| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/0271/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/311 |
| Огноо | 2025-11-28 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Т.А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/311
2025/ШЦТ/311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж
Улсын яллагч: Т.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У, Г.Э
Шүүгдэгч: Н.Ж, Н.Ө
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Булган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Н.Ж, Х овогт Н.Ө нарт холбогдох эрүүгийн 2512001920200 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт А аймгийн И сумын Х багт оршин суух хаягтай, урьд нь А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь заалтад зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлсэн, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, А овогт Н.Ж
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 21-ний өдөр А аймгийн И суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн И сумын Х багийн Х гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт Н.Ө
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Ж, шүүгдэгч Н.Өнар нь бүлэглэж, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн И сумын Х багийн нутаг дэвсгэрээс иргэн Г.Гы өмчлөлийн 2,080,000 төгрөгийн үнэлгээ бүхий олон тооны мал болох 13 тооны хонийг, үйлдлээ хөнгөвчлөн түргэтгэх зорилгоор өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай “Ниссан ванетт” маркийн бага оврын ачааны автомашин буюу машин механизм ашиглан олон тооны мал хулгайлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн 2512001920200 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн
*Хохирогч Н.Г-ны өгсөн:
“...2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай хонь П.Л гэдэг айлын хоньтой нийлсэн гэдгийг нь мэдээд тэр өдрөө ялгаж чадаагүй тэгээд 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би Л гэдэг айлын хонинд өөрийн нийлсэн хонио шүүгээд ялгахад 1 ямаа, 2 борлон, 20 орчим хонь ялгаж авсан тэр өдрөө бүх хонио ялгаад авчихсан гээд нэг их санаанд ороогүй. Тэгээд 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би өөрөө хонинд явж байгаад хонио дахиад бүртгээд үзсэн чинь зүсээр 2 тооны шүдлэн хонь дутсан тэгээд за за энэ 2 шүдлэн хонь хэзээ алга болсныг нь мэдэхгүй юм чинь гээд тэр үед нь орхичхоод Л гэдэг хүнтэй уулзаад манайхаас дахиад 2 хонь дутаад байна танай хонинд байна уу гэсэн чинь одоо манай хонинд танай хониноос байхгүй гэж хэлсэн. Маргааш нь 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дахиад хонин дундуураа явж байгаад хошууныхаа зүүн талд хар мэнгэтэй улаан хүзүүтэй эм хонь алга байгааг мэдсэн тэгээд бүр гайхаад за за одоо өнгөрсөн байлгүй гэж бодоод тухайн үедээ нэг их хайгаагүй. Тэгээд би бодоод байсан чинь 2025 оны 03 дугаар сарын 20-ны орой манай хонь Л-ын хоньтой нийлсэн орой П.Л-ын баз хүргэн болох Ж голын урдаас ачааны машинтай П.Л-ынд ирсэн байсан тэр үед нь би нэг их санаанд ороогүй тэгээд сүүлд нь бодож байгаад Л хонь нийлсэн шөнө баз хүргэн Ж-ийн ачааны машинд ачаад голын урагш нь гаргасан байж магадгүй гэж хардаад 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Тамирын голын урд “Х” гэдэг газар хаваржиж байгаа Н.Ө гэдэг айлын хонинд өөрийнхөө байхгүй хонийг шүүгээд үзсэн чинь эвэртэй хундан эр шүдлэн хонь, улаан хүзүүтэй эм хонь, эвэртэй шар халзан хурга, мухар улаан хүзүүтэй 2 төлөг, эвэртэй улаан хүзүүтэй төлөг 1, мухар шар халзан хонь намайг очиж үзсэний дараа Өын хонинд явж байгаад хургалсан байсан тэгэхээр нь би шууд сумын хэсгийн төлөөлөгч рүү дуудлага өгөөд би 13 тооны хонь алдсан тэгсэн энд айлд байна гэж дуудлага өгсөн. Би Өын хонинд өөрийнхөө хонийг шүүж байхдаа Өаас энэ хонинуудыг хэн авч ирсэн юм бэ? гэсэн чинь би мэдэхгүй манай хонь Тамирын гол руу ороод арлаар бэлчдэг цаанаасаа Тамирын голын хойноос Б гэдэг айлын хоньтой нийлсэн байлгүй гэж хэлсэн Б гэдэг айлын хонь хэзээ ч урагшаа гол руу бэлчиж орж ирэхгүй хонь гэж хэлсэн чинь Ө юм ярихгүй байсан. Өын хонь ч Тамирын голын арал руу бэлчинэ гэж байхгүй. Манай хонь Лын хониноос өөр хоньтой нийлээгүй. Ө манай хонь Тамирын голын арал руу бэлчдэг гэж худлаа яриад байгаа юм. 2025 оны^З дугаар сарын 20-ны орой манай хонь Лын хоньтой нийлсэн тэр үед Тамирын голын урдаас Н.Өачааны машинтайгаа ирсэн байсан тэгээд тэр шөнө нь Лын хонинд нийлээд үлдсэн манай хэдэн хонийг ялгаж Ө-ын ачааны машинд ачиж Ө-ын хонинд нийлүүлсэн гэж сэжиглэж байна. Манайх цагаан сарын өмнө тоолоход 361 хонь, 158 ямаа байсан тэгээд 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тоолоход 337 хонь байсан ямаагаа тоолоогүй. Манайх 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүнд 10 төлөг зарах гээд өөрийнхөө хонин дээр очсон чинь манай хонь Лын хоньтой нийлсэн байсан. Тэгэхээр нь би нөгөө хонь өгөх хүндээ 10 төлөг, 1 эм хонь барьж өгөөд явуулсан тэгэхэд Л надтай хамт хонь барилцаж өгсөн би хонио ялгалгүй яваад өгсөн. Би Лын хониноос 2 борлон, 1 ямаа, 20 орчим хонь ялгаж авсан тэгээд нэг их санаанд ороогүй тэгээд маргааш нөгөөдөр 2 нь хонио хариулж байхдаа бүртгэсэн чинь зүсээр 3 хонь дутсан. Би хонийг нь хээр бэлчиж байхад нь очиж үзэхэд миний зүсээр өгүүлсэн хошууныхаа зүүн талд хар мэнгэтэй улаан хүзүүтэй хонь, эвэртэй хундан хонь байсан тэгэхээр нь би сумын хэсгийн төлөөлөгчид дуудлага өгсөн. Ө-аас асуусан чинь би мэдэхгүй харин баруун талын чих нь урдаасаа догол имтэй, зүүн талын чих нь араасаа цуулбар имтэй хэдэн хонь нийлсэн байсан. Би хэний хонь юм бол гээд гайхаад байсан юм гэж ярьж байсан. Одоо манай хониноос 6 хонь дутаад байгаа юм. Миний зүсэлж байгаагаар жижиг мэхээрэн эвэртэй бор халзан шүдлэн хонь дутуу байна. Дахиад 3 эм хонь, 2 шүдлэн хонь дутуу байгаа манайх шүдлэнгээс дээш насны эр хонь байхгүй ер нь голдуу шүдлэн эр хонь байгаа. Манай хонь, ямаанууд бүгд адилхан баруун чих нь догол, зүүн чих нь цуулбар имтэй. Би Өын хониноос эвэртэй хундан эр шүдлэн хонь, улаан хүзүүтэй эм хонь, эвэртэй шар халзан хурга, мухар улаан хүзүүтэй 2 төлөг, эвэртэй улаан хүзүүтэй төлөг 1, мухар шар халзан хонь гээд 7 тооны хонь ялгасан гэхдээ би тэр хонинуудаа аваагүй Ө-ын хонинд үлдээсэн мухар шар халзан хонь нь намайг очиход хургалж байсан. Би Ө, Л 2-ыг сэжиглэж байна. Яагаад гэхээр манай хонь Лын хоньтой нийлснийг Л мэдэж байсан, хонь нийлсэн орой Тамирын голын урдаас Ө ачааны машинтай Лынд ирсэн. Манай 7 тооны хонь Өын хониноос гарч ирсэн гээд энэ 2 хүнийг сэжиглэж байна. Би дутуу 6 хонио нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-10 дугаар тал/,
*Хохирогч Н.Г-ны дахин өгсөн:
“...П.Л нарын хоньтой хонио нийлүүлээд ялгаж авсныхаа дараа хонио тоолоход нийт 13 тооны хонь дутуу байснаас Н.Өын хониноос 7 хонь авчирсан юм. Тэгээд 6 хонь дутаад байгаа юм. Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлага байхгүй. Надтай 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед Н.Ө, Н.Ж нар нь А аймгийн И сумын төвд тааралдсан юм. Тэгсэн Н.Ө, Н.Ж нар нь бид хоёр өөрт чинь учирсан хохирлыг барагдуулмаар байна. Цагдаагийн байгууллагад битгий өгөөрэй хонины мөнгийг чинь бүрэн барагдуулна гээд миний дансыг өгчих гээд байхаар нь би өөрийн “Хаан банк”-ны ******* дугаарын дансыг өгсөн чинь 2025 оны 05 дугаар сарын 24-ний 11 цаг 52 минутад утган дээр нь “Lonhoon” гэсэн утгатай 1.200.000 төгрөгийг шилжүүлсэн байсан юм. Тэгээд утсаар яриад, чи цагдаагийн байгууллагаас өргөдлөө авчих гээд утсаар яриад байгаа юм. ...надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 120-121 дүгээр тал/,
*А аймгийн И сумын Мал эмнэлгийн улсын байцаагч Н.А-ын “...Н.Г-ны хонь ямаа нь бүгд зүүн талын чих нь ганзага имтэй, баруун талын чих нь догол имтэй байсан юм. ...Мөн 2024 оны жилийн эцэст тоологдсон малын тооны тодорхойлолттой тулгаж хонь ямааг нь тоолж үзэхэд 419 хонь, 134 ямаа байсан юм. Ингээд 2024 оны жилийн эцсийн мал тооллогоос 6 хонь дутуу, ямаа нь бүрэн байсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 128-129 дүгээр тал/,
*Н.Өын хонинд нийлсэн гэх хохирогч Н.Г-ы 7 тооны хонинд 2025 оны 04 сарын 01-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36- 40 дүгээр тал/,
*Дамно үнэлгээ ХХК-ний 2025 оны 04 сарын 25-ны өдрийн АЦ25-90 дугаартай, 13 тооны хонины үнэлгээг 2.080.000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт /хх-ийн 45-47 дугаар тал/,
*Н.Ө, Н.Ж, П.Л, Н.Г нарын хонинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 86-91 дүгээр тал/,
*А аймгийн И сумын Х багийн засаг дарга О.П-ийн “...Манай А аймгийн И сумын Х багийн урдуур урсдаг Т гол нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны байдлаар мөсөн дээгүүрээ шар ус урссан. Т гол нь хоёр талаараа захалж урсаж байсан юм. ...ямар нэгэн мал гарах боломж байхгүй байсан. Тухайн үед Т гол гэсэж урсаж байсан болохоор дээгүүр нь мал гарах юм бол доошоо цөмөрч унах магадлалтай болсон байсан юм. Би өөрөө А аймгийн И сумын Х багийн Тамирын голтой ойрхон байдаг юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 104-105 дугаар тал/,
*Хохирогч Н.Гы ****** дугаартай “Хаан банк”-ны дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 131 дүгээр тал/,
*Дамно үнэлгээ ХХК-ийн 2025 оны 06 сарын 20-ны өдрийн РЦ-25-121 дугаартай, 82-07 АРХ улсын дугаартай “Ниссан ванетт” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 9,432,500 төгрөгөөр тогтоосон дүгнэлт/хх-ийн 189-193 дугаар тал/,
*Яллагдагч Н.Жийн:
“...Намайг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн үед гэртээ байхад Ө /Лонхоо/ ах ирээд миний охин төрсөн. Би өвөө болсон гээд баярлаад байсан өөрийн эзэмшлийн ******** улсын дугаартай жижиг ачааны тэрэг дээр нэг ямаа ачаад ирсэн одоо зүсийг нь санахгүй байна. Тэгээд Ө ах энэ ямааг сум орж зараад архи авч ууя бензин масло авъя гээд байсан. Би Ө, Л ах бид гурав миний эзэмшлийн ******* улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр төв орж Б гэх ченжид зарсан. Зарсан мөнгөөрөө Ө ах Н-гийн дэлгүүрээс тамхи 0.75 литр хараа нэртэй 2 ширхэг архи авсан өөр юу авсан мэдэхгүй, мөн И сумын дээд МТ ШТС-аас миний машинд өөрийнхөө машинд саванд бензин хийлгэж авсан. Тэгээд шууд И сумын Х багт байх манай гэрийн зүг явсан. Замдаа С-ын ам орчим зогсож бид гурав нэг шил архиа уусан тэгсэн чинь Л ах согтоод унтаад өгсөн. Тэгээд бид 3 шууд хөдлөөд явсан, би жолоо бариад явж байсан. Л ах гэрийн ойролцоо ирээд сэргэсэн. Тэгээд бид гурав манай гэрт орж үлдсэн нэг шил архиа уусан тэр үед 21, 22 цаг орчим болж байсан байх Л ах буцаад согтоод гэртээ ороод унтаад өгсөн. Би Ө ахтай Л ахыг унтсаны дараа гэрийн гадаа байсан хонио хашсан тэр үед айлын хоньтой нийлсэн байхыг бид хоёр мэдсэн. Тэгээд Ө ахын ***** машин дээр хонинуудыг ачсан тэгээд манайд Ө ах орж цай уучхаад хөдлөөд явсан. Тэгсэн буруу зүг рүү яваад байхаар нь би мотоциклтой очиж буруу яваад байна гээд зам руу нь оруулж өгөөд гэртээ ирээд унтаад өгсөн. ...Бид хоёр хонинуудыг хашаанд хашиж байгаад барьж аваад ачсан тухайн тээврийн хэрэгсэл анх Ө ах манайд ирэхдээ хонины хашааны хажууд машинаа тавьсан байсан хөдөлгөөгүй тэгээд машин луу нь зөөгөөд ачсан.” гэсэн мэдүүлэг /хх- ийн 210-214 дүгээр тал/,
*Яллагдагч Н.Өын:
“...Би А аймгийн Х баг Х гэх газар гэртээ байж өөрийн байгаад голын хойшоо 16 цагийн үед Жийнд очсон эзэмшлийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслээр нэг хар халзан эр ямаа ачаад очсон. Би ямаагаа аваад гээд Ж, Л ах бид гурав Жийн эзэмшлийн ****** улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр төв орж Б гэх ченжид 130,000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөөрөө О эгчийн дэлгүүрээс Н-гийн дэлгүүрээс тамхи, Хараа нэртэй 0,75 литрийн 2 ширхэг, 0.5 литрийн Хараа нэртэй 1 ширхэг, архи 2,5 литрийн пиво 1 ширхгийг авсан. И сумын дээд МТ колонкоос Жийн машинд бензин хийсэн. Тэгээд шууд И сумын Х багт байх Жийн гэрийн зүг явсан. Замдаа С ам орчим зогсож бид гурав хоёр шил архиа уусан. Тэгсэн чинь Л ах өмнө уусан байсан согтоод унтаад өгсөн. Тэгээд бид 3 шууд хөдлөөд явсан, Ж жолоо бариад явж байсан. Л ах гэрийн ойролцоо ирээд сэргэсэн. Тэгээд бид гурав гэрт орж үлдсэн нэг шил архиа уусан. Тэр үед 21, 22 цаг орчим болж байсан байх. Жийнд би Л ах бид гурав Хараа нэртэй 0.75 литрийн архи, 2,5 литрийн нэг пиво уусан. Л ах буцаад согтоод гэртээ ороод унтаад өгсөн. Би Жтэй хоёулаа үлдсэн пивыг уусан. Би явах гээд гадаа гарахад Ж “манай хоньтой айлын хонь нийлсэн байна, хоёулаа энийг таны машин дээр ачъя” гэж хэлсэн би түүнийг зөвшөөрсөн. Миний эзэмшлийн ******* машин дээр хонинуудыг ачсан. Тэгээд би гэр рүүгээ явах гэж байгаад буруу замаар Жийн гэрийн баруун хойд зүгт явсан байсан. Ж араас ирээд зам зааж өгөөд зөв зам руу ороод гэр рүүгээ явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 225-228 дугаар тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгчээс шинээр гаргасан:
А аймгийн И сумын Х багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 261 дугаартай тодорхойлолт, Н.Өын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийн гэрчилгээ,Н.Өын шинжилгээний хариу,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг мөн шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн тогтоогдсон үйл баримтын талаар:
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар
Шүүгдэгч Н.Ж, шүүгдэгч Н.Өнар нь бүлэглэж, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн И сумын Х багийн нутаг дэвсгэрээс иргэн Г.Гы өмчлөлийн 2,080,000 төгрөгийн үнэлгээ бүхий олон тооны мал болох 13 тооны хонийг, үйлдлээ хөнгөвчлөн түргэтгэх зорилгоор өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай “Ниссан ванетт” маркийн бага оврын ачааны автомашин буюу машин механизм ашиглан олон тооны мал хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд олон тооны мал хулгайлсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.
Шүүгдэгч Н.Ж, шүүгдэгч Н.Өнар нь бүлэглэж, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн И сумын Х багийн нутаг дэвсгэрээс иргэн Г.Гы өмчлөлийн 2,080,000 төгрөгийн үнэлгээ бүхий олон тооны мал болох 13 тооны хонийг хулгайлсан үйлдэл нь олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийг бүлэглэн үйлдэх гэдэг нь хоёр ба түүнээс олон хүн нэг гэмт хэргийг хамтран үйлдэхдээ хүн бүр өөрийн үүрэгтэй оролцож санаа бодол, үйлдэл хөдөлгөөнөө нэгтгэж, гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн үйлдэл хийсний улмаас хор уршиг учирсан байдаг. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Ж, шүүгдэгч Н.Өнар хохирогч Г.Гы олон тооны малыг хулгайлахдаа урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч нэгнийхээ хууль бус үйлдлийг дэмжин гэмт хэрэг үйлдэх явцдаа хамтран оролцсон учир шүүгдэгч нарыг мал хулгайлах гэмт хэргийг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.
А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Ж, Н.Өнарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр дээр гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.Ж, Н.Ө нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Г-д 2,080,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд үүнээс шүүгдэгч нар нь 7 тооны хонийг хохирогчид буцаан хүлээлгэн өгсөн, түүний дансаар 1,200,000 төгрөгийг шилжүүлсэн, хохирогч Н.Г нь хохирлоо бүрэн авсан гомдол саналгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Н.Ж, Н.Өнарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж, шүүгдэгч Н.Жт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Өад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг Дамно үнэлгээ ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн РЦ-25-121 дугаартай дүгнэлтээр гаргасан бөгөөд ********* улсын дугаартай “Ниссан ванетт” маркийн тээврийн хэрэгсэл нь Н.Өын эзэмшлийнх болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч Н.Ж, Н.Өнарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Н.Өын өмчлөлийн 9,604,000 төгрөгийн үнэлгээтэй ****** улсын дугаартай “Ниссан ванетт” маркийн ачааны машиныг улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Ж, Н.Өнар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч нарын эдлэх ялыг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А ургийн овогт Н-ын Ж, Х ургийн овогт Н-гийн Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Жт 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Өад 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Жт оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг, шүүгдэгч Н.Өад оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Н.Ж, Н.Өнарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч Н.Ж, Н.Өнарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Н.Өын өмчлөлийн 9,604,000 төгрөгийн үнэлгээтэй ******* улсын дугаартай “Ниссан ванетт” маркийн ачааны машиныг улсын орлого болгосугай.
6. Энэ тогтоолоор шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Г сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд оролцогчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Ж, Н.Өнарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
|
|
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН