Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 133/ШШ2023/00375

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 133/ШШ2023/00375

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ....... аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй,

хариуцагч: ..... овгийн Б.А,

хариуцагч: ..... овгийн Б.Н нарт холбогдох

эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг 3,000,000 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Иргэн Б.А нь тус газраас хэрэгжүүлдэг ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж 36 сарын хугацаатай хүүгүй 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулж, Хаан банкны ............. тоот дансанд санхүүжилтийг авсан. Гэрээг байгуулсанаас хойш 1,500,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 3,000,000 (гурван сая) төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд эргэн төвлөрүүлээгүй. Тэгээд тодруулахад 2022 оны 12 сард нас барсан байсан. Батлан даагчтай нь холбоо барихад төлөх боломжгүй, нөхрөөсөө асууя гэх хариу хэлсэн. Тэгээд төлөхгүй болохоор нь манайх байгууллагаа хохиролгүй болгохын тулд 3,000,000 төгрөгийг батлан даагчаас нь гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Батлан даалтын гэрээ хийгээд нотариатаар батлуулсан. Үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагчаар анз, торгуулийн хамт төлүүлэх заалттай гэрээ байгаа. Иймд бүрдүүлсэн материалыг үндэслэн иргэн Б.А-тай байгуулсан гэрээний 4.3, 4.10-д заасны дагуу зээлийн төлбөр болох 3,000,000 (гурван сая) төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч Б.Н-ийн тайлбар: Миний хадам эгч болох Б.А нь 2020 оны 05 сарын 15-ны өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлдэг ажлын байр дэмжих хөтөлбөрт хамрагдаж 36 сарын хугацаатай хүүгүй 4,500,000 эргэн төлөлттэй зээл авсан юм. Тухайн үед заавал нийгмийн даатгал төлдөг хүн хамтрагчаар оруулж зээлээ ав гэсэн шаардлага тавьсан учир над руу ярьж “Эгчийн дүү ирээд гарын үсэг зураад өг. Эгч нь хот руу бараа материалаа захих гэсэн юм” гэж ярьсанаар миний бие очин гарын үсэг зурж өгсөн юм. Өөрөө гэрээр гутал үйлдвэрлэдэг хүн байсан. Б.А нь 2022 оны 09 сард авто машины осолд орж, 2022 оны 12 сард нас барсан. Ингээд энэ мөнгө төлөгдөхгүй хугацаа хэтэрсэн тул тухайн үеийн хамтран зээлдэгч /батлан даагч/ миний нэр дээр шүүх рүү шилжүүлсэн юм. Миний хувьд энэ мөнгийг төлөх боломжгүй. Би энэ зээлийг аваагүй. Намайг гарын үсэг зураад өгөөч гэхээр нь л би гарын үсэг зурж өгсөн. Тэр хүнийг судлаад зээл өгч байгаа юм чинь хамтраад гарын үсэг зурж байна гэж ойлгосон. Үүрэг хариуцлага байгаа гэж бодоогүй. Би ч тэр үед энэ хүнийг нас барчихна гэж бодоогүй. Өөрөө хувиараа юм хийдэг хүн байсан учраас зээл авч юмаа хийх гэж байна даа гэж л бодсон. Ийм зүйл болно гэж тооцоолоогүй гэв.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаар эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь,

-2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаар Батлан даалтын гэрээ,

-Б.А, Б.Н нарын иргэний үнэмлэхийн хуулбар,

-............ аймгийн ........ сумын ........ багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 165 дугаар тодорхойлолт,

-........... ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 65 дугаар тодорхойлолт,

-Б.А-ийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт гаргасан өргөдөл.

 

5. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Байхгүй.

6. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

-......... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 403 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн Б.А-ийн нас барсны бүртгэлийн лавлагаа.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч .......... аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хариуцагч Б.А, Б.Н нарт холбогдуулан эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

3. Хариуцагч Б.Н нь “...Миний хадам эгч болох Б.А нь 2020 оны 05 сарын 15-ны өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлдэг ажлын байр дэмжих хөтөлбөрт хамрагдаж 36 сарын хугацаатай хүүгүй 4,500,000 эргэн төлөлттэй зээл авсан юм. Тухайн үед заавал нийгмийн даатгал төлдөг хүн хамтрагчаар оруулж зээлээ ав гэсэн шаардлага тавьсан учир ... миний бие очин гарын үсэг зурж өгсөн юм. ... Б.А нь 2022 оны 09 сард авто машины осолд орж, 2022 оны 12 сард нас барсан. Ингээд энэ мөнгө төлөгдөхгүй хугацаа хэтэрсэн тул тухайн үеийн хамтран зээлдэгч /батлан даагч/ миний нэр дээр шүүх рүү шилжүүлсэн юм. Миний хувьд энэ мөнгийг төлөх боломжгүй...” гэж татгалзжээ.

4. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад:

........... аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь иргэн Б.А-тай 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаар эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн гэрээ байгуулж, ажлын байрыг дэмжих төслийн хүрээнд 4,500,000 төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 36 сарын хугацаатай олгожээ.

Дээрх гэрээгээр Б.А нь зээлийн 4,500,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд сар бүр 125,000 төгрөгийг төлж дуусгахаар харилцан тохиролцсон байна.

Шүүх ........... аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон хариуцагч Б.А нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг дууссан боловч хариуцагч Б.А нь гэрээг байгуулсанаас хойш 1,500,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд эргэн төвлөрүүлээгүй гэж нэхэмжлэгч тайлбарлажээ.

Иймд гэрээний хугацаа дууссан тул хариуцагч Б.А нь зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буцаан төлөх үүрэгтэй байна.

5. Хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч зээлдэгч Б.А нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 238201001879 дугаар нас барсны бүртгэлийн лавлагаа болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул ......... аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь зээлийн үлдэгдэл төлбөрийг зээлдэгч Б.А-аар төлүүлэхээр шаардах боломжгүй болжээ.

6. Харин ...... аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Б.А-тай 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаар эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн гэрээ байгуулахдаа мөн хариуцагч Б.Н-тэй 09 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулсан байна.  

Уг гэрээний 1.1-д “Энэхүү гэрээгээр батлан даагч тал нь үүрэг гүйцэтгэгч Б.А нь өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, хэрэв тэрээр үүргээ гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрөө төлбөрийг хариуцахаар үүрэг хүлээнэ” гэж тохиролцжээ.

Шүүх нэхэмжлэгч ........ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон хариуцагч Б.Н нарын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ.

Энэ гэрээний талууд нь батлан даагч, үүрэг гүйцэтгүүлэгч нар байх ба үүрэг гүйцэтгэгч үүнд хамаарахгүй. Гагцхүү батлан даагч бусдын эдийн засгийн эрсдэлийг хариуцах үндсэн үүрэг хүлээх тул энэ нь нэг талын гэрээний ангилалд багтдаг. Түүнчлэн зээлийн гэрээтэй хамт батлан даалтын гэрээ байгуулж буй зорилго нь батлан даагчийн амлалтаар гуравдагч этгээдэд зээл олгох боломжийг нээж буй явдал юм.

Тодруулбал ............ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хариуцагч Б.А-г зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч Б.Н-ээр түүний үүргийг буюу төлөгдөөгүй зээлийг төлүүлэх зорилгоор, зээлийн эргэн төлөгдөх нөхцөлийг баталгаажуулах зорилгоор батлан даалтын гэрээг байгуулсан байна.

Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулна” гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байна.

Батлан даалтын гэрээг бичгээр байгуулах нь батлан даагчийг хамгаалах зорилготой байх ба нөгөө талд буюу нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хариу үүрэг үүсэхгүй тул бичгийн хэлбэрээр байгуулснаар батлан даагч нь хариуцлагынхаа талаар эргэцүүлэн бодох, хүлээх хариуцлага, нөхцөл тодорхой байх нөхцөл бүрдэнэ.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар” гэрээг байгуулсанд тооцохоор зааснаар талууд гэрээг бичгээр үйлдэж, хариуцагч Б.Н нь гарын үсэг зурсан тул Батлан даалтын гэрээ байгуулагдсан байна.

Тиймээс хариуцагч Б.Н-ийн “...Би энэ зээлийг аваагүй. Намайг гарын үсэг зураад өгөөч гэхээр нь л би гарын үсэг зурж өгсөн. Тэр хүнийг судлаад зээл өгч байгаа юм чинь хамтраад гарын үсэг зурж байна гэж ойлгосон. Үүрэг хариуцлага байгаа гэж бодоогүй...” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Хариуцагч Б.Н нь Батлан даалтын гэрээний 1.1-д зааснаар “үүрэг гүйцэтгэгч Б.А-г өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, хэрэв тэрээр үүргээ гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрөө төлбөрийг хариуцахаар үүрэг хүлээнэ” гэж тохиролцсон,

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заасан тул Б.А-н гүйцэтгээгүй үүрэг буюу зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч Б.Н нь хариуцан төлөх үүрэгтэй байна.

7. ......... аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон Б.Н нарын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаар Батлан даалтын гэрээний:

-1.2-т “Батлан даагчийн хүлээх үүрэг нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгогдсон эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг, анз, шүүхийн зардал, учирсан хохирлыг үүрэг гүйцэтгэгч тал үүрэг гүйцэтгүүлэгч талд бүрэн нөхөн төлөх хариуцлага байна” гэж,

-1.4-т “Батлан даагчийн хүлээх хариуцлагын хэмжээ нь 4,500,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийн үндсэн төлбөр, 2,250,000 төгрөгийн анз /үндсэн төлбөрийн 50 хувиар тоооцож бичнэ/, 86,950 төгрөгийн шүүхийн зардал /улсын тэмдэгтийн хураамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг хуульд зааснаар тооцно/ .... төгрөгийн учирсан хохирол /Сангийн яам, Үндэсний аудитын газрын албан шаардлага, актаар хохирол тогтоогдсон тохиолдолд нэмж хариуцна/ нийт 6,836,950 төгрөг байна” гэж,

-3.3-т “Үүрэг гүйцэтгэгч нас барсан... нь батлан даагчийг энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөхгүй” гэж тус тус заажээ.

Гэрээний 3.3-т “Үүрэг гүйцэтгэгч нас барсан... нь батлан даагчийг энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөхгүй” гэж заасан тул хариуцагч Б.Н-н “...Б.А нь 2022 оны 09 сард авто машины осолд орж, 2022 оны 12 сард нас барсан юм. Миний хувьд энэ мөнгийг төлөх боломжгүй...” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

8. Иймд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ........ овгийн Б.Н-ээс 3,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ....... аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар 3,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг хариуцагч Б.Н-ээс гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч .......... овгийн Б.Н-ээс 3,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ...... аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар 3,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг хариуцагч Б.Н-ээс гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                        

 

                        

ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ