Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/199

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч Д.Соёлзул,

шүүгдэгч Ш.Г******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ш.Г*******т холбогдох эрүүгийн 2515001640199 дугаартай, 304/2025/0200/Э индекстэй хэргийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г******* овогт Ш*******ын Г*******, Булган аймгийн Булган суманд 1972 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Б******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, 53 настай, эрэгтэй,

урьд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар  хорих ялыг тэнссэн, /ял шалгуурт авагдсанаар, хаанахын шүүх нь тодорхойгүй/,

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5/15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг, Давж заалдах шатны шүүхийн 84 дугаартай магадлалаар 4 жилийн хугацаагаар  хорих ял болгон өөрчилсөн,

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 239 дүгээр зүйлийн 239.3 дах хэсэгт зааснаар 6 жилийн  хугацаагаар хорих ялаар,

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар  хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, РД:*******.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

Шүүгдэгч Ш.Г******* нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Б******* гэх газарт байх өөрийн гэртээ хохирогч Д.Б*******гийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хохирогч Д.Б*******гийн  “чиний олон жил танхайгаар шоронд суусан гэж юу? байдаг юм, чи бол эмэгтэй хүн хүчиндэж, хулгай хийж шоронд явж байсан хүн биз дээ” гэж хэлсэнд, уурлаж  хохирогч Д.Б*******гийн зүүн гарын сарвуу, зүүн гарын мөр,  цээжний баруун хэсэгт хутгалж хохирогч Д.Б*******гийн биед “уушгины гялтангийн цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2515001640199 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав.

Үүнд:

1.Шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Г*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 06-11 дэх тал/,

2. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 18 дахь тал/,

3. Хохирогч Д.Б*******гийн өгсөн"...2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн өглөө эрт манай хуурай дүү Г******* манай гэрт ирээд бид хоёр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг малчны хорооны задгай тоотод байх манай гэрээс гараад Гандангийн хажуу талын хүнсний дэлгүүр орж 2 шил 0.5 литрийн хараа нэртэй архи авсан. Тэгээд дэлгүүрээс гартал танил Бааска гэх залуутай таарсан. Тухайн үед бид гурав уулзаж ярилцаж байгаад дэлгүүрийн гадна талын хашааны хажууд сууж байгаад, гадаа 2 шил архиа хувааж уусан. Тэгээд Г******* надад хандаж хоёулаа манайд очиж хоол хийж идье гэж хэлээд бид хоёр таксинд явдаг Амраа гэх залуутай таараад Г*******ын гэрт хүргүүлсэн. Г*******ын гэрт ороод би байшингийн урд талын орон дээр суугаад, харин Г******* хоол хийж эхэлсэн. Би сууж байсан орон дээрээ хальт унтаад босож ирсэн. Тэгээд халтьхан унтаад сэрэхэд Г******* хоолоо хийж байсан ба бид хоёр ойр зуурын юм ярьж байгаад би Г*******т хандаж чиний олон жил танхайгаар шоронд суусан гэж юу? байдаг юм. Чи бол эмэгтэй хүн хүчиндэж, хулгай хийж шоронд явж байсан хүн биз дээ гээд хэлсэн юм. Тэгтэл Г******* хоол хийж байсан хутгаа барьж босож ирээд, намайг байшингийн урд талын орон дээр сууж байхад зүүн гарын сарвуу хэсэг рүү хутгаараа зүссэн. Тэгээд үргэлжлүүлээд зүүн гарын мөр хэсэг рүү хутганы үзүүрээр хатгасан. Мөн цээжний баруун тал хэсэг рүү хутганы үзүүр хэсэгт хатгасан. Тухайн үед би нэлээд согтолттой байсан тул түүнийг эсэргүүцэх чадвар бол байгаагүй. Харин өөрийн юу? хэлж ярьж байгааг бол мэдэж байсан. Тухайн үед би сэрээд Г*******ын уурыг хүргэх үгийг согтуудаа хэлчихсэн юм. Г******* ч гэсэн согтуу байсан болохоор тухайн үед уурандаа намайг хутгалсан байх. Тэгээд миний биеэс цус гараад байсан болохоор Г******* үйлдлээ зогсоосон байх. Тухайн үед миний баруун гарын сарвууны, эрхий хурууны дээд хэсэгт зүсэгдсэн шархнаас их хэмжээний цус гараад байсан тул би нойлын цаасаар тухайн цусаа тогтоох гэж цус гарч байсан хэсэг дээр дарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа миний биеэс гараад байсан цус тогтсон. Тэгээд Г******* хоол аягалаад бид хоёр нэг, нэг аяга хоол идчихээд, би гэр лүүгээ явахаар болоод гарсан.Тэр үед Г******* хамт гарсан ба төв рүү орно гэж байсан. Тэгээд бид хоёр төв рүү дөхөх унаа хайгаад Доржоогийн гэрт ороод төв рүү явах уу? гэж асуутал явахгүй гэж байсан. Тэгээд Гаварын гэрт ортол төв рүү бас явахгүй гээд байсан тул бид хоёр гэрээс нь гараад явж байгаад Г******* нь Анхаа гэх залуугийнд оччихоод ирье, та хүлээж бай. Би Анхааг гуйчихвал та бид хоёрыг дөхүүлээд өгөх байх гэж байсан. Тэгээд би Гаварын гэрийн ойролцоо гадаа Г*******ыг хүлээгээд байж байтал бие өвдөөд байхаар нь Гаварын гэрт ороод ахыгаа гэрт хүргээд өгчих, ах нь бие өвдөөд, ядраад байна гэж хэлтэл Гаварын эхнэр О******* нь машинаараа намайг гэрт хүргэж өгсөн. Тухайн үед би шууд гэртэй оролгүй хажуу талын хашаандаа байх төрсөн дүү Б*******гийн гэрт орсон юм. Би очоод болсон явдлаа хэлтэл, манай дүү Б******* цагдаад дуудлага өгчихсөн. Тухайн үед Г******* бид хоёр түүний гэрт юм яриад сууж байтал Г******* нь шоронгийн амьдрал яриад байсан юм. Тэгэхээр нь би түүнд хандаж чиний олон жил танхайгаар шоронд суусан гэж юу? байдаг юм. Чи бол эмэгтэй хүн хүчиндэж, хулгай хийж шоронд явж байсан хүн биздээ гээд хэлчихсэн юм.Тэгтэл Г******* хоол хийж байсан хутгаа барьж босч ирээд шууд миний биед халдсан.Г******* бид хоёр өмнө нь ямар нэг байдлаар муудалцаж маргалдаж, байгаагүй хүмүүс байгаа юм. Г******* ер нь түргэн уур уцаартай хүн байгаа юм.Тухайн үед би ч согтуудаа хорон үг хэлсэн. Г******* ч согтуу байсан тул миний хэлсэн үгийг даалгүй тийм үйлдэл гаргасан байх. Бид хоёр хоёулаа нилээд их согтолттой байсан. Хариун Г******* надаас арай бага зэрэг согтолттой байсан байж магадгүй. Яагаад гэвэл би тухайн өглөө Г*******ыг манай гэрт ирэхээс өмнө нь гэртэй байсан стандарт гэх архины үлдэгдэл байсныг уучихсан байсан юм. Би тухайн үед байшингийн урд талын орон дээр сууж байсан ба Г******* хоол хийж байсан хутгаа барьж босч ирэхээр нь би яах гэж байгаа юм бол гэж бодтол үгийн зөрүүгүй шууд миний зүүн гарын мөр болон цээжний баруун тал хэсэг рүү хатгасан. Тухайн үед бид хоёр муудалцаж, маргалдаж, ноцолдсон зүйл байхгүй. Хэрэв муудалцаж, маргалдсан бол Г*******ын хувцас болон бие нь цус болох байсан. Тухайн үед Г*******т хутгалуулаад л шууд зүүн гарын сарвуунаас их хэмжээний цус гарч эхэлсэн. Би тухайн үед би биеийнхээ дээд хэсгээр улаан эрээн өнгийн богино ханцуйтай фудволка, саарал өнгийн нимгэн куртик өмссөн байсан. Харин доод хэсгээрээ ногоон эрээн өнгийн даавуун өмд өмссөн байсан. Тухайн хувцаснууд цус болчихсон тул би уутанд гэртээ байлгаж байгаа. Би тухайн өдрөө гэртээ ирээд шууд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан ба эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгүүлсэн. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа, надад ямар нэг өвдсөн зүйл байхгүй тул надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-37 дахь тал/,

4. Иргэний нэхэмжлэгч Б.Ч*******ийн өгсөн“...эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Д.Б******* нь нийт 2.070.120 төгрөгийн зардал гаргуулж эмчилгээ хийлгэсэн байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

5. Хохирогч Д.Б*******гийн дахин өгсөн “..Тухайн үед би ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй.Хэрэг маш хурдан болж өнгөрсөн би эхлээд Г*******ын хажууд ойрхон 1 метр орчим сууж байгаад "чиний танхай гэж юу? байсан юм. Чи бол эмэгтэй хүн хүчиндэж, хулгай хийж шоронд орж байсан хүн биз дээ" гэж хэлсэн чинь мөрний дээд хэсэгт хутгалж мөн баруун цээж хэсэг рүү хутгалсан. Тухайн үйл явдал бол хурдан болж өнгөрсөн. Би өөрөө согтуу байсан тул ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Хамгийн сүүлд цээж рүү хутгалахаар нь би түлхээд холдуулсан. Надад ямар нэгэн сэтгэл санааны хохирол байхгүй. Би шинжилгээний байгууллагад үзүүлэхгүй. Надад Ямар нэгэн гомдол санал байхгүй. Би мөнгө төгрөг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/,

6.Гэрч Д.Б*******гийн өгсөн: "...2025 оны 05 сарын 07-ны орой ажлаа тараад хоол ундаа хийх гээд байж байхад гаднаас Б******* ах Г******* гэдэг хүнд хутгалуулчихлаа гээд ороод ирэхээр нь түргэн тусламж дуудаад үзүүлсэн. Тухайн үед биеийн цээж хэсэгт зүүн гарын мөр хэсэгт, зүүн гарын сарвууны дотор хэсэгт мөн зүсэгдсэн шархтай харагдаж байсан. Булган сумын 1-р баг Байшинт гэх газар Г******* гэдэг хүнд хутгалуулсан гэж хэлсэн. О******* гэдэг хүн намайг хүргэж өглөө гэж байсан. Одоогоор биеийн байдал дунд зэрэг байгаа, ухаан санаа хэвийн байгаа."... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

7. Гэрч Л.О*******гийн өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр намайг гэртээ байхад буюу Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Байшинт гэх газарт байх өөрийн эзэмшлийн байшиндаа байхад гаднаас Б******* ах болон Г******* ах хоёр орж ирээд төв рүү явах уу? гэж асуусан. Тэгээд саяхан төвөөс ирлээ ганцаараа орж ирээд ахыгаа гэрт хүргээд өгөөч ах нь ядраад байна гэж хэлсэн. Явахгүй гэхэд тэр хоёр гараад явсан. Тэгтэл 30 орчим минутын дараа Б******* ах нэлээд согтуу байсан тул бараг юм яриагүй, гэрт хүргэж өгчхөөд л буцаад гэртээ хүрээд ирсэн. Б******* ахыг гадна талаас нь харахад зүүн талын байхаа ямар ч байсан нэг гар нь цустай болчихсон байсан. Мөн гадна талаараа өмссөн байсан гадуур хувцас нь энгэр цээж хэсэгтэй цус байсан нэг гар нь цустай болчихсон байсан. Би юманд зүсчихсэн юм болов уу? гэж бодсон. Тухайн үед Б******* ахыг согтуу байсан болохоор нь би яагаад цус болсныг ч асуугаагүй, мөн Б******* ах яасан талаараа ч надад хэлээгүй. Бат- Өлзий ахын биеийн байдал нь урьд өмнөх шигээ хэвийн байсан ба согтолттой л байсан. Гадна талаас нь харахад бие нь өвдсөн зүйл харагдаагүй.".... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

8. Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Энхбатын БУЛ0725/188 дугаартай “...Д.Б*******н биед уушгины гялтангийн цус хуралт, цээж, зүүн бугалга, зүүн эрхий хурууд шарх гэмтэл тогтоогдлоо.2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн хатгах зүсэх үйлдлээр үүсгэгдэнэ.3.Хэрэг учрал болсон гэх өдөр үүссэн байх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй. Уушгины гялтангийн цус хуралт гэмтэл нь хүний эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний биед хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоолоо Цээж, зүүн бугалга, зүүн эрхий хурууд шарх хүний эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний биед хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.5. Д.Б*******н биед хохирлыг хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 62-63 дахь тал/,

9. Хохирогч Д.Б*******, сэжигтэн Ш.Г******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 90-91 дэх тал/,

10. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 142-143 дахь тал/,

11. Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...хохирогч Б*******гийн зааснаар: намайг сууж байхад Ш.Г******* босож ирээд баруун гартаа барьсан хутгаараа эхлээд миний зүүн гарын сарвуу эрхий хурууны хэсэгт зүссэн, мөн баруун гартаа барсан хутгаараа дахин зүүн гарын бугалга хэсэг рүү хутгалсан, мөн миний цээж хөхний доод хэсэг рүү гэснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн, хохирогч Д.Б*******гийн зааснаар уг гэмтлүүд үүсэх боломжтой байна...” гэх /хавтаст хэргийн 147-153 дахь тал/,

12.  Гэрч Д.Б*******гийн дахин өгсөн “...Түргэний машин ирээд Б******* ахыг үзээд дотуур цус алдаж байж магадгүй гээд шууд аваад явсан. Архи уухын хувьд уучихсан байсан гэхдээ биеэ авч явах чадвартай ухаан санаа зүгээр байсан. Миний хувьд бол дунд зэргийн согтолттой байсан гэж бодож байна. Хамаг хувцас нь цус болоод хатчихсан байсан. Эхлээд гаднаас орж ирэхдээ зүүн гар нь цус гарын булчин хэсэгт хутгалуулчихсан байсан. Манай гэрт цусаа угаагаагүй. Манай гэрт болон гэрийн гадаа ирээгүй. Харин Б******* ахын гэрийн гадна нэг машин байсан тэр машин дотор хэн явж байгааг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 157-158 дахь тал/,

13. Гэрч Ц.Аын өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн орчимд харуй бүрий болж байхад манай саахалтын Г******* ах гаднаас
орж ирээд Б*******г гэрт нь хүргэж өгмөөр байна гэхэд нь манай эхнэр Үрлэнцэцэг бид хоёр машинтайгаа Г*******ыг суулгаад Б*******гийн байсан гэх газар буюу манай гэрээс урагш байрлах 2 шовгорын хажууд сууж байгаа гэж Г******* хэлэхэд тухайн газарт очиход Б******* байхгүй байсан. Тэгээд гэртээ очсон юм болов уу? гээд ардаас нь гэрийнх нь гадаа очоод Г******* машинаас буухад дүүгийнх нь хүү гарч ирээд Г*******ыг гэр лүү нь оруулаагүй хөөгөөд туугаад байсан. Тухайн үед бол Бат- Өлзий гэртээ оччихсон юм байна лээ гэрээсээ ерөөсөө гарч ирээгүй. Тэгээд эхнэр Үрлэнцэцэг Г******* бид гурав Булган сумын төвд орж ирээд Г******* Хан жаргалант худалдааны төвийн урд буусан өөр надад мэдэх зүйл байхгүй. Яг тодорхой болсон зүйлийн талаар хэлээгүй Б*******г хутган дээр унасан гэж хэлсэн...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 161-162 дахь тал/,

14. Гэрч Г.Бын өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 20 цаг 40 минутын орчимд Булган аймаг Булган сум 1 дүгээр баг Малчины хороо гэх газар Д.Б******* гэх хүн цус алдаад байна гэж дүү нь гэх эмэгтэй дуудлага өгсөн.Тухайн иргэний нэрийг нь бол мэдэхгүй очиход Б******* гэх иргэний зүүн гарын бугалга сарвуу хэсэгт гүн хэвлий хэсэгт өнгөц байдлаар зүсэгдсэн шархтай шархнаас цус гарч тав тогтож хатсан байдалтай байсан асуумж авахад намайг хутгалчихлаа гээд гэнэт гэрт ороод ирсэн гэж дүү нь гэх эмэгтэй хэлсэн. Б******* нь өөрөө согтуу байдалтай архи үнэртсэн архи нь гараагүй байдалтай байсан. Очиход дүү болон дүүгийнх нь хүү гэх хоёр хүн цуг байсан. Хэн таныг ийм болгосон талаар тухайн үед цуг байсан хоёр хүнээс асуухад мэдэхгүй гэж байсан. Үзлэгт амин үзүүлэлтүүд харьцангуй тогтвортой байсан тул тухайн үед шархыг цэгцэлж эмнэлэг дээр авчирсан. Тухайн үед хохирогч ямар ч байсан согтуу бөгөөд намайг хутгалчихлаа гэхээр өөр зүйл хэлэхгүй байсан. Тухайн авсан шархнууд урт нь 1-3 орчим см өнгөц болон гүн шархнууд байсан. Шархны ташуу, налуу, гүний хэмжээг яг хэмжиж тодорхойлоогүй шарх нь тав үүсчихсэн байсан учир нарийн тодорхойлоход хүндрэлтэй байсан. Бат- Өлзий ямар байрлалд гэмтэл авсаныг нь тодорхойлох боломжгүй байсан. Д.Бат- Өлзий нь үзлэгийн явцад дунд зэргийн согтолттой байсан. Асуулт асуухад хариулж байсан ба тухайн үед харилцан яриаг ойлголцож байсан...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 165-166 дахь тал/,

15.  Гэрч С.Жгийн өгсөн: “... 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр орой 18 цаг өнгөрөөд гэртээ ажлаасаа тараад ирэхэд Б******* ах нэлээн ядруу архи уусан байдалтай манай гэрт орж ирсэн. Тухайн үедээ ээж архи уулаа гээд би юу? болсон талаар асууж ардаас нь ороод хутгалуулсан газрыг чинь харъя гэж байгаад хувцсыг нь тайлаад үзэхэд зүүн гарын сарвууны ар хэсэг мөн бугалга хэсэг цээжний баруун доод хэсэг нийт 3 газар хутгалуулчихсан байсан. Тэгээд эмнэлгэ машинтай ирчихсэн байсан. Тэр үед нь би Г*******ыг яв гээд ирсэн машинд дуудаад үзүүлээд эмнэлгийн машинтай Б******* ах явсны дараа Г******* нь суулгаад буцаасан. Тухайн машины эзэн нь Байшинтад байдаг Анхаа гэх залуугийн машин байсан. Манайд орж ирээд Г******* намайг хутгалчихлаа гэж байсан. Архи үнэртэж байсан. Гэхдээ ухаан санаа нь хэвийн байсан. Намайг гэрт нь орж шархыг үзэхэд нэлээн их цус алдсан байсан. Мөн царай нь ядарчихсан байсан. Б******* ах цээж нүцгэлж гэрийнхээ гадна хувцас энэ тэргүй гар нүүрээ угаагаагүй би өөрөө бүх шархыг нь цэвэрлэж өгсөн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 169-170 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,

Шүүгдэгч Ш.Г******* нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Б******* гэх газарт байх өөрийн гэртээ хохирогч Д.Б*******гийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хохирогч Д.Б*******гийн  “чиний олон жил танхайгаар шоронд суусан гэж юу? байдаг юм, чи бол эмэгтэй хүн хүчиндэж, хулгай хийж шоронд явж байсан хүн биз дээ” гэж хэлсэнд, уурлаж  хохирогч Д.Б*******гийн зүүн гарын сарвуу, зүүн гарын мөр,  цээжний баруун хэсэгт хутгалж хохирогч Д.Б*******гийн биед “уушгины гялтангийн цус хуралт” бүхий  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоов.  

Тусгай мэдлэг бүхий  шинжээч Б.Энхбатын БУЛ0725/188 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Б*******гийн эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд  учруулсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ш.Г*******ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Б******* нь Ш.Г******* нь хутгалж эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан гэж мэдүүлгийн эх сурвалжаа заан мэдүүлдэг бөгөөд хохирогчийн мэдүүлэг нь давхар гэрч С.Ж, Ц.А нарын мэдүүлэг болон мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлээр нотлогдсон бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн эдгээр нотлох баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.

Шүүгдэгч Ш.Г*******ын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Мөн Ш.Г******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Ш.Г*******ын бусдын бие, эрх чөлөөнд  халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэж хүсэлтээ илэрхийлсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ш.Г******* нь хохирогч Д.Б******* нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй гэх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Түүнчлэн Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Д.Б*******гийн эмчилгээний зардал учирсан 2.070.120 төгрөгийг шүүгдэгч Д.Б******* нь 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн тухай баримтыг хэрэгт гаргаж өгсөн болохыг дурдъя.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.Г*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 113-133 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнссэн, /ял шалгуурт авагдсанаар, хаанахын шүүх нь тодорхойгүй/, Булган аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5/15 дугаартай шийтгэх тогтоол, Булган аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоол, Булган аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоол зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ш.Г******* нь Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Б******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, урьд 4 удаагийн ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: Шүүгдэгч Ш.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналыг,

Шүүгдэгч Ш.Г*******: тусгайлан гаргах саналгүй гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн.

Шүүгдэгч Ш.Г*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүх шүүгдэгч Ш.Г*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, иргэний нэхэмжлэгчид хохирол төлбөрийг төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  1.000.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Г*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Г******* нь цагдан хоригдсон хоноггүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан өргөө нэртэй архины шил 1 ширхэг, ажлын хэсэг нь 12,5 см урттай, нийт 25 см урттай, ажлын хэсгийн өргөн 2.4 см өргөнтэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл,  36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г******* овогт Ш*******ын Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г*******ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Г******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ш.Г*******аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Д.Б******* нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  өргөө нэртэй архины шил 1 ширхэг, ажлын хэсэг нь 12,5 см урттай, нийт 25 см урттай, ажлын хэсгийн өргөн 2.4 см өргөнтэй хутга 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ