Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/842

 

 

Ж.Жд холбогдох эрүүгийн

          хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхболд,

шүүгдэгч Ж.Ж, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/524 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Жы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2105 00623 0678 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

...................., 19............ оны .............. дугаар сарын ...........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин 5 дугаар гудамжны 201 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................../,

Баянгол дүүргийн шүүхийн 1996 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 267 дугаар зүйлийн 267.2 дахь хэсэгт тус тус зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.1, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 444 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгүүлсэн.

 

Ж.Ж нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2021 оны 3 дугаар сарын 19-ний өглөө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-86б тоотын гадаа байсан хохирогч Б.Ганзоригийн эзэмшлийн 74-64 УБН улсын дугаартай “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгслийн цонхыг чулуугаар цохин хагалж, уг тээврийн хэрэгсэлд нэвтрэн орж, 1.107.400 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг хайрцагтай цагаан идээ болох өрөм, бяслаг зэргийг хулгайлан авахдаа учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

2021 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Айс Оптикал” хараа зүйн төвийн гадна автомашины зогсоолд байсан хохирогч У.Баяржаргалын эзэмшлийн 03-43 БНА улсын дугаартай “Хьюндай Истана” маркийн тээврийн хэрэгслийн цонхыг онгойлгон 8.296.200 төгрөгийн үнэ бүхий 11 ширхэг хос годон гутлыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 52 дугаар байрны гадна талын автомашины зогсоол дээр байсан хохирогч Х.Түвшинтөгсийн эзэмшлийн 58-63 УБР улсын дугаартай “Тоёота Приус-41” маркийн тээврийн хэрэгслийн 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Вох” болох ачааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин трейдинг” ХХК-ийн “Номин фейшн” дэлгүүрийн “Терранова” нэртэй хувцасны тасгаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 878.400 төгрөгийн үнэ бүхий 16 ширхэг өмд, 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 378.100 төгрөгийн үнэ бүхий 19 ширхэг богино ханцуйтай цамцыг тус тус хулгайлан авч нийт 1.256.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ж.Жы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ...............ыг үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар Ж.Жыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жы 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 94 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жд оногдуулсан 3 жил 2 сар 26 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Жаас 9.903.600 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ганзоригт 1.107.400 төгрөг, хохирогч У.Баяржаргалд 8.296.200 төгрөг, хохирогч Х.Түвшинтөгсөд 500.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 11:30 цагаас 12:30 цагийн хооронд гарсан. Энэ үед хороолол хөл хөдөлгөөн ихтэй хэргийг харсан гэрчүүд байх боломжтой. Мөн 3, 4 дүгээр хороололд хэрэг гарсан тул хяналтын камерт ч бичигдсэн байх боломжтой хэрэг юм. Гэтэл мөрдөгч, прокурорын зүгээс намайг хурууны хээ илэрсэн гэх шалтгаанаар буруутгаж, хэт нэг талыг баримтлан мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. Хохирогч гэх Баяржаргалын тээврийн хэрэгсэл нь Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Айс Оптикал” хараа зүйн төвийн авто зогсоолд байсан гэх ба уг зогсоол нь машин явах замын 1 дүгээр эгнээнд байрладаг, явган хүний хөдөлгөөн их байдаг. Эд зүйл алдагдсан гэх тээврийн хэрэгслийн гадна талаас миний хурууны хээ илэрсэн байдаг. Би тухайн үед өдөр бүр хорооллын зах, хэрэг гарсан гэх газрын ойр орчимд хүмүүстэй архи ууж явдаг байсан бөгөөд бас миний нэг хөл доголж өвддөг тул гараараа тулсан байхыг ч үгүйсгэхгүй юм. Би 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр хэрэг гарсан гэх газрын орчим орцонд хүмүүстэй архи ууж байгаад “архи өгсөнгүй” гэх шалтгаанаар хүний биед хөнгөн гэмтэл учруулж шүүхээс ял авч байсан. Хэрэв би өмнөх өдөр нь олон сая төгрөгийн үнэтэй гутал хулгайлсан бол яагаад мөнгөгүй архи булаалдаж хүн зодоод явж байх билээ. Тухайн үед надад мөнгө төгрөг, зарах гутал ч байгаагүй. Хэрэв би хулгай хийсэн бол хүний архинаас гуйж уугаад явж байхгүй байсан. Үүнийгээ шүүхэд мэдүүлсээр байтал, мөн миний мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугүй болохоо мэдүүлсэн мэдүүлгүүдийг шүүх шалгаж, үнэлээгүй. Энэ хэрэгт шинжээчийн дүгнэлтээс өөр намайг буруутгах баримт байхгүй, гэтэл шүүх зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн намайг энэ хэрэгт гэм буруутай гэж тооцон, хэт нэг талыг барьж намайг ялласан нь үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлтээс гадна, бусад нотлох баримтаар миний гэм бурууг давхар тогтоох шаардлагатай, гэмт хэрэг хийсэн жинхэнэ эзнийг нь тогтоож шударгаар шийдэх шаардлагатай байсан. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Баяржаргалын эд зүйлийг хулгайлан авсан гэх энэхүү үйлдлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ж.Жы өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч У.Баяржаргалд хохирол учруулсан гэж үзэхдээ зөвхөн шинжээчийн дүгнэлтэд үндэслэж тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж яллаж байгаа. Гэсэн хэдий ч 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “хэрэг гарсан цаг хугацаа болох 2020 оны 3 дугаар сарын 7-ны орчим архи уугаад явж байсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тухайн машинаас эд зүйл аваагүй гэдгээ тогтвортойгоор мэдүүлж байсан. Гэтэл шүүхээс эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. Зөвхөн шинжээчийн дүгнэлтэд үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон. Шинжээчийн дүгнэлт нь тухайн хэргийг Ж.Ж үйлдсэн гэдгийг хангалттай нотолж чадаагүй гэж үзэж байна. 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдөр хүмүүстэй нийлж архи уусан гэдгээ мэдүүлдэг. Хэрэв 2020 оны 3 дугаар сарын 7-ны өдөр гутал хулгайлсан бол зарж борлуулж мөнгөтэй болох байсан. Гэтэл 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдөр мөнгөгүй байсан тул архинаас болж зодоон гарахгүй байсан. Логикоор бол энэ асуудал тогтоогдохгүй байх тул хурууны хээ илэрсэн гэх үндэслэлээр энэ хүнийг яллаж байгаа нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хуульд зааснаар эргэлзээ гарч байгаа тул түүнд ашигтайгаар шийдэж тухайн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү.” гэв.

 

Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 524 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий гарсан. Хохирогч У.Баяржаргалын машины гадна талаас бус харин цонхон дээрээс нь хурууны хээ илэрсэн. Ж.Ж 2020 оны 3 дугаар сарын 7-ны өдөр энэ үйлдлийг хийсэн болох нь тогтоогдсон. 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн шүүхээр ял авч байсан. 2020 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хулгай хийгээд хулгайлсан эд зүйлээ зарж борлуулаагүй нуун далдалсан байхыг үгүйсгэхгүй. 2020 оны 3 дугаар сарын 7-ны өдөр зарчхаад 3 дугаар сарын 8-ны өдөр мөнгөтэй байна гэж байхгүй. Ж.Ж байнга согтуугаар хулгайн гэмт хэрэг үйлддэг. Согтуу байх үедээ өөрийгөө хянах чадвараа алдаж шунахайн сэдэлт нь ихсэж согтуугаар хулгайн үйлдэл хийдэг. Машины гадна талаас биш цонхон дээрээс нь хурууны хээ илэрсэн. Шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Жыг шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2021 оны 3 дугаар сарын 19-ний өглөө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-86б тоотын гадаа байсан хохирогч Б.Ганзоригийн эзэмшлийн 74-64 УБН улсын дугаартай “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгслийн цонхыг чулуугаар цохин хагалж, уг тээврийн хэрэгсэлд нэвтрэн орж, 1.107.400 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг хайрцагтай цагаан идээ болох өрөм, бяслаг зэргийг хулгайлан авахдаа учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

2021 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Айс Оптикал” хараа зүйн төвийн гадна автомашины зогсоолд байсан хохирогч У.Баяржаргалын эзэмшлийн 03-43 БНА улсын дугаартай “Хьюндай Истана” маркийн тээврийн хэрэгслийн цонхыг онгойлгон 8.296.200 төгрөгийн үнэ бүхий 11 ширхэг хос годон гутлыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 52 дугаар байрны гадна талын автомашины зогсоол дээр байсан хохирогч Х.Түвшинтөгсийн эзэмшлийн 58-63 УБР улсын дугаартай “Тоёота Приус-41” маркийн тээврийн хэрэгслийн 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Вох” болох ачааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин трейдинг” ХХК-ийн “Номин фейшн” дэлгүүрийн “Терранова” нэртэй хувцасны тасгаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 878.400 төгрөгийн үнэ бүхий 16 ширхэг өмд, 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 378.100 төгрөгийн үнэ бүхий 19 ширхэг богино ханцуйтай цамцыг тус тус хулгайлан авч нийт 1.256.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Жыг үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жы 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 94 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жд оногдуулсан 3 жил 2 сар 26 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэжээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг дутуу шалгасан, прокурорын яллах дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Учир нь, Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Жыг шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2021 оны 3 дугаар сарын 19-ний өглөө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-86б тоотын гадаа байсан хохирогч Б.Ганзоригийн эзэмшлийн 74-64 УБН улсын дугаартай “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгслийн цонхыг чулуугаар цохин хагалж, уг тээврийн хэрэгсэлд нэвтрэн орж, 1.107.400 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг хайрцагтай цагаан идээ болох өрөм, бяслаг зэргийг хулгайлан авахдаа учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэж яллах дүгнэлт үйлдсэн атлаа хохирогч Б.Ганзоригийн тээврийн хэрэгслийн цонхийг чулуугаар хагалсан үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүй, тээврийн хэрэгслийн цонхны үнэлгээг тогтоогоогүй байх бөгөөд энэ байдлаас үзэхэд түүний үйлдэлд өөр гэмт хэргийн шинж байж болзошгүй байхад энэ байдлыг, мөн эд зүйл хулгайлан авахдаа учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрхэх талаар тус тус шалгаагүй байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно” гэж, 1.1-д “...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/” гэж, 1.5-д “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж тус тус заасныг зөрчжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Ж нь Баянгол дүүргийн шүүхийн 1996 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 267 дугаар зүйлийн 267.2 дахь хэсэгт тус тус зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байх бөгөөд уг ялыг хэрхэн яаж эдэлсэн эсэх, 1996 оны Өршөөлийн тухай хуульд хамрагдсан эсэх талаар хавтас хэрэгт авагдсан баримт байхгүй байх тул энэ талаар нарийвчлан тогтоож, түүний хувийн байдлыг бүрэн гүйцэт тогтоох шаардлагатай гэж үзэв.

 

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жд оногдуулсан 3 жил 2 сар 26 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн. Тухайн хэрэгт Ж.Ж нь мөрдөн байцаалтын шатанд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 12-485 тоот хаягт, шүүхийн хэлэлцүүлэгт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин 5 дугаар гудамжны 201 тоот хаягт оршин сууж байгаа гэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-т зааснаар хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна гэсэнтэй нийцэхгүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй.

 

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/524 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Жд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байгаа тул шүүгдэгч Ж.Жы гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/524 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Жд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Ж.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ЕРӨНХИЙ

ШҮҮГЧ                                                      Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                      Д.МӨНХӨӨ