Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 205

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга В.Орхон,

Улсын яллагч Б.Баярхүү,

Шүүгдэгч С.Амарзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Алаг адуу овогт Самбуугийн Амарзаяад холбогдох эрүүгийн 201726030590 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Завхан мандал суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 31-596 тоотод оршин суух, Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 325 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 38 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгуулж, торгох ялыг 2001 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 325 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялд нь багтааж, 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр суллагдсан бие эрүүл, ухаан бүрэн, /РД:ИЮ75050610/ Алаг адуу овогт Самбуугийн Амарзаяа нь:

- 2017 оны 05 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Яармагийн хуучин эцсийн автобусны буудал дээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Л.Равдандоржийг “ ганц шил архи авч өгсөнгүй ” гэж нүүрэн тус газар нь цохиж, биед нь хамрын нуруунд цус хуралт, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Л.Равдандорж мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр орой 21 цагийн үед төрсөн дүү Анхтуяаг автобусны буудал дээрээс тосох санаатай Яармагийн хуучин эцсийн автобусны буудал дээр сууж байтал зүс таних согтуу эрэгтэй хүн ирээд, “надад архи авч өг” гэж надаас архи нэхсэн. Тэгэхээр нь би “яахаараа чамд архи авч өгдөг юм” гээд халааснаасаа тамхи гаргаж татах санаатай зогсож байтал шууд миний нүүрэн тус газар гараараа цохисон. Тэгтэл миний амнаас цус гарч нүүрээ доош нь дартал шууд дээрээс хөлөөрөө өшиглөсөн. Намайг доошоо тонгойх үед миний нэг шүд газар унасан бөгөөд унасан шүдээ авч байтал дахиад нуруун тус газар хөлөөрөө өшиглөсөн...” гэжээ. / хх 9 /,

Гэрч С.Амаржаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2017 оны 05 дугаар сарын эхээр байсан С.Амарзаяа нь гэрт ирээд би хүн цохисон. Цагдаа дээр шалгагдах гээд байна, 200.000 төгрөг өгчих тэгвэл цагдаад өгөхгүй гэж байна гэж ирсэн. Бид нарын зүгээс үнэн худлыг нь мэдээгүй учраас мөнгө өгөөгүй..." гэжээ. / хх 12 /,

Гэрч С.Энхжаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Мягмар гариг байсан учраас би “ТҮЦ” дээрээ байсан. Тухайн өдөр нилээн орой болчихсон бүрэнхий болж байсан байх гаднаас эрэгтэй хүн орж ирээд цагдаа дуудаарай, хүнд зодуулчихлаа, миний шүдийг гэмтээчихлээ гээд байсан. Тэгэхээр нь энэ хавийн архи уудаг хүмүүс байнга л хоорондоо зодолдож маргалдаж байдаг учраас тэд нарын нэг нь юм болов уу гэж бодоод цагдаа дуудаж өгөөгүй, ТҮЦ-нээсээ хөөгөөд гаргачихсан...” гэжээ. / хх 13 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9100 тоот дүгнэлтэд:

1. Л.Равдандоржийн биед хамрын нуруунд цус хуралт, доод уруулд шарх,  зөөлөн эдийн няцрал, 2 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх  боломжтой шинэ гэмтэл байна.

4. Л.Равдандоржийн суларсан 2 шүд өөрийн шүд байна.

5. 6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх 17 /,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Амарзаяа мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч Л.Равдандоржид 200.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 25-нд төлж барагдуулна. 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг зөвшөөрч байна гэв.

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28/, ял шалгах хуудас /хх-31/, хохирогчийн гомдол саналгүй, хохирол хүлээн авсан тухай хүсэлт /хх-63/, шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтийг хангасан мөрдөн байцаагчийн тогтоол /хх-65/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Амарзаяа нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Яармагийн хуучин эцсийн автобусны буудал дээр иргэн Л.Равдандоржийг “ ганц шил архи авч өгсөнгүй ” гэж нүүрэн тус газар нь цохиж, биед нь хамрын нуруунд цус хуралт, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн № 6248 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Амарзаяа нь хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс шүүгдэгч С.Амарзаяад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Амарзаяад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 250 /хоёр зуун тавин/ цагаар тогтоож шийдвэрлэв.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Амарзаяагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч С.Амарзаяа нь хохирогч Л.Равдандоржид 200.000 / хоёр зуун мянган/ төгрөг төлөхөө илэрхийлсэн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

  1. Алаг адуу овогт Самбуугийн Амарзаяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Амарзаяаг 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Амарзаяа нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч С.Амарзаяад оногдуулсан 250 / хоёр зуун тавин / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Амарзаяад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.ОЛЗОД