Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 129/ШШ2023/00415

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 129/ШШ2023/00415

Архангай аймаг

 

           

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                             

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б овогт О.П-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г овогт Н.Д

Хариуцагч: Г овогт Т.С нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: О.П, Н.Д нарын 2015 оны 5 сарын 08-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, тус гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.О /цахимаар/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б /цахимаар/

Хариуцагч Н.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С /цахимаар/

Хариуцагч Т.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С

Гэрч Х.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.П нь хариуцагч Т.С-д холбогдуулж, О.П, Н.Д нарын 2015 оны 5 сарын 08-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хариуцагч Н.Д-д холбогдуулж тус гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

- Нэхэмжлэгч О.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А аймгийн Х сумын Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/.. дугаартай захирамжаар тус сумын М багийн С нэртэй газарт, нэгж талбарын ............... дугаартай үр тарианы зориулалтаар 50 га хэмжээтэй газар эзэмших эрхийг иргэн О.П-д олгосон. Гэтэл иргэн О.П-д мэдэгдэлгүйгээр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг хууль зөрчиж, хуурамчаар үйлдэж түүнд олгосон газрын эрхийг А аймгийн Х сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн А/.. дугаартай захирамжаар “М” ХХК-д шилжүүлсэн тухай 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр тус компанийн захирал Н.Д-тай уулзаж өөрийн газарт тариалалт хийх тухай ярилцах үеэр мэдсэн бөгөөд хуурамчаар үйлдсэн гэрээг тус сумын тухайн үеийн Засаг даргын тамгын газарт нотариат хариуцсан ажилтан Т.С хууль зөрчиж, иргэн О.П-г байлцуулалгүйгээр, түүний эзгүйд гэрчилжээ. Улмаар иргэн О.П-д олгосон газрын эрхийг шилжүүлсэн А аймгийн Х сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн А/.. дугаартай захирамжийн өөрт хамаарах хэсгийг үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус нэхэмжлэлээр үүссэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд О.П-гийн нэрээр зурагдсан гарын үсэгт шүүхээс шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан. А аймгийн Ш ш-ний албаны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн ... дугаартай дүгнэлтээр “О.П болон М ХХК-ийн захирал Н.Д нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нд зурагдсан гарын үсэг О.П-гийн гэх туршилтын болон чөлөөт загвараар ирүүлсэн гарын үсэгтэй тохирохгүй байна” гэж тогтоосон. Гэтэл иргэн О.П-г байлцуулалгүй, түүнд мэдэгдэлгүй, гарын үсгийг дуурайн зурж, хуурамчаар үйлдсэн иргэн Н.Д-тай 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан гэх “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г А аймгийн Х сумын Засаг даргын тамгын газарт нотариат хариуцсан албан тушаалтнаар ажиллаж байсан Т.С гэрээний оролцогчийг байхгүйд хууль зөрчиж гэрчилжээ. Иймд иргэн О.П болон Н.Д, Б.Э нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан гэх “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, тус гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгоно уу гэжээ.

 

- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч О.П нь Н.Д н.Э нартай газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээ хийсэн гэж үзэж А аймгийн Х сумын Засаг дарга захирамж гарган иргэн О.П-гийн эзэмшлийн 50 га газрыг Н.Д, н.Э нарын эзэмшлийн “М” ХХК-д шилжүүлсэн байдаг. Хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд байгаа эрх шилжүүлэх гэрээ гэх баримтыг үйлдэж, тухайн үеийн сумын Засаг даргын тамгын газрын дарга, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Т.С гэрээг гэрчлэх үед нэхэмжлэгч О.П байлцаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.П-гийн хууль ёсны эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших эрх нь зөрчигдсөн учир шүүхэд хандсан. Манай зүгээс дараах үндэслэлүүдээр хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан гэрээг хууль бус гэж үзэж байна. Нэгдүгээрт: Тус гэрээ гэх баримтад дээр нэхэмжлэгч О.П-д иргэн Н.Д 2,000,000 төгрөг өгч худалдаж авсан гэж бичигдсэн байдаг. Н.Д-ын тухайд Захиргааны хэргийн шүүх дээр би нэг ч төгрөг өгөөгүй байгаа гэдэг талаараа хэлсэн. Хоёрдугаарт: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралт болон нотариатын үйлдэл хийх зааврын дагуу нотариатч хүн гэрээг гэрчилж үйлчилгээ үзүүлэх ёстой. Тус зааврын 3 дугаар зүйлийн 3.6-д нотариатын бүртгэлийн дэвтэрт гэрээг гэрчилсэн хоёр үйлчлүүлэгчийг тэмдэглэж, гарын үсгийг нь зуруулж нэрийн тайллыг нь бичих ёстой байдаг. Х суманд хадгалагдаж байгаа нотариатын бүртгэлийн дэвтэр дээр хоёр үйлчлүүлэгчийн аль алиных нь гарын үсэг зурагдсан баримт огт байдаггүй. Үүгээр энэхүү гэрээг оролцогч тал байхгүйгээр хийгдсэн гэрээ гэж үзэж байгаа. Гуравдугаарт: Нотариатын үйлдэл хийх зааврын 5.9-д улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж гэрчилгээ авснаар эзэмших эрх нь батлагддаг хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэрчилгээ аваагүй байхад нь эрх шилжүүлэх гэрээг гэрчлэхийг хуулиар хориглодог. Манай тохиолдолд энэхүү газрыг нэхэмжлэгч О.П-д олгох Засаг даргын захирамж гарсан боловч кадастрын зураг нь хийгдээгүй, гэрчилгээ нь олгогдоогүй байсан. Энэ тохиолдолд Газрын тухай хуулиар ч тэр Нотариатын тухай хуулиар ч тэр бусдад шилжүүлэхийг хориглосон заалт байдаг. Энэ заалтыг зөрчсөн. Дөрөвдүгээрт: Нотариатын үйлдэл хийх заавраар гэрээг нотариат дээр хэрхэн гэрчлэх тухай хэд хэдэн заалтыг зөрчсөн. Аливаа гэрээ хэлцлийг нотариат гэрчлэхдээ хоёр талын бичиг баримт, биеийн байцаалтыг нь арын нүүрэн дээр нь хавсаргаж нотариатын тамгаар баталгаажуулж хийдэг. Энэхүү үйлдэл огт хийгдээгүй. Гэрээний арын нүүр нь хоосон байгаа. Тавдугаарт: Эрх шилжүүлэх гэрээ гэх баримтын О.П гэх нэрийн доор зурагдсан гарын үсгийг А аймгийн Ш ш-ний байгууллага өөрсдийн хууль дүрмийн дагуу нотлох баримтыг цуглуулж 061, 062 дугаар иргэн О.П-гийн гарын үсэг болох нь тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Тухайн үед нотариатаар ажиллаж байсан Т.С нь Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасныг харахаар нотариатч хуульд нийцсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилнэ гэх, мөн хуулийн 44.4-т үйлчлүүлэгч биечлэн ирж тухайн баримт бичиг болон нотариатын үйлдлийн бүртгэлд гарын үсэг зурна гэх заалтуудыг зөрчсөн. Мөн Нотариатын үйлдэл хийх зааврын 2.19-т заасан нотариат гэрчилсэн хуудас болгон дээр үйлчлүүлэгч нарын бичгийн болон тоон гарын үсгийг биечлэн зуруулна гэж заасан. Мөн зааврын 14.1-т нотариатчийн баримт бичиг зурсан гарын үсгийг үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийг баримтална гэсэн заалтыг зөрчсөн. Мөн зааврын 14.5-д нотариатч баримт бичиг зурагдсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ өөрийн ажлын байранд үйлчлүүлэгчийг биечлэн ирсэн тохиолдолд үйлчлэх бөгөөд тухайн бичиг баримт болон нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулж үлдэнэ гэдгийг зөрчсөн байна. Эдгээр үндэслэлүүдээр дээрх эрх шилжүүлэх гэрээ гэх баримтыг гэрчилсэн тухайн үеийн сумын нотариатын үүрэг гүйцэтгэгч Т.С-ийн нотариатын үйлдлийг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу хүчингүйд тооцуулах, мөн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн О.П, Н.Д, н.Э нарын хооронд байгуулсан гэх газар эзэмшүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны  дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Мөн А.С төлөөлөгчийн нэхэмжлэгч О.П-г өөрөө бичиг өгсөн гээд байгаа өргөдөл нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр бичигдсэн. Газар нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шилжээд гэрчилгээ нь олгогдсон. Урд талын нүүр хэсэгт 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нотариат гэрчилчихсэн, ард талын нүүр хэсэгт 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нотариат гэрчилчихсэн. Өөрөөр хэлбэл өргөдөл гараагүй байхад 3 сарын өмнө нотариат гэрчилчихсэн. Агуулгыг нь харахаар өргөдөл ч юм шиг, тодорхойлолт ч юм шиг, баталгаа ч юм шиг биччихсэн байдаг. Т.С-ийн төлөөлөгчийн тайлбартай холбогдуулан тайлбар хийхэд Захиргааны хэргийн шүүхээс хуулбарлаж ирүүлсэн шинжээчийн дүгнэлт Иргэний шүүхэд хамааралгүй гэж хэлээд байх шиг байна. Өмнөх шүүх хуралдаанаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хариуцагч тал гаргасан ч хүсэлтийг шүүх хүлээж аваагүй. Ийм учраас Шүүхийн шинжилгээний байгууллагын 061, 062 дугаар шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжтой гэж бодож байна гэв. 

 

2. Хариуцагч Т.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч О.П-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Т.С нь 2015 онд А аймгийн Х сумын З даргын Т-н газрын даргаар ажиллаж байхдаа нотариатын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь үнэн. Энэ үед газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг нэхэмжлэгч О.П, газар худалдаж авсан Н.Д нар өөрсдөө сайн дурын үндсэн дээр хийж, нотариатаар батлуулсан. Т.С нь тухайн үед хашиж байсан албан тушаалын дагуу нотариатын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан байна. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хоёр үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт: Нотариатын тухай хуульд зааснаар нотариатын үйлдлийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр нотариатын үүрэг гүйцэтгэгч хийсэн. Нэхэмжлэгч О.П нь нотариатын үйлдэл хийх явцад оролцсон. Баримтаа өөрөө бүрдүүлээд авчирч өгсөн талаар нотариатын үүрэг гүйцэтгэгч Т.С нь хэлдэг. Үүнийг ч нотлох зорилгоор гэрч асуулгах хүсэлтийг гаргасан. Мөн нотариатын үүрэг гүйцэтгэлтэй холбоотой асуудал болох 2, 3 өөр он сар тавьсан гэх асуудал яригдаж байна. Нотариатын үүрэг гүйцэтгэгч Т.С гэдэг хүн бол тухайн үед энэ хүмүүсийн хүсэлтийн дагуу л нотариатын үйл ажиллагааг хийсэн. Захиргааны хэргийн шүүх дээр авагдсан шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэргийн шүүх дээр үнэлэхгүй байж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Уг шинжээчийн дүгнэлтээр гарын үсэг нь биш гэсэн дүгнэлтийг гаргасан. Миний хувьд уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь нэг шүүх дээр авагдсан нотлох баримтыг нөгөө шүүх дээр эх сурвалж болгож гаргаж ирээд байгаа нь хууль зөрчиж байгаа асуудал. Газар эзэмших эрх шилжих гэрээ нь гарын үсэгтэй байгаа учраас нотариатын үйлдэл нь хууль ёсны дагуу хийгдсэн байна гэж харахаар байна. Нөгөө талаас газар эзэмших эрх шилжсэн захирамж нь өнөөдөр хүчин төгөлдөр л байж байгаа. Шүүх өнөөдөр энэ эрх шилжүүлэх гэрээг хүчинтэй эсэхийн талаар ямар нэг шийдвэр гарсан тохиолдолд эрх зүйн ач холбогдолгүй эрхийн акт болох талтай. Нөгөө талаар газар эзэмших эрх шилжих гэрээг иргэд хоорондоо тохиролцоод хийчихсэн байдаг. Энэ талаар ч гэсэн газрын даамал О.П гэх хүн газар эзэмших эрх шилжүүлэх энэ ажилд гол үүрэгтэй оролцсон, бусдынхаа бичиг баримтыг өмнөөс нь бүрдүүлээд яваад байсан гэж хэлж байна. Газар шилжсэн талаар хэлэхэд ойлголоо гэж хэлээд зөрж байсан талаар ч хэлж байна. Хоёрдугаарт: Гэрээний эрх зүйтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой. Нотариатын үйлдэл нь 2015 онд хийгдсэн байдаг. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж хуульд заасан. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал байна гэж үзэж байгаа. Нотариатын үйлдэл бол талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн үйлдэл учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв. 

 

3. Хариуцагч Н.Д-ын төлөөлөгч А.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая тайлбартаа гэрчилгээ гараагүй байхад эрх шилжүүлсэн гэж байна. Үүнд хариуцагч Н.Д, н.Э нарт буруу байхгүй. Гэрчилгээ гарсан эсэх талаар авч байгаа тал мэдэхгүй. Үүн дээр ямар нэг хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийг 8 жилийн дараа гаргаж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой гэж бодож байна. Нөгөөтээгүүр О.П огт мэдээгүй байхад миний газрыг шилжүүлж авсан гэж яриад байдаг. Тийм зүйл байхгүй. Мэдэж байсан. Өөрөө газрыг шилжүүлж өгнө үү гээд хүсэлтээ бичээд шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлага дээр О.П миний бие газраа шилжүүлээгүй. 2015 оны 05 дугаар сард Н.Д-тай уулзаж газар тариалан эрхлэхээр бэлдэж байгааг нь мэдсэн. Хуурамчаар миний газрыг шилжүүлж авсан байна гэх зүйлийг хэлдэг. О.П өөрийн газраа Н.Д-д шилжүүлж байгаагаа өөрөө сайн мэдэж байсан. Үүнийг ч гэрч хэлж байна. Мөн маргаан бүхий өргөдлийг өөрийн гараар бичсэн гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Мөн тухайн үед О.П нь багийн Засаг даргаар ажиллаж байсан. Багийн Засаг даргаар ажиллаж байсан хүн хүний нэрийн өмнөөс өргөдөл бичээд баталгаа гаргаад яваад байна гэж байхгүй. Уг өргөдлийг О.П өөрийн гараар бичсэн. Бичихдээ Н.Д, Б.Э нарт миний бие 50 га газраа шилжүүлж байна л гэж бичих гэж байсан байх. Дунд нь үг үсэг орхигдуулсан байхыг үгүйсгэхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнчлэн Б.Э-ын нэрийн өмнөөс О.П өргөдөл бичсэн бол Б.Э гэх хүн энэ асуудал дээр тайлбар хэлэх ёстой. Нэхэмжлэгч тал Б.Э-ыг авчирч гэрчийн мэдүүлэг өгүүлэх ёстой байсан. Б.Э-ын тухайд нэхэмжлэгчээс залуу хүн байдаг. Бичиг үсгийн чадвартай л хүн байх. Маргаан бүхий өргөдлийг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бичсэн байдаг, мөн эрх шилжүүлэх гэрээг ч тэр өдөр хийсэн байдаг. Б.Э гэдэг хүн тухайн өдөр О.П-тэй хамт байгаа хирнээ О.П-гээр өргөдөл бичүүлж өөрөө газраа өгчихөөд дахиад тэр газраа авах гээд эрх шилжүүлээд зогсож байна гэж юу байх вэ дээ. Мөн газар эзэмших эрх олгосон хүчинтэй захирамжийн хавсралтад байгаа нэрсийн жагсаалтад Б.Э гэдэг хүний нэр байхгүй байна. Харин хуучин хүчингүй болгосон захирамжид нэр нь байна. Б.Э гэх хүн өөрөө газаргүй юм байж хүнд шилжүүлэн өгнө гэсэн зүйл байхгүй. Мөн дээрэмдэж авсан гэж яриад байна. Ийм зүйл огт байхгүй. Хэрвээ дээрэмдсэн гэж бодож байгаа бол эрүүгийн журмаараа шалгуулаад яваарай. Миний хувьд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Мэдэхгүй байж байгаад гэнэт 6 жилийн дараа мэдээд шүүхээр яваад байгаа зүйл байхгүй. Анхнаасаа О.П газраа “М” ХХК-д шилжүүлснээ мэдэж байсан. Гэрээний үүрэгтэй холбогдуулан шаардлага гаргах хугацаа 3 жил байна гэж хуульд заасан. Энэ хуульд заасан хугацаа дууссан байхад нэхэмжлэлийн шаардлага гаргаад яваад байдаг. Ийм учраас нэгдүгээрт газар шилжүүлэх өргөдлийг О.П өөрөө бичиж өгсөн, мөн өөрөө газраа шилжүүлэх гэж байгаагаа мэдэж байсан байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дуусан байх тул эдгээр хоёр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс:  

- 2015 оны 5 сарын 08-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ

- Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 109/ШШ2021/00.. дугаар шийдвэр

- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 сарын 16-ны өдрийн ... дүгээр магадлал

- А аймгийн Х сумын Засаг даргын 2015 оны 4 сарын 30-ны өдрийн “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай” а/... дүгээр захирамж, хавсралт

- А аймгийн Х сумын Засаг даргын 2015 оны 5 сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” а/... дугаар захирамж, 1 дүгээр хавсралт

- А аймгийн Ш-ийн ш-ний албаны шинжээчийн 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 0.. дугаар дүгнэлт, шинжилгээ хийхэд холбогдох материал, А аймгийн Ш-ийн ш-ний албаны 2021 оны 11 сарын 19-ний өдрийн 13А/137 тоот албан бичиг,

-А аймгийн Х сумын Х багийн иргэн О.П-гийн 2015 оны 05 сарын 08-ны өдөр Х сумын ЗДТГ-ын дэргэдэх газрын албанд гаргасан өргөдөл,

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б-н хүсэлтээр

- Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргуулсан нотариатын бүртгэлийн дэвтэр,

 

6. Хариуцагч Т.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С-гийн хүсэлтээр

- Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр О.П-гийн Хайрхан сумын газрын албанд гаргасан өргөдлийн эх хувьд “Үзлэг хийсэн тухай тэмдэглэл”, үзлэг хийхэд хуулбарлан авсан холбогдох баримтууд,

- Гэрч Х.Д-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.П-гийн хариуцагч Н.Д-д холбогдуулан гаргасан О.П, Н.Д нарын 2015 оны 5 сарын 08-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хариуцагч Т.С-д холбогдуулан гаргасан О.П, Н.Д нарын 2015 оны 5 сарын 08-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Нэхэмжлэгч тал доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

 

-2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч О.П нь Н.Д Б.Э нартай газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээ хийсэн гэж үзэж А аймгийн Х сумын Засаг дарга захирамж гарган иргэн О.П-гийн эзэмшлийн 50 га газрыг Н.Д, Б.Э нарын эзэмшлийн “М” ХХК-д шилжүүлсэн байдаг. Хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд байгаа эрх шилжүүлэх гэрээ гэх баримтыг үйлдэж, тухайн үеийн сумын Засаг даргын тамгын газрын дарга, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Т.С гэрээг гэрчлэх үед нэхэмжлэгч О.П байлцаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.П-гийн хууль ёсны эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших эрх нь зөрчигдсөн учир шүүхэд хандсан. Манай зүгээс дараах үндэслэлүүдээр хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан гэрээг хууль бус гэж үзэж байна. Нэгдүгээрт: Тус гэрээ гэх баримтад дээр нэхэмжлэгч О.П-д иргэн Н.Д 2,000,000 төгрөг өгч худалдаж авсан гэж бичигдсэн байдаг. Н.Д-ын тухайд Захиргааны хэргийн шүүх дээр би нэг ч төгрөг өгөөгүй байгаа гэдэг талаараа хэлсэн. Хоёрдугаарт: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралт болон нотариатын үйлдэл хийх зааврын дагуу нотариатч хүн гэрээг гэрчилж үйлчилгээ үзүүлэх ёстой. Тус зааврын 3 дугаар зүйлийн 3.6-д нотариатын бүртгэлийн дэвтэрт гэрээг гэрчилсэн хоёр үйлчлүүлэгчийг тэмдэглэж, гарын үсгийг нь зуруулж нэрийн тайллыг нь бичих ёстой байдаг. Х суманд хадгалагдаж байгаа нотариатын бүртгэлийн дэвтэр дээр хоёр үйлчлүүлэгчийн аль алиных нь гарын үсэг зурагдсан баримт огт байдаггүй. Үүгээр энэхүү гэрээг оролцогч тал байхгүйгээр хийгдсэн гэрээ гэж үзэж байгаа. Гуравдугаарт: Нотариатын үйлдэл хийх зааврын 5.9-д улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж гэрчилгээ авснаар эзэмших эрх нь батлагддаг хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэрчилгээ аваагүй байхад нь эрх шилжүүлэх гэрээг гэрчлэхийг хуулиар хориглодог. Манай тохиолдолд энэхүү газрыг нэхэмжлэгч О.П-д олгох Засаг даргын захирамж гарсан боловч кадастрын зураг нь хийгдээгүй, гэрчилгээ нь олгогдоогүй байсан. Энэ тохиолдолд Газрын тухай хуулиар ч тэр Нотариатын тухай хуулиар ч тэр бусдад шилжүүлэхийг хориглосон заалт байдаг. Энэ заалтыг зөрчсөн. Дөрөвдүгээрт: Нотариатын үйлдэл хийх заавраар гэрээг нотариат дээр хэрхэн гэрчлэх тухай хэд хэдэн заалтыг зөрчсөн. Аливаа гэрээ хэлцлийг нотариат гэрчлэхдээ хоёр талын бичиг баримт, биеийн байцаалтыг нь арын нүүрэн дээр нь хавсаргаж нотариатын тамгаар баталгаажуулж хийдэг. Энэхүү үйлдэл огт хийгдээгүй. Гэрээний арын нүүр нь хоосон байгаа. Тавдугаарт: Эрх шилжүүлэх гэрээ гэх баримтын О.П гэх нэрийн доор зурагдсан гарын үсгийг Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний байгууллага өөрсдийн хууль үрмийн дагуу нотлох баримтыг цуглуулж 061, 062 дугаар иргэн О.П-гийн гарын үсэг болох нь тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Тухайн үед нотариатаар ажиллаж байсан Т.С нь Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасныг харахаар нотариатч хуульд нийцсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилнэ гэх, мөн хуулийн 44.4-т үйлчлүүлэгч биечлэн ирж тухайн баримт бичиг болон нотариатын үйлдлийн бүртгэлд гарын үсэг зурна гэх заалтуудыг зөрчсөн. Мөн Нотариатын үйлдэл хийх зааврын 2.19-т заасан нотариат гэрчилсэн хуудас болгон дээр үйлчлүүлэгч нарын бичгийн болон тоон гарын үсгийг биечлэн зуруулна гэж заасан. Мөн зааврын 14.1-т нотариатчийн баримт бичиг зурсан гарын үсгийг үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийг баримтална гэсэн заалтыг зөрчсөн. Мөн зааврын 14.5-д нотариатч баримт бичиг зурагдсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ өөрийн ажлын байранд үйлчлүүлэгчийг биечлэн ирсэн тохиолдолд үйлчлэх бөгөөд тухайн бичиг баримт болон нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулж үлдэнэ гэдгийг зөрчсөн байна. Эдгээр үндэслэлүүдээр дээрх эрх шилжүүлэх гэрээ гэх баримтыг гэрчилсэн тухайн үеийн сумын нотариатын үүрэг гүйцэтгэгч Т.Сийн нотариатын үйлдлийг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу хүчингүйд тооцуулах, мөн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн О.П, Н.Д, Б.Э нарын хооронд байгуулсан гэх газар эзэмшүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны  дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Т.С болон түүний төлөөлөгч Т.С доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:

 

Нэхэмжлэгч О.П-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Т.С нь 2015 онд А аймгийн Х сумын З д-ын Т-ын г-ын даргаар ажиллаж байхдаа нотариатын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь үнэн. Энэ үед газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг нэхэмжлэгч О.П, газар худалдаж авсан Н.Д нар өөрсдөө сайн дурын үндсэн дээр хийж, нотариатаар батлуулсан. Т.С нь тухайн үед хашиж байсан албан тушаалын дагуу нотариатын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан байна. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хоёр үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт: Нотариатын тухай хуульд зааснаар нотариатын үйлдлийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр нотариатын үүрэг гүйцэтгэгч хийсэн. Нэхэмжлэгч О.П нь нотариатын үйлдэл хийх явцад оролцсон. Баримтаа өөрөө бүрдүүлээд авчирч өгсөн талаар нотариатын үүрэг гүйцэтгэгч Т.С нь хэлдэг. Захиргааны хэргийн шүүх дээр авагдсан шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэргийн шүүх дээр үнэлэхгүй байж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Уг шинжээчийн дүгнэлтээр гарын үсэг нь биш гэсэн дүгнэлтийг гаргасан. Миний хувьд уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь нэг шүүх дээр авагдсан нотлох баримтыг нөгөө шүүх дээр эх сурвалж болгож гаргаж ирээд байгаа нь хууль зөрчиж байгаа асуудал. Газар эзэмших эрх шилжих гэрээ нь гарын үсэгтэй байгаа учраас нотариатын үйлдэл нь хууль ёсны дагуу хийгдсэн байна гэж харахаар байна. Нөгөө талаас газар эзэмших эрх шилжсэн захирамж нь өнөөдөр хүчин төгөлдөр л байж байгаа. Шүүх өнөөдөр энэ эрх шилжүүлэх гэрээг хүчинтэй эсэхийн талаар ямар нэг шийдвэр гарсан тохиолдолд эрх зүйн ач холбогдолгүй эрхийн акт болох талтай. Нөгөө талаар газар эзэмших эрх шилжих гэрээг иргэд хоорондоо тохиролцоод хийчихсэн байдаг. Энэ талаар ч гэсэн газрын даамал О.П гэх хүн газар эзэмших эрх шилжүүлэх энэ ажилд гол үүрэгтэй оролцсон, бусдынхаа бичиг баримтыг өмнөөс нь бүрдүүлээд яваад байсан гэж хэлж байна. Газар шилжсэн талаар хэлэхэд ойлголоо гэж хэлээд зөрж байсан талаар ч хэлж байна. Хоёрдугаарт: Гэрээний эрх зүйтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой. Нотариатын үйлдэл нь 2015 онд хийгдсэн байдаг. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж хуульд заасан. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал байна гэж үзэж байгаа. Нотариатын үйлдэл бол талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн үйлдэл учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэжээ. 

 

4. Хариуцагч Н.Д болон түүний төлөөлөгч А.С доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая тайлбартаа гэрчилгээ гараагүй байхад эрх шилжүүлсэн гэж байна. Үүнд хариуцагч Н.Д, Б.Э нарт буруу байхгүй. Гэрчилгээ гарсан эсэх талаар авч байгаа тал мэдэхгүй. Үүн дээр ямар нэг хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийг 8 жилийн дараа гаргаж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой гэж бодож байна. Нөгөөтэйгүүр О.П огт мэдээгүй байхад миний газрыг шилжүүлж авсан гэж яриад байдаг. Тийм зүйл байхгүй. Мэдэж байсан. Өөрөө газрыг шилжүүлж өгнө үү гээд хүсэлтээ бичээд шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлага дээр О.П миний бие газраа шилжүүлээгүй. 2015 оны 05 дугаар сард Н.Д-тай уулзаж газар тариалан эрхлэхээр бэлдэж байгааг нь мэдсэн. Хуурамчаар миний газрыг шилжүүлж авсан байна гэх зүйлийг хэлдэг. О.П өөрийн газраа Н.Д-д шилжүүлж байгаагаа өөрөө сайн мэдэж байсан. Үүнийг ч гэрч хэлж байна. Мөн маргаан бүхий өргөдлийг өөрийн гараар бичсэн гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Мөн тухайн үед О.П нь багийн Засаг даргаар ажиллаж байсан. Багийн Засаг даргаар ажиллаж байсан хүн хүний нэрийн өмнөөс өргөдөл бичээд баталгаа гаргаад яваад байна гэж байхгүй. Уг өргөдлийг О.П өөрийн гараар бичсэн. Маргаан бүхий өргөдлийг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бичсэн байдаг, мөн эрх шилжүүлэх гэрээг ч тэр өдөр хийсэн байдаг. Б.Э гэдэг хүн тухайн өдөр О.П-тэй хамт байгаа хирнээ О.П-гээр өргөдөл бичүүлж өөрөө газраа өгчихөөд дахиад тэр газраа авах гээд эрх шилжүүлээд зогсож байна гэж юу байх вэ дээ. Миний хувьд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Мэдэхгүй байж байгаад гэнэт 6 жилийн дараа мэдээд шүүхээр яваад байгаа зүйл байхгүй. Анхнаасаа О.П газраа “М” ХХК-д шилжүүлснээ мэдэж байсан. Гэрээний үүрэгтэй холбогдуулан шаардлага гаргах хугацаа 3 жил байна гэж хуульд заасан. Энэ хуульд заасан хугацаа дууссан байхад нэхэмжлэлийн шаардлага гаргаад яваад байдаг. Ийм учраас нэгдүгээрт газар шилжүүлэх өргөдлийг О.П өөрөө бичиж өгсөн, мөн өөрөө газраа шилжүүлэх гэж байгаагаа мэдэж байсан байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дуусан байх тул эдгээр хоёр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2015 оны 5 сарын 08-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 109/ШШ2021/00.. дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 сарын 16-ны өдрийн ... дүгээр магадлал, А аймгийн Х сумын Засаг даргын 2015 оны 4 сарын 30-ны өдрийн “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай” а/.. дугаар захирамж, А аймгийн Х сумын Засаг даргын 2015 оны 5 сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” а/... дугаар захирамж, 1 дүгээр хавсралт, А аймгийн Ш-ийн ш-ний албаны шинжээчийн 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 0.. дугаар дүгнэлт, шинжилгээ хийхэд холбогдох материал, А аймгийн Ш-ийн ш-ний албаны 2021 оны 11 сарын 19-ний өдрийн 13А/137 тоот албан бичиг, нотариатын бүртгэлийн дэвтэр, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр О.П-гийн Х сумын газрын албанд гаргасан өргөдлийн эх хувьд “Үзлэг хийсэн тухай тэмдэглэл”, үзлэг хийхэд хуулбарлан авсан холбогдох нотлох баримтууд, гэрч Х.Д-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6. Нэхэмжлэгч О.П нь хариуцагч Т.С-д холбогдуулан гаргасан О.П, Н.Д нарын 2015 оны 5 сарын 08-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хариуцагч Т.С А аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэж байсан нь хариуцагч Т.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, нэхэмжлэгч талын тайлбар зэргээр тогтоогддог ба О.П, Н.Д нарын хооронд 2015 оны 5 сарын 08-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г нотариатын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа гэрчилсэн байна. /1 дүгээр хавтасны 9 ху/

 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.2.1-т “газар эзэмших эрхийн гэрчилгээг талууд гаргаж, нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ хавсаргана” гэж заасны дагуу О.П, Н.Д нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатчаар гэрчлүүлж бүртгэлийн 978 дугаарт бүртгэсэн нь нотариатын бүртгэлийн дэвтрээр тогтоогддог ба уг бүртгэлийн дэвтэрт О.П-гийн гарын үсэг зурагдаагүй байна. /1 дүгээр хавтасны 172-175ху/

 

О.П болон “М” ХХК-ийн захирал Н.Д нарын хооронд 2015 оны 05 сарын 08-ны өдөр байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нд зурсан иргэн О.П-гийн гарын үсэг, түүний бичгийн хэв, гарын үсэгтэй тохирч буй эсэх талаар шинжилгээ хийлгэхээр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шүүгчийн захирамжаар А аймгийн Ш-ийн ш-ний албыг шинжээчээр томилсон.

 

А аймгийн Ш-ийн ш-ний албаны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 062 дугаар дүгнэлтэд “О.П болон “М” ХХК-ийн захирал Н.Д нарын хооронд 2015 оны 05 сарын 08-ны өдөр байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нд зурагдсан гарын үсэг О.П-гийн гэх туршилтын болон чөлөөт загвараар ирүүлсэн гарын үсэгтэй тохирохгүй байна.” гэжээ. /1 дүгээр хавтасны 85-96ху/

 

Иймд шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нэхэмжлэгч О.П нь 50 га газрыг эзэмших эрхийг 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Н.Д-д шилжүүлсэн гэрээнд гарын үсгээ зураагүй болох нь тогтоогдож байна.

 

Дээрхээс дүгнэвэл хариуцагч Т.С нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг дор дурдсаны дагуу нягтална.” гэж, 46.2.1-т: “талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх” гэж, 46.2.2-т: “бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх” гэж, 46.2.3-т: “агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх” гэж, 46.2.4-т: “үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх” гэж, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т: “энэ хуулийн 46.2-т заасан нөхцөл байдлын аль нэг нь зөрчигдсөн бол нотариатч гэрээ хэлцлийг гэрчлэхээс татгалзана” гэж, 31 дүгээр зүйлийн 31.1.6-д заасан тохиолдолд нотариатч нотариатын үйлдэл хийхээс татгалзана гэж, 44 дүгээр зүйлийн 44.4-т: “Үйлчлүүлэгч биечлэн ирж тухайн баримт бичиг болон нотариатын үйлдлийн бүртгэлд гарын үсгээ зурна” гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 171 дүгээр тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааврын 5.5-д “гэрээ, хэлцлийн агуулгыг хянах явцад тэдгээр нь хууль тогтоомж зөрчсөн, эсхүл өөр гэрээ хэлцлийг халхавчлах зорилго агуулсан, түүнчлэн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зэрэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр байх хэлцлийн шинжийг агуулсан, эсхүл хэлцэл хийсэн этгээд ноцтой төөрөгдсөн, мэхлэгдсэн, хүчинд автсан зэрэг Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцлийн шинж илэрвэл тухайн гэрээ хэлцлийг нотариатч гэрчлэхгүй” гэж заасныг тус тус зөрчиж О.П, Н.Д нарын хооронд 2015 оны 5 сарын 08-ны өдөр байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г нотариатаар гэрчилсэн байх тул Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3-т заасныг баримтлан 2015 оны 5 сарын 08-ны өдөр байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г гэрчилсэн 2015 оны 5 сарын 08-ны өдрийн бүртгэлийн 978 дугаартай нотариатын үйлдлийг шүүх хүчингүйд тооцох нь зүйтэй байна.

 

            Нотариатын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.6, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан А/18, 12 дугаар тушаалын хавсралтын 2.1, 2.1.1-д заасныг баримтлан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц шийдвэрийг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй байна.

 

Хариуцагч Т.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргуулсан дүгнэлт учраас А аймгийн Ш ш-ний албаны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №0.. дугаар шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэргийн анхан шатны шүүх үнэлэх боломжгүй гэж маргадаг.

 

Харин “О.П болон “М” ХХК-ийн захирал Н.Д нарын хооронд 2015 оны 05 сарын 08-ны өдөр байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нд зурагдсан гарын үсэг О.П-гийн гэх туршилтын болон чөлөөт загвараар ирүүлсэн гарын үсэгтэй тохирохгүй байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн, үндэслэлгүй хийгдсэн гэх үндэслэлийн талаар маргаагүй болно.

 

8. О.П, Н.Д нарын хооронд 2015 оны 5 сарын 08-ны өдөр байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагын тухайд:

 

Гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлагад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байдаг бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” хуульчилсан.

 

Хариуцагч Н.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С болон хариуцагч Т.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С нар “...хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргадаг.

 

Нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох шаардах эрхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хугацаа хамааралтай бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.П нь өөрийн эзэмшлийн 50 га газрыг “М” ХХК-ийн захирал Н.Д-д шилжүүлэхээр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулан нотариатаар гэрчлүүлсэн талаар хариуцагч Н.Д-тай 2021 оны 05 сарын 05-ны өдөр уулзахдаа мэдсэн, энэ үеэс буюу нотариатаар гэрчлүүлсэнийг олж мэдсэн үеэс нотариатчийн үйлдлийн талаар шаардах эрх үүссэн байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж мэтгэлцэж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, Т.С нарын тайлбар үндэслэлгүй байна.

 

   Мөн нэхэмжлэгч О.П хариуцагч Н.Д нар 2015 оны 5 сарын 8-ны өдөр 50 га газрыг эзэмших эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч тал “ ... уг гэрээг байгуулж гарын үсэг зураагүй, гэрээний үнэ 2,000,000 төгрөгийг аваагүй” гэж, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, Т.С нар “О.П-гийн өөрийн гараар бичигдсэн тодорхойлолтыг үндэслэж гэрээг хийсэн, гэрээ байгуулсныг О.П өөрөө мэдэж байсан. Газар шилжүүлэх өргөдлийг О.П өөрөө бичиж өгсөн, мөн өөрөө газраа шилжүүлэх гэж байгаагаа мэдэж байсан байна.” гэж, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Х.Д “О.П газар эзэмших эрх шилжүүлэхийг мэдэж байсан. Над дээр 2 удаа Н.Д гэх хүнтэй орж ирээд өөрийн газраа Хайрхан багийн 5 хүний гарын үсэгтэй хамт шилжүүлэх гэж байгаа гэж хэлээд гар өргөдөл барьж орж ирж байсан. Бид нэг дор ажилладаг байсан учир О.П гэх хүн мэдээгүй байх үндэслэлгүй” гэж мэдүүлж, тайлбарлаж, маргаж байна.

  

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.2.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргаж нотариатчаар гэрчлүүлсэн гэрээг хавсаргана” гэж, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан ... тохиолдолд гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус хуульчилсан байх тул талууд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулахаар байна.

 

Нэхэмжлэгч О.П, хариуцагч Н.Д нарын хооронд байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нд зурагдсан О.Пгийн гарын үсэг түүний гарын үсэг мөн эсэхийг тогтоох шинжилгээ хийсэн шинжээчийн 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 062 дугаар дүгнэлтэд уг гэрээнд зурагдсан гарын үсэг О.Пгийн гэх туршилтын болон чөлөөт загвараар ирүүлсэн гарын үсэгтэй тохирохгүй гэжээ.

 

Иймд 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г нэхэмжлэгч О.П хариуцагч Н.Д-тай байгуулаагүй гэж үзэх бөгөөд гэрээг газар эзэмших эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй байгуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь зүйтэй байна.

 

2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн гэрээнд ”газрын эрх шилжүүлэн авах үнэ 2,000,000 төгрөгөөр үнэлж эрх шилжүүлж, 2018 оны 05 сарын 08-ны өдөр төлж дуусгасан байна. Төлбөрийг мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр хийж болно.” гэсэн байх бөгөөд 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч О.П аваагүй гэдэгтэй хариуцагч Н.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С маргадаггүй.

 

О.П, Н.Д нарын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн гэрээг үндэслэж А аймгийн Х сумын Засаг даргын 2015 оны 5 сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” а/45 дугаар захирамжаар Н.Дын эзэмших эрхтэй газрыг М ХХК-д шилжүүлсэн байх ба О.П, Н.Д нарын байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсоны үр дагаврыг шийдвэрлэхэд буюу газар эзэмших эрхийг буцаан өгөхөд А аймгийн Х сумын Засаг даргын 2015 оны 5 сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” а/45 дугаар захирамж саад болж байгаа тул хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэх боломжгүй байна. 

 

            9. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Соос 70,200 төгрөгийг, хариуцагч Н.Даас 46,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Пд олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3-т зааснаар нэхэмжлэгч О.Пгийн хариуцагч Т.Сид холбогдуулан гаргасан О.П, Н.Д нарын хооронд байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г гэрчилсэн 2015 оны 5 сарын 08-ны өдрийн бүртгэлийн 978 дугаартай нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар О.П, Н.Д нарын хооронд 2015 оны 5 сарын 08-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Соос 70,200 төгрөг, хариуцагч Н.Даас 46,950 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Пд олгосугай.

 

4. Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц шийдвэрийг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЭЛБЭГЗАЯА