| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2022/0027/Э |
| Дугаар | 150/шш2023/00158 |
| Огноо | 2023-09-21 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 150/шш2023/00158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч ******* хот ********* дүүргийн *-р хороо, ***** дугаар хороолол*** байрны ** тоотод оршин суух, *** овогт С, Б**** (РД:***********)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч******* аймгийн ****** сумын Н***** 3-р баг *** хөдөө оршин суух,******* овогт С,Ба (РД:*********)-д холбогдох,
Хөлсөөр ажиллах гэрээний үлдэгдэл 2,252,000 төгрөг, хулгайд алдсан гэх эр үхрийн үнэ 3,600,000 төгрөг, 2 сувай эм үхрийн үнэ 3,000,000 төгрөг нийт 8,852,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин, нэхэмжлэгч ******* /цахимаар/, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би иргэн *******тэй 1 жилийн хугацаагаар малаа хариулуулах, харж хамгаалуулахаар аман гэрээ байгуулж жилийн цалин 6,000,000 төгрөгийг бэлнээр биш энэ мөнгөнд 50 ишигтэй ямаа авч өгөх нэг бүрийг 120,000 төгрөгөөр гэж тохиролцсон. Энэ тохиролцооны дагуу ишигтэй ямаа авах гэхэд 120,000 төгрөг биш 130,000 төгрөгөөр олдсон. 52 ямаа авч өгсөн. 6,720,000 төгрөг болсон. Тооны хувьд би зөрүүлж магадгүй би цаас харахгүй ярьж байна. Ингээд миний 52 тоотой үхрийг 1 жилийн хугацаагаар маллаж хариулах болсон. Энэ хугацаанд миний үхрээс 4 үхэр хулгайд алдсан гэж ярьдаг цагдаад ингэж бүртгүүлсэн. Мөрдөн байцаах явцад хулгайд алдсан гэж нотлогддоггүй. Миний малыг хариулна гэж хөлс мөнгөө авсан болохоос дунд нь үхрийг алга болгоод хаяад явна гэж тохироогүй. Иймээс би мал маллаж хариулна гэсэн 6,000,000 төгрөгөөс үлдсэн 1, 2, 3, 4 сарын ногдох мөнгөн дүнг 4 алдсан үхрийн хамт нэхэмжилж байна. 8,852,000 төгрөг болж байна. Би цаас дээр бичсэн зүйлгүй хөдөө явж байгаа тул үнийн дүнг яг мэдэхгүй байна. Би 4 үхэр, 1 жил мал хариулна гэсэн үлдэгдэл хөлсөө нэхэмжилж байна..., ...Хонь хариулсан гээд байна. Хонийг төлөөр нь хөлсийг нь өгнө гэж тохирсон. Гэвч надад нэг ч төл авч өгөөгүй. 1 сард хонь төллөөгүй байсан. Тиймээс хонины асуудлыг тусдаа нэхэмжлэл гаргаад шийдэж болно. Үхрийг би хулгайд алдах байсан бол өөрөө ч хариулах байсан. Битгий хулгайд алдаарай маллаарай гэж хөлс өгсөн болохоос хулгайд алдсан гэсэн тайлбар авахгүй. Тиймээс би 4 үхрээ нэхэмжилж байна. Хонийг би тусдаа иргэний журмаар нэхэмжилнэ гэсэн санаа байна. Энэ удаа би давхардуулахгүй...” гэв.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үхрийг нь маллах болсон. Намайг үхэр маллаад өгөөч гэж өөрөө ирж гуйсан. Би 50 ишигтэй ямаа авсан мөн өөрөө тэр айлаас би 100 хонь авсан. Маллаж байхдаа үхрээ ямаагаар бодоод хонио төлөөс өгнө гэсэн. Тэгээд төлөөсөө өгөөгүй би 01 дүгээр сарын 24-ний өдөр Номгон руу нүүгээд явсан. Өөрөө амь амиа бодъё та нар нүүсэн нь дээр гэсэн тул би айлд очиж буусан. Эхлээд 2 үхэр 11 дүгээр сарын 10-ны үед алдаад дараа нь 12 дугаар сарын 10-ны үед 2 үхэр алдсан. 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн малаас 1 бүдүүн гүү алдсан. Тэнд хүн амьтан танихгүй газар байсан. Өвөлжөө муу байнгын шуургатай газар очсон. Мал их муудсан. Надаас үхэр нэхэмжилж гаргуулна гээд байна. Би төлөхгүй зөвшөөрөхгүй гэсэн...” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч *******ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. ******* ******* холбогдуулж нийт 8,852,000 төгрөгийг нэхэмжлээд байна. Энийг ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ойлгохдоо 2 нэхэмжлэлийн шаардлага яваад байна гэж ойлгож байна. Нэгдүгээрт хөлсөөр ажиллах гэрээний дагуу илүү цалин 2,252,000 төгрөг нэхэмжилж байгаа юм байна. Хоёрдугаарт 4 үхрийн үнэ нийт 6,600,000 төгрөгөөр бодоод нийт 8,852,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хөлсөөр ажиллах гэрээ талуудын хооронд харилцан тохирч байгуулагдсан. 1 сарын 500,000 төгрөгөөр бодоод жилийн 6,000,000 төгрөгөөр хоорондоо тохиролцсон. 6,000,000 төгрөгт ямаа авна гээд авсан. Талуудын хооронд хөлсөөр ажиллаж гэрээ байгуулагдаад явж байсан. Талууд 2022 оны 09 сараас бодож гэрээ хийхээр болсон. 2023 оны 01 сард ******* нь өвөлжөө дээрээ ирээд мал их муутгасан байна өвс их өгсөн байна гээд уурлаж уцаарлаад *******ийг гэр бүлийн хамт 1 сард хүйтэн үед хөөж явуулсан. Энийг хамт өвөлжиж байсан гэрчийн мэдүүлэгт хэлсэн байдаг. ******* гэж хүн хөлсөөр ажиллах гэрээгээ цуцлах санаалаа өөрөө гаргасан. Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. 367.4-д ажиллуулагч гэрээнд харш үйл ажиллагаа явуулснаас болж гэрээг цуцлахад хүргэсэн бол гэрээ цуцалснаас учирсан хохирлыг ажиллуулагч хариуцна. Ажиллуулагч нь *******. Өөрөө гэрээнд харш үйл ажиллагаа явуулж гэрээгээ цуцалсан. Тэгвэл цалингаа буцааж авна гээд нэхэмжилж байгаа хохирлыг ажил олгогч өөрөө хариуцах ёстой. ******* нь өөрөө хаяж яваад өөрөө зөрчил гаргасан зүйл огт байхгүй. Тухайн өөрийнх нь аваачиж өвөлжүүлсэн газар нь мал өвөлжихөд зутруу газар байсан. ******* өөрөө туршлагын хувьд насаараа мал маллаж байгаа. 2016-2019 оны хооронд малыг нь маллаж байсан. Үнэхээр муу малчин байсан бол дахиж мал маллуулахгүй байсан байх. Илүү төлсөн цалин 2,552,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна. Алга болсон 4 үхрийн үнэ 6,600,00 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ******* хөлсөөр ажиллах гэрээгээр малыг нь харж байсан. Гэтэл өглөө босоод ирэхэд мал нь алга болчихно. Энийг тухай бүрд цагдаагийн байгууллагад бүртгүүлээд шалгуулсан. Нотлох баримтаар гаргуулахаар Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтсээс албан бичгийн тодорхойлолт ирсэн. 4 үхэр дээр мөн *******ийн өөрийнх нь 1 тооны адуу хүртэл алга болсон. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэсэн албан бичиг ирсэн. Нэхэмжлэгч хулгай авсан нь нотлогдоогүй цагдаагаар шалгуулсан гэх зүйл яриад байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Гэм буруугийн асуудал шүүхээр эцэслэн гэм буруугийн асуудал тогтоогдоно. Цагдаа тогтоогоод хаах зүйл байхгүй. Тэгэхээр хулгайд алдсан үхрийг ******* төлөх үндэслэлгүй. Одоо *******өөс 6,600,000 төгрөгийг авсан гэж бодохоор дараа нь хулгайч олдохоор хулгайчаас малын мөнгө нэхэмжлээд ийм шударга бус байж болохгүй. Үнэхээр хулгайд алдсан бол эзнийг нь олоод ирэхээр тэр хүнээс нэхэмжлэх нь зөв. Нийт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 4 үхрийн 6,600,000 төгрөгийг үнийг ******* өөрөө үнэлээд байна. 2022 оны 12 сард үхэр ямар үнэтэй байсныг тогтоолгох ёстой. Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулаад нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол энэ нь нотлох баримт гаргаж өгөх цуглуулах үүрэг нь өөрт байгаа. Энэтэй холбоотой гэтэл шууд өөрийн бодлоор нэхэмжлэх нь буруу. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******өд холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үнэ 8,852,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны үед нэхэмжлэгчийн 52 тооны үхрийг 6,000,000 төгрөгийн хөлсөөр маллахаар тохиролцон, хугацааг нэг жилээр тохирон ажлын хөлсөнд 52 толгой ямаа авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Ажлын хөлсийг 6,000,000 төгрөгөөр тохирсон ч 6,750,000 төгрөгийн буюу 52 толгой ямаа өгсөн бөгөөд хөлсний талаар талууд маргаж мэтгэлцээгүй болно.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулсанд тооцно гэж заасан байна. Иймд зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээ буюу Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэж, ажиллуулагч нь тохирсон хөлсийг төлөх үүрэг хүлээнэ гэсний дагуу гэрээний талууд хэн аль нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл үүргээ биелүүлж байсан байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “2023 оны 01 дүгээр сард хамт өвөлжиж байсан гэдэг хүн над руу утасдаж танай мал муудаад байна ирж хар гэж хэлсэн. Тэр даруй очиж үзэхэд маллагаа муутайгаас шалтгаалж мал ихээр муудсан, хэвтэр бууц байхгүй намар бэлтгэж өгсөн 1800 боодол өвс дуусаж байсан. Цалин хөлсийг өгөөд байхад цас зудгүй цаг сайхан, хавар эхлээгүй байхад мал ихээр муудсан байна. Маллагаа муутайгаас болж байна гэж хэлэхэд манайх нүүлээ гээд малаа ав гээд нүүсэн...,...Би намар өвөлжөөнийхөө модыг шинэчилж шинэ хашаа хадаж өгсөн...,...эхнэр нь нүүнэ гээд л нүүгээд явсан” гэж тайлбарлаж байгааг хариуцагч тал няцааж “тэр өвөлжөөний газар нь салхи шуурга ихтэй мал өвөлжихөд нөмөргүй газар байсан. Намар бууц олдоогүй ч өөрийнхөө боломжоор бууц буулгаж байсан. ******* ирээд хамаг өвс өглөө гэж уурласан тэгээд хөөсөн учир манайх нүүсэн” гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч хөлсөн дээрээ 1800 боодол өвс өгч өвөлжөөнийхөө хашаа, хороог шинэчилж янзалсан, манай мал жил болгон өвөлжиж байсан газар тийм мал өвөлжих боломжгүй газар биш гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, хариуцагчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгсөн Д. тухайн мал өвөлжиж байсан газрын талаар “ боломжийн сайн газар” гэж мэдүүлсэн байна.
Хариуцагч тал “...Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.4-д ажиллуулагч гэрээнд харш үйл ажиллагаа явуулснаас болж гэрээг цуцлахад хүргэсэн бол гэрээ цуцалснаас учирсан хохирлыг ажиллуулагч хариуцна. Ажиллуулагч нь ******* өөрөө гэрээнд харш үйл ажиллагаа явуулж гэрээгээ цуцалсан” гэж байгаа нь нотлогдохгүй байна.
Харин ч ******* хөлсөө 6,000,000 төгрөгөөр тохирсон ч 6,720,000 төгрөг өгсөн, өвс бэлдэж хашаа хороогоо шинэчилсэн зэрэг малчин хүн мал маллах боломжийг хангаж байхад мал муудаж байгаа нь ажиллагч буюу ******* гэрээгээр тохирсон үүргээ хангалтгүй биелүүлснээс болсон бөгөөд улмаар гэрээ цуцлагдсан байна.
Нэхэмжлэгч ******* хариуцагч *******өөс урьд олгосон хөлсөө буцаан нэхэмжлээгүй, гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны хөлс 2,252,000 төгрөг нэхэмжилсэн. Зохигчдын тайлбар болон гэрч Ж.***** мэдүүлгээр 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******* Сэлэнгэ аймгийн Сайхан сумын урд Номгон гэх газарт нүүж очсон байна.
Иймд гэрээ цуцлагдсан өдрийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хөлсийг тооцоход 1,500,000 төгрөг болж байна.
Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******өөс 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, илүү нэхэмжилсэн 750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******өөс 2022 оны 11 дүгээр сард хулгайд алдагдсан 2 тооны эр үхэр,12 дугаар сард алдсан гэх 2 тооны эм үхрийн үнэ 6,600,000 төгрөг нэхэмжилсэн.
Хариуцагч ******* нь хулгайд алдсан үхрийн талаар Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтэст гомдол гаргаж шалгуулж байгаа болох нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 44/3-943 дугаартай албан тоот/хэргийн 39 дүгээр хуудас /-аар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан энэ нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа байдал иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаас 6,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Иймд нэхэмжлэгч нь энэ талаарх гомдлоо Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтэст гаргах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156,582 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан 1,500,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийг хариуцагч *******өөс гаргуулж нэхэмжлэгч *******д олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэг, 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******өөс хөлсөөр ажиллах гэрээний үлдэгдэл 1,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хөлсөөр ажиллах гэрээний хөлснөөс илүү нэхэмжилсэн 752,000 төгрөг, хулгайд алдагдсан гэх 4 үхрийн үнэ 6,600,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 156,582 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч *******өөс 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг бүрэн эхээр бичсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА