Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 102/2022/04351/И

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ....................... тоотод оршин суух хаягтай, Б ургийн овогтой Ч.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ........................... тоотод оршин суух хаягтай, О ургийн овогтой Д.Э,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ..................... тоотод оршин суух хаягтай, Х ургийн овогтой М.М нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмчлөх эрх буцаан шилжүүлж өгөхийг даалгах,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Улсын эрхийн бүртгэлийн ................. дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ................................... тоот, 115.58 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Ч.Сын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М,

Хариуцагч М.М,

Хариуцагч Д.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д,

Гэрч Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч Д.Э, М.М нарт холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах нэхэмжлэл гаргасан байна.

1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн маргаан бүхий гэрээгээр Баянгол дүүрэг, .................... тоот хаягт байрлах, 115.58 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 30,000,000 төгрөгийн үнийн дүнтэй байгуулсан. Бодит нөхцөл байдал нь нэхэмжлэгч Ч.С, хариуцагч Д.Э нарын хооронд худалдах худалдан авах, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээг байгуулах, гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгөх, гэрээнд заасан төлбөрийг хүлээн авах хүсэл зориг байгаагүй юм. Тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч Ч.С нь М.Мын сонгон шалгаруулалт буюу тендер ороход барьцаа хөрөнгө хэрэгтэй байна гэх хүсэлтийг нь үндэслээд Д.Э шударгаар өмч хөрөнгө худалдаж авсан мэт харагдуулах зорилготой гэрээг байгуулан, өмчийн эрхээ шилжүүлэх үйлдэл хийсэн байдаг. Харин үүнээс өөрийн өмч, өмчийн эрхийг буцаан авах хүсэл зоригоо илэрхийлэхэд худалдах, худалдан авах гэрээгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж Д.Э нь хүлээн аваагүй учир шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх”, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар “үүрэг хүчин төгөлдөр бус болсон” тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч М.М, Д.Э нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч М.М нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд хариуцагч биш гэрч гэж өөрийгөө үзэж байна. Гэвч тус шүүхээс иргэн М.М намайг хариуцагчаар татсан тул нэхэмжлэгч Ч.Сын нэхэмжлэлдээ дурдсан бүхэн үнэн болно. Ч.С нь Д.Эг огт танихгүй, тухайн өдөр нотариат дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэхдээ анх уулзсан. Ч.Сын хувьд өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн ............................. тоот орон сууцаа зарах борлуулах санаа зорилго байгаагүй болно. Д.Эг тендерийн барьцаанд тавих үл хөдлөх эд хөрөнгө түр олж өгч туслаач гэсэн болохоор Ч.Сыг банк бусад өндөр хувийн хүү төлж байхаар миний таньдаг найдвартай хүнд түр  нэр дээр нь байраа шилжүүлээд тусалчих, чамд ашигтай, банк бусад өндөр хувийн хүү төлөхгүй, чамд хэрэгтэй гэж гуйж тайлбарлан зээлийг нь хаалгаж түр шилжүүлэхээр хооронд нь нотариат дээр уулзуулсан нь үнэн. Д.Э тендерийн ажлаа дуусгаад Ч.Ст байрыг нь буцаан шилжүүлнэ өөр ямар нэгэн санаа зорилго байхгүй гэдгээ хэлсэн. Ч.С надаас найдвартай хүн биз, байрыг минь шилжүүлж аваад алга болохгүй биз гэж асуусан. Д.Эгаас дахин нягталж лавлаж аууж байгаад өөрийн өмчлөлийн байраа Д.Эы нэр дээр шилжүүлэхээр болсон. Тухайн үед Д.Э нь цааш нь тендерийн барьцаанд тавина гэх худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлж авахгүй бол болохгүй гэсэн тул итгэмжлэлээр бус худалдах худалдан авах гэрээгээр түр хугацаагаар шилжүүлэн авсан. Д.Э ярилцаж тохирсон хугацаа нь болоход утсаа авахгүй, авахаараа эргээд залгая эгчээ, маргааш, нөгөөдөр гэж худал хэлсээр өнөөдрийг хүрсэн нь үнэн. Ч.С байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ буцааж шилжүүлж авъя гээд уурлаад байна гэдгийг Д.Эд хэлэхэд за ойлголоо, маргааш, нөгөөдөр уулзаад өгье гэж худал хэлдэг гэжээ.

 

3.Хариуцагч Д.Э нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ч.Стай Баянгол дүүрэг, ............................. тоот хаягт байрлах 115.58 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авч улсын бүртгэлд бүртгүүлсэн. Уг гэрээгээр болон амаар байрыг буцааж өгөх талаар харилцан тохиролцоогүй бөгөөд буцаан шилжүүлэх талаар огт тохиролцоогүй учраас дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хариуцагч Д.Э нь нэхэмжлэгч Ч.Ст холбогдуулан улсын эрхийн бүртгэлийн Ү-2205060643 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ................................... тоот, 115.58 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Ч.Сын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

4.1.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...Д.Э нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ч.Стай Баянгол дүүрэг, ............................. тоот хаягт байрлах 115.58 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Улмаар улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулан авсан байдаг. Гэтэл Ч.С тус байрыг чөлөөлж өгөөгүй бөгөөд удаа дараа тус байранд очиход хүнгүй, эзэнгүй байснаар өнөөдрийг хүрсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасны дагуу сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа тул хариуцагчаас улсын бүртгэлийн ............................. дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, ............................. тоот хаягт байрлах 115.58 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Ч.Сын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэж тайлбарласан.

 

5.Нэхэмжлэгч Ч.С хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд “...Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Ч.Сын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх гэжээ. Манай зүгээс энэхүү үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн шилжсэн гэрээтэй холбоотой маргааныг шүүхэд гаргасан. Өөрийн өмч хөрөнгөө бусдын хууль бус зөрчсөн, эрхэнд халдсан үйлдлийг таслан зогсоолгохоор хандсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар гаргасан байна.

 

6. Хэрэгт нэхэмжлэгээс Ч.Сын иргэний  үнэмлэхийн лавлагаа /xx-ийн 5/, 2020 оны 7 дугаар сарын 27 -ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 6/ ,  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн/ лавлагаа /хх-ийн 7/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-ийн 8 / , хариуцагчаас Д.Эы үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-н 9 /, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 30/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ........ тоот албан бичиг /хх-н 39 / ,хавсралт /хх-н 40-176/, шүүхээс “Х” ХХК-ийн дүгнэлт /хх-ийн 198-212/, Д.Б-ийн гэрчийн мэдүүлэг, Н.Б гэрчийн мэдүүлэг зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэлийн агуулгаас үзвэл нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч Д.Э, М.М нарт холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах нэхэмжлэл гаргасан байна.

 

2.1.Хариуцагч Д.Э нэхэмжлэлийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ч.Ст холбогдуулан Баянгол дүүрэг, ................................... тоот, 115.58 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч Ч.С нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...Би хариуцагч М.Мт “Н ББСБ” ХХК-аас өндөр хүүтэй зээл авч зээл, хүү төлөх шаардлагатай байгаа тухай хэлсэн. ...М.М нь зээлийн барьцаанд байгаа байраа надад барьцаалаад 30,000,000 төгрөг хүүгүй зээлж болно гэж хэлсэн. Энэ саналыг зөвшөөрч гэрээ байгуулах үед Д.Э гэж хүн ирсэн. Д.Э тендерт ороход байрыг чинь нэр дээрээ шилжсэн байх шаардлагатай байна гэсэн учир худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийж, өмчлөх эрх шилжүүлсэн. Зээлсэн 30,000,000 төгрөгөө хариуцагч М.М, Д.Э нарт буцаан төлсөн. Орон сууц худалдах, худалдах авах гэрээг дүр үзүүлэн хийсэн тул энэ гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, өмчлөх эрхээ шилжүүлж авахаар шаардаж байна” гэж тодорхойлсон.

 

4.Хариуцагч Д.Э “...Би Ч.Стай 2020 оны 07 сарын 27-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, ................................... тоот орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдан авсан. Энэ гэрээ хүчин төгөлдөр. Надад энэ байрыг хямд үнэр зарах гэж байгаа талаар гэрч Н.Б хэлсэн. Орон сууцны үнийг гэрээ байгуулахад бэлнээр төлсөн. нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

 

5.Хариуцагч Д.Э сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...Би Ч.Саас 2020 оны 07 сарын 27-ны өдөр Баянгол дүүрэг, ................................... тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж 30,000,000 төгрөгөөр худалдан авсан. Уг орон сууцыг Ч.С чөлөөлж өгөхгүй хууль бусаар эзэмшиж байна” гэж тодорхойлсон.

 

6.Нэхэмжлэгч Ч.С хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “...Д.Э, М.М нараас 30,000,000 төгрөгийн зээл авч, байраа барьцаалахаар ярилцаж тохиролцсон. Д.Э тендерт ороход миний байр нэр дээр нь шилжсэн байх хэрэгтэй гэсэн учир худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн. Одоо зээлсэн 30,000,000 төгрөгийг М.М, Д.Э нарт буцаан төлсөн. Өмнө нь орон сууц чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаагүй нь гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан болохыг нотолж байна. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэх үндэслэлээр няцаасан.

 

7.Хариуцагч М.М нэхэмжлэлд гаргасан тайлбартаа “...Нэхэмжлэгч Д.Сын тайлбар үнэн. Ч.С, Д.Э нар бие биеэ танихгүй. Би өмнө нь Д.Этай өмнө нь танил байсан бөгөөд хамтарч ажиллаж байсан. Дүр үзүүлсэн хэлцэл хийж, өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл хийхийг би ятгаж санал тавьсан юм. Орон сууц барьцаалахад зээлсэн 30,000,000 төгрөгийг би гаргаж, Д.Эгаас тендерийн тодорхой хувь авахаар тохиролцсон байсан. Ч.С зээлсэн 30,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг надад буцааж төлсөн. Нэхэмжлэлийг зөвшөөрч байна” гэжээ. 

 

8.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Ч.С, хариуцагч Д.Э нарын хооронд 2020 оны 07 сарын 27-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан байна. Талууд гэрээндээ Ч.Сын өмчлөлийн, улсын эрхийн бүртгэлийн ............. дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ................................... тоот орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тусгасан байна. Гэрээ байгуулагдсан өдөр хариуцагч Д.Э орон сууцны өмчөөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

 

9.Талууд нэхэмжлэгч Ч.С, хариуцагч Д.Э нарын хооронд 2020 оны 07 сарын 27-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан, гэрээг нотариатчаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, нэхэмжлэгч 30,000,000 төгрөг авсан, хариуцагч нь нэхэмжлэгчээс орон сууц чөлөөлөхийг шаардаж байгаагүй, нэхэмжлэгч уг орон сууцанд одоог хүртэл амьдарч байгаа үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

10.Зохигч орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр эсэхэд маргаж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэдэгт тухайн хэлцлийг хийснээр талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байлаг. Хууль зүйн ямар нэг үр дагавар гаргахыг хүсдэггүй. Энэ үйлдлээр гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьдал болгодог.

 

11.Шүүхээс томилогдсон шинжээч “Х” ХХК нь маргаан бүхий хөрөнгийн 2020 оны 07 сарын 17-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэ цэнийг 210,356,000 төгрөгөөр тогтоосон байна. Хариуцагч М.М шүүхэд “...Ч.С, Д.Э нар орон сууц худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсоны дагуу гэрээг байгуулаагүй, гэрээг дүр үзүүлсэн байгуулсан” гэх тайлбар гаргасан.

 

12.Дээрхээс дүгнэвэл 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байна. Тодруулбал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар нэхэмжлэгч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх хариуцагч нь нэхэмжлэгчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх, худалдан авсан хөрөнгийг хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж үзэв.

 

13.Талуудын хооронд 2020 оны 07 сарын 27-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх тул гэрээний талуудад ямар нэг эрх, үүрэг үүсээгүй. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагч Д.Эгаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Харин хариуцагч М.Мт орон сууцны өмчлөх эрх шилжээгүй тул нэхэмжлэлийг хариуцах үүрэг үүсэхгүй.

 

14.Хариуцагч Д.Э нь нэхэмжлэгч Ч.Ст холбогдуулан орон сууцыг хууль бусаар эзэмшсэн үндэслэлээр чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

15.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байдаг. Нэхэмжлэгч нь улсын эрхийн бүртгэлийн ....... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ................................... тоот орон сууцыг хууль бусаар эзэшсэн үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

16.Иймд Ч.С, Д.Э нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, улсын эрхийн бүртгэлийн .........дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ................................... тоот хаягт байршилтай, 115.58 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ч.Ст шилжүүлэхийг хариуцагч Д.Эд даалгаж, уг орон сууцыг нэхэмжлэгч Ч.Сын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч Д.Эгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

17.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Ч.Саас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөг, хариуцагч Д.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эгаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу Ч.С, Д.Э нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулгдасан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, улсын эрхийн бүртгэлийн .............дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ................................... тоот хаягт байршилтай, 115.58 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ч.Ст шилжүүлэхийг хариуцагч Д.Эд даалгасугай.

 

2.Иргэний хуулийн 106  дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул улсын эрхийн бүртгэлийн ............... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ................................... тоот хаягт байршилтай, 115.58 м.кв талбайтай, орон сууцыг нэхэмжлэгч Ч.Сын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч Д.Эгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ч.Саас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөг, хариуцагч Д.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эгаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР