| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2023/00330/И |
| Дугаар | 133/ШШ2023/00416 |
| Огноо | 2023-08-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 133/ШШ2023/00416
| 2023 оны 08 сарын 03 өдөр | Дугаар 133/ШШ2023/00416 | Говь-Алтай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Тасхын, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ........... аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлөн Говь-Алтай аймгийн Прокурорын газрын гаргасан нэхэмжлэлтэй
хариуцагч: ......... овгийн Д.Э-д холбогдох
Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 9,270,062 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э, прокурор Б.Түвшинтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.
Хариуцагч Д.Э, иргэдийн төлөөлөгч Т.Г нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Шүүх хуралдаанд оролцогчийн ирцтэй холбогдуулан нэхэмжлэгч нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд 100 дугаар зүйлийн 100.3, 100.8 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч болон иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 9,270,062 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд оруулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл: Д.Э нь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн орчимд .... аймгийн ......... сумын ..... багийн ......... гэх газарт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Б.А-тай маргалдаж цээж, хэвлий тус газарт хөлөөрөө олон удаа өшиглөж хэвлийн битүү гэмтэл, элэгний зүүн дэлбэнгийн няцрал, хэвлий доторх цус алдалт, цус алдалтын дараах цус багадалт, цөсний шалтгаант хэвлийн гялтантаст, сэмжний үрэвсэл, гэдэсний наалдац бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б.А-н мэдүүлэг болон 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна. Д.Э-н дээрх үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 2216000000047 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Улмаар тус прокурорын газраас 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 39 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Д.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд 52 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ. Б.А нь Д.Э-ийн гэм буруутай үйлдлийн улмаас аймгийн нэгдсэн эмнэлэгт 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 10-нд S36 оношоор, 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 27-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд S36 оношоор буюу буюу гэмтлийн гаралтай өвчний улмаас амбулаториор үзүүлж, хэвтэн эмчлүүлсэн. Дээрх үйлчилгээг үзүүлсний төлбөрт Аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 9,270,062 төгрөг авсан болох нь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16/54 дугаартай албан бичиг түүний хавсралтаар тус тус тогтоогдож байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж тус тус хуульчлан заасан байх тул Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардлыг Д.Э-с гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно. гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байна. Иймд Д.Э-с Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 9,270,062 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд оруулж өгнө үү. Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 44 дугаар тогтоол,
-мөн Прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Ц-1/505, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Ц-1/675 дугаар албан бичгүүд,
-.... аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16/54 дугаар дугаар албан бичиг,
-Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон тусламж үйлчилгээний зардлын түүх,
-......... аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /Б.А/, Б.А-ийн өвчний түүх, эмийн хуудас, амбулатори, тасгаар үйлчлүүлсэн тухай программын хуулбар,
-........ аймгийн ......... сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/136 дугаар албан бичиг,
-Д.Э-н иргэний үнэмлэхийн лавлагаа,
-2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл,
-......... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаар шинжээчийн дүгнэлт,
-Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2116000000047 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол,
-2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 39 дугаар яллах дүгнэлт, хавсралт,
-Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/52 дугаар шийтгэх тогтоол,
-Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ХМШЗ/29 дугаар шүүгчийн захирамж,
-ЭМДЕГ-Цахим системээс хэвлэсэн лавлагаа, бүртгэл.
4. Хариуцагчаас ирүүлсэн тайлбар, нотлох баримт: Байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
2. ..... аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16/54 дугаар дугаар албан бичиг прокурорыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, ... иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэжээ.
Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь ......... аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс гаргасан дээрх хүсэлтийн дагуу Д.Э-д холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд хохирол учруулсан үндэслэлээр 9,270,062 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд оруулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хавтаст хэргийн 1-3 дахь тал/
3. Хариуцагч Д.Э нь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан байх бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дотор хариу тайлбар ирүүлэхээр шүүхээс хугацаа олгосон байна. /хавтаст хэргийн 153 дахь тал/
Хариуцагч Д.Э нь уг хугацаанд болон шүүх хуралдааныг хэлэлцүүлэх хүртэл хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, мөн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.
Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацааг хуульд 14 хоног гэж тодорхойлсон нь түүнд шахалт дарамтгүйгээр, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож байгаа хэрэг бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй бол шүүх түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнтэй адил гэж үзэж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлтэй юм.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.
4. Нөгөө талаас хууль зүйн дүгнэлтийн хувьд Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэжээ.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд уг шаардах эрх нь гэм буруутай үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учирсан байх, нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн байгууллага, бусад хуулийн этгээд нь амь нас, эрүүл мэндэд учирсантай холбогдсон төлбөр, тусламжийг хуульд заасны дагуу эсвэл харилцан тохиролцож буюу гэрээний үндсэн дээр гэм хор учирсан этгээдэд олгосон байх гэсэн урьдчилсан нөхцөлтэй байна.
Эдгээр урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт заасны дагуу гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэг хүлээнэ.
Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан, буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх хэсэгт заажээ.
5. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/52 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Э-г 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... аймгийн ......... сумын ...... багийн нутаг ......... гэх газарт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Б.А-ийн цээж, хэвлийн тус газарт нь хөлөөрөө олон удаа өшиглөж, хэвлийн битүү гэмтэл, элэгний зүүн дэлбэнгийн няцрал, хэвлий доторх цус алдалт, цус алдалтын дараах цус багадалт, /цөсний шалтгаант хэвлийн гялтантаст, сэмжний үрэвсэл, гэдэсний наалдац/ бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулжээ.
Уг шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болж, Д.Э нь оногдуулсан ялаа эдэлж байх хугацаанд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ХМШЗ/29 дугаар шүүгчийн захирамжаар Д.Э-г эдлээгүй үлдсэн 7 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас нь өмнө суллажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолоор нэгэнт тогтоогдсон хариуцагч Д.Э-н эрүүгийн хэргийн хохирогч Б.А-ийн биед гэм хор учруулсан үйл баримтыг дахин нотлохгүй.
6. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.А нь алсын дуудлагаар эмнэлэгт хүргэгдсэн, S36 /гэмтлийн гаралтай өвчин/ оношоор 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ........ аймгийн Нэгдсэн эмнэлэгт амбулатороор болон хэвтэн эмчлүүлсэн, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд S36 оношоор амбулатороор болон хэвтэн эмчлүүлсэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан үйл баримт нь нэхэмжлэгчийн тайлбар болон ...... аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /Б.А/, Б.А-ийн өвчний түүх, эмийн хуудас, амбулатори, тасгаар үйлчлүүлсэн тухай программын хуулбар зэргээр тогтоогдож байна.
7. Уг эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрт 9,270,062 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн нь .... аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16/54 дугаар албан бичиг, эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон тусламж, үйлчилгээний зардлын түүх, ЭМДЕГ-Цахим системээс хэвлэсэн лавлагаа, бүртгэл зэрэг бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.
8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас болон даатгуулагчаас төлөх төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журмыг эрүүл мэндийн даатгалын байгууллага болон санхүү, төсвийн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тус тус үндэслэн Үндэсний зөвлөл тогтооно гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ"-г, 2 дугаар хавсралтаар "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн арга"-ыг 3 дугаар хавсралтаар "Эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам"-ыг тус тус баталжээ.
Энэхүү журам нь Хууль, дотоод хэргийн яамны эрхэлдэг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сан-гийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 5037 дугаарт бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2018 оны 18 дугаарт нийтлэгджээ.
Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас болон даатгуулагчаас төлөх төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам нь тухайн үедээ хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан захиргааны хэм хэмжээний акт тул шүүхээс маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх эрх зүйн эх сурвалж байна.
9. "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ"-ний:
-357 дахь заалтад Тусламж, үйлчилгээний төрөл: хэвтүүлэн эмчлэх, Оношийн хамааралтай бүлгийн нэр: цээжний болон хэвлийн хөндийн эрхтний гэмтэл, Өвчний олон улсын 10-р ангиллын код: S27, S36, Үйлдлийн ангилал: мэс засал, Өртгийн жин: 1.741, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх дүн: 1,345,550 төгрөг, иргэнээс төлөх дүн: 237,450 төгрөг , Нийт төлбөр: 1,583,000 төгрөг,
-358 дахь заалтад Тусламж, үйлчилгээний төрөл: хэвтүүлэн эмчлэх, Оношийн хамааралтай бүлгийн нэр: цээжний болон хэвлийн хөндийн эрхтний гэмтэл, Өвчний олон улсын 10-р ангиллын код: S27, S36, Үйлдлийн ангилал: мэс засал, Өртгийн жин: 3.301, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх дүн: 2,551,700 төгрөг, иргэнээс төлөх дүн: 450,300 төгрөг , Нийт төлбөр: 3,002,000 төгрөг,
-571 дэх заалтад Тусламж, үйлчилгээний төрөл: Амбулатори, Оношийн хамааралтай бүлгийн нэр: Амбулаторийн тусламж, үйлчилгээ, Өвчний олон улсын 10-р ангиллын код: S00-T98, Үйлдлийн ангилал: Өвчний учир үзлэг, оношилгоо, шинжилгээ, Өртгийн жин: 1.776, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх дүн: 57,000 төгрөг, иргэнээс төлөх дүн: -, Нийт төлбөр: 57,000 төгрөг,
-569 дэх заалтад Тусламж, үйлчилгээний төрөл: хэвтүүлэн эмчлэх, Оношийн хамааралтай бүлгийн нэр: эрчимт эмчилгээ А, Өвчний олон улсын 10-р ангиллын код: S36, Үйлдлийн ангилал: эмийн эмчилгээ, Өртгийн жин: 5.473, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх дүн: 4,978,000 төгрөг, иргэнээс төлөх дүн: -, Нийт төлбөр: 4,978,000 төгрөг,
-605 дахь заалтад Тусламж, үйлчилгээний төрөл: түргэн тусламж, Оношийн хамааралтай бүлгийн нэр: түргэн тусламж, Өвчний олон улсын 10-р ангиллын код: S00-T88, Үйлдлийн ангилал: алсын дуудлага 70-450 км, Өртгийн жин: 8.806, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх дүн: 424,000 төгрөг, иргэнээс төлөх дүн: - төгрөг, Нийт төлбөр: 424,000 төгрөг гэжээ.
......... аймгийн Нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн Б.А-ийн өвчний түүх, амбулаториор үйлчлүүлсэн тухай программын хуулбарт S36.1 оношоор яаралтай тусламж болон тасгаар хэвтэн эмчлүүлсэн, мэс засал, амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байдал тусгагджээ.
Хохирогч Б.А-ийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардалд 9,270,062 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас ........ аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн тухай ......... аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16/54 дугаар албан бичиг нь журмын дээрх заалтад нийцэж байх бөгөөд үнийн дүнгийн хувьд тохирч байна.
10. Иймд нэхэмжлэгч ........ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлсөн Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Д.Э-с эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 9,270,062 /есөн сая хоёр зуун далан мянга жаран хоёр/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь 100900020080 тоот дансанд оруулах эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3, 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 9,270,062 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 163,271 /нэг зуун жаран гурван мянга хоёр зуун далан нэгэн/ төгрөгийг хариуцагч Д.Э-с гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ....... аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлсөн Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч ...... овгийн Д.Э-с эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 9,270,062 /есөн сая хоёр зуун далан мянга жаран хоёр/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь 100900020080 тоот дансанд оруулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3, 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 9,270,062 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 163,271 /нэг зуун жаран гурван мянга хоёр зуун далан нэгэн/ төгрөгийг хариуцагч Д.Э-с гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ
ШҮҮГЧ Х.ТАСХЫН
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ