| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2023/03061/И |
| Дугаар | 102/ШШ2023/03022 |
| Огноо | 2023-08-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2023/03022
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн .. дугаар байрны ... тоотод оршин суух, эмэгтэй, регистр ..., М.... овогт Л.....ын Ц...,
Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, эрэгтэй, регистр ...., С... овогт Д....ийн М...,
Нэхэмжлэлийн шаардлага:35 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Л.Ц..., хариуцагч Д.М..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь нар оролцов.
Нэхэмжлэгч Л.Ц... нь хариуцагч Д.М...ад холбогдуулан зээлийн 35 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Хариуцагч хариу тайлбартаа:Би Л.Ц...гээс 35 000 000 төгрөг авсан нь үнэн, буцааж өгнө, хэзээ өгөх хугацааг мэдэхгүй байна гэв.
Нэхэмжлэгчээс-Иргэний үнэмлэхийн лавлагаа, Худалдаа хөгжлийн банкин дах дансны хуулга, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б.Ж....тай хийсэн хэлцлийг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Би Д.М...ад 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 14 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй, 35 000 000 төгрөгийг зээлдүүлсэн боловч эргүүлж өгөхгүй байна.Иймд Д.М...аас 35 000 000 төгрөг гаргуулна, хэзээ өгөх хугацааг хэлэхгүй байгаа тул хариуцагчтай эвлэрэхгүй гэж тайлбарласан.
Хариуцагч нь Л.Ц...гээс 35 000 000 төгрөг авсан, буцааж өгнө, хэзээ өгөх хугацааг мэдэхгүй байна гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Худалдаа хөгжлийн банкин дах дансны хуулга, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, энэхүү хэлцлийг талууд амаар хийсэн байна.
Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар Л.Ц... зээлийн мөнгийг хариуцагчаас шаардах эрхтэй ба Д.М... нь 35 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Зээлдэгч Д.М... нь 35 000 000 төгрөгийг зээлдүүлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул хариуцагч Д.М...аас 35 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 332 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан Д....ийн М...аас 35 000 000 /гучин таван сая/ төгрөг гаргуулж Л....ын Ц...д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Д.М...аас 332 950 төгрөг гаргуулан Л.Ц...д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН