Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 209

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

           Нарийн бичгийн дарга В.Орхон,

           Улсын яллагч Г.Мөнхбаяр,

            Хохирогч Ж.Мөнхтуяа,

            Шүүгдэгч С.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цагаангуут овогт Сэсээрийн Мөнхбаатарт холбогдох эрүүгийн 201726030464 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүгийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны 102-15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:МЮ82082578/ Цагаангуут овогт Сэсээрийн Мөнхбаатар нь:

- 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 48А дугаар байрны 02 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагч Ж.Мөнхтуяатай маргалдан улмаар 00-н өрөөнд түлхэж, унагаан түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ж.Мөнхтуяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 08 цагийн үед С.Мөнхбаатартай гэртээ хэрүүл маргаан хийж байх үед би угаалгын өрөөнөөс гарах гээд байж байх үед С.Мөнхбаатар орж ирэнгүүтээ шууд аймаар хүчтэй гараараа түлхэж унагаасан юм. Тэгэнгүүт миний нуруу маш эвгүй болж гэмтсэн юм. Тухайн үедээ миний нуруу бөөр маш их өвдөөд явдаг байсан юм. 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байсан чинь миний гар сулраад байхаар нь тухайн үед нь тоогоогүй юм. Ингээд 2017 оны 03 дугаар сарын 23-ны өглөө босоод ирсэн чинь хөл гар мэдээгүй болчихоод байхаар нь 2 охиноо дуудаад “эмнэлэгт үзүүлье” гээд 3 дугаар эмнэлэг рүү авч очиж үзүүлсэн чинь “та тархи, нуруу, нугасны зургаа “Мөнгөн гүүр” эмнэлгээс авахуулж ир” гэсэн. 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мэдрэлийн тасагт  13 хоног хэвтэн эмчлүүлсэн юм...” гэжээ. / хх 51-54 /,

Гэрч Ч.Батцэцэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…Миний ээж Жамбалсүрэнгийн Мөнхтуяа нь 2011 оноос эхлэн Сэсээрийн Мөнхбаатартай хамтран амьдарч байсан юм. Тэд гэр бүлийн баталгаагүй, дундаасаа үр хүүхэдгүй. С.Мөнхбаатар нь ээжтэй минь хамтран амьдрах хугацаандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ээж Ж.Мөнхтуяаг зоддог байсан. Энэ бүхнийг манай ээж Ж.Мөнхтуяа бид нараасаа нуугаад байдаг юм. Ээж маань С.Мөнхбаатарт зодуулдаг байсан тухайгаа Цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан эсэхийг би мэдэхгүй байна. 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ээж над руу яриад “миний бие муудаад байна, гар хөл өвдөөд байна хүрээд ир” гэж дуудсан. Ээж маань даралт өндөртэй, зүрхний хэм алдагдалтай, зүрхний шми гэсэн оноштой ба ер нь л их бие муутай хүн байгаа юм. Ээжийг эмнэлэгт үзүүлэх гэж байхад түүний дөрвөн мөч нь мэдээгүй болж  Улсын клиникийн 3 дугаар эмнэлэгийн Мэдрэлийн тасагт булчингийн сулрал гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа юм. Мөн ээжид дүрс оношилгооны шинжилгээ хийлгэхэд нуруу, сээрний нугалам яс нь хугарсан байна гэсэн онош тавигдсан ба ээжийн бидэнд хэлсэнээр 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр С.Мөнхбаатар нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Шинэ Туул хотхоны 48 дугаар байрны 02 тоот гэртээ байхдаа ээжтэй маргалдан, түүнийг ванн руу түлхэж унагаасан байна. Үүнээс болоод л  ээжийн нуруу сээрэнд гэмтэл үүссэн байх гэж бодож байна...” гэжээ. / хх 47/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4621 тоот  шинжээчийн дүгнэлтэнд:

1. Ж.Мөнхтуяагийн биед сээрний 11 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь ямар цаг хугацаанд / хэзээ/ үүссэнийг нарийвчлан тогтоох  боломжгүй...” гэжээ. / хх 68 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 794 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжээч эмч М.Энхтайваны 4621 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Хохирогч Ж.Мөнхтуяагийн биед сээрний 11-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх сээрний 11-р нугалмын их биеийн шахагдсан хугарал нь унахад болон дарагдах, шахагдах үйлдлийн аль алингаар үүсгэгдэнэ.

5. Тогтоогдсон гэмтэл нь ямар цаг хугацаанд, хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох  боломжгүй.

6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг  удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

7. Дээрх сээрний 11-р нугалмын их биеийн шахагдсан хугарал нь  амь насанд аюултай  гэмтэлд хамаарахгүй.

8. Сээрний 11-р нугалмын их биеийн шахагдсан хугаралын  үед сээрний 11-р нугалмын түвшинд буюу нурууны дунд хэсгээр өвдөх, нурууны хөдөлгөөн хязгаарлагдах шинж тэмдэг илэрнэ. Ямар хугацаанд эмчилгээ хийлгэхгүй явах эсэх нь хувь хүний биеийн онцлог шинж байдлаас хамаарч харилцан адилгүй байна...” гэжээ./ хх 204-206 /,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Мөнхбаатар мэдүүлэхдээ: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Мөнхтуяа мэдүүлэхдээ: Надад гомдол санал байхгүй. Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгийг тодорхой ярьсан тул нэмж ярих зүйлгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэв.

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-137/, ял шалгах хуудас /хх-139/, хохирогчийн гомдол саналгүй тухай хүсэлт /хх-242/, шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтийг хангасан мөрдөн байцаагчийн тогтоол /хх-240/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Мөнхбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 48А дугаар байрны 02 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагч Ж.Мөнхтуяатай маргалдан улмаар 00-н өрөөнд түлхэж, унагаан түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №4621 тоот шинжээчийн дүгнэлт, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 794 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Мөнхбаатар нь хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг хохирогч Ж.Мөнхтуяа нэхэмжлэхгүй гэсэн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс шүүгдэгч С.Мөнхбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин / нэгж буюу 450.000 /  дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Мөнхбаатарын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг хохирогч Ж.Мөнхтуяа нэхэмжлэхгүй гэснийг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                              ТОГТООХ нь:

1. Цагаангуут овогт Сэсээрийн Мөнхбаатарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мөнхбаатарыг 450 /дөрвөн зуун тавин / нэгж буюу 450.000 /  дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Мөнхбаатар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч С.Мөнхбаатарт оногдуулсан 450.000 / дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Мөнхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.ОЛЗОД