Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 118/

 

 

 

 

 

 

        

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Ю.Нямсүрэн

Улсын яллагч С.Энхням   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо  

Шүүгдэгч Х.Алтансүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Хишигсайханы Алтансүхэд холбогдох эрүүгийн 201710000065 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Айраг суманд 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 30 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ганцаараа Дорноговь аймаг Айраг сум 33 дугаар зөрлөгт оршин суух, малчин ажилтай, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Хишигсайханы Алтансүх /ЕА87102019/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/   

Шүүгдэгч Х.Алтансүх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн орчим Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Сосорбарамын гэрт нэвтэрч 42 инчийн Монел маркийн LCD телевизор 1 ширхэгийг хулгайлж бусдад 750 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                       

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

           

Шүүгдэгч Х.Алтансүх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр айл үүдэндээ ТҮЦ-тэй хаалгаар нь ороход жижиг өрөө нь шууд харагдаж байдаг юм. Би архи уусан байсан тамхи авах гээд ороод тэр хүнийг сэрээх гэсэн чинь сэрэхгүй байхаар зурагтыг нь аваад гарсан. Дараа нь зурагтыг нь бүрэн бүтэн буцааж өгсөн гэсэн мэдүүлэг,  

           

Шүүгдэгч Х.Алтансүх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2017.02.13-ны өдөр дипо байранд явж байгаад тэнд гэр дотроо дэлгүүртэй айлаар орсон юм ... би гэрлүү нь ороход гэрт нь хүн байхгүй, гэрийн хаалга нь цоожгүй онгорхой байсан юм. Би жижиг өрөөнд нь ороход буйдан дээр нэг согтуу ах суугаагаараа унтаж байсан би дуудахад сэрэхгүй байсан юм. Тэгээд л би том өрөөнд нь байсан хар өнгийн хавтгай дэлгэцтэй том зурагтыг барьж гараад байшингийн буланд нуучихсан юм ... зарж архи авч ууя гэж бодоод л авчихсан юм ... гэсэн мэдүүлэг /хх 23-24/,

 

Хохирогч Ж.Сосорбарам мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2017.02.13-ны өдөр би гэртээ ганцаараа унтаад өгсөн байсан юм билээ. Тэгээд 2017.02.14-ний өглөө босоход манай телевизорыг хулгай авсан гэдгийг хүүхдээсээ мэдсэн юм. Намайг согтуу жижиг өрөөндөө унтаж байхад хулгайч орж ирээд манай том өрөөнд байсан 42 инчийн Монел маркийн телевизорыг аваад явсан юм билээ ... гэсэн мэдүүлэг /хх 9-10/,

 

Гэрч С.Даваадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2017.02.13-ны өглөө ажилдаа яваад орой 18 цагийн үед аавын гэрээр ороход манай аав ганцаараа жижиг өрөөндөө согтуу унтаж байсан юм. Тэгээд том өрөөнд нь ортол том өрөөнд байдаг 42 инчийн Монел маркийн ...телевизор нь алга болчихсон байсан ... гэсэн мэдүүлэг /хх 11-12/,

 

”Хөрөнгө эстимейт” ХХК-ний эд зүйлсийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-16/,

”Ашид Билгүүн” ХХК-ний эд зүйлсийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-79/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 6-7/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Х.Алтансүх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн орчим Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Сосорбарамын гэрт нэвтэрч 42 инчийн Монел маркийн LCD телевизор 1 ширхэгийг хулгайлж бусдад 750 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Х.Алтансүх мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... би гэрлүү нь ороход жижиг өрөөнд нь буйдан дээр нэг согтуу ах суугаагаараа унтаж байсан би дуудахад сэрэхгүй байсан юм. Тэгээд л би том өрөөнд нь байсан хар өнгийн хавтгай дэлгэцтэй том зурагтыг барьж гараад байшингийн буланд нуучихсан юм ... гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Сосорбарам мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2017.02.14-ний өглөө босоход манай телевизорыг хулгай авсан гэдгийг хүүхдээсээ мэдсэн юм. Намайг согтуу жижиг өрөөндөө унтаж байхад хулгайч орж ирээд манай том өрөөнд байсан 42 инчийн Монел маркийн телевизорыг аваад явсан юм билээ ... гэсэн мэдүүлэг, гэрч С.Даваадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2017.02.13-ны өглөө ажилдаа яваад орой 18 цагийн үед аавын гэрээр ороход манай аав ганцаараа жижиг өрөөндөө согтуу унтаж байсан юм. Тэгээд том өрөөнд нь ортол том өрөөнд байдаг 42 инчийн Монел маркийн ...телевизор нь алга болчихсон байсан ... гэсэн мэдүүлэг, ”Хөрөнгө эстимейт” ХХК-ний эд зүйлсийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, ”Ашид Билгүүн” ХХК-ний эд зүйлсийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

          

Иймд шүүгдэгч Х.Алтансүхийн хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож гэмт хэрэг үйлдэх үеийн 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт оногдуулах ялын доод хэмжээний ½ ээс багагүй байдлаар зохицуулалт нь 2002 оны Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлд хорих ялын 2/3 хэмжээнээс багагүй гэж  зааснаас эрх зүйн байдал нь дээрдүүлсэн нөхцөлтэй тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх заалтыг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Алтансүх, түүний өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулах хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоож өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүх хянан үзээд шүүгдэгч нь шүүхээс авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөний улмаас 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэн, шүүгдэгчийг эрэн сурвалжилж ирүүлсэн түүний хувийн байдлыг харгалзан ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

Хохирогч Ж.Сосорбарам нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлснийг шүүх үнэлэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Алтансүхийн цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Шүүгдэгч Х.Алтансүхийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Алтансүхийг эд хөрөнгө хураахгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Алтансүхэд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

           4. Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Алтансүхийн цагдан хоригдсон 7 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Х.Алтансүх нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Алтансүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД