| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2022/00343/И |
| Дугаар | 136/шш2023/00402 |
| Огноо | 2023-08-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 136/шш2023/00402
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Г,
Хариуцагч: Ш,
Нэхэмжлэлийн шаардлага: 18,915,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Ц.Ж //
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч. С. холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ч.Г миний бие 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэн С.Штай сэлбэг хэрэгсэл контейнер худалдах, худалдан авах гэрээ байгуулан 40 ширхэг нэр төрлийн сэлбэг хэрэгсэл бүхий контейнерыг хариуцагчид худалдан түүний өмчлөлд шилжүүлж хариуцагч нь гэрээний төлбөрт нийт 21,500,000 төгрөгийг худалдагч миний биед төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж худалдан авсан үүргээ хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу гэрээ байгуулсан өдөр миний контейнерыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болно. Гэтэл гэрээний 3.1 дэх заалтад худалдагчаас, худалдан авагчид 21,500,000 төгрөгийг үнэ бүхий сэлбэг, контейнерыг хүлээлгэн өгсөн ба урьдчилгаа 7,000,000 төгрөгийг худалдагч талд өгч үлдэгдэл 14,500,000 төгрөгийг 30 хоногийн дотор төлөхөөр тохиролцох байдлаар төлбөр төлж дуусах эцсийн хугацааг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байхаар тохиролцсон боловч хариуцагч нь өнөөдрийн байдлаар 13,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Ийнхүү талууд сэлбэг хэрэгсэл контейнер худалдах, худалдан авах гэрээний дагуу алдангийн хэмжээг хоног тутамд 0,5 хувиар тооцоохоор тогтоосон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч С.Ш нь гэрээний дагуу төлбөр төлөх эцсийн хугацааг хэтрүүлэн 91 хоног тутам 65,000 төгрөгийн алданги тооцож нийт 5,915,000 төгрөгийн алданги төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Бид анх нотариатаар орж хоёр талаас гэрээг баталгаажуулсан. Түүнээс хариуцагчийн хэлсэн шиг С.Шыг хууран мэхэлж, хүчээр аваачиж нотариатаар ороогүй. Бид нар өмнө нь удаа дараа наймаа хийхэд С.Ш нохойн баас шиг цувуулж өгдөг байсан. Одоо энэ цувуулж өгсөн өөр зориулалт бүхий мөнгөө болон 2021 онд шилжүүлсэн мөнгийг оруулж байна. Хариуцагч талаас 8 удаагийн гүйлгээ Ч.Г руу шилжүүлээд 6,000,000 төгрөг үлдсэн гэж байгаа. Энэ 8 удаагийн гүйлгээний хамгийн эхний он сар нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөгийг муна вагончик гэсэн утгатай хийсэн. Нэгдүгээрт контейнер, вагончик гэсэн хоёр үг өөр утга агуулгатай. 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр муна гэсэн утгатай 1,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Шинээс муна гэсэн утгатай 1,500,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр муна буу гэсэн утгатай 700,000 төгрөг гэж байгаа. Муна гэж байгаа нь намайг авгайлж хочилж бичсэн ба Г гэсэн утгатай гэж ойлгож болно. 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн SR гэсэн утгатай 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч тал 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн гүйлгээг нуусан байна. Би шүүхэд сүүлд нэмэлт нотлох баримт өгөхөд түүнд өөрөө маш тодорхой чиргүүлийн урьдчилгаа 4,000,000 төгрөг гэж шилжүүлсэн. Би С.Шт 2.5 тоннын түлштэй чиргүүлийг 11,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож байсан. Тухайн үед түлшний хомсдол гарсан байсан үе юм. Хариуцагч тал 2021 онд над руу шилжүүлж байсан 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 1,500,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн энэ мөнгөнүүдийг бүгд энэ чиргүүлийн үнэ юм.
2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нотариатаар гэрээ байгуулаад 21,500,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг төлөөд 14,500,000 төгрөгийг төлөх үүргийг С.Ш хүлээсэн. С.Шаас 04 дүгээр сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 07 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг нийт 8,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл он цаг хугацааны хувьд чиргүүлийн үлдэгдэл 1,500,000 төгрөг буюу гүйлгээний утга нь SRR гэж 05 дугаар сарын 24-ний өдөр шилжсэн байна. Тэгэхээр миний санал шүүхийн шийдвэр үндэслэлтэй, тал бүрээс нь авч үзсэн байх шаардлагыг хангах ёстой бол 1,500,000 төгрөгийг сэлбэг бүхий Контейнерын үнийн дүнд авсанд тооцоод миний авсан мөнгөн дүн 10,000,000 болж таарна. Тэгэхээр 21,500,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг авч үзсэн гэж үзвэл 11,500,000 төгрөг үүний 50 хувь хэтрэхгүй алданги тооцохоор 5,750,000 төгрөгийг нэмээд нийт нэхэмжлэлийн шаардлагыг 17,250,000 төгрөг болгож буулгаж авах үндэслэлтэй гэж үзэж байна. 05 дугаар сарын 24-ний өдөр над руу шилжсэн 1,500,000 төгрөгийг хариуцагч тал нотолж чадахгүй. Гэхдээ цаг хугацааны хувьд яах аргагүй хоорондоо тохиролцоод нотариатаар гэрээгээ байгуулаад үлдэгдэл мөнгийг нэг сарын дотор өгч авалцана, чадахгүй бол алданги тооцно гэж тохиролцсоноос хойш орж ирсэн учраас сэлбэг бүхий контейнерт авсанд тооцож байна. Хариуцагч талын яриад байгаа 2021 оны 3,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 26-ны 3,000,000 төгрөг, 12 дугаар сарын 11-ний 1,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны 1,500,000 төгрөг, 01 дүгээр сарын 28-ны 700,000 төгрөг зэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол чиргүүлийн мөнгө байсан ба хэрвээ байгаагүй байсан бол С.Ш бид хоёр 05 дугаар сарын 04-ний өдөр нотариатаар ороод худалдах, худалдан авах гэрээ хийгээд нэг нь сэлбэг бүхий зүйлийг өглөө, нөгөө нь ийм мөнгөн дүнг нэг сарын дотор төлж чадна, чадахгүй бол алданги төлнө гэсэн гэрээ байгуулах шаардлагагүй байсан. Тэгэхээр энэ 21,500,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг авсан гэж үзээд 11,500,000 төгрөг дээр алданги тооцоод 17,250,000 төгрөгийг авах үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээгээр багасгаж байна гэв.
2.Хариуцагч С.Ш хариу тайлбартаа: Энэ нэхэмжлэлийг би зөвшөөрөхгүй байна. Анх 2021 оны 12 сард Г намайг 25 дээр хүрээд ирээч гээд дуудахаар нь би очсон. Тэр үед Г контейнер, гадаа байгаа бүх юмаа зарна гэж надад хэлсэн. Би контейнер сонирхож байна, контейнерийг чинь авна гэж хэлсэн. Дараа нь он гараад 1 сард над руу утсаар яриад мөнгө хэрэг байна, контейнероо авах юм уу, авах бол мөнгө урьдчилж өгөөч гэсэн. Тэгээд контейнероо 7,000,000 урьдчилгаа өгчих гэсэн. Би үнэтэй байна наймаа хийхгүй гэж хэлсэн. Тэгтэл 4 сард дахиад 3 сарын сүүлээр дуудаад контейнероо авчихаач чамд хэрэгтэй, хүүхдийн төлбөр нэхэгдээд байна гээд гуйгаад байхаа нь 7,000,000 төгрөгийнх нь урьдчилгаа 5,000,000 төгрөг өөрийнх нь данс руу шилжүүлсэн. 4 сард утасдаад 2,000,000 өгчих гээд байхаар нь удаалгүй 2,000,000 төгрөгийг нь өгч тооцоо дууссан. Тэгээд тооцоо дууссанаас хойш би контейнероо авъя гэтэл доторх зүйлсийг нь суллаж өгөхгүй байсаар 5 дугаар сар гарсан. 5 сард би контейнероо авах гээд очсон чинь дотор нь ийм юмнууд байгаа гээд сэлбэгүүдээ харуулаад чи эд нартай нь хамт авчих гээд гуйгаад байсан. Тэр дотор нь хүнд хэрэгтэй гэх юм байхгүй байхаар нь би эд нар чинь надад хэрэггүй юм байна, чи султгаад өгчих гэж хэлсэн. Тэгээд дахиад 7 хоногийн дараа очиход султгаагүй доторхтой нь аваад явчих гэхээр нь тэр чигт нь авч яваад түлхүүрийг нь өгсөн. Г энийгээ аваад хийх газар байхгүй байна л гээд авахгүй байлгаад байсан. Тэрнээс биш би энэ сэлбэгнүүдийг нь авъя гэж үнэ хөлс тохирч авсан зүйл огт байхгүй. Г бид хоёрыг энэ талаар ярилцаж байхад хамт байсан хүмүүс гэрчилнэ. 5 сарын эхээр Г хотод байж байгаад ирэхдээ надтай уулзаад банк бусаас зээл авах гэсэн юм хүнээс авлагатай байх юм бол зээл бүтэх гээд байна гэрээ байгуулж тус болчих гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би банк бусад өгөх л гэрээ юм байна, тус болъё гэж бодоод нотариат дээр очоод тэр гэрээг нь уншиж судлаагүй гарын үсэг зурж өгсөн. Одоо бодоход тэр гэрээнд нь контейнер гэж байгаа юм уу, дан сэлбэг хэрэгсэл гасан гэрээ байсан юм уу, контейнер сэлбэг хамт худалдаа гэсэн гэрээ байсан юм уу би мэдэхгүй байна. Гэхдээ энийг бодит гэрээ гэж бодоогүй, цаанаа энэ хүний орлогоо нотлоход нь тусалж байгаа юм чинь гэж бодоод л итгээд гарын үсэг зурсан. Дараа нь ингэж мөнгө төгрөг нэхнэ гэж бодоогүй бид хоёрын хооронд 7 сая төгрөгөөр контейнер худалдсан л асуудал байдаг. Би мөнгөө бүрэн төлж тооцоо дууссан. Тиймээс би энэ сэлбэг хэрэгслийн үнэ, алданги гэсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь нэхэмжлэгч талаас ирүүлсэн гэрээ, сэлбэгүүдийн жагсаалт, хавтаст хэрэгт авагдсан үнэлгээ гаргасан бичиг баримтыг үндэслээд асуудлыг шударгаар шийдэх нь зүйтэй. Энэ гэрээ хийгдсэн байна, контейнер авсан, сэлбэг зэргийг авсанд маргахгүй. Бид нар үнийн дүн дээр маргаж байгаа.
Нэхэмжлэлийн үнийн дүнг яагаад хүлээн зөвшөөрөхгүй гэхээр нэхэмжлэгчийн 5011344488, 5025259052 зэрэг хоёр дансаар мөнгө шилжсэн байдаг. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэл дээр нийт алданги тооцоод 16,770,000 төгрөг байгаа. Үүнийг дараа нь нэмэгдүүлээд 5,915,000 төгрөг нийлээд 21,500,000 төгрөг болж байгаа. Манай талаас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, Нийт 8 удаагийн мөнгө шилжүүлсэн ба 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр вагончик, муна гэсэн утгаар 3,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 12-ний өдөр муна гэсэн утгатай 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ шилжүүлсэн мөнгөнөөс сүүлд 5,915,000 төгрөг нэмэгдүүлээд байгаа үнэтэй тохирохгүй байна. Би алданги хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гэрээ хийсэн байхад үүнээс өмнө шилжүүлсэн мөнгө нь байна. Энэ бол контейнер, сэлбэгийн мөнгө гэж тайлбарласан. 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг нь контейнерын мөнгө гэж хэлээд контейнерын мөнгөнд хэдэн төгрөг шилжсэн бэ гэхээр 8,000,000 төгрөг орчим болж байна. Нэхэмжлэгч 7,000,000 төгрөг авсан гэж байсан. Энэ бол сүүлд гэрээ хийгдсэнээс хойш 07 дугаар сард шилжүүлсэн мөнгийг урьд нь авсан 7,000,000 төгрөгт оруулаад байгаа юм уу. 2022 оны 01 дүгээр саны 28-ны өдөр 5025259052 данс руу шилжүүлсэн 700,000 төгрөгийг буу авсан учраас хассан. Ингээд тооцохоор нэхэмжлэл гаргахаас өмнө нь төлсөн мөнгө 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 7,000,000 төгрөг болж байна. Нэхэмжлэгчид урьдчилж өгсөн 7,000,000 төгрөг энэ юм уу гэхээр нэхэмжлэгч тайлбартаа биш гэж ярьж байна. Гэрээг 05 дугаар сарын 04-ний өдөр хийсэн байхад 05 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг нийт 3,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөг болж байна. Тэгэхээр 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөг нийт 5,500,000 төгрөг үүнийг 10,000,000 төгрөг дээр нэмэхээр нийт 15,500,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Ингээд нийт 15,500,000 төгрөгийг 21,500,000 төгрөгөөс хасаад 6,000,000 төгрөг үлдэнэ. Үлдэгдэл 6,000,000 төгрөг юм бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу алданги 50 хувиас хэтэрч болохгүй гэж байгаа. Түүнээс гадна 5,915,000 төгрөгөөс хүү бодсон байгаа. 07 дугаар сард 2 хоног, 6 дугаар сард 30, 31 хоног бодож 1,500,000 төгрөгийн хүү алданги тооцогдохгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл 6, 7, 8, 9 сар гэж төлсөн мөнгөнд хүү алданги тооцохгүй. Нэхэмжлэгч талыг гэрээ хийснээрээ тооцсон гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл 05 дугаар сарын 04-ний өдрөөс хойш алданги тооцож явсан байгаа. Гэтэл алданги тооцсон хоног хугацаанд мөнгө төлчихөөд байна. Жишээ нь 07 дугаар сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөгийг төлсөн үүнийг хасаж болохгүй юм уу, би бол хасаад тооцсон. Би контейнерын үнэ сэлбэг зэргийг ярихгүй, нэгэнт гэрээ байна. Хариуцагчид гэрээгээ биелүүлээгүй дутагдал байна үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Хуулийн байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлэх гэж байгаа бол нотлох баримт дээр үндэслэх ёстой. Энэ үнэлэгдэж байгаа нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар баталгаажих ёстой. Ингээд үлдэгдэл 6,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг нийт 9,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Бусад үнэлгээ, хоорондын ярьсан зүйл зэргийн хувьд нэгэнт гэрээ байгаа учраас төлөх ёстой. Хариуцагчид би шүүх хуралдаанд энэ асуудлыг үнэн бодитойгоор ярина гэж хэлсэн байгаа гэв. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс ухаалгаар татгалзаж байгаад талархаж байна гэв.
4.Нэхэмжлэгчээс: 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Сэлбэг хэрэгсэл, контейнер худалдах, худалдан авах гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, барааны жагсаалт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Гын Хаан банк дахь 50********** дугаар дансны хуулга, үнийн санал зэрэг баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Хариуцагчаас:С.Шын Хаан банк дахь 5363124358 дугаарын дансны хуулга зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс хариуцагч талын хүсэлтээр Ашид билгүүн ХХК-ийн шинжээч томилж дүгнэлт гаргуулсан, нэхэмжлэгч талын хүсэлтээр С.Т, С.С нарыг гэрчээр асууж мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Нэхэмжлэгч Ч.Г нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 1,665,000 төгрөгөөр багасгаж 17,250,000 төгрөг гаргуулна гэсэн тул энэ үнийн дүнгээс тооцож хэргийг шийдвэрлэлээ.
6.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 16,732,500 төгрөгийг хангаж, 517,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:
7.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:
а/2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Сэлбэг хэрэгсэл, контейнер худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 11,500,000 төгрөг, алданги 5,750,000 төгрөг нийт 17,250,000 төгрөг гаргуулна гэж,
8.Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
а/2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Сэлбэг хэрэгсэл, контейнер худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаар болон Сэлбэг хэрэгслийн жагсаалтын талаар маргахгүй, гэрээ байгуулсан болон сэлбэг бүхий контейнер хүлээн авсан нь үнэн, сэлбэгийн жагсаалтыг зөвшөөрнө. Харин гэрээний дагуу төлсөн төлбөрийг хасаагүй байна. Үндсэн төлбөрт 6,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг төлнө гэх агуулгаар маргаж байна.
9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ч.Г болон хариуцагч С.Ш нар 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сэлбэг хэрэгсэл, контейнер худалдах, худалдан авах гэрээ байгуулж Ч.Г нь сэлбэг бүхий контейнерийг С.Шын эзэмшилд шилжүүлсэн, С.Ш нь үнэ 21,500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсоноос 7,000,000 төгрөгийг гэрээ байгуулахаас өмнө шилжүүлсэн үлдэгдэл 14,500,000 төгрөгийг 30 хоногийн дотор буюу 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дотор шилжүүлэхээр, хугацаанд хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.
10.Талуудын хоорондын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан худалдах, худалдан авах гэрээ байхаас гадна талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.
11.Уг гэрээгээр Ч.Г нь С.Шт сэлбэг бүхий контейнер хүлээлгэн өгөх үүрэгтэй, С.Ш үнийг төлөх үүргийг хүлээнэ.
12.Зохигч талууд гэрээ байгуулсан эсэх болон сэлбэг бүхий контейнер хүлээлгэн өгсөн талаар маргахгүй, харин хүлээлгэн өгсөн мөнгөний хэмжээнд маргаж байна.
Нэхэмжлэгч Ч.Г 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг,
2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг,
2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг,
2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг хүлээн авсан гэж
/5,000,000+2,000,000+1,500,000+1,500,000=10,000,000/
Хариуцагч С.Ш 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг,
2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг,
2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөг,
2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг,
2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг,
2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг,
2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг хүлээлгэн өгсөн гэж
/1,000,000+3,000,000+1,500,000+5,000,000+2,000,000+1,500,000+1,500,000=1,500,000/ гэж тайлбарлаж хариуцагчийн Хаан банк дахь дансны хуулга нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Хариуцагч тал гэрээ байгуулахаас өмнө буюу 2021 оны 11 сарын үед сэлбэг бүхий контейнерийг хүлээн авсан, үүнээс хойш мөнгийг өгсөн,
Нэхэмжлэгч тал гэрээ байгуулахаас 7 хоногийн өмнө буюу 2022 оны 04 дүгээр сард сэлбэг бүхий контейнерийг хүлээлгэн өгсөн үүнээс өмнө 7,000,000 төгрөг л авсан гэж тайлбарлаж байна.
Гэрч Сын мэдүүлэгт шүүгчээс контейнерийг хэзээ ачуулсан талаар нь мэдэх үү гэх асуултад 2022 оны 04 дүгээр сар билүү 05 дугаар сар, сайн санахгүй байна, өдрийг нь мэдэхгүй байсан, тэр үед хавар байсан гэх мэдүүлэг болон талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д Худалдагчаас худалдан авагчид 21,500,000 төгрөгийн үнэ бүхий сэлбэг бүхий контейнер хэрэгслийг хүлээлгэн өгсөн. Урьдчилгаа 7,000,000 төгрөгийг худалдагч талд өгч үлдэгдэл 14,500,000 төгрөгийг 30 хоногийн дотор төлөхөөр тохиролцов гэх
Түүнчлэн хариуцагч С.Шын ...Анх 2021 оны 12 сард Г намайг 25 дээр хүрээд ирээч гээд дуудахаар нь би очсон. Тэр үед Г контейнер, гадаа байгаа бүх юмаа зарна гэж надад хэлсэн. Би контейнер сонирхож байна, контейнерийг чинь авна гэж хэлсэн. Дараа нь он гараад 1 сард над руу утсаар яриад мөнгө хэрэг байна, контейнероо авах юм уу, авах бол мөнгө урьдчилж өгөөч гэсэн. Тэгээд контейнероо 7,000,000 урьдчилгаа өгчих гэсэн. Би үнэтэй байна наймаа хийхгүй гэж хэлсэн. Тэгтэл 4 сард дахиад 3 сарын сүүлээр дуудаад контейнероо авчихаач чамд хэрэгтэй, хүүхдийн төлбөр нэхэгдээд байна гээд гуйгаад байхаа нь 7,000,000 төгрөгийнх нь урьдчилгаа 5,000,000 төгрөг өөрийнх нь данс руу шилжүүлсэн. 4 сард утасдаад 2,000,000 өгчих гээд байхаар нь удаалгүй 2,000,000 төгрөгийг нь өгч тооцоо дууссан. , гэх тайлбар зэргээр хариуцагч талын 2021 онд сэлбэг бүхий контейнерийг хүлээн авсан болон 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг,
2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг,
2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөгийг контейнерийн үнэ гэж шилжүүлсэн гэх тайлбар үгүйсгэгдэж, нэхэмжлэгчийн сэлбэг бүхий контейнерийн үнэд 10,000,000 төгрөг хүлээн авсан гэх тайлбар нотлогдож байна.
Түүнчлэн хариуцагчаас 5 сарын эхээр Г хотод байж байгаад ирэхдээ надтай уулзаад банк бусаас зээл авах гэсэн юм хүнээс авлагатай байх юм бол зээл бүтэх гээд байна гэрээ байгуулж тус болчих гээд гуйгаад байсан...энийг бодит гэрээ гэж бодоогүй, ...бид хоёрын хооронд 7 сая төгрөгөөр контейнер худалдсан л асуудал байдаг гэх тайлбараа баримтаар нотлоогүй байхаас гадна хариуцагч талын гэрээ байгуулсан болон жагсаалт бүхий сэлбэгийг хүлээн авсан талаар маргахгүй, гэрээний дагуу 15,500,000 төгрөг хүлээлгэн өгсөн гэх тайлбараар үгүйсгэгдэж байхаас гадна хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй байна.
Иймд гэрээний үүрэгт хариуцагчаас 11,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-ийн 2 дахь догол мөрнөөс хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцно. Алдангийн хэмжээ нь хоногийн 0.5 хувиар тооцож болохыг талууд энэхүү гэрээг байгуулснаар зөвшөөрсөн болно гэх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэх заалтад нийцэж байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д энэхүү гэрээг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 1 сарын хугацаатайгаар байгуулав, 3 дугаар зүйлийн 3.1-д ...үлдэгдэл 14,500,000 төгрөгийг 30 хоногийн дотор төлөхөөр тохиролцов. Хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцно... гэж тохиролцсон тул хариуцагч 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дотор 14,500,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээнэ.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-д Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр зохицуулсан тул хариуцагч нь 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс хойш төлөөгүй мөнгөн дүнг хугацаа хэтрүүлсэн гэх учир хариуцагч С.Шын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгч гэрээний үүргээс хасч тооцсон тул хариуцагч нь 13,000,000 төгрөгийн хэмжээнд хугацаа хэтрүүлжээ.
Нэхэмжлэгч талаас алдангийг 13,000,000 төгрөгөөс тооцоогүй, үлдэгдэл 11,500,000 төгрөгөөс тооцож шаардсан байх тул хариуцагч талын 7 дугаар сард төлсөн мөнгөнөөс алданги тооцох нь буруу гэх тайлбар үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч алдангид гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр 5,750,000 төгрөг шаардсан хэдий ч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа нийт 91 хоногийн алданги шаардсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 91 хоногийн алдангийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
11,500,000*0.5%=57,500 57.500*91=5,235,500 төгрөг,
Нэхэмжлэлийн шаардлага 5,750,000 төгрөгийн алдангиас 5,235,500 төгрөгийг гаргуулж 517,500 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болголоо.
5,750,000-5,235,500=517,500
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч С.Шаас 16,732,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 517,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
19.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,220 төгрөгөөс илүү тушаасан 39,695 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 252,525 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Шаас 241,612.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Гд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан С.Шаас 16,732,500 төгрөг гаргуулж Ч.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 517,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,220 төгрөгөөс илүү тушаасан 39,695 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 252,525 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Шаас 241,612.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Гд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ