Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2023/03079

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, ... тоотод байрлах, регистр ..., Х... ХХК,  

Хариуцагч:Баянгол дүүрэг, .... тоотод оршин суух, эмэгтэй, Д.... овогт Д.... Б...,

Нэхэмжлэлийн шаардлага:130 000 000 төгрөг гаргуулах тухай  хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х..., хариуцагч Д.Б..., өмгөөлөгч Д.Б..., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л... ХХК-ийн төлөөлөгч Т.Ч..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Х... ХХК нь хариуцагч Д.Б...д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 130 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Х... ХХК нь Л... ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн ... нутаг дэвсгэрт орших ... ...ы 2, 4 дүгээр орцны дотор заслын ажлыг хийсэн, гүйцэтгэх ажлын үнэ 130,000,000  төгрөгт Дархан-Уул аймгийн ... нутаг дэвсгэрт орших ... ...ы ... тоот хаягт байрлах 62,7м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 00... тоот хаягт байрлах 41,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг бартераар өгөхөөр харилцан тохиролцсон.

Ингээд Л... ХХК нь дээрх орон сууцуудыг ашиглалтад орсны дараа орон сууцуудын эзэмшил, ашиглалтыг манай компанид шилжүүлсэн боловч орон сууцуудын өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй учраас манай компани Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л... ХХК-д холбогдуулж, Дархан-Уул аймгийн ... нутаг дэвсгэрт орших ... ...ы ... тоот хаягт байрлах 62,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 00... тоот хаягт байрлах 41,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий орон сууцуудын өмчлөх эрхийг манай компанид шилжүүлэхийг Л... ХХК-д даалгаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэх үүргээ Л... ХХК биелүүлээгүй учраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг гаргаж улмаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 14542 дугаартай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэн.

Гэвч Д.Б... нь манай компанийн цор ганц хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал С.Э...д холбогдуулж Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Дархан-Уул аймгийн ... нутаг дэвсгэрт орших ... ...ы ... тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, 00... тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлийг гардаж авах үедээ дээрх орон сууцуудын өмчлөх эрх Л... ХХК болон Д.Б... нарын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээний дагуу Д.Б...гийн өмчлөлд шилжсэн болохыг олж мэдсэн.

Ингээд дээрх Д.Б...гийн нэхэмжлэлтэй С.Э...д холбогдох хэрэгт манай компани Д.Б...д холбогдуулж “маргаан бүхий орон сууцуудын өмчлөх эрхийг даалгах тухай” бие даасан шаардлага гаргаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

Учир нь Л... ХХК болон Д.Б... нарын хооронд Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байсан ба уг гэрээний дагуу Д.Б... нь маргаан бүхий Дархан-Уул аймгийн ... нутаг дэвсгэрт орших ... ...ы барилгад хөрөнгө оруулалт хийж, харин Л... ХХК барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр тохирч уг орон сууцуудыг барьсан юм билээ.Ингээд маргаан гарч улмаар Л... ХХК болон Д.Б... нар хамтын үйл ажиллагаагаа дуусгавар болгож, Д.Б... нь оруулсан хөрөнгө оруулалт, мөн ашиг, алдагдал гэж 2,5 тэрбум төгрөгийг авахаар Л... ХХК-тай харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, уг эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 8942 дугаартай захирамжаар баталгаажуулсан байсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх захирамжийн дагуу төлбөл зохих 2,5 тэрбум төгрөгийн төлбөрт Л... ХХК нь Д.Б...д ... ...ы барилгаас 43 ширхэг орон сууцыг өгөхөөр мөн эвлэрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байдаг.

Гэтэл Иргэний хуулийн 480.3, 480.4-т зааснаар Л... ХХК болон Д.Б... нар хамтын үйл ажиллагаагаа дуусгавар болгож оруулсан хөрөнгө оруулалт болон ашиг, алдагдлаа хуваахаасаа өмнө манай компанийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, дуусгавар болгох үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлэхгүйгээр шууд хөрөнгөө хуваасан учраас ийнхүү манай компани нь Иргэний хуулийн 480.3, 480.4-т заасны дагуу Д.Б...д холбогдуулж бие даасан шаардлага гаргасан юм.

Гэтэл Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 304 дугаартай шүүхийн шийдвэрээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд мөн Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 41 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, уг магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 9 сарын 24-ний өдрийн ... дугаартай тогтоолоор хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Б..., Л... ХХК нар харилцан тохиролцож Л... ХХК нь 2 500 000 000 төгрөгийн төлбөртөө 44 айлын орон сууцыг Д.Б...гийн нэр дээр шилжүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон, уг 44 айлын орон сууцанд Х... ХХК-д өгөх ёстой 2 ширхэг байр багтаж байгаа.Тухайн үед Д.Б... 44 айлын орон сууцанд гуравдагч этгээдүүд амьдарч байгаа бөгөөд гэрээ байгуулсан болохыг мэдэж байсан, иймээс 2 500 000 000 төгрөгийн төлбөрт 44 айлын орон сууцыг шилжүүлж авахдаа гуравдагч этгээдүүдтэй холбоотой эрсдэлийг хариуцна гэж уг орон сууцуудын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан.Энэ нь шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэлд тусгагдсан байгаа гэж Л... ХХК тайлбарласан.

Д.Б... нь Л... ХХК-ийн нэхэмжлэгч Х... ХХК-д өгөх ёстой байсан 2 ширхэг орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, үүнтэй холбоотой эрсдэлийг бүрэн хүлээхээр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 480.3, 480.4-т заасны дагуу Д.Б...гаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 130 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Б... хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Л... ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт холбогдуулан 130 000 000 төгрөг нэхэмжилсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.Би болон нэхэмжлэгч Х... ХХК-ийн хооронд ямар нэгэн гэрээний харилцаа огт үүсээгүй, бидний хооронд гэрээ байгуулахаар ярилцаж, тохиролцсон зүйл огт байхгүй бөгөөд бодитоор бидний хооронд ямар ч гэрээ байгуулагдаагүй.

Мөн Х... ХХК болон Л... ХХК-ийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа надад огт хамааралгүй төдийгүй, би тус гэрээний тал биш юм.Өөрөөр хэлбэл, би Х... ХХК-д төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй бөгөөд бидний хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй учир Х... ХХК-аас надад холбогдуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 130 000 000 төгрөгийг гаргуулах шаардлага нь хуульд нийцэхгүй байна.

Би анх 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Л... ХХК-тай 01/14 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 01 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулж, Дархан-Уул аймаг, ...хороололд баригдахаар болсон ... айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжид ашиг авахаар харилцан тохиролцсон.

Л... ХХК-аас 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын ажлын явц удааширсан тул Л... ХХК-аас гаргасан саналыг үндэслэн уг өдөр гэрээний хугацааг сунгаж, 02 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 03 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулсан.

Эдгээр гэрээгээр Хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа хөрөнгө оруулагч тал буюу надад гэрээ байгуулах талаараа мэдэгдэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр захиран зарцуулж байхаар тохиролцсон.Тухайлбал:

Хөрөнгө оруулалтын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/14 дүгээр гэрээний 5.2.2-т 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр гэрээний 6.2.2-т “...Гүйцэтгэгч тал нь хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй бөгөөд Хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр захиран зарцуулах үүрэгтэй...” гэж, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээний 4.1-т “...Гүйцэтгэгч тал нь энэхүү гэрээг байгуулах үед орон сууцны зориулалттай барилгыг бусдад барьцаалаагүй, өр авлага үүсээгүй болохоо үүгээр баталж байгаа бөгөөд гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд энэхүү гэрээний 6.1-т заасны дагуу “...Хөрөнгө оруулагч тал”-д мэдэгдэж, зөвшөөрлийг авна.” гэж, 6.1-т Гүйцэтгэгч тал гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ байгуулахдаа Хөрөнгө оруулагч талд заавал мэдэгдэж, түүний хүссэнээр гэрээ, хэлцэл хийхэд тухайн талыг байлцуулна...'' гэж, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 3 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ”-ний 6.1-д “...Гүйцэтгэгч тал гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулагч талд заавал мэдэгдэж, түүний хүссэнээр гэрээ, хэлцэл хийхэд тухайн талыг байлцуулна...” гэж тус тус заасан.

Түүнчлэн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулж, нэхэмжлэлд дурдсан Дархан-Уул аймаг, ... хорооллын ... ... хотхоны ... блок 0.. тоотын 2 өрөө орон сууц, 00... тоотын 1 өрөө орон сууцууд нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Д.Б...гийн барьцаанд бүртгэгдсэн.

Гэтэл хариуцагч Л... ХХК нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-т “...талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авна...” гэснийг болон надтай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, С.Э... гэгч хүнтэй 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 150 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээний үндсэн дээр Дархан-Уул аймаг, ... хорооллын ... ... хотхоны ... блок 0.. тоотын 2 өрөө орон сууцыг, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 149 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээний үндсэн дээр Дархан-Уул аймаг, ... хорооллын ... ... хотхоны ... блок 00... тоотын 1 өрөө орон сууцыг тус тус худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан нь анхнаасаа хууль бус болсон.

Л... ХХК нь Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч миний эрхийг зөрчиж байсан тул уг асуудлаар би Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор Л... ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 183 дугаартай Эвлэрлийн гэрээг байгуулсан бөгөөд уг эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжаар баталгаажуулсан, уг захирамжийн дагуу Л... ХХК нь надад 2 500 000 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлөх байсан ч энэ үүргээ биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, уг ажиллагааны явцад Л... ХХК-аас миний өмчлөлд Дархан-Уул аймаг, ... хорооллын “... ... хотхоны ... блок 0.. тоотын 2 өрөө, 00... тоотын 1 өрөө орон сууцуудыг шилжүүлэн өгөх санал гаргасны дагуу, саналыг би хүлээн зөвшөөрч төлбөрт тооцон авахаар болсон.    

Дээрх орон сууцуудыг миний өмчлөлд шилжүүлэх асуудлаар 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш удаа дараа мэдүүлэг гаргаж, тэдгээртэй холбоотой маргааныг захиргааны журмаар шийдвэрлүүлсний эцэст 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан.

Ийнхүү би нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдаад буй орон сууцуудыг хууль ёсны дагуу өмчлөх эрхтэй болсон бөгөөд уг орон сууцуудыг хууль бусаар эзэмшиж буй С.Э...д холбогдуулж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Дархан-Уул аймгийн ... нутаг дэвсгэрт орших ... ... хотхоны ... тоотын 2 өрөө орон сууц болон 00... тоотын 1 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Мөн уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Х... ХХК нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувиар оролцож, Маргаан бүхий орон сууцуудын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасан боловч гурван шатны шүүхээс уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Тэгэхээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй, нэгэнт тогтоогдсон асуудлыг дахин шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож буй 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 150 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ болон 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 149 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээнд ... И... ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Л... гэж бичиж, гарын үсэг зурагдсан байна.Гэтэл уг гэрээг байгуулагдах үед Л... ХХК-ийн захирлаар Ц.Б... гэдэг хүн байсан болох нь тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлээр нотлогдоно.Нэхэмжлэгч нь Л... ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдтэй байгуулсан гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгааг хууль бус гэж үзэж байна.Би Х... ХХК-тай эрх зүйн харилцаа үүсгээгүй, гэрээ хэлэлцээр хийгээгүй, ямар нэгэн үүрэг хүлээгээгүй учир хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л... ХХК-ийн төлөөлөгч Т.Ч... шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд  тайлбарлахдаа:Х... ХХК нь Л... ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 16/20 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Дархан-Уул аймгийн ... дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах ... ...ы 2, 4 дүгээр орцны дотор заслын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байдаг.

Л... ХХК нь ажлын хөлс болох 130 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас харилцан тохиролцож ... байрны А блок 0.. тоот 62,7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 00... тоот хаягт байрлах 41,3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт бартераар өгөхөөр тохиролцсон гэрээ байгуулсан нь шүүхэд авагдсан материалаас харагдаж байна.

Л... ХХК-ийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших гэрээгээр харилцан тохиролцож төлбөрөө буцаан авсны дараа компанийг буцаан өгөх хэлцэлтэйгээр Ц.Б... авсан. Ц.Б... нь 144 айлын орон сууц барихад 2014 онд гэрээ байгуулсан хөрөнгө оруулсан төлбөр авагч юм.Би Ц.Б...гийн компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан.Л... ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч А.Л... 2017 оны 12 дугаар сарын 31-нд Ц.Б...д зээлсэн мөнгөө Хятадаас авчирч өгнө гэснийг бид хүлээж байсан.Ц.Б... захирал гадаад томилолтоор явах болсон тул компанийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр миний нэр дээр шилжүүлсэн.

Компанийг шилжүүлэн авсны дараа орон сууцыг худалдахдаа хөрөнгө оруулагч, иргэд, захиалгаар орон сууц барьсан барилгын компаниудтай гэрээг давхардуулан хийсэн байсныг мэдсэн.Иймээс өмнө компанийн хувьцаа эзэмшигч байсан А.Л...тэй уулзаж, хөрөнгө оруулагч, өмгөөлөгч нарыг байлцуулан хуралдаж Л... ХХК нь бусдын өмнө хүлээсэн зээлийн болон бусад ер төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцахаар хэлцэл хийж, 2018 оны 2 дугаар сарын 28-нд гэрээ байгуулан компанийг өмнөх хувьцаа эзэмшигч А.Л...д 100 хувь шилжүүлсэн.Компанийг буцаан шилжүүлэн өгөх үед Хөрөнгө оруулагч Ц.Б..., Д.Б..., Барилгын компанийн захирлууд, Хөрөнгө оруулагч нарын өмгөөлөгч нар, өмнөх хувьцаа эзэмшигч А.Л..., тус компанийн өмнөх нягтлан бодогч О.О... нар бүгд байсан.

Гэтэл А.Л... нь гэрээний үүргийн дагуу Улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгээгүй 2018 оны 3 дугаар сард Хятад улс руу яваад өнөөдрийг хүртэл  ирээгүй, Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж байгаа.Тус компани 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй, төлбөрийн чадваргүй, санхүүгийн бичиг баримтыг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй, компанийн тамга, гэрчилгээнээс өөр зүйлгүй.Улсын бүртгэлийн албанд Л... ХХК-ийн захирлаар миний нэр бүртгэлтэй байгаа.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжаар Л... ХХК-аас 2 500 000 000 төгрөг гаргуулан Д.Б...д олгохоор шийдвэрлэсэн боловч хариуцагч нь Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж Л... ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг ... ... ... хотхон ..., 1 байрны орон сууцуудын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж 2018 оны 5 сарын 15-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст явуулсан албан бичгийн дагуу Д.Б...гийн төлбөрт тооцон нийтдээ 44 ширхэг айлын орон сууцыг төлбөртөө тооцон авсан, 44 айлын орон сууц Д.Б...д шилжих үед уг орон сууцуудад айл байсан, уг айлуудтай гэрээ байгуулсан талаар Д.Б... мэдэх боломжтой байсан буюу мөн мэдэж байсан.Орон сууцыг Д.Б... төлбөртөө тооцон авахад Хөрөнгө оруулагч нар, Шийдвэр гүйцэтгэх алба, Л... ХХК хоорондоо хэлцэл хийж шилжүүлсэн.

Хөрөнгө оруулагч Д.Б... 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах Барьцааны гэрээ болон орон сууцны барилгаа 1 м.кв талбайг 750 000 төгрөгөөр тооцон 2667,22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалах тухай гэрээ байгуулан Улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.Уг барьцааны гэрээний гэрээнд бүртгүүлсэн 46 орон сууцны дотор нэхэмжлэгч Х... ХХК-ийн айлууд амьдарч байсан, ... байр 0..,00... тоот барьцаалагдсан байдаг.Өмнөх хувьцаа эзэмшигч А.Л... хөрөнгө оруулагч, иргэд, ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэсэн компаниудын орон сууцыг давхцуулан гэрээ хийсний улмаас бүгд хохирогчид юм.

Иймээс Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн хийсэн тусгай тэмдэглэл, хөрөнгө оруулагч Д.Б..., Б.Дөлгөөн нар гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдвөл бид бүхэн эрсдэлээ хүлээнэ гэсэн байдаг.Гэтэл Д.Б... нь бартераар гэрээний дагуу Х... ХХК-ийн айл амьдарч байсныг байрнаас албадан гаргасан байна.

Шийдвэр гүйцэтгэлийн алба  дээр Д.Б..., Дөлгөөн нар шийдвэрийн дагуу Л... ХХК-аас орон сууц авъя гэснээр 146 айлын орон сууцыг хүлээн авсан бол шийдвэр гүйцэтгэлийн газар жагсаалтын дагуу судалгаа хийхэд бүх айл давхцалтай байна гэсэн, Л... ХХК-аас авсан 146 айлын орон сууц давхцалтай хүн амьдарч байгаа гэдгийг мэдэж байсан.Д.Б..., Дөлгөөн нарт өгөхдөө айлууд амьдарч байгаа, гэрээ нь над дээр ирээгүй байгаа тул хэн амьдарч байгааг нь мэдэхгүй байна гэж хэлсэн.Айлуудыг нь битгий хөөж гаргаарай хоорондоо тохирч зохицоорой Л... ХХК-д өөр хөрөнгө байхгүй гэж хэлж байсан.Л... ХХК Д.Б...д 43 айл, Дөлгөөнд 53 айлын орон сууц өгсөн.Л... ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигчидтэй гэрээ хийсэн. Л... ХХК нь Х... ХХК-д төлөх хөрөнгө одоо байхгүй. Д.Б... зарим нэг айлуудтай эвлэрсэн ч заримыг нь хөөж гаргасан асуудал байгаа, Х... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, Д.Б...гаас гаргуулах нь зөв гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчээс:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 16/20 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээнүүд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ... дүгээр шийдвэр, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ... дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ... дүгээр магадлалыг шүүхэд өгсөн./хх 7, 9-11, 12-23, 24-25, 26-31, 32-37/

Хариуцагч Д.Б...гаас:Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Б...д 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээ, 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 02 тоот, 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 03 тоот гэрээнүүд, Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 16/001 тоот гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 11-ний дөрийн 16/001/01 тоот барьцааны гэрээ, барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 183 дугаартай эвлэрлийн гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжийг шүүхэд өгсөн./хх 108, 109-110, 111-112, 113-114,116-117, 118, 120-121, 123, 124-125, 127-128/

 Л... ХХК-аас:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үүсгэн байгуулагчийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр, мөн өдрийн уулзалтын тэмдэглэл, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, захиалгаар барьсан орон сууцны жагсаалтыг шүүхэд өгсөн./хх 52, 72-80/

                                            ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Х... ХХК нь Л... ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн ... нутаг дэвсгэрт орших ... ...ы 2, 4 дүгээр орцны дотор заслын ажлын үнэ 130,000,000  төгрөгт Дархан-Уул аймгийн ... нутаг дэвсгэрт орших ... ...ы ... тоот хаягт байрлах 62,7м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 00... тоот хаягт байрлах 41,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг бартераар өгөхөөр тохиролцож, орон сууцуудын эзэмшил, ашиглалтыг манайд шилжүүлсэн боловч өмчлөх эрхийг шилжүүлээгүй байтал орон сууцуудын өмчлөх эрх Д.Б...гийн өмчлөлд шилжсэн байна.

Д.Б... нь дээрх 2 орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, үүнтэй холбоотой эрсдэлийг бүрэн хүлээхээр тохиролцсон тул Иргэний хуулийн 480.3, 480.4-т заасны дагуу Д.Б...гаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 130 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Би Х... ХХК-тай гэрээ байгуулагдаагүй, Х... ХХК-ийн Л... ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг надад хамааралгүй тул Х... ХХК-аас надад холбогдуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 130 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

Л... ХХК-тай байгуулсан Хөрөнгө оруулалтын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээний 5.2.2, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр гэрээний 6.2.2-т зааснаар Гүйцэтгэгч нь хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй бөгөөд хөрөнгө оруулагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр захиран зарцуулах үүрэгтэй, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр барьцааны гэрээг байгуулж, Дархан-Уул аймаг, ... хорооллын ... ... хотхоны ... блок 0.. тоотын 2 өрөө орон сууц, 00... тоотын 1 өрөө орон сууцууд нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Д.Б...гийн барьцаанд бүртгэгдсэн, Л... ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 183 дугаартай Эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжаар баталгаажуулсан, 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 16/20 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээнүүд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ... дүгээр шийдвэр, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ... дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ... дүгээр магадлал, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Б...д 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээ, 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 02 тоот, 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 03 тоот гэрээнүүд, Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 16/001 тоот гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 11-ний дөрийн 16/001/01 тоот барьцааны гэрээ, барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 183 дугаартай эвлэрлийн гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар захирамж, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Х... ХХК нь хариуцагч ...-Интернэшнл ХХК, Д.Б... нарт холбогдуулан 130 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ...-Интернэшнл ХХК-аас татгалзсан байна.

Х... ХХК нь Л... ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулж, Х... ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ....ы 2, 4 дүгээр орцны дотор заслын ажлыг хийж гүйцэтгэх, Л... ХХК нь ажлын үнэ 130,000,000 төгрөгийг Х... ХХК-д төлөх үүргийг тус тус хүлээж, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна./хх10-12/

Л... ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Х... ХХК-ийн захирал С.Э...тай “Орон сууц захиалгаар бариулах” 149 дугаартай гэрээ байгуулж,  . 970 000 төгрөгийн үнэ бүхий, Дархан-Уул аймгийн ... нутаг дэвсгэрт орших ... ...ы ... тоот хаягт байрлах 62,7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Х... ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцож /бартераар/ өгөхөөр тохиролцсон байна./хх 16-18/

Л... ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Х... ХХК-ийн захирал С.Э...тай “Орон сууц захиалгаар бариулах” 150 дугаартай гэрээ байгуулж,  45 430 000 төгрөгийн үнэ бүхий, Дархан-Уул аймгийн ... нутаг дэвсгэрт орших ... ...ы ... байрны 00... тоот хаягт байрлах 41,3 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг Х... ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцож /бартераар/ өгөхөөр тохиролцсон байна./хх 19-24/

Л... ХХК-ийн захирлаар 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс А.Л..., 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс Ц.Б..., 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс Т.Чимэддулам нар тус тус томилогдон улсын бүртгэлд бүртгэгдсэн байхад дээрх “Орон сууц захиалгаар бариулах” 149, 150 дугаар гэрээнүүдэд Л... ХХК-ийг төлөөлж А.Л... гарын үсэг зурсан байна./хх 52/

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ... дүгээр шийдвэрээр Дархан-Уул аймгийн ..., ... ...ы ... тоотод байрлах 62,7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн байрны 00... тоотод байрлах 41,3 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцуудын өмчлөх эрхийн гэрчилгээг Х... ХХК-д шилжүүлэхийг Л... ХХК-д заалгаж шийдвэрлэсэн байна./хх 25-26/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 304 дүгээр шийдвэрээр Дархан-Уул аймгийн ..., ... ... хотхон, ... тоотод байршилтай, 62,7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Дархан-Уул аймгийн ..., ... ... хотхон, ... байрны 00... тоотод байршилтай, 41,3 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг С.Э...ын эзэмшлээс чөлөөлж, Д.Б...д олгож, дээрх хоёр орон сууцны өмчлөх эрхийг Х... ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Д.Б...д даалгах тухай Х... ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна./хх 27-32/

Д.Б... нь 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Л... ХХК-тай 01/14 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 01 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Хөрөнгө оруулагч Д.Б... нь  Дархан-Уул аймаг, ... хороололд байрлах, Л... ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй 1500 м.кв талбай бүхий газарт баригдах 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилгад нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, барилга баригдсаны дараа орон сууцыг худалдан борлуулснаас олсон орлогоос ашиг авах, Л... ХХК нь хөрөнгө оруулагч талын оруулсан хөрөнгө оруулалтыг зориулалтын дагуу ашиглаж, оруулсан хөрөнгө оруулалт болон гэрээгээр тохирсон ашгийг буцаах өгөх үүргийг тус тус хүлээж тохиролцсон байна./хх109-114/

Д.Б... Л... ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Хөрөнгө оруулалтын  гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” 16/001 дугаартай гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 16/001/01 дугаартай барьцааны гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг, ... хороололд баригдаж дууссан 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгаас 1 м.кв талбайг 750 000 төгрөгөөр тооцон, гэрээний хавсралтад заасан 2 667,22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалсан, энэхүү 46 айлын орон сууцанд ..., ... ... хотхон, ... тоотод байршилтай, 62,7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц болон мөн ... байрны 00... тоотод байршилтай, 41,3 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцууд орсон байна./116-117, 118,120, 121/

Д.Б... нь Л... ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 183 дугаартай Эвлэрлийн гэрээг байгуулсан бөгөөд уг эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжаар баталгаажуулсан, уг захирамжийн дагуу Л... ХХК нь Д.Б...д 2 500 000 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Дархан-Уул аймаг, ... хороолол ... ... хотхоны ... блок 0.. тоотын 2 өрөө, 00... тоотын 1 өрөө орон сууцуудын өмчлөх эрхийг Д.Б...д шилжүүлсэн байна.

Х... ХХК-тай гэрээ хийгээгүй, бидний хооронд гэрээ байгуулахаар ярилцаж, тохиролцсон зүйл байхгүй, бидний хооронд гэрээ байгуулагдаагүй, Х... ХХК болон Л... ХХК-ийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа надад хамааралгүй, би тус гэрээний тал биш, Х... ХХК-д төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэстэй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэлд “...Төлбөр авагч Б.Д..., Д.Б... бид бүхэн өмчлөх эрхээ олж авъя,гуравдагч этгээдүүд гарч ирвэл бид бүх эрсдэлээ хүлээнэ, энэ талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргахгүй...” гэж бичигдсэн байгаа нь Х... ХХК-ийн Л... ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг Д.Б...гаас шаардах үндэслэл болохгүй байна.

Мөн Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т “Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна” 480.4-тХөрөнгийг хуваарилахад хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг гүйцэтгэсэн байх бөгөөд хэрэв үгүй бол талууд өөрт ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэнэ” гэж заасан нь Х... ХХК-ийн шаардах эрхийн үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан үндэслэлээр Д.Б...д үүрэг үүсээгүй, Х... ХХК нь хуульд заасан үндэслэлээр шаардах эрхийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдохгүй байх тул Х... ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 807 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3, 480.4-т заасан үндэслэлгүй тул Д.Б...гаас 130 000 000 /нэг зуун гучин сая/ төгрөг гаргуулах тухай Х... ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Х... ХХК нь хариуцагч Л... ХХК-аас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Х... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 807 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг  зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          З.ДОРЖНАМЖИН