| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2023/00331/И |
| Дугаар | 136/ШШ2023/00426 |
| Огноо | 2023-08-31 |
| Маргааны төрөл | Төрийн албаны тухай хуулиар бусад, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 136/ШШ2023/00426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цэдэнпэлжээ, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: БОАЗрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.С холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2,735,456 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г
Хариуцагч Д.С
Иргэдийн төлөөлөгч Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн БОАЗрын Д.Сд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Дорноговь аймгийн БОАЗар нь Иргэн Д.С нь Дорноговь аймгийн БОАЗрын даргаар ажиллаж байх үедээ нягтлан бодогч У.С ажлаас буруу халсныг тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 136/ШШ2020/00193 дугаар шийдвэрээр тогтоож, түүнчлэн шийдвэр гүйцэтгэлийн журмаар БОАЗрын цалингийн сангаас 2,735,456 төгрөгийг гаргуулан У.С олгосон байна. Харин иргэн Д.С нь БОАЗрын цалингийн сангаас У.С олгосон 2,735,456 төгрөгийг буцааж төлөөгүй нь төрийн ашиг сонирхол зөрчиж байгаа тул прокурор төрийн байгууллагыг төлөөлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үндэслэл болж байна. Иймд иргэн Д.Сгээс Дорноговь аймгийн БОАЗрын цалингийн сангаас У.С олгосон 2,735,456 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч Д.С хариу тайлбартаа: ...Монгол Улсын шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эцсийн шийдвэр байдаг. Хуулиар гэм буруутайд тооцоогүй хэнийг ч гэм буруутайд тоогоогүй Үндсэн Хуулиар эрхийг нь хамгаалсан байдаг. Миний бие хувийн ажил эрхлээгүй төрийн ажил эрхэлж байсан тийм ч учраас шүүх хамгаалж байгууллагаас гаргах шийдвэр гаргасан. 2022 оны 05 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан. Одоо тэтгэврийн зээлтэй, өмчилсөн газаргүй, хураасан хөрөнгөгүй амьдарч байна. Төрд алба хаасны төлөө хариуцлага хүлээлгэж шийтгэх гэж буйд харамсаж байна. Тэтгэвэрт гарсны дараа сэтгэл санааны хохирол, эд материалын хохирол төлүүлэх хуулийн заалт байхгүй. Энэ нь хүний эрх зөрчсөн. Ийм зохицуулалт аль ч улсад байхгүй гэсэн тайлбар гаргаж байна . гэв.
Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 202/МА2020/00021 дугаартай магадлалын хуулбар /хх-5-10/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-11/, Төлбөрийн хүсэлт /хх-12/, Дорноговь аймгийн БОАЗрын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 207 дугаартай албан бичиг /хх-13/, Дорноговь аймгийн Прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаартай тогтоол /хх-14-15/, Дорноговь аймгийн
Прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/430 дугаартай албан бичиг /хх-16/, Төлбөрийн хүсэлт /хх-42/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-43/, Дорноговь аймгийн БОАЗрын албан бичиг /хх-44/, Дорноговь аймаг дахь төрийн аудитын газрын албан шаардлага /хх-45/, Дорноговь аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/15 дугаартай захирамж /хх-46/ хуулбар зэрэг баримтыг нотлох баримтаар гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн БОАЗар хариуцагч Д.Сд холбогдуулсан төрд учирсан хохирол хэмээн 2,735,456 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Д.С нь Дорноговь аймгийн БОАЗрын даргаар ажиллаж байх үедээ нягтлан бодогч У.С ажлаас буруу халсныг тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 136/ШШ2020/00193 дугаар шийдвэрээр тогтоож, түүнчлэн шийдвэр гүйцэтгэлийн журмаар БОАЗрын цалингийн сангаас 2,735,456 төгрөгийг гаргуулан У.С олгосон.
Тухайн мөнгийг олгосноор төрд хохирол учирч, энэ нь нотлох баримтаар тогтоогдсон.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар иргэн Д.Сгээс Дорноговь аймаг, БОАЗрын цалингийн сангаас У.С олгосон 2,735,456 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Нэхэмжлэлийн шаардлагаас хоёр үндэслэлээр татгалзаж байна. Нэг дүгээрт шүүхийн шийдвэр Дорноговь аймгийн БОАЗраас цалин гаргуулахаар шийдвэрлэсэн. Хоёр дугаарт нь би тэтгэвэрт гарсан учраас энэ төлбөрийг төлөх боломжгүй гэсэн үндэслэлээр татгалзаж байна гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.
Дорноговь аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/535 тоот албан бичгийн дагуу шилжин ажиллаж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас халсныг У.Солонго эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан.
Шүүх: Дорноговь аймгийн БОАЗрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажлаас буруу халсан үеийн олговорт нийт 2,735,456 төгрөгийг хариуцагч Дорноговь аймгийн БОАЗарт даалгаж шийдвэрлэсэн байна.
Дээрх шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байх ба энэхүү шийдвэрийг үндэслэн Дорноговь аймгийн БОАЗраас 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 2,735,456 төгрөгийг гаргуулж Хаан банкны *** тоот данс руу шилжүүлжээ. /хх-12/,
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн: ...Хэдийгээр БОАЗраас гаргуулах гэсэн шийдвэр гарч тухайн шийдвэрийг биелүүлсэн нь Иргэний хуулийн 498.2-т заасанд нийцсэн гэж үзсэн. Гэхдээ иргэн Д.С нь Дорноговь аймгийн БОАЗрын цалингийн сангаас У.С олгосон 2,735,456 төгрөгийг буцааж Дорноговь аймгийн БОАЗар төлөөгүй байгаа нь төрийн ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж нэхэмжилж байна гэсэн тайлбар үндэслэлтэй.
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт Төрийн албаны төв байгууллага нь шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж зааснаар нэхэмжлэгч Дорноговь аймгийн БОАЗар Д.Сгээс 2,735,456 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.
Дорноговь аймгийн БОАЗрын нягтлан бодогч У.С Дорноговь аймгийн БОАЗрын дарга Д.Сгийн шийдвэрийг шүүх хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрт: У.С урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилж улмаар ажиллаж байсан хугацааны цалин хөлстэй тэмцэх хэмжээний 2,735,456 төгрөгийг олгож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Дорноговь аймгийн БОАЗарт даалгаж шийдвэрлэжээ.
У.С хууль бусаар халсан нь шүүхээр тогтоогдсон, мөн ажиллаж байсан үеийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговорт төрөөс буюу Дорноговь аймгийн БОАЗраас 2,735,456 төгрөг гаргуулж У.С олгосон байна.
Хариуцагч Д.С Дорноговь аймгийн БОАЗрын даргаар ажиллахдаа Дорноговь аймгийн БОАЗрын нягтлан бодогч У.С ажлаас нь халж, буруу шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг...төрийн албан хаагчийг...,халсныг...шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж зааснаар буруутай албан тушаалтан буюу Д.Сгээс 2,735,456 төгрөг гаргуулж Дорноговь аймгийн БОАЗарт олгох нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт энэ хуулийн 498.1,498.2,498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж зааснаар буруу шийдвэр гаргасан Д.Сгээс Дорноговь аймгийн БОАЗраас У.С олгосон 2,735,456 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 165 дугар зүйлийн 165.2 дахь хэсэгт энэ хуулийг зөрчсөн үйлдлийн учирсан гэм хорыг Иргэний хуулийн гэм хорын тухай холбогдох зүйлээр хохирлыг нөхөн төлүүлнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.
Иймд Дорноговь аймгийн БОАЗрын нэхэмжлэлтэй Д.Сгээс 2,735,456 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дорноговь аймгийн БОАЗар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Сгээс 58,717 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 497.5 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Сгээс 2,735,456 төгрөг гаргуулж Дорноговь аймгийн БОАЗарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Сгээс 58,717 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ
А.ЦЭРЭНХАНД