Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1154

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Сгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/00941 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Сгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х яаманд холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 25 104 756 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.С нь Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 6/113 тоот тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилогдон ажилласан бөгөөд ажлаа гүйцэтгэж байгаад тархины судасны эмгэг сүлжээрэл, цүлхэн өвчний улмаас Бүгд Найрамдах Солонгос Улсад тархины хагалгаанд орж ирээд Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед Хөдөлмөрийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 6/206 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Тэрээр уг захиргааны актыг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний 6/206 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.Сг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоохыг даалгасан шийдвэр гарсан боловч Х яам шүүхийн шийдвэрийг одоог хүртэл биелүүлээгүй.

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2017 онд хандсан.

Х яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Өтай удаа дараа уулзаж, утсаар холбогдож байсан боловч удахгүй шийдвэрлэнэ гэж явсаар өнөөдрийг хүрсэн. Энэ нөхцөл байдлаас болоод Ц.С нь 3 жилийн турш ажил хөдөлмөр эрхлээгүй.

Иймд 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажлын 694 хоног, нэг өдрийн дундаж цалин хөлс 36 174 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 25 104 756 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж шүүхэд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 13-ны өдөр 654 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэдэг нь тогтоосон бөгөөд энэ хугацаанаас эхлэх 3 сарын дотор цалин хөлсөө нэхэмжлэх ёстой байтал дээрх хугацааг хэтрүүлсэн. Шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Х яамнаас 25 104 756 төгрөг гаргуулж Ц.Сд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны Ц.Сгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Х яаманд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Ц.Сгийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Х яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 283 473.78 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

          

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

   Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гурван сарын дотор нэхэмжлэл гаргах ёстой байсан, энэ хугацаа зогссон, тасалдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин хөлсийг тогтоохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцсон нь буруу, дундаж цалин хөлс тооцох аргачлал нь захиргааны ерөнхий хуульд нийцээгүй. Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилогдох үед Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсан, шийдвэрийг биелүүлэх боломжгүй болсон. Бид Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр хэрхэн биелүүлэх талаар тайлбар авсан бөгөөд нэхэмжлэгчид ажлын байр санал болгосон боловч өөрөө татгалзсан.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Х яаманд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 25 104 756 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.С нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хөдөлмөрийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/206 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасныг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. /хх 6-8/

 

Дээрх шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдээгүй байгаа нь талуудын тайлбар болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/11876 тоот албан бичгээр тогтоогдож ба үүргийн зөрчил арилаагүй байна.

 

 Нэхэмжлэгчийн “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн хариуцагч байгууллага нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр хэрхэн биелүүлэх талаар тайлбар авсан бөгөөд нэхэмжлэгчид ажлын байр санал болгосон боловч өөрөө татгалзсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэж үзэн Х яамнаас 25 104 756 төгрөгийг гаргуулж Ц.Сд олгож шийвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/00941 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА