан. Хамтран зээлдэгч ямар ч орлогогүй бол банк гэрээнд гарын үсэг зуруулдаг юм уу. Зуруулдаггүй. Банкны өгсөн дансны хуулгаар 10,000,000 төгрөгийг бүгдийг нь авсан эсэх нь харагдахгүй юм байна. Талийгаач өөрөө бүгдийг нь авсан байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Банк хариуцлагагүй хандсан зээлдээ өөрсдөө хариуцлагаа хүлээх ёстой гэв.

 

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ201642682922 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /хх10-12/

3.2.Б.Болджин,******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх13-14/

3.3.2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт /хх15/

3.4.Б.Болджин,******* нараас 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ХААН банк ХХК-д гаргасан хүсэлт, Зээл хүсэгчийн анкет /хх16-18/

3.5.Өнгөлөг хот ХХК-ийн Тодорхойлолт /хх19/

3.6.Монголын нотариатчидын танхимын Мөнгөний тасалбар, Хаан банкны гүйлгээний баримт /хх20-21/

3.7.Зээлийн бүртгэлийн карт /хх22-23/

3.8.Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх24/

3.9.ХААН банк ХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 34/2218 дугаартай Зээл төлөх мэдэгдэл /хх25/

3.10. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/01999 дугаартай шийдвэр /хх26-27/

3.11. Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн албан бичиг /хх28/ баримтууд.

4.Хариуцагчаас Багварын Болджингийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх83/ баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. ХААН банк ХК нь зээлдэгч Б.Болджин, хамтран зээлдэгч******* нар зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй, хамтран зээлдэгч******* нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, банк түүнээс шаардах эрхтэй гэх үндэслэлээр 16,505,954 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь зээлсэн мөнгийг би хэрэглээгүй, гэрээнд гарын үсэг зурах шаардлагатай гэхээр нь гарын үсэг зурсан, талийгаач нөхрийг амьд байхад шаардаагүй атлаа нас барсных нь дараа надаас нэхэж байгаа нь үндэслэлгүй, ажилгүй хүнд цалингийн зээл олгох боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.ХААН банк ХК нь Б.Болджин,******* нартай 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ЗГ201642682922 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг цалингийн зээл зориулалтаар, жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлжээ. /хх10-12, 15/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд гэрээ байгуулагдсанаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Дээрх зээлийн гэрээний дагуу зээлдэгч үндсэн зээлд 2,910,907 төгрөг, хүүгийн төлбөрт 2,241,787 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,806 төгрөг, нийт 5,159,499 төгрөгийг төлж барагдуулсан гэж нэхэмжлэгч тал тайлбарласан. Хариуцагчаас талийгаач амьд сэрүүн байхдаа үндсэндээ 5 сая гаруй төгрөг төлсөн байсан. Үүнийг Хаан банкны шүүхэд гаргаж өгсөн материалаас олж харлаа гэж тайлбарласан.

 

4.2. ******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч зээлдэгч нар хаягтаа байхгүй байсан гэх үндэслэлээр тэдгээрийн хаягийг тогтоох зорилгоор шүүхэд хүсэлт гаргаж, эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулсан байна. Шүүхийн шийдвэрийг үндэслэн цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагааг явуулж 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр хариуцагч*******ийн хаягийг тогтоосон талаар банканд мэдэгджээ. /хх 26-28/

 

4.3. Зээлдэгч Б.Болджин нас барсан болох нь №000250021 дугаартай нас барсны гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй гэх үндэслэлээр банк нь хамтран үүрэг гүйцэтгэгч*******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байна.

 

Барьцаат зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.7-д Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эртэй бөгөөд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхэй гэж зааснаар банк хамтран үүрэг гүйцэтгэгч*******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

 

 

 

 

 

 

4.4 Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Барьцаат зээлийн гэрээний 2.1.6-д нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцжээ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.

 

Нэхэмжлэгч 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 7,089,094 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8,565,303 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 823,058 төгрөг, нийт 16,477,454 төгрөг нэхэмжилсэн.

 

Хариуцагч******* нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байх бөгөөд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсноор гэрээнд заасан хэмжээний зээлийг авч ашиглах, барьцааны зүйлийг худалдан борлуулсан болон даатгалын нөхөн төлбөрт олгогдсон мөнгөн хөрөнгөөс барьцаагаар хангагдах шаардлагыг хангуулсны дараа илүү гарсан хэсгийг олгохыг шаардахаас бусдаар зээлдэгчтэй адил эрх, үүргийг хэрэгжүүлэхээр байна.

Өөрөөр хэлбэл хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүрэг үндсэн үүрэг гүйцэтгэгчийн хүлээх эрх, үүргээр хэмжигдэж байна.

Үндсэн үүрэг гүйцэтгэгч Б.Болджин нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нас барсан байх бөгөөд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ... нас барсан бол үүрэг дуусгавар болно гэж заасан.

Үндсэн үүрэг гүйцэтгэгчийн үүрэг нас барснаар дуусгавар болж байх тул нас барснаас хойших хугацааны хүү хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

Түүнчлэн талууд гэрээгээрээ үндсэн үүрэг гүйцэтгэгч нас барснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүргийг хэрхэн тодорхойлох талаар зохицуулаагүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлж 28,500 төгрөгийг төлсөн байх ба Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан учир хариуцагчаас нотариатын зардалд төлсөн 28,500 төгрөгийг гаргуулах үндэстэй.

 

Иймд хариуцагч*******аас үндсэн зээл 7,089,094 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хүү 4,739,065 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 823,058 төгрөг, нотариатын зардал 28,500 төгрөг, нийт 12,679,717 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,854,737 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

 

5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Б.Болджин нь эхнэртээ машин авч өгөх хэрэгцээ байгаа тул 10,000,000 төгрөгийн цалингийн зээл олгож өгнө үү гэх хүсэлтийг ХААН банк ХК-д гаргасан байх бөгөөд энэхүү хүсэлтийн хамтран үүрэг гүйцэтгэгч гэх хэсэгт******* гарын үсэг зурсан.

Түүнчлэн Зээл хүсэгчийн анкетад өөрийн мэдээллийг бөглөсөн, Б.Болджин,******* нарын хамтран эзэмшлийн 5021585546 дугаарын цалингийн зээлийн дансанд 10,000,000 төгрөгийн зээл олголт хийсэн, талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 4.2 дугаар зүйлийн 4.2.7-д зээлийг бүхэлд нь болон хэсэгчлэн бусдад ашиглуулах, дамжуулан зээлдүүлэх, шилжүүлсэн эсэхээс үл хамааран зээлийн гэрээний үүргээ зээлдэгч өөрөө хариуцан төлж барагдуулна гэж заасан зэргээс дүгнэхэд хариуцагчийн зээлийг аваагүй, гэртээ зарцуулаагүй, Б.Болджин ажилдаа зориулж авсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэл, тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

6.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 240,479.77 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 217,369.47 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар*******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон нотариатын зардалд нийт 12,679,717 төгрөг гаргуулж, ХААН банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,854,737 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,479.77 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,*******аас улсын тэмдэгтийн хураамжид 217,369.47 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.АЗЗАЯА