| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 304/2025/0180/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/203 |
| Огноо | 2025-11-19 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,
улсын яллагч О.Мөнхтуяа,
хохирогч М.Э*******,
шүүгдэгч Д.Н*******, түүний өмгөөлөгч Ц.Энхтуяа нарыг оролцуулан,
Б******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Д.Н*******од холбогдох эрүүгийн 2515000350063 дугаартай, 304/2025/0180/Э индекстэй хэргийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б******* аймгийн Х******* суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Б******* аймаг, Б******* сум, 1 дүгээр баг А*******, м******* хороо ******* дугаар гудамж *******00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Балиг овогт Должинсүрэнгийн Н******* /РД:*******/,
Хэргийн товч утга /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Д.Н******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Б******* аймгийн Б******* сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “М******* хороо” гэх газраас хохирогч М.Э*******ын өмчлөлийн олон тооны буюу 2 тооны үхрийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хулгайлан авсны улмаас хохирогчид 2,800,000 (хоёр сая найман зуун мянган) төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2515000350063 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав.
Үүнд
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Э*******ын өгсөн: Манай үхэрнүүд м******* хороогоор айл айлаар яваад байдаг байсан. Тэгээд Н******* надад хэлж байсан. 2 үхэрний хэрэг байна гэсэн. Тэгүүл авуул авахгүй юу харин хавар тугалах үхэр өгнө биз гэж хэлж байсан. Би үхрээ харах гэж ирсэн байхгүй байсан. Тэгэхээр нь манай үхэрнүүд хаа хамаагүй яваад байдаг болохоор нь төв ороод журмын хашаанд орчихсон юм бол уу гэж бодсон. Тэгээд Н*******оос асууж байсан. Чи аваад хүндээ өгсөн юм уу гэсэн согтуу үгүй гэж хэлж байсан. Дараа цагдаа Н*******ыг хулгайлсан гэхээр нь би үхрийг аваарай гэж хэлж байсан. Хулгайлсан зүйл байхгүй гэж байцаагчид хэлж байсан. Надад 2 үхрийг минь өгчихсөн. Надад гомдол саналгүй гэх мэдүүлэг
Эрүүгийн 2515000350063 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:
1.Мал амьтанд үзлэг хийсэн талаарх “...Хохирогч М.Энхбатад Р.Ш, Д.Н******* нарын өгсөн гэх 2 тооны үзлэг хийсэн. ...” мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 05-06 дахь тал/,
2.Хаан банкны 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 61 дугаартай “...Должинсүрэнгийн Н*******ын 5284104259 тоот харилцах дансны хуулга. ...” бүхий албан бичиг /хавтаст хэргийн 09-14 дэх тал/,
3.Хас банкны 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 31/166 дугаартай “...Лхагва овогтой Эын 5000204913 тоот дансны мэдээлэл ...” бүхий албан бичиг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
4. Дансны ху*******д 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийсэн “...гэрч Ц.Шийн эзэмшлийн Хаан банкны 5270357091 тоот дансны ху*******д үзлэг хийсэн. ...” талаарх мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
5.Хохирогч М.Э*******ын өгсөн: “...Би Б******* аймгийн Б******* сумын "М******* хороо" гэх газарт Д.Н******* гэх залуугаар өөрийн үхэр болон адуугаа харуулдаг байж байгаад 20******* оны хавар үхэр, адуугаа салгаж аваад тусдаа болсон. Тэгсэн манай 4 тооны шүдлэн гунж Н*******ын эй нийлчихээд байсан юм. Олон жил хамт бэлчиж байсан болохоор дассан юм шиг байна лээ. Би тухайн үед үхрээ харчихаад, бүртгээд яваад байсан юм. Манай гэр Н*******ын гэртээ ойрхон байдаг учраас тэр 4 үхрийг салгахаар л буцаад нийлчихээд байхаар нь тэр чигт нь үлдээчихсэн юм. Тэгээд байж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр очоод харсан чинь манай нөгөө 4 үхрээс 2 тооны шүдлэн гунж нь алга болчихсон байсан. Тэгэхээр нь би “Н******* л авчихлаа” гэж бодоод эхнэрт нь очоод “танай нөхөр л авчихлаа миний 2 гунжийг өөр хэн авдын, надаас уг нь хавар энэ 2 гунжаа өгчих, оронд нь адил насны тугаллах гунжнууд 2025 онд өгий гээд гуйгаад байсан юм. Би тухай үед нь “тэгвэл, тэгээ” харин би яг ижил насны үхрийг нь авна шүү тугалтай үнээнүүд авна шүү гэж хэлж байсан. Тэгэхээр танай хүн л авсан өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд түүний дараа Н*******той өөртэй нь уулзсан чинь “би аваагүй” гээд байхаар нь “чи намайг оролдоод байгаа юм уу, чи цагаан өнгийн портер машинд ачуулаад явуулсан байна лээ” гэхэд “уучлаарай би авчихсан юм” гэж хэлсэн. Тэгээд “би орны юмыг нь өгий Шэд согтуу байхдаа өгөөд явуулчихсан” гээд удаагүй Ш цагаан халзан бяруу авчирч өгсөн. Тэгэхээр нь би “энийг чинь авахгүй, өөр юм өг” гэсэн чинь түүний дараа “О ахаас үхэр өгий” гэж хэлхээр нь би Отай очиж уулзаад “чи Шийн үхрийг өгөх юм уу” гэхэд “би өгнө, ухаа эрлийз тугалах үнээ аваарай” гэж хэлсэн. Би тэр үхрийг нь аваагүй байгаа маргааш очиж авах гэж байгаа юм. Н******* бол өөрөөсөө 1 тооны улаан халзан тугаллах үнээ өгчихсөн одоо манай байгаа. Ийм л зүйл болсон юм. ...Буруу талын чих нь 2-уулаа ухам имтэй, зөв чих 2-уулаа имгүй улаан гунж, улаан халзан гунж нар байсан юм. ...2024 оны намар 10 сард байх гэж бодож байна. Н******* “би энэ жил хүний идшинд 2-3 үхэр өгөх юм байгаа юм, мөнгийг нь авчихсан, тийм учраас та манай яваад байгаа өөрийнхөө 4 гунжнаас 2-ыг нь надад өгчих” гэж хэлж байсан юм. Би тухайн үед нь “тэгвэл тэг, би ямар ч байсан орны адил тугаллах үнээ авна шүү” гэж хэлж байсан юм. Тэгсэн надад авахдаа хэлэхгүй авчихсан юм билээ. ...Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо авчихсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
6. Мөн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дахин өгсөн “...Би үхрээ өдөр бүр шахуу хардаг байсан. Тэнд миний адуу болон үхрүүд байдаг. Би өдөр болгон очиж хардаг байсан. ...Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох дүгнэлт гаргуулахгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,
7. Гэрч Р.Шийн өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын сүүлээр гэж санаж байна. Би Б******* сумын төвд байх гэртээ байж байхад өдөр 17-18 цагийн хооронд байх над руу Н******* өөрийнхөө дугаараас залгаад “2 үхэр зармаар байна, үхэр мал авах хүн байна уу” гэхээр нь би хариуд нь “би авбал авъя, яг одоо бэлэн мөнгө байхгүй байна” гэж хэлээд Н*******од “чи нэг гайгүй гүү хэрэгтэй байна гээд байсан, би чамд 2025 оны хавар "Чавх хул" азарганы төл нь гишгэсэн байдсыг унагатай ав” гэж хэлэхэд Н******* зөвшөөрч би унаагаа олоод Н*******ын гэрт нь очсон. Би Н*******ын гэрт нь очихдоо 1 том савлагаатай пивотой цагаан өнгийн бонго-3 загварын тээврийн хэрэгсэлтэй Оогий гэх залууг дагуулаад очсон. Намайг тэдний гэрт очиход харуй бүрий л болж байсан. Н******* "М******* хороо"-нд байх гэртээ ганцаараа үхрээ хашчихсан, халамцуу маягтай “хэд хоног архи уучихлаа” гэчихсэн байж байсан. Би авч очсон пивоо Н*******той хувааж уугаад хашчихсан байсан үхрээс 2 шүдлэн гунж надад өгөөд явуулсан. Би тухайн үедээ “чи охин малаа өөрөө тугаллуулдаггүй юм уу” гэж хэлэхэд Н******* “би зарах эр юмгүй болчхоод байна” гэж хэлээд бид нар хамт ачилцаад би хөдлөөд явсан. Манай нөгөө хамт очсон залуу хөлөө хугалчихсан суга таягтай байсан учраас тэр бол нээх оролцоогүй. Би 2 үхрээ ачиж яваад өөрийн Б******* сумын төвд байх хашаандаа авчирч буулгаад маргааш өглөө нь нөгөө 2 үхрээ ганцаараа янзлаад 1 үхрийг нь хамт явсан залуу Оогийд өгсөн. Нөгөө үхрийг нь "Ханжаргалант" худалдааны төвд мал мах зардаг эгчид зараад 1,150,000 төгрөг болсон. Тэр мөнгийг нь би Н*******од эхлээд 400,000 мянган төгрөгийг нь бэлэн өгсөн. Дараа нь үлдсэн мөнгийг нь Н*******од данс руу нь би 600,000 гаран мянган төгрөг шилжүүлж өгсөн. Би Оогийд угаасаа үхэр өгөх ёстой байсан учраас Н*******ын үхрийг аваад Оогийд өгөөд нөгөө үхрийг нь бол зараад буцаагаад Н*******од мөнгийг нь өгсөн. Тэгээд байж байтал Б******* сумын уяачдын 2024 оны шинэ жил болоод тэрэнд би очиж оролцоод буцаад гэр лүүгээ явчихсан юм. Тэгсэн тэр дээр Н******* согтуу “Э******* ах дээр очоод уйлаад яваад байна, Э*******ын үхрийг нь авчихсан юм байна” гэх зэрэг яриа гараад би тэрийг нь гайхаад байж байтал над руу 1 орой Э******* ах залгаад “миний үхрийг хулгай хийсэн” гээд чарлаад унахаар нь би гайхаад “юу болоод байна” гэхэд “Нараа та хоёр нийлж миний үхрийг авсан” гэж хэлхээр нь би хариуд нь "Би мэдээгүй шүү, Н******* үхэр зарна гэхээр нь би авсан юм шүү” гэж хэлэхэд Э******* ах утсаа тасалчихсан. Би тэгээд маргааш нь Н*******ын гэрт нь очоод “Э******* ах ингээд байна, юу болоод байна аа” гэхэд Н******* “харин тиймээ би чамд хэлээгүй юм, чиний ачаад явсан 2 үхэр Поолон ахын үхэр байсан юм” гэж хэлсэн. Би тэгээд уурлаад Э******* ахыг Н*******той уулан дээр гарч хооронд нь утсаар яриулаад би Н*******од хандан “чи наад юмныхаа учрыг нь ол, би чамд өгнө гэснээрээ адуугаа өгий” гэхэд Н******* “би харин үхэр байхгүй байна, чи үхрийг нь олоод өгчих, би чамаас гүү авахаа болъё” гэж хэлсэн. Тэгээд “би нэг үхрийг нь хүнд өгчихсөн юм чинь тэрийг нь төлье, чи өөрийнхөө мөнгийг нь авсан үхрээ төл” гээд би эхлээд найзаасаа нэг гунж авч өгсөн чинь Э******* ах уурлаад “жижиг юм өглөө” гээд тэгээд О ахыг “хавар надаас унагатай гүү авчих одоо нэг үхэр өгчих” гэж хэлээд тохироод тэндээс Э******* ах өөрөө очиж хавар тугаллах үнээ ачаад явсан юм. ...Би урд өмнө Н*******той наймаа хийж байгаагүй. Бид хоёрын дунд өр авлага байхгүй. ...2 тооны үхрийн содон шинж тэмдэг 2-уулаа шүдлэн насны нэг нь хөмсөг цагаан бидэртэй хүрэн гунж, нөгөөх нь улаан халзан гэдсээрээ цагаантай гунж байсан. Имийг нь бол мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
8.Мөн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дахин өгсөн “...Хоёр үхрээ Н*******ын хашаанаас ачиж ирээд эхлээд Оогийгийн үхрийг хашаанд нь буулгаж уяад дараа нь Оогийтой хамт яваад манай хашаанд нөгөө үхрийг нь буулгаад тэгээд Оогий яваад өгсөн. Тэгээд үхрээ буулгасны маргааш нь би үхрээ нядлах гэж байхад Ц.Ш ирээд манай хашаанд байсан үхрийг хамтдаа нядлалцаад аваачиж “Ханжаргалант” худалдааны төв дотор мал мах зардаг эгчид зараад би мөнгийг Ц.Шийн данс руу хийлгээд тэгээд би тэндээс нь бэлнээр нь авхуулсан. Тэгээд би Н*******од хандан “надад одоо мөнгөний хэрэг гараад байна, би чиний энэ үхрийн мөнгөнөөс цөөхөн хэдэн төгрөг хэрэглээд буцаагаад чамд удаахгүй өгвөл боломж байна уу" гэж хэлэхэд Н******* зөвшөөрөөд би 600,000 мянган төгрөгийг нь өөрөө хэрэглээд тэрийг нь дараа нь Н*******ын данс руу хийсэн. Яг үхэр зарсны маргааш нь байх Н*******од би 400,000 мянган төгрөг бэлнээр аваачиж “Гандангийн дэлгүүр”-ийн тэнд аваачиж өгсөн. Эдгээр зүйлсийг би наана, цаана нь оруулаад мэдүүлсэн байна. ...Надад өөрт маань хүнд өгөх тарган үхэргүй болчхоод Оогийд нэг үхэр өгөх хэрэг гараад байж байтал Н******* “үхэр зарна” гээд тэгээд “адуугаар сольж болно” гэхээр нь би очоод авчихсан юм. Миний ашиг гэвэл Оогийд л би үхрийг нь өрөндөө өгсөн юм өөр бол ашиг хонжоо надад бол байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/,
9.Мөн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дахин өгсөн “...Би өөрөө тухай үед картгүй байсан учраас Ц.Шийн данс руу үхэр зарсан мөнгийг хийлгэсэн. Тухай үед тэр үхэр худалдан авсан эгч “одоо 500,000 төгрөгийг нь хийе маргааш үлдсэн мөнгийг нь хийе” гэж хэлсэн. Тэр үед Ц.Ш Б******* сумын төвд байх өөрийн гэртээ байгаад байсан. Маргааш нь үлдэгдэл мөнгө нь орохоор нь Ц.Шийн данснаас бэлнээр 700,000 мянган төгрөг би авхуулаад тухайн мөнгөнөөс бэлнээр нь Н*******од 400,000 мянган төгрөг өгөөд тэнд уулзаж байхдаа Н*******од би хандан "чамд яаралтай мөнгөний хэрэг байхгүй бол би үлдсэн мөнгийг нь удаахгүй чамд өгий одоохондоо надад мөнгөний хэрэг байгаад байна" гэж хэлэхэд Н******* зөвшөөрсөн. Би үлдэгдэл мөнгийг нь нэлээн хэд хоногийн дараа өөрийн эхнэр Л.Лхамаагийн хаан банкны 5270154965 гэсэн данснаас "Шээс Оогийд" гэсэн утгатайгаар Н*******ын хаан банкны данс руу нь хийсэн. ...Ц.Шийн данснаас гүйлгээ хийсэн зүйл байгаа. Би Ц.Шийн данс руу үхрийн мөнгө орсноос хойш ШТС-с бензин 50000 төгрөгт, “Тэрэм”, “Тотал” гэх дэлгүүрүүд рүү нийтдээ 7-8 удаа орчим ороод юм худалдан аваад Ц.Шийн картыг уншуулсан. Бас АТМ-с би Хүний данс руу 50000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
10.Мөн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дахин өгсөн “...Л.Н******* надад 2 үхэр өгөөд “нэг үхрийг нь зараад өгөөч” гээд нөгөө үхрийг нь хавар унагатай гүүгээр солино гэж ярилцсан. Тэгээд би “унагатай гүүгээ 1,500,000 төгрөгт өгөхгүй” гэхэд “тэгвэл одоо зарах үхрээс зөрүү мөнгийг нь тооцоод авчих” гэж ярилцсан. Би нөгөө үхрийг нь авч яваад нядлаад зарсан. Мах авсан эгч Ц.Шийн дансанд хоёр хувааж нийт 1,370,000 төгрөг орсон. Би 700,000 төгрөг бэлнээр аваад 400,000 төгрөгийг Д.Н*******од бэлнээр өгөөд дараа 650,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Д.Н*******од нийт 1,050,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 320,000 төгрөгийг нөгөө адуугаар сольж авна гэсэн үхрийн зөрүүнд тооцож авсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/,
11.Гэрч С.Оын өгсөн: “...Одоогоос 10 гаран хоногийн өмнө байх би гэртээ байж байхад Ш над руу утсаар залгаад “Э******* буюу Поолонд 1 үнээ өгөх хэрэгтэй болсон, би танд хавар унагалах гүү өгий, та надад одоо хавар тугаллах үнээ өгчих” гэж хэлхээр нь би зөвшөөрөөд “тэг" гэж хэлсэн. Ш “та гүүгээ одоо бариад авбал авчих, би адуугаа туучихсан явна” гэж хэлхээр нь би “хавар унагалсан хойно нь очиж авий одоо аваад яахын чи харин үхрээ хэрэгтэй бол авчих” гэж хэлээд наймаа тохирсон юм. Би Шэд мухар хар зүсмийн хавар тугаллах 4 настай гунжин үнээ өгсөн. Тэр үхрийг одоогоос 2-3 хоногийн өмнө байх Э******* ачааны машинтай ирээд ачаад аваад явсан. ийм л зүйл болсон. Ш тухайн үед “Нараа гэх залуу надад үхэр өгөхөөр нь би тэрийг нь хүнд өгчихсөн чинь буцаагаад төлөх хэрэг болчхоод байна” гэж хэлсэн. Би цааш нь Шээс лавлаж бол асуугаагүй. ...Э******* үхрээ авахдаа “Нараа, Ш 2 миний үхрийг алж идчихээд төлж өгч байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд ачаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/,
12.Гэрч Л.Эын өгсөн: Гэрч Л.Эын “...Цэндсүрэнгийн Ш гэх залуугаас 2024.10 сарын сүүлээс 11 дүгээр сарын хооронд 1 тооны жижиг үхрийн мах авсан. Өөр бол мал мах аваагүй. ...мөнгийг нь 2 хувааж өгч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68, 70-71 дэх тал/,
13.Гэрч Ц.Шийн өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын сүүлээр байх яг цаг хугацааг нь бол би хэлж мэдэхгүй байна. Би Б******* сумын төвд орж ирээд байж байтал Р.Ш над руу залгаад “манай гэрт хүрээд ир үхэр нядлалцаад өг” гэж хэлсэн. Би тэгэхээр нь зөвшөөрөөд өдөр 10-11 цагийн хооронд байх очиход Р.Шийн хашаан дотор 1 тооны бидэртэй хүрэн шүдлэн гунж уяатай байсан. Тэрийг нь хамт нядлаад үхрийн толгойг нь махны хамт "Ханжаргалант" худалдааны төв дээр мал мах худалдан авч зарж борлуулдаг Э эгчид өгөөд 1.150.000 төгрөг болоод би тухайн мөнгийг нь би өөрийн карт руу хийлгээд буцаагаад Р.Шэд бэлнээр авч өгсөн. Р.Ш тухайн үед “карт байхгүй” гээд миний данс руу хийлгээд бэлнээр нь мөнгөө буцаагаад авсан. Үхрийн арьс, хөл зэргийг нь бол өгөөгүй. Би тэгээд буцаад төвд ажлаа амжуулаад хөдөө гэр лүүгээ гараад яваад өгсөн. ...“Нараа гэх хүнээс наймаанд авсан” гэж хэлж байсан. Өөр зүйл бол хэлээгүй. ...Урд өмнө бол мал нядалж өгч байгаагүй. ...Р.Ш тухайн мөнгийг нь аваад хааш нь хэнд өгөх талаар надад хэлж ярьсан зүйл байхгүй. ...Би мөнгө аваагүй. 2 үхэр авсан гэж л хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-75 дахь тал/,
14. Мөн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дахин өгсөн “...Би Р.Шийн үхрийг нь нядлалцаад тухайн үхрийн махыг нь манай ээжийн ангийн охин гэх “Ханжаргалант” худалдааны төв дээр мал мах худалдан борлуулдаг Л.Э эгчид аваачиж зарсан. Э эгч мөнгийг нь өөрийнхөө Хас банкны данснаас миний Хаан банкны 5270357091 гэсэн данс руу 2 хувааж шилжүүлсэн. Эхлээд 500,000 төгрөг хийгээд маргааш нь үлдсэн 870,000 төгрөгийг нь хийсэн юм. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дахь тал/,
15. Гэрч П.Оын өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би гэртээ байж байхад Ш над руу залгаад “чи идэш авах хэвээрээ юу” гэж асуусан. Би урд өмнө Шэд хэлэхдээ “идэшний үхэр авна гэхдээ бэлэн мөнгө нь байхгүй шүү адуу мал оролцуулаад авна шүү” гэж хэлчихсэн байсан юм. Тэгсэн Ш тэр үед над руу залгахдаа “би чамд 300 мянган төгрөгийн өглөгтэй чи харин адуугаа өгөөд 1 үхрийг нь ав, урд 1 айл 2 үхэр зарах гээд байна” гэж хэлсэн. Би тэгэхээр нь зөвшөөрөөд өөрийн найзын ачааны тээврийн хэрэгслийг гуйж аваад Ш бид 2 тэр айл руу явсан. Замдаа Гандангийн дэлгүүрээс 1 том пиво аваад "М******* хороо" гэх газарт очсон. Тэнд очиход Нараа гэх Поолонгийн уяач хийгээд байсан залуу халамцуу ганцаараа шил архины талаас нь доогуур ортол нь уучихсан сууж байсан. Ш тэр 2 авч очсон том савтай пивоо уугаад тэгээд үхрээ ачсан. Үхэр нь хотолчихсон хашаандаа хэвтэж байсан. Тэр дундаас улаан халзан шүдлэн гунж, бидэртэй ухаа гунж нарыг ачаад наашаа хөдлөөд Б******* суманд ирээд манай улаан халзан гунжийг буулгаад дараа нь Шийн хашаанд очиж нөгөө үхрийг нь буулгаад би буцсан. Би үхрээ хашаандаа 2 хонуулаад тэгээд 31-ний өдөр нядлаад идэшнийх болгож бэлдээд махаа лизингээр авсан хөлдөөгчдөө хийсэн. Ш үхрээ яасан гэдгийг бол би мэдээгүй. Миний идэшний үхрийн оронд өгсөн адуугаа 4-5 хоногийн дараа очиж авсан гэсэн. ...Им тамгын бол мэдэхгүй байна. Шар ээмэгтэй, эвэртэй улаан халзан гунж л байсан. Биеэр их жижигдүү. Шийн үхрийг бол анзаараагүй. ...Тэр Нараа гэх залуу ганцаараа байсан. Өөр хүн бол байгаагүй. ...Тэнд бараг цаг гаран болсон байх. Ш, Нараа 2 хоорондоо адуу мал яриад л суугаад байсан. ...Цагаан өнгийн бонго-3 өндөрлөгөөтэй 00-93 БУЛ гэсэн улсын дугаартай тийм тээврийн хэрэгсэл байсан. Манай найзын тээврийн хэрэгсэл юм. ...Ш бол “наймаа хийж авч байгаа юм” гэж л хэлсэн. Хоорондоо бол тэр талаар юу ч ярилцаагүй. ...Би 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр лизингээр хөлдөөгч авсан. Хөлдөөгч авахаас 1 хоногийн өмнө үхрээ нядалсан. Нядлахаас өмнө манай хашаанд ирсэн өдөртэйгөө 2 хоносон гэж бодохоор цаг хугацаа нь ингэж гарч ирж байна. ...Намайг Оогий гэж дууддаг...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 86-87 дахь тал/,
16. Гэрч Н.Бийн өгсөн: “...Д.Н******* нь Поолонгийн /М.Э*******/ үхэр, адууг хариулахаа болиод 1-2 жил орчим болж байгаа байх. ...М.Э*******, Д.Н******* нарын үхэр нь бэлчээрээр хоорондоо боломжтой ер нь бол их ойрхон байдаг. ...Ертөнцийн зүгээр манай гэрээн зүүн урд талд 200 орчим метр зайд Н*******ын хашаа нь байдаг юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90-91 дэх тал/,
17. Гэрч Я.Чугийн өгсөн: “...Манай эндхийн үхэр өглөө бүгдээрээ нийлээд бэлчээрт гараад орой цуг ирдэг. Тэгээд хашаа, хашаа руугаа ордог. ...М.Энхбат, Д.Н*******ынх өмнө ойрхон хамт байдаг байсан. Тэгэхээр Н*******ын эй ижилсээд хамт бэлчдэг байсан байх. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93-94 дэх тал/,
18.Гэрч Г.Мын өгсөн: “...М.Энхбат ах “манай хэдэн үхэр Д.Н*******ын эй нийлчхээд байгаа” гэж ярьж байсан хэдэн үхэр нийлсэн эсэхийг мэдэхгүй байна ер нь хамт л бэлчдэг. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 дахь тал/,
19. “Ашидбилгүүн” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн ОРХ-911392 дугаартай “...улаан халзан гунж 1 ширхэг 1,400,000 төгрөг, улаан гунж 1 ширхэг 1,400,000 төгрөг нийт 2,800,000 төгрөг. ..” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 101-107 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларчээ.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагчийн зүгээс: Шүүгдэгч Д.Н*******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Б******* аймгийн Б******* сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “М******* хороо” гэх газраас хохирогч М.Э*******ын өмчлөлийн олон тооны буюу 2 тооны үхрийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хулгайлан авсны улмаас хохирогчид 2,800,000 (хоёр сая найман зуун мянган) төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Энхтуяа: Шүүгдэгч Д.Н*******ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн малын А дансыг шүүгээд гаргаад ирэхэд эр үхэр байхгүй нь тогтоогдож байна. Мөн хохирогчийн мэдүүлэг байдаг. Та 2 тооны үхрээ өгчих би хавар 2 тооны үхрийг өгье гэж хэлэхэд тэгье гэж тохиролцсон байлдаг. Мал хулгайлах гэмт хэрэг нь нууцаар, далд, шунахай сэдлээр үйлдэгддэг. Гэтэл шүүгдэгчийн шунахай сэдлээр гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоогоогүй. Шүүгдэгч хохирогч хоёр гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанаас өмнө хоорондоо тохироо хийчихсэн буцаагаад хохирогчид мал өгье гэдгээ илэрхийлсэн байна. Малчид хоорондоо наймаагаа амаараа ярьчихдаг. Хулгай хийснийхээ дараа хоёулаа наймаа хийе гэсэн бол хулгайлах гэмт хэрэг болох байсан. Гэтэл гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө амаар тохирсон байгаа нь иргэний эрх зүйн хэлцэл хийгдсэн байх боломжтой, би өнөөдрийн шүүх хуралдаанд цагаатгах байх суурьтай оролцоогүй, хэдийгээр наймаагаа хийж тохирсон байсан боловч яг Шэд өгөх үедээ мэдэгдээгүй учраас алдуул мал завшсан гэж үзэж байгаа юм.Хэрэгт олон гэрчийн мэдүүлэг байгаа.Гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийг хэрхэн буруутгаад байгаа нь ойлгомжгүй. Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хохирогч малаа маллагаагүй орхиод явчихдаг мал нь хаа хамаагүй бэлчиж байдаг талаар мэдүүлсэн. Алдчихаад байгаа мал байна. Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дүгээр зүйлд заасныг баримтлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан алдуул малыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэх дүгнэлтийг,
Хохирогч М.Э*******: Шүүгдэгч Д.Н*******ыг гэм буруугүй гэж үзэж байна. надтай тохиролцоод малыг худалдсан гэх тайлбарыг,
Шүүгдэгч Д.Н*******:Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Наймаа хийчихсан болохоор болно гэж бодсон, ийм юм болно гэж бодоогүй гэх тайлбарыг, тус тус шүүхэд гаргаж, талууд мэтгэлцэж шүүх хуралдаанд оролцсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийн бодит байдлыг сэргээхэд,
Шүүгдэгч Д.Н******* нь согтуугаар 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Б******* аймгийн Б******* сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “М******* хороо” гэх газраас хариулагагүй алдуул мал болох 2 тооны үхрийг хохирогч М.Э*******ын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянган) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг тогтоов.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Э*******: Д.Н******* урьд нь манай 50-аад тооны малыг маллаж байсан юм, тэгээд 4 тооны үхэр Д.Н*******ын эй нийлчихдэг байсан, манай үхэрнүүд хариулагагүй м******* хороогоор айл айлаар яваад байдаг байсан. Н******* надад 2 үхэрний хэрэг байна гэхэд нь зөвшөөрч оронд нь харин хавар тугалах үхэр өгнө биз гэж хэлээд тохирсон байсан, тухайн өдөр зарахдаа л надад хэлээгүй юм, дараа нь цагдаа Н*******ыг хулгайлсан гэхээр нь бид хоёр тохирсон байсан, үхрийг аваарай гэж хэлж байсан. Хулгайлсан зүйл байхгүй гэж байцаагчид хэлж байсан, яагаад хулгай гээд байгааг ойлгохгүй байна, надад 2 үхрийг минь өгчихсөн гомдол саналгүй гэх мэдүүлгийг,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Э*******: Би Б******* аймгийн Б******* сумын "М******* хороо" гэх газарт Д.Н******* гэх залуугаар өөрийн үхэр болон адуугаа харуулдаг байж байгаад 20******* оны хавар үхэр, адуугаа салгаж аваад тусдаа болсон. Тэгсэн манай 4 тооны шүдлэн гунж Н*******ын эй нийлчихээд байсан юм. Олон жил хамт бэлчиж байсан болохоор дассан юм шиг байна лээ. Би тухайн үед үхрээ харчихаад, бүртгээд яваад байсан юм. Манай гэр Н*******ын гэртээ ойрхон байдаг учраас тэр 4 үхрийг салгахаар л буцаад нийлчихээд байхаар нь тэр чигт нь үлдээчихсэн юм. 2024 оны намар 10 сард байх гэж бодож байна. Н******* “би энэ жил хүний идшинд 2-3 үхэр өгөх юм байгаа юм, мөнгийг нь авчихсан, тийм учраас та манай яваад байгаа өөрийнхөө 4 гунжнаас 2-ыг нь надад өгчих” гэж хэлж байсан юм. Би тухайн үед нь “тэгвэл тэг, би ямар ч байсан орны адил тугаллах үнээ авна шүү” гэж хэлж байсан юм. Тэгсэн надад авахдаа хэлэхгүй авчихсан юм билээ гомдол саналгүй гэх мэдүүлгийг тус тус өгчээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч М.Э*******ын мэдүүлэгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй байна гэж үзэв.
Тодруулбал хохирогч М.Э******* нь 2 удаагийн мэдүүлэгтээ шүүгдэгч Д.Н*******ын эй миний 4 тооны үхэр нь нийлж бэлчдэг байсан, гэмт хэрэг үйлдэхэээс өмнө шүүгдэгч Д.Н*******той 2 тооны үхрийг өөр үхрээр солих талаар ярилцаж байсан гэж агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар үнэлэв.
Хууль бус буюу Эрүүгийн хуулиар тодорхойлсон гэмт үйлдлийг хүсэл зоригийн илэрхийлэл зорилго, сэдэлт, түүний илрэх идэвхитэй үйлдлийн шинж чанар, үйлдлийн арга зэргийг харгалзан хэргийг зөв зүйлчлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, оногдуулбал зохих ялын төрөл, хир хэмжээ зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой билээ.
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3 дахь заалтанд “малаа байнгын хариулга, манаатай байлгаж хулгайд алдахгүй байх бусад арга хэмжээг орон нутгийн болон улирлын онцлог, боломжид тохируулан авах” үүрэгтэй гэж мал бүхий иргэний үүргийг хуулиар хуульчилж өгсөн байна.
Хохирогч М.Э******* нь малаа байнгын хариулага манаатай байлгах хуульд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд түүний алдагдсан 2 тооны үхрийг алдуул мал гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Тодруулбал “Алдуул мал” гэдэг нь хэн нэгний оролцоогүйгээр сүргээсаа тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож, өөр нутагт буюу газар оронд шилжин байршсан өмчлөгч, эзэмшигч нь тодорхойгүй эзэнгүйдсэн малыг ойлгодог болно.
Бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар, хууль бус идэвхитэй үйлдлээр буюу хөлөөр нь туух, ачиж авч явах зэргээр бусдын өмчлөл, эзэмшлээс өөрийн хууль бус эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн үйлдлийг мал хулгайлах гэмт хэргээр зүйлчлэх нь хууль хэрэглээнд жишиг болж тогтсон ойлголт юм.
Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээс дүгнэхэд,
Шүүгдэгч Д.Н******* нь хохирогч М.Э*******ын 2 тооны үхрийг өөртөө олж авахын тулд урьдаас идэвхитэй үйлдэл хийсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, харин хохирогч М.Э*******ын 2 тооны үхэр шүүгдэгчийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрийнх нь эзэмшилд шилжсэн гэдгийг мэдсээр байж, 2 тооны үхрийг завших сэдэл төрж, хууль бусаар захиран зарцуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх дүгнэв.
Тодруулбал,
Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тодорхой буюу хуульд заасан 1 жилийн хугацаа өнгөрсний дараа өмчлөгч, эзэмшигч нь гарч ирээгүй тохиолдолд өөрийн өмчийн адил захиран зарцуулах эрх үүсдэг бол эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй захиран зарцуулсан тохиолдлд гэмт хэрэгт тооцогддог болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Э******* нь шүүгдэгч Д.Н******* бид хоёрын хооронд үхэр өгч авалцах наймаа хийгдсэн байсан, хулгайлсан зүйл байхгүй, гэм буруугүй гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд хохирогч М.Э******* шүүгдэгч Д.Н******* нарын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасан хэлцэл хийгдсэн эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн болохыг тэмдэглэе.
Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй “Ашидбилгүүн” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн ОРХ-911392 дугаартай “...улаан халзан гунж 1 ширхэг 1,400,000 төгрөг, улаан гунж 1 ширхэг 1,400,000 төгрөг нийт 2,800,000 төгрөг...” дүгнэлтээр хохиролын хир хэмжээг тогтоосон бөгөөд шүүгдэгч Д.Н*******ын гэмт үйлдлийн улмаас хохирогч М.Э*******ад хохирол учирсан шалтгаант холбоотой байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч Д.Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.Н*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Э*******ад 2.800.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Д.Н******* нь хохирлыг төлж барагдуулсан, хохирогч М.Э******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч Д.Н*******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Д.Н******* нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Д.Н******* нь хавтаст хэргийн 146, 148-161 дэх талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, Б******* аймгийн Б******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, 2023 оны малын А дансны хуулга, 2024 оны малын А дансны хуулга зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Н******* нь Б******* аймаг, Б******* сум, 1 дүгээр баг А*******, м******* хороо ******* дугаар гудамж *******00 тоотод оршин суух хаягтай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй болох нь хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт,
Улсын яллагчаас: Шүүгдэгч Д.Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээтэй буюу 1.000.000 төгрөгөөр торгох саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан саналдаа:Улсын яллагчийн санал оруулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” зохицуулалт нь шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон зохицуулалт юм.
Шүүгдэгч Д.Н******* нь анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг холбогдсон, гэм бураагаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн, түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Н******* нь цагдан хоригдсон 21 хоногтой шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Н*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч Балиг овогт Должинсүрэнгийн Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд заасан бусдын олон тооны мал хулгайлсан гэж зүйлчлэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Д.Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Энэ хэрэгт шүүгдэгч Д.Н******* нь 21 хоног цагдан хоригдсон, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
4. Шүүгдэгч Д.Н*******оос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ