| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 104/2023/00276/И |
| Дугаар | 104/ШШ2023/00376 |
| Огноо | 2023-08-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 104/ШШ2023/00376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Хариуцагч: Налайх дүүрэг, 8 дугаар хороо, Наран 16-6 оршин суух хаяг хаягтай, Тавхайн Жигжидсүрэн /АЭ38071871/-д холбогдох
Гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, стадион оргил-1, ХААН банк ХК цамхагт байрлах, ХААН банк ХК /РД:5097681/
2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрчилсэн бүртгэлийн 93 дугаартай итгэмжлэлийг /нотариатын үйлдлийг/ хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаяр,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хандмаа,
Хариуцагч Т.Жигжидсүрэн,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урангоо, Г.Нямсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2013 оны 03 сард П.Батгэрэл гэх хүний нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаалан авсан зээлд нэхэмжлэгч Л.Бямбагомбын тэтгэврээс зээлийг тооцон төлүүлж эхэлсэн байдаг.
Тэгээд Хаан банктай холбогдоход Таны олгосон итгэмжлэлийн хүрээнд П.Батгэрэл гэх хүн 9,000,000 төгрөгийн зээл авсан. Уг зээлд дээр та хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан байна гэх тайлбарыг хэлсэн. Үүнийг нэхэмжлэгч Л.Бямбагомбо үл зөвшөөрч 2015 онд Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хаан банкнаас гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаж уг хүсэлтийг тус шүүх хангаж шийдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан дээр Хаан банкны төлөөлөгчөөс барьцааны гэрээ болон П.Батгэрэл, Л.Бямбагомбо нарын хийсэн итгэмжлэл дээрх гарын үсэг нь Л.Бямбагомбын гарын үсэг мөн болохыг тогтоолгох хүсэлт гаргасан. Хэрэгт авагдсан 4513 дугаартай барьцааны гэрээ болон П.Батгэрэл, Л.Бямбагомбо нарын хийсэн итгэмжлэл дээрх гарын үсэг нь Л.Бямбагомбын гарын үсэг биш гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Түүний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.Батгэрэл шүүх хуралдаанд ирэхгүй байсан тул түүнийг эрэн сурвалжлуулж П.Батгэрэл нь оршин суух хаяг нь тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Түүний дараагаар П.Батгэрэлд холбогдуулан цагдаагийн хэлтэст гомдол, мэдээлэл өгч шалгуулсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг хаагдсан. Гэтэл Хаан банк нэхэмжлэгч Л.Бямбагомбыг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өгөхгүй нэхэмжлэгчийг 10 жилийн турш хохироосон.
...Иймд Нотариатын хуулийн 25.1.3-т зааснаар итгэмжлэл гэрчлэх нь нотариатын үйлдэлд хамаардаг бөгөөд Нотариатын хуулийн 31.1, 31.3-т заасан заалтыг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2.Хариуцагч тал хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би тухайн үеийн нөхцөл байдлыг одоо бодоход нэхэмжлэлд Бямбагомбо өөрөө гарын үсэг зурсан эсэхийг хараагүй юм байна. Миний санаж байгаагаар итгэмжлэлд хоёр гарын үсэг байсан. Би итгэмжлэлийг баталсан. Шинжээчийн дүгнэлтээр Бямбагомбын гарын үсэг биш гэж гарсан тул маргаад байх зүйлгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэв.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бие даасан шаардлага гаргах эрх эдэлж шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагч маргасангүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийг шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул дэмжиж оролцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэх байх. 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулснаас хойш 10 жилийн дараа барьцааны гэрээ хийгдсэн. 2013 оны 03 сард итгэмжлэл зурагдсан байдаг. Тэгэхээр Л.Бямбагомбо гэдэг хүн 10 жилээр залуу байсан ба гарын үсэг арай өөрөөр зурагдах боломжтой байсан. Өнөөдөр 10 жилийн дараа шинжээчийн дүгнэлт гаргасан нь асуудалтай. ...Гуравдагч этгээдийн зүгээс Л.Бямбагомбын гарын үсэг нь өөрчлөгдсөн байх боломжтой гэж үзэж байна гэв.
4.Нэхэмжлэгч талаас 2013 оны 02 дугаар сарын21 өдрийн итгэмжлэл, , Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөний тогтоол, Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжууд, шүүх хуралдааны тэмдэглэл, 2015 оны 4513 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2013 оны БГҮ127 дугаартай барьцааны гэрээ, П.Батгэрэлийн зээлийн дансны хуулга, Налайх дүүргийн 2-р хорооны Засаг даргын 2015 оны 546 дугаартай тодорхойлолт, Хаан банкны 2015 оны 34/5967, 34/6437, 01/571 дугаартай албан бичиг, Ү-2207000139 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, лавлагаа, 2013 оны ЗГ217 дугаартай барьцаат зээлийн гэрээ, Дүүргийн 1 дүгээр Прокурорын газрын 2014 оны 16521 дугаартай, 2015 оны 5/360 дугаартай Прокурорын тогтоол, 2015 оны 5/1012 дугаартай хариу мэдэгдэх хуудас, зээлийн бүртгэлийн карт зэргийг
Хариуцагч талаас 2013 оны бүртгэлийн дэвтрийн хуулбарыг хэрэгт ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн П.Батгэрэлийн мэдүүлэг, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2488 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2.Нэхэмжлэгч Л.Бямбагомбо хариуцагч Т.Жигжидсүрэнд холбогдуулан 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрчилсэн бүртгэлийн 93 дугаартай итгэмжлэлийг /нотариатын үйлдлийг/ хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргажээ.
3.Хэргийг эцэслэн шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх тул ХААН банк ХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан болно.
3.Нэхэмжлэгч Л.Бямбагомбо, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрчилсэн бүртгэлийн 93 дугаартай итгэмжлэлээр үйлдэл хийх эрхийг өөрийн сайн дурын үндсэн дээр шилжүүлээгүй бөгөөд итгэмжлэлд байгаа гарын үсэг Л.Бямбагомбынх биш гэж тайлбарласан.
4.Хариуцагч Т.Жигжидсүрэн нэхэмжлэлийг дараах байдлаар зөвшөөрсөн. Үүнд: Итгэмжлэлд Л.Бямбагомбо, П.Батгэрэл хоёрын хэн нь гарын үсэг зурсанг хараагүй бөгөөд шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий итгэмжлэлд Л.Бямбагомбо гарын үсэг зураагүй нь нотлогдсон тул итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах шаардлагыг зөвшөөрсөн.
5.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
- Налайх дүүргийн 2-р хороонд байрлах Ү-2207000139 дугаартай үлд хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулж, барьцаанд тавих, зээл авах үйлдэл хийх эрхийг Л.Бямбагомбоос П.Батгэрэлд 2013 оны 02 сарын 21 өдрийн 93 дугаартай итгэмжлэлд зурагдсан төлөөлүүлэгчийн гарын үсэг, бүртгэлийн дэвтэрт зурагдсан Л.Бямбагомбо гэх гарын үсэг, 2013 оны ЗГ217 дугаартай зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Бямбагомбо гэх гарын үсэг нэхэмжлэгч Л.Бямбагомбын гарын үсэг биш болох нь 4513, 2488 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
-Маргаан бүхий итгэмжлэлийг ашиглан П.Батгэрэл Хаан банкнаас 2013 оны 03 сарын 01 өдөр 24 сарын хугацаатай 9,000,000 төгрөгийг зээлийг авчээ.
-Л.Бямбагомбын нэхэмжлэлтэй П.Батгэрэлд холбогдох 9,000,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг дугаартай Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШЗ2016/11420 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
- Дүүргийн 1 дүгээр Прокурорын газрын 2014 оны 16521 дугаартай, 2015 оны 5/360 дугаартай Прокурорын тогтоолоор Л.Бямбагомбоос гаргасан П.Батгэрэлд залилуулсан гэх гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
6. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.Бичгээр олгосон итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино: 64.2.1.итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх гэж хуульчилжээ.
Төлөөлүүлэгч Л.Бямбагомбоос төлөөлөгч П.Батгэрэлд олгосон 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрчилсэн бүртгэлийн 93 дугаартай итгэмжлэлд зурагдсан гарын үсэг нэхэмжлэгч Л.Бямбагомбын гарын үсэг биш болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Л.Бямбагомбоос П.Батгэрэлд Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах Ү-2207000139 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулж, барьцаанд тавих, зээл авах үйлдэл хийх эрхийг олгоогүй гэж дүгнэлээ.
Иймд хариуцагч Т.Жигжидсүрэнгийн гэрчилсэн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн бүртгэлийн 93 дугаартай итгэмжлэл /итгэмжлэл гэрчилсэн үйлдэл/-ийг хүчингүйд тооцохоор шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нотариатын тухай хуулийн 31 зүйлийн 31.3.-т зааснаар хариуцагч /нотариатч/ Т.Жигжидсүрэнгийн гэрчилсэн төлөөлүүлэгч Л.Бямбагомбоос төлөөлөгч П.Батгэрэлд Налайх дүүргийн 2-р хороо, 15-р байр, 122 тоот хаягт байрлах Ү-2207000139 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах, барьцаанд тавих, банкинд тавьж зээл авах үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон, 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрчилсэн бүртгэлийн 93 дугаартай итгэмжлэл /итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдэл/-ийг хүчингүйд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА