| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/0927/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/965 |
| Огноо | 2025-10-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/965
2025 10 29 2025/ШЦТ/965
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхзул,
улсын яллагч: Б.Тогтох,
шүүгдэгч: Э.Б. нар оролцсон эрүүгийн 2510000001351 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х. овогт Э.ын Б. /.../,
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 3 хүүхэд, дүү нарын хамт ... дүүргийн ... дугаар хороо, “...” хотхон, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б. нь 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Т.” ХХК-ийн ажилчдын байрны нярав өрөөнөөс бэлэн 9.300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн дээрх компанид ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцуулж өгсөн компьютерийн процессорыг завшиж 9.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Э.Б.гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Эрүүгийн 2510000001351 дугаартай хэргээс:
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16/,
Хохирогч Э.Х.ий мэдүүлэг /хх-ийн 25-27/,
Гэрч Н.А.ийн мэдүүлэг /хх-ийн 33-34/,
Э.Б.гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 65-66/,
Э.Б.гийн хувийн байдалд холбогдох баримтууд /хх-ийн 54-58/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Э.Б. нь 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Т.” ХХК-ийн ажилчдын байрны нярав өрөөнөөс бэлэн 9.300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн дээрх компанид ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцуулж өгсөн компьютерийн процессорыг завшиж 9.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Камерын бичлэгт үзлэг хийсэн “...2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 19 цаг 17 минут 03 секундэд халимаг хар өнгийн үстэй, саарал өнгийн малгайтай цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн цагаан өнгийн ултай гуталтай эрэгтэй хүн болон хар өнгийн цамц, хар өнгийн өмдтэй, хар өнгийн оруулгатай цагаан өнгийн гуталтай эрэгтэй хүн 2 давхрын шатнаас бууж ирэн санхүүгийн өрөө рүү орж байгаа нь бичигдсэн байна.
Тухайн халимаг хар өнгийн үстэй, саарал өнгийн малгайтай цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн цагаан өнгийн ултай гуталтай эрэгтэй хүн 19 цаг 17 минут 37 секундэд гарч явж байгаа бичлэг хяналтын камерт бичигдсэн байв.” гэх тэмдэглэл /хх-ийн 16/,
Хохирогч Э.Х.ийн өгсөн “...Няравын өрөөнөөс мөнгө алга болсон байна гэхээр нь камер шүүхэд Э.Б. нь өрөө рүү нь орж, гараад байсан. Тухайн үед Э.Б. оройн ээлжтэй байсан. Тэр үед шоу толголттой байсан учраас цагдаагийн алба хаагч нар хамгаалалтад гарсан байсан. Тэгээд Э.Б. ажлаас өөр зүйл авсан байж магадгүй гээд өрөө рүү нь ороход өөрийнх нь хэрэглэдэг процессор байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/,
Э.Б.гийн яллагдагчаар өгсөн “...Би А.гаас юм асуух гэж очоод шүүгээний кодыг нь харсан. Тэгээд 2025 оны 08 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 01:00 цагийн алдад очоод хаалганы ручкаг дараад үзэхэд онгорхой байсан. Тэгээд ороод эхлээд 1.600.000 төгрөг, дараа нь 3.650.000 төгрөг, 2.875.000 төгрөг, тэгээд үүргийн 07:00 цагийн үед дахин ороод 270.000 төгрөг авсан. Тэгээд ажил дээрээ сууж байгаад өөрийн ашигладаг компьютерийн процессорыг аваад, зүүн оффисоор гараад, Хороолол явсан. Тэгээд процессороо ломбарданд тавиад, дараа нь ажил руугаа очсон. Тухайн мөнгүүдээр онлайн покер тоглосон.” гэх мэдүүлэг /хх-ийн 66/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б. нь санхүүгийн өрүү рүү нэвтэрч, кодтой сейфийг кодыг нь тааруулан онгойлгож, дотроос нь 9.300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн улмаар тухайн байгууллагаас өөрийн нь ажилд ашиглуулахаар шилжүүлсэн 9.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий компьютерийн процессорыг завшсан үйл баримт тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхийг зөрчиж буюу бусдын эзэмшил, өмчлөлд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Харин Эрүүгийн хуульд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг шунахай сэдэлтээр өөрт шилжүүлэн авч захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Э.Б. нь шунахай сэдэлтээр санхүүгийн өрөөнд нэвтэрч, тусгайлан код хийж цоожилсон байсан сейфний кодыг хийн онгойлгож, байгууллагын мөнгөн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч захиран зарцуулсан, мөн тухайн байгууллагын зүгээс өөрт нь ажилтны хувиар албан хэрэгцээнд нь ашиглуулахаар шилжүүлсэн байсан компьютерийн процессорыг завшиж, барьцаалан зээлдүүлэх газарт тавьж, өөртөө эдийн давуу байдал бий болгосон үйл баримт зэргийг санаатай үйлдэл гэж үзэхээр байна.
Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.Б.гаас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн, биет байдлаар буцаан өгсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Тийнхүү шүүх шүүгдэгч Э.Б.г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол, төлбөрийн талаар:
Хохирогчид компьютерын процессорын тухайд 9.500.000 төгрөгийн учирсан боловч шүүгдэгч нь биет байдлаар буцаан өгсөн, бэлэн мөнгөний тухайд 9.300.000 төгрөгийн хохирол учирч, шүүгдэгч нь 5.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх 4.300.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул /хх-ийн 95/ шүүгдэгчээс гаргуулан хохирогч “Т.” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Э.Б.г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Э.Б. нь дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Улсын яллагчаас “шүүгдэгч Э.Б.д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх” талаар санал гаргасныг шүүгдэгч Э.Б. танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол хэсэгчлэн төлөгдсөн байдал, хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналын хүрээнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналын хүрээнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.”, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан Э.Б.д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг нийт 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Б.д оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоох нь хуульд нийцнэ.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х. овогт Э.ын Б.г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд,
мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн Э.Б.гийн нийт эдлэх ялыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Б.д оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Б.гаас 4.300.000 төгрөгийг гаргуулан хохирогч “Т.” ХХК /РД:.../-д олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН