| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2023/00309/И |
| Дугаар | 129/ШШ2023/00418 |
| Огноо | 2023-09-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 129/ШШ2023/00418
| 2023 оны 09 сарын 05 өдөр | Дугаар 129/ШШ2023/00418 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Т овогт А.Б,
Хариуцагч: С овогт Б.Г нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 38,877,336.27 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.З
Хариуцагч А.Б
Хариуцагч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК нь зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 38,877,336.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Хариуцагч А.Б, Б.А нар нь Т ХХК-иас 2022 оны 1 сарын 20-ны өдрийн ... тоот гэрээгээр 40,000,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй 23 сарын хугацаатай 2021 оны малын А дансаар 395 толгой мал, ... хаягт байршилтай Ү-0118000...., Г-011800....... тоот бүртгэлийн дугааруудтай хувийн сууцны зориулалттай хашаа байшин газрын хамт барьцаалан малчны зээл авсан. Мөн 2022 оны 1 сарын 20-ны өдрийн .... тоот зээлийн гэрээ байгуулан зээлийн гэрээнд зээлдэгч А.Б болон хамтран зээлдэгч Б.А нар нь гарын үсгээ зурсан байдаг. Зээлдэгч А.Б болон хамтран зээлдэгч Б.А нар нь дээрх .... тоот зээлийн гэрээ болон түүний хавсралт 1 дэх зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон үндсэн хүүгээ эргүүлэн төлөхгүй байгаа тул зээлдэгчдэд 2023 оны 1 сарын 18-ны өдөр, 2023 оны 1 сарын 30-ны өдөр, 2023 оны 3 сарын 10-ны өдөр тус тус гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг өгсөн байдаг. Зээлдэгчтэй Т ХХК-ийн ажилтнууд байнга очиж уулзаж сануулсан. Зээлдэгч 2023 оны 5 сарын 01-ний өдрийн байдлаар зээлээ төлөхгүй 150 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгч А.Б, Б.А нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, зээл төлөхөөс зайлсхийж байгаа тул 2023 оны 5 сарын 16-ны өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүү, төлбөрийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Үүнд: үндсэн зээл 36,082,438.35 төгрөг, үндсэн хүү 2,711,340.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,057.19 төгрөг, нийт 38,832,836.27 төгрөг, нотариатын зардал 44,500 төгрөг, нийт 38,877,336.27 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж хариуцагч А.Б, Б.А нартай байгуулсан 2022 оны 1 сарын 20-ны өдрийн ... тоот зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2023 оны 5 сарын 16-ны өдрийн байдлаар 38,877,336.27 төгрөгийг хариуцагч А.Б, Б.А нараас гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь Т ХХК-ийн А аймаг дахь салбараас 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 43 дугаар зээлийн гэрээ байгуулаад 40,000,000 төгрөгийн зээлийг авсан байдаг. Зээлийг авахдаа 395 тооны толгой мал, мөн ... байршилтай Ү-011800...., Г-011800.... улсын бүртгэлийн дугаартай хашаа байшинг газрын хамт барьцаалан тус зээлийг авсан байдаг. Уг зээлийн эргэн төлөлтийг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 262 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Иймд манай банкнаас хариуцагч нарт холбогдуулан 38,877,336.27 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нар зээлээ хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч талаас хугацаа өгч эвлэрэх боломжгүй гэв.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А-гийн тайлбарыг дэмжиж байна гэв.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А-гийн тайлбарыг дэмжиж байна гэв.
6. Хариуцагч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2022 оны 01 дүгээр сард Т ХХК-иас мал болон эд зүйлийг барьцаалан 40,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн төлөлт нь 2022 оны 07 дугаар сар, 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 06 дугаар сар, 2023 оны 12 дугаар сард төлөх байсан. Би 2022 оны 12 дугаар сарын үед Эрдэнэт хот руу явж машин тэрэг худалдан борлуулсан боловч худалдаж авсан хүн нь төлбөр мөнгөө бүрэн төлөөгүйгээс болоод тухайн хугацаандаа зээлээ төлж чадаагүй. Дараа нь оны эхээр машины мөнгө орж ирсэн, мөн ноос ноолуур гараад зээлээ төлөх гэсэн боловч энэ хавар хүнд хатуу хавар болсон учир тухайн машиныхаа мөнгөөр малдаа өвс тэжээл авсаар байгаад мөнгөө дууссан. Хавар малаа онд оруулаад тарга тэвээрэг авахаар нь зарж борлуулаад зээлээ төлнө гэсэн ч мал сайн таргалж өгөхгүй байсан. Ингээд 7 сар болсон. Аав маань 5 сард нас бараад 7 сард 49 хоног нь болж буяны ажил нь дууссан. 8 сард малаа зарж борлуулах гэсэн боловч махны үнэ маш доогуур байсан. Миний нэхэмжлэгч талаас хүсэх хүсэлт гэвэл одоо хадлан тэжээлийн эд үе байгаа. Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр хадлангаа аваад дуусна. Түүнээс хойш надад 10-15 хоногийн хугацаа өгөх юм бол би зээлээ төлөх боломжтой. Иймд хугацаа өгнө үү гэв.
7. Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Б-тай санал нэг байна гэв.
7. Нэхэмжлэгчээс:
- Т ХХК, Г.Б, Б.А нарын байгуулсан 2022 оны 1 сарын 20-ны өдрийн 43 дугаар “Барьцаат зээлийн гэрээ /малчин/”-ний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны зүйлийн жагсаалт,
- Т ХХК, Г.Б, Б.А нарын байгуулсан 2022 оны 1 сарын 20-ны өдрийн 43 дугаар “Барьцааны гэрээ /үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө/”-ний хуулбар,
- А.Б, Б.А нарын “Иргэний үнэмлэхийн лавлагаа”,
- А.Б, Б.А нарын хаягийн мэдээлэл,
- А.Б, Б.А нарын гэрлэлтийн мэдээлэл,
- 2023 оны 1 сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл,
- 2023 оны 1 сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл,
- 2023 оны 3 сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл,
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2022 оны 1 сарын 17-ны өдрийн 39 тоот тодорхойлолт,
- 4 дүгээр багийн иргэн Б-гийн малын задаргаа хийсэн жагсаалт,
- А.Б-гийн малын А дансны лавлагаа,
- А.Б-гийн 2022 оны 1 сарын 21-ний өдрөөс 2023 оны 4 сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн дансны харилцагчийн хуулга,
- Д.А-ын 000081729 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
-Д.А-аас А.Б-д 2022 оны 01 сарын 19-ний өдөр олгосон “Итгэмжлэл”,
- Д.А, Д.Б нарын ...... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч А.Б, Б.А нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 38,877,336.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч байгууллага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... Хариуцагч нар нь Т ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 43 дугаар зээлийн гэрээ байгуулаад 40,000,000 төгрөгийн зээлийг авсан байдаг. Зээлийг авахдаа 395 тооны толгой мал, мөн ... байршилтай Ү-011800...., Г-011800.... улсын бүртгэлийн дугаартай хашаа байшинг газрын хамт барьцаалан тус зээлийг авсан байдаг. Уг зээлийн эргэн төлөлтийг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 262 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Иймд манай банкнаас хариуцагч нарт холбогдуулан 38,877,336.27 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нар зээлээ хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч талаас хугацаа өгч эвлэрэх боломжгүй гэжээ.
3. Хариуцагч А.Б доорхи байдлаар нэхэмжлэлийн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
... Би 2022 оны 01 дүгээр сард Т ХХК-иас мал болон эд зүйлийг барьцаалан 40,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн төлөлт нь 2022 оны 07 дугаар сар, 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 06 дугаар сар, 2023 оны 12 дугаар сард төлөх байсан. Миний нэхэмжлэгч талаас хүсэх хүсэлт гэвэл одоо хадлан тэжээлийн эд үе байгаа. Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр хадлангаа аваад дуусна. Түүнээс хойш надад 10-15 хоногийн хугацаа өгөх юм бол би зээлээ төлөх боломжтой. Иймд хугацаа өгнө үү гэжээ.
4. Хариуцагч Б.А доорхи байдлаар нэхэмжлэлийн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
-Хариуцагч Г.Бат-Амгалантай санал нэг байна гэжээ.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Т ХХК, Г.Б, Б.А нарын байгуулсан 2022 оны 1 сарын 20-ны өдрийн №... дугаар “Барьцаат зээлийн гэрээ /малчин/”-ний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны зүйлийн жагсаалт, Т ХХК, Г.Б, Б.А нарын байгуулсан 2022 оны 1 сарын 20-ны өдрийн 43 дугаар “Барьцааны гэрээ /үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө/”-ний хуулбар, А.Б, Б.А нарын “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, А.Б, Б.А нарын хаягийн мэдээлэл, А.Б, Б.А нарын гэрлэлтийн мэдээлэл, 2023 оны 1 сарын 18-ны өдрийн, 2023 оны 1 сарын 30-ны өдрийн, 2023 оны 3 сарын 10-ны өдрийн “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”-үүд, А аймгийн Э сумын 2022 оны 1 сарын 17-ны өдрийн 39 тоот тодорхойлолт, 4 дүгээр багийн иргэн Б-гийн малын задаргаа хийсэн жагсаалт, А.Б-гийн малын А дансны лавлагаа, А.Б-гийн 2022 оны 1 сарын 21-ний өдрөөс 2023 оны 4 сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн дансны харилцагчийн хуулга, Д.А-ын 000081729 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.А, Д.Б нарын 000157938 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг, Д.А-с А.Б-д 2022 оны 01 сарын 19-ний өдөр олгосон “Итгэмжлэл” зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр гэрээ байх ба талууд гэрээ байгуулсантай маргаагүй.
Зээлдэгч А.Б, Б.А нар нь Т ХХК-тай байгуулсан 2022 оны 1 сарын 20-ны өдрийн №43 дугаар “Барьцаат зээлийн гэрээ”-ний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн нь 2023 оны 1 сарын 18-ны өдрийн, 2023 оны 1 сарын 30-ны өдрийн, 2023 оны 3 сарын 10-ны өдрийн “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”-үүд, зохигчийн шүүх хуралдаанд болон шүүхэд ирүүлсэн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог ба хариуцагч А.Б, Б.А нар нь нэхэмжилсэн 38,877,336.27 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрдөг.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү гэрээнд зааж болно.” гэж тус тус заасан байх тул Т ХХК нь хариуцагч нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч А.Б, Б.А нар нь 2022 оны 1 сарын 20-ны өдрийн №43 дугаар “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч А.Б, Б.А нараас үндсэн зээлийн үлдэгдэл 36,082,438.35 төгрөг, үндсэн хүү 2,711,340.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,057.19 төгрөг, нотариатын зардал, нийт 38,877,336.27 төгрөгийг гаргуулан Т ХХК-д олгох нь зүйтэй байна.
6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,659 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б, Б.А нараас 350,659 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид Т ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн Архангай салбарын хариуцагч А.Б, Б.А нартай байгуулсан 2022 оны 1 сарын 20-ны өдрийн ... тоот “Барьцаат зээлийн гэрээ”-г цуцалж, хариуцагч А.Б, Б.А нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 38,877,336.27 /гучин найман сая найман зуун далан долоон мянга гурван зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,659 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч А.Б, Б.А нараас 350,659 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА