Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/813

 

Д.Чт холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/390 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Итгэлийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 26 дугаартай эсэргүүцлээр Д.Чт холбогдох 2111 00000 0468 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

......................., 19............ оны ......... дугаар сарын .................-ний өдөр Завхан аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Завхан аймгийн Улиастай сумын 1 дүгээр баг, Жинст 20 айлын орон сууцанд оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 7 дугаар гудамжны 53а тоотод оршин суух хаягтай, /РД:.................../,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 2653 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 жил 10 сар 18 хоногийн хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хассан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 285 дугаартай захирамжаар хуулийн тэгшитгэлд хамруулж эдлээгүй үлдсэн 4 жил 1 сар 9 хоногийн хорих ялаас чөлөөлсөн;

Д.Ч нь согтуугаар 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.Мягмарсүрэнтэй маргалдан улмаар түүний нүүр рүү нь цохиж, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: .......................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, шүүгдэгч Д.Ч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор П.Итгэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Чт торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуулийг баримталж хэргийг шийдвэрлээгүй. Монгол Улсын Их Хурал 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан ба мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Энэ хуулийг 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заажээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаж Д.Чт холбогдох хэрэг нь уг хуулийн үйлчлэлд хамаарч байхад анхан шатны шүүх Д.Чт ял оногдуулж шийдвэрлэсэн байх тул 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/390 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Чт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Д.Ч нь согтуугаар 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.Мягмарсүрэнтэй маргалдан улмаар түүний нүүр хэсэг цохиж, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нямдэлгэрийн “...Миний төрсөн дүү болох А.Мягмарсүрэн мөн байсан. Тэгээд талийгаачийн зүүн нүд нь хөхөрсөн гэмтэлтэй байсан. Тэр талаар тодруулж үзэхэд нас барахаас хэд хоногийн өмнө цуг архи ууж байсан хүнтэйгээ маргаж нүдрүүгээ цохиулсан гэж мэдсэн. ...” /хх 20-22/ гэсэн мэдүүлэг,

гэрч Д.Долгоржавын “...Талийгаач 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр манай гэрт халамцуу орж ирсэн. Тэгэхэд зүүн нүд нь хөхөрсөн байдалтай орж ирсэн. Урьд өдөр нь архи ууж байгаад хоорондоо маргалдаж байгаад яруугийн Чука гэж хочилж дууддаг хүнд нүдрүүгээ цохиулсан гэж хэлээд орж ирсэн. ...” /хх 13-14/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 462 дугаартай “...Талийгаач А.Мягмарсүрэнгийн зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд өнгийн зулгаралт /хуучин/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл шинэ, хуучин гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 31-32/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Д.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Чын согтуугаар А.Мягмарсүрэнтэй маргалдан улмаар түүний нүүр рүү нь цохиж, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Прокурор П.Итгэл “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаж Д.Чт холбогдох хэрэг нь уг хуулийн үйлчлэлд хамаарч байхад анхан шатны шүүх Д.Чт ял оногдуулж шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн эсэргүүцэл бичжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон.

Харин анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх талаар огт дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж хууль хэрэглэх журамд заасан.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж хуульчилсан ба Д.Чын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуулийн “6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн” үйлчлэлд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй байх тул Д.Чт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иймд, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Д.Чт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/390 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “... Д.Чт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосугай ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            3. Прокурор П.Итгэлийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 26 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

            4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ