Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1319

 

“Т З” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2019/01130 дугаар шийдвэртэй, “Т З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БНСУ-ын иргэн К Х Ж  №М74084021/-д холбогдох, 1 648 824 090 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мандах шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: “Т З” ХХК 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан, бетон зуурмагийн үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг компани. Тус компанийн захирал Д.Дэлгэр нь “Э С Э Э” ХХК-ийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4-ийн баруун талд байрлах бетон зуурмагийн үйлдвэрийг түрээслэн үйл ажиллагаа явуулах болж захирал  БНСУ-ын иргэн К Х Ж/цаашид К Х Жгэх/-тэй 009/001 тоот “Хамтран ажиллах гэрээ”-г нэг жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний хугацаа дуусахад 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 010/001 тоот “Хамтран ажиллах гэрээ”-г дахин байгуулж хугацааг 5 жил байхаар тохиролцсон. Гэрээний гол нөхцөл нь түрээслүүлэгч “Э С Э Э” ХХК нь өөрийн эзэмшлийн бетон зуурмагийн 1 дүгээр үйлдвэрээ “Т З” ХХК-д түрээслүүлэх, түрээсийн төлбөртөө бетон зуурмагийн борлуулалтын орлогоос 20 хувийг авч байх, “Т З” ХХК нь бетон зуурмаг үйлдвэрлэж, борлуулах үйл ажиллагаа явуулан, түрээсийн төлбөрт борлуулалтын орлогын 20 хувийг “Э С Э Э” ХХК-д төлөх үүргийг тус тус хүлээсэн байсан.

2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Э С Э Э” ХХК нь нэг талын санаачилгаар, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг гэнэт цуцалж “Т З” ХХК-ийг 22 ажилчдын хамтаар хөөж гаргасан. Энэ үед манай компанийн санхүүгийн бүхий л тайлан баланс, анхан шатны баримтууд болон түүхий эд, эд хөрөнгүүд хариуцагч К Х Ж- мэдэлд үлдсэн. Гэтэл “Э С Э Э” ХХК-ийн захирал К Х Жтүрээсийн төлбөрт авсан мөнгөө аваагүй гэж 2,4 тэрбум төгрөгийг “Төгс зуурмаг “ХХК-иас нэхэмжлэн 2012 оны 9 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл маргаан үргэлжилж гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Шүүхийн шийдвэрийг хянасан магадлалд “...К Х Ж- хувьдаа авсан гэх 913 274 357 төгрөгийн маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дах хэсэгт заасан сөрөг нэхэмжлэл гэж үзэх үндэслэлгүй ... гэвч К Х Жнь хариуцагч компанийн мөнгөн хөрөнгийг үндэслэлгүй авсан талаар нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүй...” гэж дүгнэн шийдвэрлэгдсэн тул Ким Хю Жинд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна.

Эцэслэн шийдвэрлэгдсэн дээрх хэрэгт гаргасан “Т З” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн 1 дэх хэсгийн шаардлагад дурдсан иргэн К Х Ж-ий БНСУ руу шилжүүлэг гэж авсан 913 274 357 төгрөгийн дүнд дараах гүйлгээнүүд багтсан ба үүнийг тухайн үеийн ханшаар нэхэмжилсэн. 2011.08.23-нд авсан 100 000 ам доллар, 2011.10.03-нд авсан 100 000 ам доллар, 2011.10.04-нд авсан 135 000 ам доллар, 2011.10.06-нд авсан 65 000 ам доллар, 2011.11.14-нд авсан 100 000 ам доллар, 2011.08.03-нд авсан 20 000 ам доллар, 2011.11.21-нд авсан 39 000 ам доллар, 2011.11.06-нд авсан 100 000 ам доллар, 2011.11.06-нд авсан 10 000 ам доллар нийт 669 000 ам доллар болно.

Дээрх гэрээний онцлогоос хамааран “Э С Э Э” ХХК нь “Т З” ХХК-ийн борлуулалтын орлогын мэдээг тухай бүрт нь хянах түрээсийн төлбөрийг гаргуулан авах, тооцоог хийх ажиллагааг хэрэгжүүлэхэд Монгол-Солонгос хэл дээр Кассын дэвтэр гэх баримтыг хийлгэсэн байдаг ба үүндээ тус компанид орлого орж ирэх бүрт нь гэрээний дагуу түрээсийн төлбөрт тооцон авах мөнгө хэмээн өөрт шаардлагатай гүйлгээний зарлагыг манай компанийн үйл ажиллагааны орлогоос гарган авч утгыг нь Монгол-Солонгос хэлээр бичиж огноолон “Т З” ХХК-ийг төлөөлөн тооцооны нягтлан бодогч В.Цэнд-Аюуш, “Э С Э Э” ХХК-ийг төлөөлөн захирал К Х Жнар хянаж гарын үсэг зурж 28 хуудас “Кассын дэвтэр” гэх баримтыг үйлдсэн байдаг. Уг баримт нь талууд түрээсийн гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдон хийгдсэн “Т З” ХХК-д орж ирсэн орлогоос зарлага гаргасныг батлах тооцооны баримт байсан. Мөн энэ дэвтэрт хянасан, шалгасан гэх хэсэгт зурагдсан гарын үсэг К Х Ж-х мөн болохыг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1368 тоот Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон.

Ийнхүү К Х Жнь “Т З” ХХК-ийн үйл ажиллагааны орлогоос 669 000 ам долларыг өөртөө авч, манай компанийг эргэлтийн хөрөнгөгүй, бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болгож, маш их хэмжээний өр төлбөрт унагаж хохироосон бөгөөд өнөөдрийг хүртэл энэ үйлдлийн хор уршиг салахгүй хохирсон хэвээр байгаа. Иймд “Т З” ХХК, иргэн К Х Жбидний хооронд үүрэг үүсээгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу К Х Ж- “Т З” ХХК-иас үндэслэлгүйгээр хувьдаа олж авсан 669 000 ам доллар буюу Монгол банкны 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ханш болох 2 464.61 төгрөгөөр тооцон нийт 1 648 824 090 төгрөгийг хариуцагч Ким Хю Жинээс гаргуулж өгнө үү гэжээ.

                                                                                                              

Хариуцагч тал тайлбартаа: “Э С Э Э” ХХК нь “Т З” ХХК-иас 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 009/001 дугаар “Хамтран ажиллах гэрээ”, 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 010/001 тоот гэрээний дагуу борлуулалтын орлогын 20 хувийг гаргуулахаар шаардаж шүүхэд хандсан ба гэрээний талууд уг байдалд маргадаггүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “Э С Э Э” ХХК-ийн Ким Хю Жинд холбогдох эрүүгийн 201201011744 тоот хэргийг улсын мөрдөн байцаах газар шалгаж мөрдөн байцаалтын явцад авагдсан гэрчийн мэдүүлэг, үйл ажиллагаатай хамааралтай БНСУ-ын иргэн К Х Ж- гарын үсэг зурагдсан гэх санхүүгийн анхан шатны бус баримтыг үндэслэн 1 648 824 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Талууд санхүүгийн анхан шатны баримтуудыг үндэслэн тухайн цаг хугацаанд тооцоо нийлж, тооцооны үлдэгдлээ баталгаажуулаагүй байсан. Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр дээрх мөнгийг хариуцагч К Х Жавсан нь тогтоогдоогүй. “Э С Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Т З” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 120 дугаар шинжээчийн дүгнэлтийн асуулт 4-т Ким Хю Жинд өгсөн гэх 669 000 ам доллар буюу тухайн үеийн ханшаар 913 274 357 төгрөгийг өгсөн эсэхэд шинжээч хариулахдаа ...”Э С Э Э” ХХК-ийн санхүүгийн баримт болон санхүүгийн тайлангуудад 913 274 357 төгрөгийн гүйлгээний баримт байхгүй, тусгагдаагүй байна. Шинжилгээнд ирүүлсэн “Т З” ХХК-ийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд нь шинжилгээний обьектын шаардлага хангахгүй байна...” гэж маш тодорхой тусгасан.

Дээрх дүгнэлтэд зохигчид өнөөдрийг хүртэл гомдол гаргаж маргаагүй бөгөөд БНСУ-ын иргэн К Х Жнь дээрх мөнгийг хүлээн аваагүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шаардах эрх үүссэн үе нь 2013 онд эрүүгийн хэрэг хянаж байхад үүссэн гэж хариуцагч үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т З” ХХК-ийн гаргасан хариуцагч БНСУ-ын иргэн Ким Хю Жинд холбогдох 1 648 624 090 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Т З” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 402 071 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн тул шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй болно. Тодруулбал, зохигчдын хооронд үүссэн харилцаа, үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан судлалгүйгээр, үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэх үндэслэлийг зааж хариуцагчаас 1 648 824 090 төгрөг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс шинээр гарган өгсөн нотлох баримтад тулгуурлан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дээрх хуулийн “...эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан мэтгэлцсэн болно.

Шүүх шийдвэрийн үндэслэл хэсэгтээ, нэхэмжлэгч нь хариуцагч К Х Ж-г компанийн орлогоос 669 000 ам доллар буюу 1 648 624 090 төгрөгийг авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, буцаан нэхэмжилж байгаа тохиолдолд өөрийн компанийн орлогоос энэ хэмжээний эд хөрөнгө, мөнгө дутсан байдлыг, улмаар энэ мөнгийг хариуцагч буцаан төлөх үүрэгтэй болохыг нотлох ёстой, нэхэмжлэгч нь 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2011 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд өөрийн компанийн орлогоос        1 648 624 090 төгрөг дутсан талаар санхүүгийн тайландаа тусгаагүй байна гэсэн нь үндэслэлгүй.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 120 тоот дүгнэлтийн хариулт 4-д ... 913 274 357 төгрөгийг “Э С Э Э” ХХК-ийн захирал К Х Жавсан эсэхийг тогтоох боломжгүй байна, ...шинжилгээнд ирүүлсэн анхан шатны баримтууд шинжилгээний обьектын шаардлагыг хангахгүй байна, хавтаст хэргийн 72-95 дугаар хуудсанд авагдсан кассын зарлагын ордер, бэлэн мөнгөний зарлагын баримтуудад хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй, ...нэхэмжлэлд дурдсан мөнгөтэй холбоотой баримтуудыг К Х Жустгасан тул нөхөж хийсэн гэх баримтуудаар К Х Жуг мөнгийг авсан үйл баримт нотлогдож тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж тус тус дүгнэснийг эс зөвшөөрч байгаа болно.

Шүүх талуудын хооронд болсон дараах үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудын харилцан хамаарлыг тал бүрээс нь бүрэн гүйцэд судлаагүй алдаа гаргасан талаар, нэхэмжлэгч “Т З” ХХК-ийн захирал Д.Дэлгэр нь 2011 оны 7 дугаар сард жирэмсний амралт авах болж өөрийн компанийг эзгүй байх хугацаанд хариуцан ажиллуулах хүсэлтийг хамтран ажилладаг бизнесийн түнш Ким Хю Жинд амаар тавьсныг тэрээр хүлээн авсан нь Д.Дэлгэрийн хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрч В.Цэнд-Аюушийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогддог. Энэхүү харилцаа нь Д.Дэлгэрийг 2012 оны 8 дугаар сард ажилдаа буцан орсноор дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон гэх үндэслэлд хамаарч байгаа болно.

Хариуцагч К Х Жнь компанийн орлогоос 669 000 ам доллар буюу 1 648 624 090 төгрөгийг гарган авсан цаг хугацаа нь 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2011 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч компанийн захирал Д.Дэлгэрийг жирэмсний амралттай байх хугацаанд гаргаж авсан болохыг нотолдог. К Х Ждээрх хугацаанд нэхэмжлэгч компанийг хариуцан ажиллаж байсны хувьд “Т З” ХХК-ийн тухайн цаг үеийн санхүүгийн тайланг өөрийн “Э С Э Э” ХХК-ийн тайланг гаргуулдаг байсан БНСУ-ын “Хан маым” гэж компаниар гаргуулж, “Т З” ХХК-ийн орлогоос  669 000 ам.доллар буюу 1 648 624 090 төгрөгийг гарган авсан үйл баримтаа “Т З” ХХК-ийн санхүүгийн тайлан балансад тусгалгүйгээр гарган авч, нэхэмжлэгч компанийн захирал Д.Дэлгэрийн түүнд хүлээлгэсэн итгэлийг хууль бусаар ашиглан тус компанийн тайлан балансыг зориуд буруу гаргаж, өөрийн “Э С Э Э” ХХК-ийн тайланд “Т З” ХХК-ийг эсрэгээр 2.4 тэрбум төгрөгийн өртэй гэж тусгах ажлыг хийж хохироосон байсан.

Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан мөнгөн дүнгийн анхан шатны баримтуудад хүлээн авсан хүний гарын үсэг зурагдаагүй гэх шалтгааныг гэрч В.Цэнд-Аюуш шүүхэд мэдүүлэхдээ “... уг нь бол дээрх мөнгийг К Х Жзахиралд хүлээлгэн өгсөн кассын баримтуудыг би өөрөө хүлээлгэн өгсөн гэсэн баримт үйлдэн санхүүгийн баримтад хадгалсан байсан. Гэвч 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр тус компаниас хөөгдөн гарах үед бүх баримтууд К Х Жзахирлын компанид үлдсэн. Эдгээр баримтуудаа 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр цагдаагийн журмаар гаргуулж авсан. Дээрх том мөнгөний дүнтэй баримтуудыг К Х Жзахирал сугалж авч үлдээд өгөөгүй, бага үнийн дүнтэй мөнгөний зарлагын баримтуудыг өгсөн учраас 669 000 ам.долларын баримтуудыг устгачихсан байна гэж үзээд уг баримтуудыг кассын тайлангийн 28 хуудас баримтад үндэслэн нөхөж хийсэн...” гэж мэдүүлсэн.

Энэхүү үйл баримт нь зохигчдын хооронд бодит байдал дээр үнэхээр болсон үйл баримт гэдэг нь хэрэгт авагдсан бас нэгэн баримтаар баталгааждаг. Энэ нь талуудын хооронд болсон маргааныг эрүүгийн журмаар шалгах явцад 2011 онд “Т З” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Я.Батцэцэг гэж хүний мэдүүлгээр давхар нотлогддог. Тэрээр зарлага гаргахдаа заавал анхан шатны баримт үйлддэг байсан талаар мэдүүлсэн. Үүнээс гадна нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон “Т З” ХХК-ийн “Кассын тайлан” гэх 28 хуудас баримтад авагдсан орлого зарлагын гүйлгээний тооцооллоос үзэхэд гэрч В.Цэнд-Аюуш болон нябо Я.Батцэцэг нарын өгсөн мэдүүлэг нь бодит байдалтай нийцсэн байсан. Учир нь, хэрэгт авагдсан Шинжээчийн 145, 120 тоот дүгнэлтээр К Х Ж- хянасан гэсэн гарын үсэг бүхий 28 хуудас баримтад орсон нийт 40 гүйлгээнээс хамгийн бага дүнтэй буюу төгрөгөөр бол 195 714 865 төгрөг, ам.доллараар бол 135 000 ам долларын 14 зарлагын гүйлгээ нь түрээсийн төлбөрт тооцогдсон гэж дүгнэлтэд тусгагдан орсон байсан. Гэтэл том дүнтэй 26 гүйлгээний 669 000 ам долларын баримт нь К Х Ж- мэдэлд “Т З” ХХК-ийн санхүүгийн баримтууд байх үед буцаж ирээгүйн улмаас дүгнэлтээр тогтоогдох боломжгүй гэсэн хариу гаргахад хүргэсэн байсан. Гэвч кассын тайлангийн 2 дахь хувь нь нэхэмжлэгч талын кассын нярав В.Цэнд-Аюушид үлдсэн байсныг тэрээр огт тооцоололгүй алдаа гаргасан болох нь түүний гаргасан гэрчийн мэдүүлгээр нотлогдсон.

Хариуцагч К Х Жнь 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Т З” ХХК-ийг ажилчдын хамт хөөн гаргаж, тус компанийн санхүүгийн бүхий л баримтууд болон эд хөрөнгө нь түүний “Э С Э Э” ХХК-д үлдсэн байсныг 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн Мөрдөн байцаах нэгдүгээр тасгийн ахлах мөрдөн байцаагч хошууч Г.Золжаргал нь “Санхүүгийн бичиг баримтуудыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл” үйлдэн “Э С Э Э” ХХК-ийн байранд үзлэг хийж, хураан авсан “Т З” ХХК-ийн санхүүгийн бичиг баримтуудыг “Т З” ХХК-ийн захирал Д.Дэлгэрт хүлээлгэн өгсөн нотлох баримт хэрэгт авагдсан. Энэ баримтаас үзвэл К Х Жнь “Т З” ХХК-ийн санхүүгийн бичиг баримтуудыг өөрийн хууль бус эзэмшилд нэг сарын турш байлгаж байсан үйл баримт тогтоогддог. Тухайн үед Д.Дэлгэр дээрх баримтуудаа хүлээн аваад шалгаж үзэхэд зарим баримтууд дутуу байсан талаар мөрдөн байцаагчид хэлж, гаргуулж авахыг хүссэн боловч К Х Ж- зүгээс өөр ямар ч баримт үлдээгүй гээд гаргаж өгөхгүй байсан. Хариуцагчийн энэхүү үйлдлээс дүгнэхэд нэхэмжлэлд дурдсан мөнгөний баримтуудыг өөрийн эзэмшилд байлгах хугацаандаа сугалж авч үлдсэн гэх үндэслэлийг бий болгож байгаа юм.

 “Т З” ХХК нь цагдаагаар санхүүгийн баримтуудаа гаргуулан аваад дутуу байгаа баримтыг шалган тогтоож, хүлээлгэн өгсөн кассын няравын хийж гүйцэтгэсэн Кассын тайлангийн 28 хуудас баримтад тулгуурлан 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа зөвтгөж, К Х Ж- “Э С Э Э” ХХК-д ямар ч өргүй, харин авлагатай байна гэсэн тайлан гаргаж, улмаар уг авлага бүхий хохирлоо Ким Хю Жинээс гаргуулахаар эрүүгийн журмаар шалгуулсан боловч эцэстээ иргэний хэрэг хэмээн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хэрэгсэхгүй болгосон нь “Э С Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Төгс зуурмаг' ХХК-д холбогдох иргэний хэргийн явцад хийгдсэн Шинжээчийн 120 тоот дүгнэлт болон эрүүгийн хэргийн явцад хийгдсэн 145 тоот дүгнэлтэнд тусгагдсан. Уг шинжилгээгээр “Т З” ХХК, “Э С Э Э” ХХК -иуд нь анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэлд тусгасан, ажил гүйлгээг цаг хугацаанд нь бүртгэж тайлагнаагүй, хоорондын тооцоог тооцоо бодсон актаар баталгаажуулдаггүй зэрэг нягтлан бодох бүртгэлийн стандарт шаардлагад нийцүүлж тайлан тооцоог хөтөлдөггүй зөрчилтэй ажилладаг байсан гэж дүгнэсэн. Ялангуяа 120 тоот дүгнэлт нь үндсэндээ 145 тоот дүгнэлтийг бататгаж өгсөн. 145 тоот дүгнэлтийн хариулт 4-т “...”Т З” ХХК нь 2012 онд “Э С Э Э” ХХК болон Ким Хю Жинд ...нийт 3 966 878 490 төгрөг өгсөн гэснээс шинжилгээгээр 1 983 689 664 төгрөгийг өгсөн нь тогтоогдож байна....” “Э С Э Э” ХХК болон захирал К Х Жнь түрээсийн авлагын үлдэгдэл 2 375 728 226 төгрөг, “Т З” ХХК-ийн кассанд оруулсан 905 139 545 төгрөг ... нийт 3 794 830 871 төгрөг авах ёстой гэснээс 2 636 728 226 төгрөг нь тогтоогдож байна гэж, харин 120 тоот дүгнэлтийн хариулт 2-д “...”Т З” ХХК нь “Э С Э Э” ХХК-д гэрээний дагуу 17 156 540 851 төгрөгийн зуурмагийн борлуулалтын орлогын 20 хувьд 3 431 308 170 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр байна. Үүнээс хоёр тал санхүүгийн тайлан бүртгэлдээ орлого, зарлагаар хүлээн зөвшөөрч бүртгэж тайлагнасан 1 055 579 944 төгрөг, шинжилгээгээр өглөг авлагаар тогтоогдсон 1 983 686 664 төгрөг нийт 3 039 266 608 төгрөгийг хасч тооцоход “Т З” ХХК нь “Э С Э Э” ХХК-д 392 041 562 төгрөгийн өглөгийн тооцоотой байна...” гэсэн дүгнэлт гаргасан байдаг.

Дээрх дүгнэлтийн үзүүлэлтээс харахад К Х Жнь нэхэмжпэгч компанийн захирал Д.Дэлгэрийг жирэмсний амралттай байх хугацаанд түүний хүсэлтээр компанийг нь хариуцаж байх үедээ санхүүгийнх нь тайлан балансыг зориуд худал гаргаж, “Т З” ХХК-иас авсан байсан 1 983 686 664 төгрөгөө аваагүй гэж, үүнийгээ өөрийн “Э С Э Э”ХХК-ийн санхүүгийн тайланд авлага гэж тайлагнан улмаар уг мөнгийг “Т З” ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан нь хэрэгт авагдсан гурван шатны шүүхийн шийдвэрээр нотлогддог бөгөөд нэхэмжлэгч нь ийнхүү 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хөөгдөн гарсны дараа К Х Ж-г тайлан балансыг хуурамчаар үйлдэн авсан мөнгөө аваагүй хэмээн тус компанийг 2.4 тэрбум төгрөгийн хилс өрөнд оруулсныг мэдсэн даруйдаа 2012 оны жилийн эцсийн тайлангаар өмнөх оны алдааг залруулж зөвтгөн нэхэмжлэлд дурдсан мөнгөө К Х Ж- “Э С Э Э” ХХК-иас авлагатай хэмээн тайлагнасан нь шинжээчийн 145 тоот дүгнэлтэнд тусгагдсан болно. Үүнийг шүүх огт анхаараагүй.

Эцэст нь “Т З” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож өгсөн “Монгол-Солонгос” хэл дээр үйлдэгдсэн 28 хуудас бичгийн нотлох баримт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан, стандартын дагуу үйлдэгдсэн , санхүүгийн анхан шатны баримтын шаардлагыг хангахгүй баримт гэдэгт нэхэмжлэгч огт маргаагүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн болон хариуцагчийн “Э С Э Э” ХХК-ийн тайлан балансанд дээрх мөнгө тусгагдаагүй гэдэг нь анхнаасаа зохигчдод тодорхой, илэрхий асуудал байсан. Талуудын хооронд болсон маргааныг эрүүгийн болон иргэний журмаар шалгах явцад удаа дараа гарсан эдийн засгийн шинжээчдийн дүгнэлтээр зохигч компаниудыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу тайлан балансаа үнэн зөвөөр гаргаж байгаагүй байна гэдгийг тогтоочихсон байсан.

Уг баримтыг “Э С Э Э” ХХК-ийн захирал К Х Жболон тухайн үед “Т З” ХХК-ийн кассын няраваар ажиллаж байсан В.Цэнд-Аюуш нар хамтран үйлдэж, гарын үсгээ зурсан бөгөөд үүнд хэзээ, хаанаас, хэдэн төгрөг “Т З” ХХК-д орсон талаарх гүйлгээний утга, уг орлогоос хэзээ, хэн, хэдэн төгрөгийн зарлага гаргасан болохыг нэг бүрчлэн хянаж, харилцан гарын үсгээ зурж баталгаажуулсан байсан. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү 28 хуудас баримтыг Нягтлан бодох бүртгэлийн хуульд заасны дагуу анхан шатны баримтын шаардлагыг хангасан эсэхийг тогтоолгох шаардлага огт гаргаагүй. Гагцхүү дээрх баримтад “Т З” ХХК-ийн кассаар орж ирсэн борлуулалтын орлогоос “Э С Э Э” ХХК-ийн захирал К Х Жнь нэхэмжлэлд дурдсан мөнгийг гарган авч, хүлээн авсан болохоо өөрийн биеэр хянаж зөвшөөрсний үндсэн дээр гарын үсгээ зуран баталгаажуулсан үйл баримт нь “бичгийн нотлох баримтад бэхжигдэн үлдсэн” байгаа учраас, дээрх мөнгийг авсан болохыг үнэн зөвөөр тогтоолгон гаргуулах гэсэн шаардлага байсан.

Ер нь бол “Т З” ХХК нь ганцхан зуурмагийн борлуулалтын орлогоор бус тээврийн борлуулалтын орлого олдог байсан 145 тоот дүгнэлтээр батлагдсан. Тээврийн болон зуурмагийн орлого нь 2009 оноос 2012 оны байдлаар нийт   24 092 099 576 төгрөг байсан ба үүнээс К Х Ж- “Э С Э Э” ХХК-д гэрээний дагуу зөвхөн зуурмаг борлуулсны орлогын 20 хувийг өгөх ёстой байсан. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн гэрээнд заагаагүй байсан тээврийн борлуулалтын орлогоос нэхэмжлэлд дурдсан мөнгийг гаргаж аван үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. “Т З” ХХК нь 2011 оны байдлаар нийт 8 274 387 230 төгрөгийн орлого олсноос 5 132 054 450 төгрөг нь гэрээнд заасан зуурмаг борлуулсны орлого байсан байна. Гэтэл шүүгч уг баримтын хянасан хэсэгт К Х Жгэж хувь хүн гарын үсэг зурсан нь хариуцагч тухайн мөнгийг бодитойгоор хүлээн авсан байдлыг шууд нотлох баримт болохгүй. гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Энэхүү 28 хуудас баримтад гүйлгээг хянасан хүний гарын үсэг нь К Х Ж- гарын үсэг болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистик шинжээчийн 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1368 дугаар шинжээчийн дүгнэлт тогтоосон.

Ийнхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу гарган өгсөн дээрх бичгийн нотлох баримтуудыг болон гэрчийн мэдүүлгийг мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасанд нийцүүлж үнэлж дүгнэлгүй нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага нь нягтлан бодох бүртгэлээ Монгол хэлээр явуулна гэж заасныг үндэслэн дээрх 28 хуудас баримт нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний обьект болох шаардлагыг хангах боломжгүй болсон. Гэвч мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэгт аж ахуйн нэгж байгууллага нь энэ хуулийн 14.2-т зааснаас бусад өөрийн онцлогт тохирсон дотооддоо мөрдөх анхан шатны баримт, маягтыг дүрэмдээ заасан эрх бүхий удирдах байгууллагаар батлуулан мөрдөж болно гэсэн заалт байна. Үүнийг шүүх анхаараагүй. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “Т З” ХХК нь хариуцагч БНСУ-ын иргэн К Х Ж-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 648 824 090 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч нь хамтран ажиллах гэрээний харилцаатай байсан “Э С Э Э” ХХК-ийн захирал бөгөөд нэхэмжлэгч компанийн захирал Д.Дэлгэрийг жирэмсний амралттай байх хугацаанд түүний хүсэлтээр тус компанийн үйл ажиллагааг хариуцаж байсан. Энэ үедээ буюу 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2011 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд компанийн орлогоос 669 000 ам.долларыг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. 2012 оны 9 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн “Э С Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Т З” ХХК-д холбогдох иргэний хэрэгт дээрх мөнгөн хөрөнгийг тухайн үеийн валютын ханшаар тооцож               913 274 357 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч “...К Х Ж- хувьдаа авсан гэх 913 274 357 төгрөгийн маргааныг тухайн хэрэгт хамааралтай гэж үзэх үндэслэлгүй, К Х Жнь хариуцагч компанийн мөнгөн хөрөнгийг үндэслэлгүй авсан талаар нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүй...” гэж дурдсан тул нэхэмжлэл гаргах үеийн валютын ханшаар ам.долларыг хөрвүүлэн тооцож 1 648 824 090 төгрөг гаргуулана гэжээ. /1хх1-3/

 

Хариуцагч тал дээрх шаардлагыг эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлээ, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр уг мөнгийг хариуцагч К Х Жавсан нь тогтоогдоогүй, мөн “Э С Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Т З” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 120 дугаар шинжээчийн дүгнэлтээр “ ...”Э С Э Э” ХХК-ийн санхүүгийн баримт болон санхүүгийн тайлангуудад 913 274 357 төгрөгийн гүйлгээний баримт байхгүй, тусгагдаагүй байна. Шинжилгээнд ирүүлсэн “Т З” ХХК-ийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд нь шинжилгээний обьектын шаардлага хангахгүй байна...” гэж маш тодорхой дүгнэлт гаргасан, үүнд зохигчид гомдол гаргаж маргаагүйн гадна БНСУ-ын иргэн К Х Ждээрх мөнгийг аваагүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шаардах эрх нь 2013 онд эрүүгийн хэрэг хянаж байхад үүссэн гэж маргаж мэтгэлцжээ. /1хх157-158/

 

Хэрэгт авагдсан “Т З” ХХК-ийн 2011 оны 3,4 дүгээр улирлын “Мөнгөн гүйлгээний тайлан” /2хх67,76/, “Санхүү байдлын тайлан” /2хх68,69,72,73/, “Орлогын дэлгэрэнгүй тайлан” /2хх70,74/ “Өмчийн өөрчлөлтийн тайлан” /2хх71,75/, “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан”, /2хх77-81/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 120 дугаар дүгнэлт /1хх165-182/ зэрэг баримтуудаас үзвэл, 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2011 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд нэхэмжлэгч “Т З” ХХК-ийн үйл ажиллагааны орлогоос хариуцагч К Х Ж669 000 ам.долларыг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, уг мөнгөн хөрөнгө нь нэхэмжлэгч компанийн хөрөнгөөс дутагдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч тал нь давж заалдах гомдолдоо, “...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох “Монгол-Солонгос” хэл дээр үйлдэгдсэн 28 хуудас бичгийн баримт нь санхүүгийн анхан шатны баримтын шаардлагыг хангаагүй, мөн нэхэмжлэгч компани хуульд заасан журмын дагуу тайлан балансаа үнэн зөвөөр гаргаж байгаагүй нь тогтоогдсон хэдий ч хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан мөнгийг авсан нь “Кассын тайлан” гэх бичгийн нотлох баримтад бэхжигдэн үлдсэн. Уг 28 хуудас баримтад тухайн үед “Т З” ХХК-д орсон орлого болон зарлагын талаар нэхэмжлэгч компанийн няраваар ажиллаж байсан В.Цэнд-Аюуш, хариуцагч К Х Жнар нэг бүрчлэн хянаж, харилцан гарын үсгээ зурж баталгаажуулсан, хариуцагч нь нэхэмжлэгчтэй тухайн үед байгуулсан гэрээний дагуу авах бетон зуурмагын борлуулалтын орлогын 20 хувь бус гэрээнд заагаагүй тээврийн борлуулалтын орлогоос 669 000 ам.долларыг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэгт аж ахуйн нэгж байгууллага нь энэ хуулийн 14.2-т зааснаас бусад өөрийн онцлогт тохирсон дотооддоо мөрдөх анхан шатны баримт, маягтыг дүрэмдээ заасан эрх бүхий удирдах байгууллагаар батлуулан мөрдөж болно гэснийг шүүх анхаараагүй...” гэх агуулгыг тодорхойлжээ.

 

 Анхан шатны шүүх нэхэмжлэл болон гомдолд дурдсан 28 хуудас бүхий “Кассын тайлан” гэх баримтын “хянасан” хэсэгт хариуцагч К Х Жгарын үсэг зурсан нь тухайн мөнгөн хөрөнгийг бодитойгоор хүлээн авсан байдлыг шууд нотлох баримт болохгүй гэж дүгнэснийг буруутгахгүй. Тодруулбал, “Кассын тайлан” /1хх41-69/ гэх дээрх баримтад хариуцагч гарын үсэг зурсан талаар 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1368 дугаар /2хх28-33/ дүгнэлтээр “...шинжилгээнд ирүүлсэн “Т З” ХХК, 2013 он хавтаст материалын 28 гэж дугаарлагдсан хуудас “Кассын тайлан” гэх баримтын баруун дээд буланд “шалгасан” гэсэн бичиглэлийн доор байрлах гарын үсгийг БНСУ-ын иргэн К Х Жнь зурсан байна” гэжээ. Энэхүү баримтад хариуцагч гарын үсэг зурсан талаар маргаагүй боловч тус 28 хуудас кассын тайланг санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангаагүй гэж маргасан. Нэхэмжлэл болон гомдолд дурдсанчлан дээрх хэмжээний мөнгөн хөрөнгийг хариуцагч өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан, ийнхүү шилжүүлснээр кассын тайлан гэх 28 хуудас баримтад К Х Жгарын үсэг зурсан, нэхэмжлэгчээс энэ хэмжээгээр зарлага гарсан, үүнийг хариуцагч хувьдаа зарцуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэгт аж ахуйн нэгж байгууллага энэ хуулийн 14.2-т зааснаас бусад өөрийн онцлогт тохирсон дотооддоо мөрдөх анхан шатны баримт, маягтыг дүрэмдээ заасан эрх бүхий удирдах байгууллагаар батлуулан мөрдөж болно гэсэн зохицуулалтад дээрх 28 хуудас баримт нь нийцэх талаар шүүх анхаараагүй гэж нэхэмжлэгч гомдолдоо дурдсан байна. Хэрэгт авагдсан буюу хариуцагч мөнгө авсныг нотлоно гэх 28 хуудас баримтын загварыг компанийн анхан шатны баримт гэж баталсан эрх бүхий удирдах байгууллагын шийдвэргүй, нэхэмжлэгч компани 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2011 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд уг баримтад тусгагдсан хэмжээний мөнгөн хөрөнгийн орлоготой байсан гэх тайлбар, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдол хангагдах үндэслэлгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж, маргааны зүйл болох 669 000 ам.доллар нь нэхэмжлэгчийн хөрөнгөөс дутсан, хариуцагчийн эзэмшилд шилжсэн үйл баримт тогтоогдоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2019/01130 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т З” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 402 071 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                       ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                          Т.ТУЯА