Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/843

 

О.Уд холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

шүүгдэгч О.Уын өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Аянагүлийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлээр О.Уд холбогдох 2107 00000 0111 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

......................., 19.......... оны ...... дугаар сарын .............-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын 4-7 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;

О.У нь 2020 оны 8 дугаар сард “Судан улс руу нарийн мэргэжлийн сувилагчаар явуулж өнгө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Т.Отгонмөнхөөс өөрийн хүү О.Анхмэндийн Хаан банкны 5779146065 дугаарын дансаар 5.500.000 төгрөг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Баганхангай дүүргийн прокурорын газраас: О.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ....................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч О.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч О.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Отгонмөнх нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Д.Аянагүл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Залилах /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж тус тус хуульчилсан байна. Гэтэл шүүх “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан өршөөн хэлтрүүлэхгүй байхаар зохицуулсан 6.1, 6.2, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дугаар зүйлүүдэд тусгагдсан гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй” гэж дүгнэн шүүгдэгч О.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хорих ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2, 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг өршөөлд хамруулахгүйгээр тус тус хуульчилсан байна. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч О.Уын өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч О.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хорих ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Уыг “Судан улс руу нарийн мэргэжлийн сувилагчаар явуулж өнгө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Т.Отгонмөнхөөс 5.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан... Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тус тус заажээ.

Гэтэл шүүгдэгч О.Уын үйлдсэн Залилах гэмт хэрэг нь дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан зүйл, хэсэгт багтсан байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн нь хуулийн үндэслэлгүй, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх хүртэл шүүгдэгч О.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Уд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх хүртэл шүүгдэгч О.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ЕРӨНХИЙ,

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ