| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2023/03197/И |
| Дугаар | 102/ШШ2023/02926 |
| Огноо | 2023-08-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2023/02926
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж, ... тоотод оршин суух, регистр ..., Х... овогт А... П...,
Хариуцагч: ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, регистр ..., О... овогт Ш... Б...,
Нэхэмжлэлийн шаардлага:9 900 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч А.П..., хариуцагч Ш.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.
Нэхэмжлэгч А.П... нь Ш.Б... холбогдуулан авто машины урьдчилгаа төлбөрт төлсөн 2 500 000 төгрөг, зээлийн төлбөрт төлсөн 7 400 000 төгрөг нийт 9 900 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Би 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ш.Б...гийн Н... ББСБ-тай хийсэн зээлийн гэрээнд буй Honda маркийн 2009 онд үйлдвэрлэгдсэн ... улсын дугаартай авто машины зээлийг үргэлжлүүлэн төлж дуусгасны үндсэн дээр авто машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тохиролцоог Ш.Б...тэй хийсэн.Би урьдчилгаа төлбөрт 2 500 000 төгрөгийг Ш.Б... дансны шилжүүлэг хэлбэрээр төлсөн бөгөөд авто машины зээлийн төлбөрийг 2019 оны 7 дугаар сараас 2021 оны 7 сар хүртэл Н... ББСБ-д сар бүр 350 000-400 000 төгрөгөөр нийт 7 400 000 төгрөг төлсөн.
Ш.Б... нь 2021 оны 8 дугаар сард над руу залгаад би цалингийн зээл авах гэсэн юм гэтэл машины зээлтэй учраас авч чадахгүй байна.Одоо зээлийн үлдэгдэл төлбөр бага үлдсэн учир зээлийн эдийн засагчтай уулзаж зээлийг чиний нэр дээр шилжүүлье гэж санал тавихад би зөвшөөрсөн.Ингээд 2021 оны 8 сард Н... ББСБ дээр авто машиныг миний нэр дээр шилжүүлэхээр Ш.Б...гийн хамт очиход ББСБ-ын зүгээс тийм боломж байхгүй, авто машиныг зөвшөөрөлгүй шилжүүлсэн гэх шалтгаанаар авто машиныг хураан авсан.Тус ББСБ-ын эдийн засагч нь тухайн үедээ зээлийн үлдэгдэл төлбөр болох 2 900 000 төгрөгийг 7 хоногийн дотор төлөөд Ш.Б...тэй тохиролцоод авто машинаа авч болно гэж хэлж байсан боловч маргааш нь над руу утсаар залгаад өнөөдрийн дотор үлдэгдэл төлбөрөө төлөхгүй бол Ш.Б...гээс зөвшөөрөл авч авто машиныг зарна гэж хэлсэн.Иймд хариуцагчаас авто машины урьдчилгаа төлбөрт төлсөн 2 500 000 төгрөг, зээлийн төлбөрт төлсөн 7 400 000 төгрөг, нийт 9 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Би 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр А.П... тохиролцож наймаа хийсэн, А.П... миний зээлтэй ... улсын дугаартай, Honda маркийн авто машиныг Н... ББСБд сар бүр 350 000 төгрөгийн төлөлт хийнэ гэж авсан боловч хугацаандаа төлөлтийг хийгээгүй байсан.Би 2022 онд цалингийн зээл авах гэж Хас банкин дээр очиход таны Н... ББСБ-аас авсан машины зээл эргэлзээтэй ангилалд орсон тул зээл өгөхгүй гэхээр нь П...-д хэлэхэд чи зээлээ төлөөд машинаа шилжүүлж ав гэж хэлсэн.Хэд хоногийн дараа Н... ББСБ-аас яриад машиныг зарж зээлийн үлдэгдлийг гаргаж авна гэснийг би зөвшөөрсөн, А.П...-ын нэхэмжлэл үндэслэлгүй байна гэв.
Нэхэмжлэгчээс-Иргэний үнэмлэх, техникийн хяналтын үзлэгт орсон баримт, кассын орлогын баримтууд, татварын албанд гаргасан хүсэлт, Н... ББСБ, ХХК-тай Ш.Б...гийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Хаан банкин дахь дансны хуулга, Улаанбаатар хотын банкны мемориалын баримт, Хаан банкин дахь дансны хуулга, гэрэл зургийг шүүхэд өгсөн, /хх 5-18, 20, 21-23, 24-24, 27-30, 31, 32-33, 34-35/ хариуцагчаас баримт өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.П...ын нэхэмжлэлээс 8 573 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 1 327 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Н... ББСБ нь миний Ш.Б... худалдан авсан машиныг надаас хурааж аваад зарсан тул машины урьдчилгаанд Ш.Б...төлсөн 2 500 000 төгрөг, Н... ББСБын зээлийн төлбөрт төлсөн 7 400 000 төгрөг нийт 9 900 000 төгрөгийг Ш.Б... гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:А.П...миний зээлтэй ... улсын дугаартай, Honda маркийн авто машиныг Н... ББСБ-д сар бүрийн төлөлт хийхээр авсан, би 2022 онд цалингийн зээл авах гэтэл таны Н... ББСБ-аас авсан эргэлзээтэй ангилалд орсон тул зээл өгөхгүй гэсэн, зээлтэй машинаа Ш.Б... зарахдаа би Н... ББСБд мэдэгдээгүй байсныг мэдээд Н... ББСБаас яриад машиныг зарж зээлийн үлдэгдлийг гаргаж авна гэснийг би зөвшөөрсөн, нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн техникийн хяналтын үзлэгт орсон баримт, кассын орлогын баримтууд, татварын албанд гаргасан хүсэлт, Н... ББСБ, ХХК-тай Ш.Б...гийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Хаан банкин дахь дансны хуулга, Улаанбаатар хотын банкны мемориалын баримт, Хаан банкин дахь дансны хуулга, гэрэл зураг, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Талуудын маргааны зүйл нь авто машины урьдчилгаанд Ш.Б... өгсөн 2 500 000 төгрөг, Н... ББСБын зээлийн төлбөрт төлсөн 7 400 000 төгрөг нийт 9 900 000 төгрөгийг Ш.Б... төлөх эсэх үйл баримт байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Ш.Б...нь Н... ББСБтай 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 7 600 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, 30 хоногийн 2,90 хувийн хүүтэй, авто машины-өөдөө лизинг төрлийн зээлийг авсан байна./хх 21-23/
Ш.Б...нь Н... ББСБтай 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, Honda маркийн, ... улсын дугаартай авто машиныг барьцаалсан байна.
Ш.Б... нь 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр А.П...той хэлцэл хийж, дээрх Honda маркийн, ... улсын дугаартай авто машиныг худалдсан, А.П...нь авто машины үнээс 2 500 000 төгрөгийг Ш.Б... өгч, улмаар Ш.Б... зээлийн гэрээний үүргийг Н... ББСБд төлөхөөр тохирсон үйл баримтад маргахгүй байна.
Ш.Б... нь авто машиныг бусдад худалдсан тухайгаа Н... ББСБд мэдэгдээгүйн улмаас Н... ББСБ нь тухайн авто машиныг А.П...оос хураан авч, бусдад худалдаж, Ш.Б... зээлийн төлбөрийг хаасан болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хууль болон гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд өгсөн авснаа харилцан буцаах үр дагавар үүсэх бөгөөд гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй болсон бол мөнгөөр нөхөн төлөхөөр мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-т заасан байна.
Талууд авто машины үнийг хэлцлээр тохиролцсон, нэхэмжлэгч нь тухайн авто машиныг буцаан авах боломжгүй болсон байх тул хариуцагчид төлсөн 2 500 000 төгрөг, Н... ББСБд төлсөн 6 073 000 төгрөг, нийт 8 573 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь гэрээнээс татгалзсаны үр дагаварт нийцэж байна
Харин нэхэмжлэгч нь 1 327 000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогдоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 327 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 152 118 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1-т заасныг баримтлан Ш.Б... 8 573 000 /найман сая таван зуун далан гурван мянган/ төгрөг гаргуулан А.П...т олгож, үлдсэн 1 327 000 /нэг сая гурван зуун хорин долоон мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б... 152 118 /нэг зуун тавин хоёр мянга нэг зуун арван найман/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.П...т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН