| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 194/2025/2309/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2593 |
| Огноо | 2025-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Нямжав |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2593
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч М.Нямжав
хохирогч *******ын өмгөөлөгч Ч.Болд,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч овогт Бын Год холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2406 02029 0753 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймагт төрсөн, 24 настай, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, уул уурхайн компанид инженер ажилтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ....................... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Ч овогт Бын Г /РД:.............../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүрэг, ................................ тоотод 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 09 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******той маргалдаж ахуйн хэрэглээний эд зүйл болох халбага, сэрээ, аяга болон гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *******ын мэдүүлэг мэдүүлэг /1 хх 26-25 дахь тал/
Гэрч Б.Сгийн мэдүүлэг /хх-ийн 28 дахь тал/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4888 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Л.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 144 дахь тал/.
Гэрч Г.Наранцацралын мэдүүлэг /хх-ийн 163 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 3083 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 199-200 дахь тал/
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Болд: хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн хавтаст хэргээс Дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 18 дахь тал/,
*******ын хувийн байдалтай холбоотой баримтууд /1 хх-ийн 53-55, 62 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4888 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68 дахь тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 74 дэх тал/
Хохирлын баримт /1 хх-ийн 131, 132, 135/,
*******ын эмнэлгээс гарах, шилжих үеийн дүгнэлт /1 хх-ийн 136 дахь тал/
Хохирол төлсөн баримтууд зэрэг бичгийн нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч М.Нямжав: “Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүрэг, .........тоотод 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 09 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******той маргалдаж ахуйн хэрэглээний эд зүйл болох халбага, сэрээ, аяга болон гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Сэтгэцэд учирсан хохиролд нэгдүгээр зэргээр тогтоогдсон ба үүнийг 660,000 төгрөгөөр тооцуулж гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулах, Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй” гэх,
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Болд: “Хохирогч маш их гомдолтой байдаг. Цус нөжтэй хутгатал нь зодсон байдаг. Цагдаагийн байгууллагаас энэ хэрэгт ач холбогдол өгөөгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хэрэг нь хөнгөн гэмт хэрэг байдаг ба 1 жил 6-7 сар сэтгэл санааны асуудалтай байна. Тухайн үед маш их шокийн байдалтай байсан. Тухайн үед сэтгэцэд учирсан хохирол тогтоолгох гэхэд аар саархан зүйлээр шалтгаалж хойшлуулдаг байсан. Уучлалт гуйх нь уу гээд харахаар байдаггүй. Хохирол төлбөрөө төлөх үү гэхээр байдаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл хэрэглээд төрдөө ажиллах байсан хүн байсан. Одоо төрдөө ажиллах боломжгүй болж байна. Хохирлоо төлөөд уучлалт гуйчих. Учраа олох юм бол уу гэж бодсон боловч үл ойшоож өөрийнхөө нөхцөл байдлаа дордуулаад энд ирлээ. Миний үйлчлүүлэгч 10-аад удаа Завхан аймгийн цаад сумаас ирж цагдаад дуудагддаг. Жилийн дараа сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохоор 1 дүгээр зэрэг болохгүй гээд яах вэ. Улсын яллагчаас сэтгэцэд учирсан хохирол 4,99 болгуулах саналтай байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн: “.Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргадаггүй. Хохирол төлбөрт улсын яллагчтай санал нэг байна. Сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлд улсын яллагчтай санал нэг байна. Эрүүл мэндийн даатгалын санд хохирлоо төлсөн. Мөн цаашид гарсан хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлдэг. Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх шинж байна. Хохирол төлбөрөө төлсөн, сэтгэцэд учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хувийн байдал нь эхнэр нь жирэмсэн, 2 дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлдөг. Гэм буруу дээрээ дүгнэлт хийж харамсаж байгаа нь харагддаг. Намайг блок хийсэн болохоор уучлалт гуйж чадаагүй гэж хэлдэг” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүрэг, .........тоотод 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 09 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******той маргалдаж ахуйн хэрэглээний эд зүйл болох халбага, сэрээ, аяга болон гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******той маргалдан улмаар ахуйн хэрэглээний эд зүйл болох халбага, сэрээ, аяга болон гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******ын өгсөн “.. Тэгээд пиво ууж байхдаа Г бид хоёр шалтгаангүй маргалдаж эхэлсэн. Тэгээд бид хоёр муудалцаад дээр доороо ороод байж байхад миний толгойн араас цохих шиг болоод цус гарсан. Тухайн үедээ юугаар цохисон гэдгийг би мэдэхгүй байна. Тэгээд би цус алдаад коридорт байж байхад Г юм уу, эсвэл өөр хүн байж магадгүй би тухайн үедээ архи уусан бас нүд рүү цус орсон байсан болохоор ухаан санаа орж гараад байсан. Тэгээд байж байхад найз охин нь гаднаас “болиоч ээ, хүн аллаа” гэж хэлээд хаалга нүдээд гаднаас орж ирсэн чинь би зөрөөд зугтаж гараад замын хүнээс “түргэн дуудаад өгөөч ээ” гээд эмнэлэгт үзүүлээд гэмтэл орж толгойдоо оёдол тавиулсан. ...Би Гтой доор дээрээ ороод ноцолдоод байсан. Хөлд нь учирсан гэмтлийг би учруулаагүй. Өөрөө ямар нэг зүйл дээр гишгэсэн байх. Тэрнээс би гартаа элдэв юм бариагүй байсан.” гэх мэдүүлэг /хх 26-25/
Гэрч Б.Сгийн өгсөн: “..Тэгээд өглөө 9 цагийн үед миний хөл дээр зурагт унаад би сэрээд харахад Г, Г хоёр хоорондоо зодолдож байхаар нь би босоод салгах гэж оролцсон боловч дийлдэхгүй болохоор гараад дуудлага өгсөн. ...Намайг сэрэхэд бие биеэ заамдаад зогсож байсан. Тэгээд зууралдаж байгаад Г, Гыг газарт унагаад дээр нь гарч байгаад хоёр гараа зангидаж байгаад ээлжлээд цохиж байгаад халбага сэрээ гартаа атгаж байгаад цохиод байсан. Харин Г хариу үйлдэл үзүүлэхгүй нүүрээ хаагаад хэвтэж байсан. Тэгж байгаад аягаар толгойг нь цохиод хагалсан. Тэгээд би дийлэхгүй цагдаа дуудах гээд гарсан. Тэрнээс цааш ямар нэгэн ямар явдал болсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх 28/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Б.Д-гийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5586 дугаар шинжээчийн
1. *******ын биед дагзанд шарх, зулай, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх 67-68/
Иргэний нэхэмжлэгч Л.Г-ийн өгсөн: “хохирогч ******* Эрүүл Мэндийн Даатгалын сангаас нийт 246,300 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч *******оос гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү..” гэх мэдүүлэг /хх 144/.
Гэрч Г.Н-ын өгсөн: “ ...Тухайн үед Г болон цуг ууж байсан гэх үл таних залуу хоёр хоорондоо юм ярьж ууж сууж байгаад гэнэт Гыг цуг ууж байсан үл таних залуу нь нүүр лүү нь цохиод авсан. Тэгээд Г тэр хоёр хоорондоо зодолдож байгаад унтаж байсан залуугийн дээрээс нь гишгээд сэрээсэн. Тэгээд унтаж байсан залуу салгах гэж оролдоод байх шиг байхаар нь би шууд тэр газраас нь гараад орцных гадаа ойролцоогоор 20-30 минут зогсож байсан чинь унтаж байсан гэх залуу нь нэлээн том цүнх үүрсэн гарч явж байхаар нь за гайгүй болсон юм шиг байна гэж бодоод буцаад орох гэсэн чинь орц нь кодтой болохоор орж чадахгүй. 05-10 минут орчим гадаа зогсож байгаад орцны хаалга онгойхоор нь ороод шатаар дээш явж байсан чинь Г болон цуг ууж байсан гэх залуу хоёр аймар хараал хэлээд орилолдоод байхаар нь би хаалгыг нь татсан, хаалга нь цоожтой байсан. Тэгээд би хаалгыг нь нүдээд “цагдаа дуудлаа шүү” гээд бараг 10-15 минут хаалгыг тогшоод зогссон чинь гэнэт хаалга нь нээгдсэн чинь Гтой цуг архи уугаад сууж байсан залуу нүүр ам нь аймар цус болсон шууд миний хажуугаар гүйгээд гарахаар нь би шокт ороод бас 5-10 минут хаалганых нь гадаа орж чадахгүй зогсож байгаад орох үед хаалга, хана шал энэ тэр нь аймар цус болсон байсан. Тэгсэн Г хаалганы хажуу талд хөлөөс нь нэлээн их цус гарсан сууж байсан. Тэгсэн надад “саяны залуу намайг ийм болгочихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө ууж байсан залуу нь яасан юм бол араас нь гарах үед нөгөө залуу нь шатаар гарч ирж байсан. Тэгээд би өөрийнхөө 80891787 гэх дугаараас цагдаагийн 102-т дуудлага өгсөн. ..” мэдүүлэг /хх 163/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 3083 дугаар шинжээчийн
1. Б Г /РД:................. /-д сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна.
2. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна.
3. Цаашид сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх дүгнэлт /хх 199-200/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч *******анзоригийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4888 дугаар дүгнэлтэд
1. *******ын биед зүүн хөлийн уланд шарх, зүүн чихний ар, зүүн бугалга, шуунд зулгаралт, зүүн мөр, бугалга, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх шарх гэмтэл нь үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад зулгаралт цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” дүгнэлт хэрэгт авагдсан байна.
Шинжээч эмч *******-ийн гэрчээр өгсөн: “*******ын биед үүссэн зүүн хөлийн уланд 2х0,3см хатгагдсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй гэжээ.
Гэрч Б.Сгийн “Намайг сэрэхэд бие биеэ заамдаад зогсож байсан. Тэгээд зууралдаж байгаад ******* Гыг газарт унагаад дээр нь гарч байгаад хоёр гараа зангидаж байгаад ээлжлээд цохиж байгаад халбага, сэрээ гартаа атгаж байгаад цохиж байсан, харин Г хариу үйлдэл үзүүлэхгүй нүүрээ хаагаад хэвтэж байсан” мэдүүлэг
Хохирогч *******: “Намайг татаж ирээд зурагт мөргүүлээд дээр гараад цохиж байсан. Би тэр үед ухаан орсон чинь миний дээр гарчихсан цохиж байсан, би тэгээд арай гэж босоод гараад зугтаасан” гэх мэдүүлсэн мэдүүлэгүүд хэрэгт авагдсан *******-ын хөлд учирсан гэмтлийг хохирогч учруулсан гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш /2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр/ 1 жилийн хугацаа өнгөрсөн, мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд яллагдагчаар татах тогтоол үйлдээгүй байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг
Хохирогч ******* нь баримтаар 1,348,787 төгрөгийг нэхэмжилсэн, шинжээчийн дүгнэлтээр түүний сэтгэцэд учирсан хохирол нь хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байх тул Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчийн биед үүссэн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар харгалзан 3.4-т “...Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу нэгдүгээр зэрэглэлд тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж заажээ.
Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо учруулсан гэм хор, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруу, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж насанд хүрээгүй хохирогчид гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хор уршигт Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 660.0 мянган төгрөгөөр мөрдөхөөр шинэчлэн тогтоосон бөгөөд 660,000 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,980,000 төгрөгөөр тооцож шүүгдэгч *******оос нийт 1,348,787+1,980,000 = 3,328,787 төгрөгөөр тооцож, үүнээс шүүгдэгчийн төлсөн 3,000,000 төгрөгийг хасаж тооцож шүүгдэгчээс 328,787 төгрөг гаргуулж хохирогч *******од олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээ үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 246,300 төгрөгийг төлсөн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна” гэв
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Болд: “Манай талаас 3 сарын хуацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргаж байна. Одоог хүртэл уучлалт гуйгаагүй. Хэрэв цагдаа дуудаагүй байсан бол амь нас нь эрсдэх магадлалтай байсан. Дахин шинжээч томилуулах гэсэн боловч мөрдөгч хүлээн аваагүй байдаг. Шүүгдэгч нь дахин гэмт хэрэг үйлдэх магадлалтай байна. Манай талаас хохирогчоос уучлалт гуйж хохирлоо төлж, 10 гаран удаа Завхан аймгаас ирж байсан. Өөр танил талтай хүн байсан өөр байдлаар хэргийг шийдвэрлүүлэх боломжтой байна. Хохирогчоос хамгийн хатуу шийтгэл оногдуулж өгнө үү гэж надад хэлүүлсэн” гэв
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн: “Торгуулийн ялыг 450,000 төгрөгөөр оногдуулж өгнө үү. Цагаан хадад ростероор ажилладаг, Яармагт ажилладаг гэж хэлдэг. Иймд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжгүй байна. Эхнэрээ болон дүү нараа тэжээдэг тул 450,000 төгрөгийг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.
Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******од 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэг 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Бын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******од 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******од оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505, 511 дүгээр зүйлд зааснаар 328,787 /гурван зуун хорин найман мянга долоон зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч *******од олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА