| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 194/2025/2038/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2698 |
| Огноо | 2025-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2698
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч Л.Төгсжаргал,
Хохирогч А.Н ,
Шүүгдэгч Л.Т , түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,
Т.Э ,
Шинжээч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Т т холбогдох эрүүгийн 2406070790104 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Т нь 2024 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “... ” гэх нэртэй бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхойгүй шалтгаанаар А.Н ийг үсдэж, түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд:
Улсын яллагчаас: Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан;
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас: 1 дүгээр хавтаст хэргийн 10, 12, 29, 32, 36, 40, 43, 100, 106, 107, 108, 109, 111-112, 181 дүгээр талд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Л.Т нь 2024 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “... ” гэх нэртэй бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхойгүй шалтгаанаар А.Н ийг үсдэж, түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн: “…Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Night club-д хамар руу цохичихлоо…” гэсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 10 дугаар тал/,
Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02 цаг 16 минут 19 секундэд бүртгэгдсэн: “…бусдад зодуулсан шийдвэрлэлтийн тэмдэглэл: зодсон гэх ... гэгчийг Гүнт-120д эрүүлжүүлэв...” гэсэн дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 11 дүгээр тал/,
Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн: “…Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, ... бааранд бусдад зодуулсан гэх мэдээллийн дагуу очиж шалгахад Н гэгчийг зодож танхайрсан…” гэсэн тэмдэглэл /хх-ийн 15 дугаар тал/,
Баянзүрх дүүргийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн цагдаа, ахлах дэслэгч Б.Өнөрбатын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн: “…тус өдрийн 02 цаг 16 минутад Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, ... бааранд бусдад зодууллаа гэх мэдээллээр очиж шалгаад ... гэгч нь цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага эсэргүүцэж савхин хүрмийн мөрдөс урж тасдсан болно. Мөн дуудлага өгсөн иргэн ... овогтой Н гэгчийг зөрчлийн байцаагч дэслэгч Идэрт хүлээлгэн өгч материалжуулан шалгаж байна. Агсам тавьж танхайрсан Т гэгчийг эрүүлжүүлсэн болно...” гэсэн илтгэх хуудас /хх-ийн 14 дүгээр тал/,
Хохирогч А.Н ийн зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр …Т аа гэх зүс таних эмэгтэйтэй хамт явж байгаад Т аа гэх эмэгтэй гарч байхаар нь араас нь гараад явж байхад миний хамар хэсэгт гараа зангидаж байгаад цохичихсон. Тэгээд намайг үсдээд дарчихсан. Тэгэхээр нь уур хүрээд зөрүүлээд үсдээд авсан. Баарны ажилчид хүрч ирээд бид хоёрыг салгасан. …Миний хамар хэсэгт нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/,
-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Т ааг дагуулаад ... баар руу буцаад орсон. Хэсэг хугацааны дараа Э нь тамхилах гээд Т аа бид хоёрыг ширээнд үлдээгээд гарсан. Э ийг гарсны дараа Т аа ширээнээс босоод баарны үүд хэсэгт над руу хараад зогсоод байхаар нь би намайг хүлээж байгаа юм байх даа гэж бодоод яваад очсон чинь миний нүүр рүү баруун гараараа цохиод, үсдээд дараад авсан. Энэ үед бааранд байсан хүмүүс ирээд бид хоёрыг салгасан. ...Миний хамар хугарсан, таславч гэмтсэн. …Т аа нийтийн караоке болон бааранд зүй зохисгүй аашлаад байх үед ажилчид нь удаа дараа Т аа дээр ирж шаардлага тавьсан. Энд уусан, дотор нь бачуурсан байх. Тэрнээс биш бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,
-Дахин өгсөн: “...Би хамрын гэмтэлдээ хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа тул хагалгааны зардал болох 4,500,000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/,
-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр ажлаа хийж байтал манай хамт ажилладаг охин караоке оръё гэж гуйхаар нь Т.Э рүү залгасан. Б , Т , Т.Э нар хоолонд орж байсан. Би одоохондоо ажилтай байна, ажил тарахаар холбогдъё гээд хамт ажилладаг дүүгийн хамт ... т очиход энэ гурав нэлээд согтууралтай байсан. Нийтийн заалтай караокены өрөөнд ороод байж байтал Т гараад явчихсан байсан. Үүндий ресейпшин энэ хүнээ аваач, хүний пиво булааж биеэ зүй бусаар авч явж байна гэхээр нь гараад очиход хоёр залуугийн пивийг авчихсан сууж байсан. Т.Э аргадаад ингэж болохгүй гээд сууж байгаад өрөөндөө орсон. Б , Т.Э хоёр хангалттай уух юм байхад яагаад хүний пиво авч уугаад байгаа юм бэ гэсэн бөгөөд биднийг муухай хараад суугаад байсан. Тэр газраас гараад ... гэх баар луу манай ажлын хүн яваад дөрвүүлээ ороход хүн байгаагүй. Биднийг сууж байхад Л.Т үг ярихгүй суугаад л байсан. Бид нэг нэг пиво уучхаад байж байтал Т.Э , Б нар тамхилах гээд гарсан. Т зааланд бүжиглэж байгаад тэр хоёрын араас гарсан. Үүдэнд зогсож байхаар нь хүлээж байна гээд очсон чинь баруун гараараа цохичихсон. Гал маналзаад явахад намайг үсдээд дарчихсан. Бид хоёр юу ч ярилцаагүй. Т.Э , Б нар орж ирээд бид хоёрыг салгасан. Миний хамар луу цохисон тул цагдаа дуудаад ирээд хоёуланг нь авсан. Цагдаагийн машин дотор “энэ хулгайч хүүхэн миний гэрийн түлхүүрийг авсан” гэж Л.Т намайг гүтгээд байсан. Би тэр шөнөдөө такси бариад гэмтлийн эмнэлэг орсон. Эход үзүүлэх гэтэл надад мөнгө байгаагүй. Маргааш нь Т.Э над руу залгасан бөгөөд яагаад цохичихвоо, юу ч санахгүй байна гэхээр нь би эмнэлгээр явж байна. Эрүүл мэндийн даатгалаа төлөөд явж байна гэхэд найз нь чам руу 100,000 төгрөг шилжүүлье гээд өгсөн. 12 дугаар сард ирчхээд намайг өгсөн мөнгөө давуулж авна гээд дарамтлаад байсан. Сэтгэл санааны гомдолтой байна. Шүүгдэгч нэг удаа ч уучлалт гуйгаагүй. Сэтгэл санааны хохирол тогтоолгомоор байна. Миний толгой 6 сарын хугацаанд өвдөж байсан, миний хамар овойгоод муухай эдгэчихсэн. Би 4,500,000 төгрөг нэхэмжилж байх бөгөөд энэ мөнгөөр хагалгаанд орно. Би үсчин хийдэг бөгөөд 20 хоног ажил хийгээгүй. Би өдрийн 30,000 төгрөгөөр түрээс төлдөг ба түрээс 600,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Т.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 03-ны орой найз Т аа, Б нарын хамт хоол идчихээд Тунелд караоке орох гээд явж байгаад ажлын газрын найз болох Н тэй таарсан. Караокед 1 цаг дуулчхаад ... нэртэй бааранд орсон. Тэгээд нэг, нэг ширхэг пиво уучхаад Б тай хамт тамхи татчихаад ороод иртэл Н , Т аа хоёр дээр доороо орчихсон зууралдаад ноцолдож байсан. Б , баарны нэг залуу хоёр салгаад байж байтал цагдаа нар хүрч ирээд аваад явсан. ...Яг цохиж байхыг нь хараагүй. Гэхдээ тэр хоёр ноцолдож байсан, салгаад босгоход хамар эвгүй болчихлоо гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/,
-Дахин өгсөн: “...Манай найз Н нь миний хамар жаахан асуудалтай, шөнө орой унтаж чаддаггүй, хамрын таславч гэмтэлтэй гэж ярьдаг байсан. А.Н нь үргэлж масктай явдаг байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/,
-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Лондонгоос манай нэг найз ирээд Л.Т бид гурав хоолонд орсон. Тэндээс гараад караоке орсон бөгөөд тэнд байхад А.Н залгаад байсан. Караоке цуг орцгоосон. А.Н нэг найзтайгаа байсан бөгөөд караокед байж байгаад гараад А.Н ийн найз нь цуг байж байгаад явсан. Тэр найз нь караокед байхдаа хамраа цохиулсан, хагалгаанд орно гээд ярьж байсан. Удаагүй бүжиг эхлээд бүжиглэх хооронд би гараад явсан. Ороход А.Н цохичихлоо гэж байсан. Л.Т чи цохичихсон юм уу, цагдаа болно гэхэд Л.Т би цохиогүй, цагдаа ирээд асуудлаа шийднэ биз гээд ярьж байсан. Тэгээд гараад явцгаасан. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Гэрч Б.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, ... караокед ажиллаж байхад манай зөөгч над руу зодоон болоод байна, та хүрээд ир гэсэн. Тэгээд намайг иртэл зодоон салаад цагдаа нар ирсэн байсан. Эмэгтэй хүн байсан. Тухайн үед хэдэн хүн байсныг анзаараагүй. …Хяналтын камер байгаа. Гэхдээ нэг сар хадгалдаг тул одоо бичлэг олох боломжгүй. …Хаалганы гадаа камер байхгүй. Хаалганы дотор талд буюу заалыг бүтэн хардаг. Хаалгаар ороход тодорхой үүд хэсгийг хардаггүй. …Тухайн үед зодоон болсныг санаж байна. Гэхдээ болсон үйл явдлыг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 13174 дугаартай: “...А.Н ийн биед хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар тал/,
Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ0525/513 дугаартай: “...2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хийгдсэн компьютер томографийн шинжилгээний зураг агуулсан тусгай тээгч /СД/ шаардлагатай тул дүгнэлт гаргах боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 54-56 дугаар тал/,
Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ЕГ0525/580 дугаартай: “...А.Н ийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Буянт оношилгоо эмнэлэгт хийлгэсэн толгойн компьютер томографийн шинжилгээ шаардлага хангаж байна. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024.10.08-ны өдрийн 13174 тоот дүгнэлтийн хамрын таславчийн мурийлт гэснээс бусад хариулттай санал нэг байна. А.Н ийн биед учирсан хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. А.Н ийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн цохих үйлдлээр үүссэн байх боломжтой тул хохирлын зэргийг тус тусад нь тогтоохгүй. Учирсан гэмтэл нь 2024.10.03-ны өдөр үүссэн байх боломжтой. Харин хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл нь урьд нь үүссэн хуучин гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 68-71 дүгээр тал/,
Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0525/783 дугаартай: “...Шинжээч эмч Н.Энхцолмонгийн гаргасан 13174 дугаартай дүгнэлтэд дурдагдсан толгойн КТГ-н хариунд “...Хамар болон дээд уруулын зөөлөн эдэд хавантай...” гэсэн байх бөгөөд шинжээч эмч нь дүгнэлт гаргахдаа дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтлийг орхигдуулж бичсэн байна. Уг толгойн КТГ-н шинжилгээг дүрс оношилгооны шинжээчээр уншуулахад дээрх гэмтэл нь батлагдаж байна. Асуултад тавигдсан “зөөлөн эдийн гэмтэл”, “дээд уруулын зөөлөн эдийн гэмтэл” гэсэн нь өөр өөр гэмтэл бус хамар, дээд уруулыг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл байна. А.Н ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой тул хохирлын зэргийг тус тусад нь тогтоох шаардлагагүй...” гэх дүгнэлт /хх-ийн 181-184 дүгээр тал/,
Шинжээч Д.Б ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Зөөлийн эдийн гэмтэл гэдэг нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулж байгаа, үйл ажиллагааны хямрал байгаа. Арьс зөөлөн эдэд хавдар, бичил судасны гэмтэл үүсгэх, цус хуралт буюу хавдах, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийг зөөлөн эдийн гэмтэл гэж байгаа. Ерөнхийдөө гурван долоо хоног буюу 21 хоногтоо эдгэх боломжтой. 7 хоног дотор эдгэсэн гэмтэл хөнгөн зэргийн гэмтэлд орохгүй, хохирлын зэрэг тогтоогдохгүй. ...Хамар цохисон хүчний үйлчлэлээс болж зөөлөн эдийн няцрал үүсэж хоёр нүдний дээд, доод зовхи руу тарж хөхрөлт үүснэ. Хамрын зөөлөн эдийн гэмтэл уруул руу хавдар үүсгэж болно. ...Анхны үзэж буй эмчийн үзлэг, болсон хэргийн он сарыг хардаг. Тухайн үүссэн гэмтлийн цус хуралт, хаван хавдрыг харьцуулна. Шинэ, хуучин гэдгийг багажийн шинжилгээгээр харж тухайн цаг хугацаанд үүссэх байх боломжтой гэж байгаа. ...2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн томограф буюу дүрс оношилгооны шинжээчээр оношлуулсан. Түүн дээр хамар ясны хугарал, таславчийн мурийлт хуучин гэмтэл гэж үзсэн. Томографийн зургийг үндэслэж дүгнэлтээ гаргасан. Хамар ясны гадна талын зөөлийн эдийн няцрал, цус хуралт хамар ясны хуучин хугарал тул энэнтэй хамааралгүй. ...Нэг удаагийн үйлчлэлээр үүсэж болно. Нэг удаагийн цохих үйлдлээр үүсэх боломжтой. Мохоо зүйл нь ямар ч гадаргуутай зүйл байж болно. Хүчтэй, хүчгүй цохисон ч зөөлөн эдэд хаван хавдар цус хуралт үүсэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр унах үедээ үүсэхгүй. Цохих, цохигдох үйлдлээр үүсгэгдэх боломжтой. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 119 дүгээр тал/,
Л.Т ын зөрчилд холбогдож байсан болохыг нотолсон Цагдаагийн газрын АСАП сангийн мэдээлэл /хх-ийн 185-186 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж, үйл баримтыг нотолж байна.
Шүүгдэгч Л.Т нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар: “...Би 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, ... баар дотор Б , Э , Н нартай хамт байсан. Тэгээд орж суугаад удаагүй байтал Э , Б хоёр тамхи татах гээд гарсан. Гарсных нь дараа араас нь гарах гээд үүд хэсэгт явж байхад миний араас хүн үсдэхээр нь гайхаад эргээд хартал Н байсан. Яаж байгаа юм бэ гээд асуутал намайг татсан ба би шат тээглээд уначихсан. Тэгээд би болиочээ гээд салгах гээд үснээс буцаагаад татсан. Бид хоёрыг газар хэвтэж байхад Б орж ирээд үл таних эрэгтэйн хамт бид хоёрыг салгасан. ...” гэж /хх-ийн 135 дугаар тал/,
-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээр: “...Тухайн өдөр А.Н ийг цохиогүй, энэ хүн намайг араас үсдээд авсан. Өөрөө намайг баахан ярьсан байсан, би огт цохиогүй. Надад хэрэлдэх ямар ч шалтгаан байхгүй, намайг санаатайгаар гүтгэсэн. Т.Э ийн араас гарах гэтэл А.Н намайг үсдсэн. Би энэ хүнийг огт цохиогүй. Тухайн үед А.Н цагдаа дуудчихлаа явъя гэж Т.Э ийг хэлэхээр нь би үгүй, намайг үсдсэн тул хүлээнэ гээд цагдааг хүлээсэн. ...” гэж /шүүх хуралдааны тэмдэглэлд/ тус тус мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Л.Т нь 2024 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “... ” гэх нэртэй бааранд Э , Б , Н нарын хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Энэ үедээ хохирогч А.Н ийг өөдөөс нь яваад очих үед шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, үсдэж дарсан нь мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдсон. Хохирогч гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг миний хамар луу цохисон гэж ярьдаг, мэдүүлэг дээрээ ч миний нүүр лүү нэг удаа цохисон гэж мэдүүлдэг. Шүүгдэгч би цохиогүй, намайг үсдэхээр нь би үсдээд тэгээд унасан гэдэг. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй. Тухайн цаг хугацаанд шүүгдэгч хохирогчийг цохиж, үсдэж байгаад харсан үзсэн хүн байхгүй, салгасан хүмүүс байдаг. Үйл баримтын араас нь хоорондоо ноцолдсон байгааг харсан гэрч байгаа. Т.Э ийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн мэдүүлэг, нийтийн хэв журам хамгаалах ахлах дэслэгч н.Өнөбатын илтгэх хуудас, согтуурсан мансуурсан хүнийг эрүүлжүүлсэн баримт, гэрч Б.А ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг сэргээн тогтооход хүрэлцэхүйц байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Л.Т ын цохиогүй гэх мэдүүлгийг үгүйсгэх эргэлзээгүй нотлох баримт байна. Мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай явсан. Тухайн цаг хугацаанд ... баарны камерын бичлэгийг үзлэг хийж авч үзээгүй. Би энэ ажлыг 2025 оны 02 дугаар сараас эхэлж авсан. Ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй буюу камерын бичлэг нэг сарын хугацаанд хадгалагддаг гэдэг бөгөөд Б.А нь заалны үүд хэсгийг бичих боломжгүй байдаг талаар мэдүүлсэн. Хохирогчийн хамар ясны хугарал гэмтлийг шинжээч хуучин гэмтэл гэсэн тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн хөнгөн хохирол гэж шүүх шинжилгээний байгууллага дүгнэсэн байх тул шүүгдэгч Л.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн хүсэлт гаргасныг сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шаардлагагүй гэж үзсэн. Хохирогчоос 406,000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн. Эрүүл мэндийн даатгалын санд 183,642 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан баримт нотлох баримтаар авагдсан. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд 200,000 төгрөг өгсөн боловч энэ талаар баримт байхгүй байна. Төлсөн гэж үзсэн бол шүүгдэгч хуралдаанд гаргаж өгөх эрхтэй байсан. Иймд шүүгдэгчээс 406,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах, мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 183,642 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай байна. Шинжээчийн гэмтэл 21 хоногт эдгэрэх боломжтой гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч 20 хоног ажилдаа яваагүй гэсэн бөгөөд тохирч байх тул хохирогчийн нэхэмжилсэн ажлын газрын түрээс 600,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна. Хохирогчийн хамар ясны хагалгааны төлбөр 4,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн учруулсан гэмтэл нь хамар ясны хугарал биш хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяраас: “...Шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаа хийж өгнө үү, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, нүүрэлдүүлж байцаая, камерын бичлэгт үзлэг хийе гэж удаа дараа хүсэлт гаргаж байсан. Өнөөдрийн хуралдаанд улсын яллагч хавтаст хэргийн үйл баримтыг, яллах дүгнэлтийг уншихаар хохирогчийн хоёр удаагийн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 3 удаагийн шинжээчийн дүгнэлт, Т.Э ийн мэдүүлэг, Б.А ын мэдүүлэг болон бусад хувийн байдалтай холбоотой, Л.Т ын холбоотой баримтууд зэргийг үндэслэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Өмгөөлөгчөөс хэргийг прокурорт буцаах эсхүл яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх байр суурьтай байна. Мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалтад заасан нөхцөл байдал харагдаж байна. Анхнаасаа хэрэг шалгагдаж байхад хэрэгт холбогдсон шүүгдэгч Л.Т хохирогчийг цохиогүй гэж маргадаг, хохирогч цохисон гээд байдаг. Хэрэгт авагдсан баримтаар Л.Т ыг цохисон гэх баримт байхгүй буюу шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг хоёр л байна. Улсын яллагч, мөрдөгч нарын хариуцлагагүй, хэрэгтээ бүрэн хяналт тавьдаггүй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгээгүйгээс болж камерын бичлэг устсан. Хаалга руу хараагүй байсан ч тухайн өдрийн үйл байдал харагдах байсан. Баарны зохион байгуулагч буюу зодоон болоход байгаагүй, салгаагүй Б.А ыг гэрчээр асуусан. Б.А ын мэдүүлэгт зөөгч маргаан болоод байна гээд дуудсан байдаг. Зөөгчийг огт асуугаагүй байдаг. Т.Э нөхцөл байдлыг огт хараагүй буюу дараа нь орсон байдаг. Зөөгч хаана байна вэ? Т.Э тэй цуг байсан Б гэх хүн тухайн үед гадаад улсад явах гэж байсан. Б гэх хүнийг гэрчээр огт асуугаагүй. А.Н тэй хамт явсан С гэх хүний сүүлд явсан гэх боловч хэргийн нөхцөл байдлын талаар тодруулж асуух боломжтой байсан. Хэргийн үйл баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх гол хүмүүс байхгүй, камерын бичлэг байхгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч, хохирогч, шинжээчийг асуусан. Т.Э энэ хоёр хүнтэй хоёулаа найз, намайг цохисон гэж хэл гээд надад нөлөөлсөн талаар мэдүүлж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд байцаалт өгөхөд хохирогч хажууд байсан гэж мэдүүлсэн буюу гэрчид нөлөөлөх зүйл байсан мэт байна. Хохирогч мөн эргэлзээтэй мэдүүлэг өгсөн. Хохирогч шүүх хуралдаанд орохдоо хамар хугарсан, хагалгаанд орлоо гээд байдаг. Шинжээчийн дүгнэлтээр хамрын ясны хугарал урьд авсан гэмтэл байн, зөөлөн эдийн гэмтэлтэй хамааралгүй гэдэг. Гэмтэл согог судлалын төвд очиж хамарны чихээс хийж, ясны хугаралтай холбоотой эмчилгээ хийлгэсэн баримтыг нэхэмжилж болохгүй. Хохирогч хэргийн материалтай танилцсан гэсэн. Зөөлийн эдийн няцрал дээр тос түрхсэн үү? эм уусан уу? тэр талаар баримт байхгүй. Эргэлзээтэй мэдүүлэг гэдэг нь урдаас нь харж байхад цохисон гэдэг. Анхны мэдүүлгээр араас нь явж байхад цохисон, дараагийн мэдүүлэг урдаас нь харж байхад цохисон гээд байдаг буюу эргэлзээтэй мэдүүлэг өгөөд байгаа буюу хохирогчийн мэдүүлэг ач холбогдлоо алдаж байна. Шинжээч эмч тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой, газар унахад үүсэх боломжтой гэж хэлсэн. Хөндлөнгийн гэрчийг асуухгүй бол шийдвэрлэж болохгүй байна. Т.Э , Б хоёр орж иртэл маргаан болоод чи хамар луу цохисон биз дээ гэх дамжмал баримтаар нотолж болохгүй. Хохирлын асуудалд хүртэл зөрүүтэй зүйл байх тул хэргийг прокурорт буцаах буюу хэргийг 60 хүртэл хоногоор хойшлуулж эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулж, гэрч нарыг асуухгүйгээр шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцааж хойшлуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ЕГ0525/580 дугаартай дүгнэлтээр хохирогч А.Н ийн биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд” хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг хөндсөн гэж үзнэ.
Шүүгдэгч Л.Т нь хохирогч А.Н ийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, шинжээчийн дүгнэлтэд дурдсан хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Улсын яллагч, мөрдөгч нар хариуцлагагүй, хэрэгтээ бүрэн хяналт тавиагүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. ...Зөөгчийг огт асуугаагүй байдаг. Т.Э нөхцөл байдлыг огт хараагүй буюу дараа нь орсон байдаг. Т.Э энэ хоёр хүнтэй хоёулаа найз, намайг цохисон гэж хэл гээд надад нөлөөлсөн талаар мэлж байна. ...хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй, ...урдаас нь харж байхад цохисон гэдэг. Анхны мэдүүлгээр араас нь явж байхад цохисон гээд байдаг. ...Шинжээч эмч тухайн цаг хугацаанд үүссэн, газар унахад үүсэх уг гэмтэл учрах боломжтой гэж хэлсэн. Хөндлөнгийн гэрчийг асуухгүй бол шийдвэрлэж болохгүй байна. Хохирлын асуудалд хүртэл зөрүүтэй зүйл байх тул хэргийг прокурорт буцаах буюу хэргийг 60 хүртэл хоногоор хойшлуулж өгнө үү...” гэх агуултай дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотох баримтууд болох:
Хохирогч А.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Э ийг гарсны дараа Т аа ширээнээс босоод баарны үүд хэсэгт над руу хараад зогсоод байхаар нь би намайг хүлээж байгаа юм байх даа гэж бодоод яваад очсон чинь миний нүүр рүү баруун гараараа цохиод, үсдээд дараад авсан. Энэ үед ...хүмүүс ирээд бид хоёрыг салгасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,
Т.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 03-ны орой ...Б тай хамт тамхи татчихаад ороод иртэл Н , Т аа хоёр дээр доороо орчихсон зууралдаад ноцолдож байсан. Б , баарны нэг залуу хоёр салгаад байж байтал цагдаа нар хүрч ирээд аваад явсан. ...Яг цохиж байхыг нь хараагүй. Гэхдээ тэр хоёр ноцолдож байсан, салгаад босгоход хамар эвгүй болчихлоо гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/,
-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ...бүжиг эхлээд бүжиглэх хооронд би гараад явсан. Ороход А.Н цохичихлоо гэж байсан. Л.Т чи цохичихсон юм уу, цагдаа болно гэхэд Л.Т би цохиогүй, цагдаа ирээд асуудлаа шийднэ биз гээд ярьж байсан. Тэгээд гараад явцгаасан. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Гэрч Б.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, ... караокед ажиллаж байхад манай зөөгч над руу зодоон болоод байна, та хүрээд ир гэсэн. Тэгээд намайг иртэл зодоон салаад цагдаа нар ирсэн байсан. …Тухайн үед зодоон болсныг санаж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/,
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, шинжээчийн дүгнэлт, шинжээч Д.Б ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр “...шүүгдэгч Л.Т нь 2024 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “... ” гэх нэртэй бааранд А.Н ийг үсдэж, түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” болох нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзсэн.
Тухайлбал шүүгдэгч Л.Т , хохирогч А.Н нар нь хоорондоо “...зууралдаж, цохилцсон...” үйл баримт тогтоогдсон ба хохирогч А.Н эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, биед нь гэмтэл учирсан нь шүүгдэгч Л.Т ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Дээрх нотлох баримтууд болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, тусламж үйлчилгээ авсан мэдээлэл зэрэг бичгийн баримтуудаар шүүгдэгчийн “...би цохиогүй, гэм буруугүй...” гэх агуулга бүхий мэдүүлэг няцаан үгүйсгэгдэж байна.
Иймд шүүгдэгч Л.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч А.Н ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь хэрэгт хохиролтой холбоотой 406,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгч Л.Т нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 100,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн байна.
Мөн хохирогч А.Н нь эрүүл мэндийн даатгалын сангаас 272,972 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
Иймд шүүгдэгч Л.Т аас 306,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Н т, 272,972 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Харин хохирогч А.Н нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах эмчилгээний зардал, олох ёстой байсан орлого, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Л.Т аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж байна. Иймд хөнгөрүүлэх нөхцөл байдал гэсэн ч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас биш ялгамжтай байдлаар санал гаргаж байна. Иймд торгуулийн ял оногдуулж өгнө үү. Хавтаст хэрэгт нийгмийн даатгал төлсөн баримтууд байгаа, хүүхдээ гэртээ харж буй нөхцөл байдал байгаа. Нийтэд тустай ажил хийх нь хэргийн зүйлчлэлийн хувьд хүнд буюу хөнгөрүүлэх нөхцөл байдалд орохгүй байх зүйл байх тул торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Л.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Т ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 96 дугаар тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 17 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 95 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 97 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Л.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн чанар болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.Т ыг дээрх хугацаанд байнга оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...торгох ял оноож өгнө үү...” гэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд тогтсон орлоготой, ажил эрхэлдэг эсэх нь тогтоогдохгүй байхаас гадна хохирогчид болон эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байхад шүүхээс торгох ял оноох нь зохимжгүй гэж үзсэн болно.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Т ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т ыг 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т т шүүхээс оногдуулсан байнга оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Л.Т т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Т аас 306,000 /гурван зуун зургаан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Н т, 272,972 /хоёр зуун далан хоёр мянга есөн зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Н нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах эмчилгээний зардал, олох ёстой байсан орлого, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Л.Т аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.