Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/794

 

 

 

 

 

 

   2021             9              7                                         2021/ДШМ/794

 

Ж.Б, Ө.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар  даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Амармөрөн,

шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Я.Батханд,

шүүгдэгч Ө.А-ийн өмгөөлөгч О.Санчирбал,

хохирогч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Шихихутаг,

хохирогч Б.Ц-гийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/1078 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгч Я.Батхандын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Б, Ө.А нарт холбогдох эрүүгийн 2009021951242 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сартуул овгийн Ж.Б, ........ оны ... дугаар сарын ....-ний өдөр ...... төрсөн, ..... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхийн хамт .................тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй /РД........../;

Тэгшийн хар гэр овгийн Ө.А, ....оны ... дугаар сарын ...-ны өдөр ...... төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., эхнэр, дүүгийн хамт .......... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй /РД: ......./;

Ж.Б нь Ө.А-тай бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хохирогч Н.Ү-ийг “Ханан Шишгэд” ХХК-иас хэрэгжүүлж буй “Түмний байр” нэртэй орон сууц хөнгөлөлттэй үнээр худалдан авах хөтөлбөрт хамруулна гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны Ард төвлөрсөн тооцооны төвөөр дамжуулан “Аполо жуно” ХХК-ийн 5037733609 дугаарын дансаар 8.701.500 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хохирогч Г.Б-ыг “Ханан Шишгэд” ХХК-иас хэрэгжүүлж буй “Түмний байр” нэртэй орон сууц хөнгөлөлттэй үнээр худалдан авах хөтөлбөрт хамруулна гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны Ард төвлөрсөн тооцооны төвөөр дамжуулан “Аполо жуно” ХХК-ийн 5037733609 дугаарын дансаар 14.435.280 төгрөг, өөрийн болон бусад дансаар 1.700.000 төгрөгрийг тус тус шилжүүлэн авч нийт 16.238.280 төгрөгийг залилсан,

2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүртэл хугацаанд хохирогч Б.Ц-г “Ханан Шишгэд” ХХК-иас хэрэгжүүлж буй “Түмний байр” нэртэй орон сууц хөнгөлөлттэй үнээр худалдан авах хөтөлбөрт хамруулна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож “Аполо жуно” ХХК-ийн 5037733609 дугаарын дансаар 8.120.000 төгрөг шилжүүлэн залилсан,

хохирогч Д.О-ийг “Ханан Шишгэд” ХХК-иас хэрэгжүүлж буй “Түмний байр” нэртэй орон сууц хөнгөлөлттэй үнээр худалдан авах хөтөлбөрт хамруулна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 5 дугаар сарын 18, 20, 6 дугаар сарын 16-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Аполо жуно” ХХК-ийн 5037733609 дугаарын дансаар нийт 15.020.000 төгрөг шилжүүлэн авч залилсан хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ж.Б, Ө.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Б, Ө.А нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нараас мөнгө авахдаа баримтууд үзүүлсэн, өгсөн талаар мэдүүлсэн.

Тодруулбал, 1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд “Ханан Шишгэд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын “Зардал гаргах тухай” тушаал, 15 дугаар хуудсанд “Ханан Шишгэд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын “Ажил хийж гүйцэтгүүлэх тухай” тушаал, 16 дугаар хуудсанд “Чингэлтэй дүүргийн иргэн Н.Үүлэнцөгц танаа” гэж хандаж гаргасан бичиг, 50 дугаар хуудсанд “Ерөнхий захирлын дэргэдэх зөвлөлийн гишүүдийн ээлжит бус хурлын тэмдэглэл” гэсэн баримтууд, үүнтэй адил баримтууд мөн 1 дүгээр хавтаст хэргийн 97, 98, 99, 100, 102-104, 153-156, 199-212 дугаар хуудсанд авагдсан баримтуудыг хохирогч нарт итгэл төрүүлэх зорилгоор үзүүлсэн, өгсөн болохыг хохирогч нар мэдүүлжээ.

“Ханан Шишгэд” ХХК-ийн гүйцэтгэх захирал болох Х.Алтангэрэлийн гарын үсэгтэй цагдаагийн хэлтэст хандаж гаргасан хүсэлтэд “...Ж.Б нь ...манай компанийн тамга, албан бланк, гүйцэтгэх захирлын гарын үсэг зэрэг баримтуудыг хуурамчаар үйлдэж түр зогссон байсан “Түмний Байр” төслийг хэрэгжиж байгаа мэтээр ойлгуулж олон тооны иргэдээс их хэмжээний мөнгө залилсан талаар манай компанийн оффис дээр хэд хэдэн удаа иргэдээс гомдол гаргаж ирсэн. ...компанийн тамга, албан бланк, гүйцэтгэх захирлын гарын үсэг зэрэг баримтуудыг хуурамчаар үйлдсэн тул манай компанийг хохирогчоор тогтоож өгнө үү...” гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргасан байхад үүнийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй.

Энэ талаар гэрч Х.А-ээс “...Эрүүгийн хэрэг болон гомдолд авагдсан баримтууд дээр байгаа асуудлыг огт хэлэлцэж шийдвэрлээгүй, гаргаж байгаагүй шийдвэр баримтууд байна, огт худлаа хуурамч баримт байна...” гэж /1хх 28-28/ мэдүүлсэн.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудыг ямар эх сурвалжаас хэрхэн авч хэрэгт хавсаргасан болох нь тодорхойгүйгээс гадна тэдгээрийг хуурамч баримт эсэх талаар тодруулж зохих арга хэмжээ аваагүй байна.

Үүнээс үзэхэд шүүгдэгч нь залилах гэмт хэргээс гадна өөр төрлийн гэмт үйлдэл хийсэн эсэхийг бүрэн тодруулалгүй ирүүлсэн энэ хэргийн хүрээнд шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоож, дүгнэлт хийх боломжгүй байдлыг үүсгэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Иймд өөр төрлийн гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулж, зохих арга хэмжээ авах шаардлагатай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж заасан.

Прокурорын яллах дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдэж дууссан гэх 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хохирогч Б.Ц-г залилсан гэх боловч тухайн үйлдэл чухам хаана, ямар газар үйлдэгдсэн болох нь тодорхойгүй байна.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.А “...би Ж.Б-тай нийлж бусдыг залилсан асуудал байхгүй, оролцоо байхгүй. Компанийн дансаар орсон мөнгийг буцаагаад Ж.Б руу шилжүүлсэн...” гэж, шүүгдэгч Ж.Б-аас “...миний данс руу “Аполо жуно” ХХК-иас ордог боловч би Ө.А-ийн данс руу буцаагаад хийдэг. Миний данснаас Ө.А-ийн ар гэр рүү орсон зардал байгаа. Цагаанцацрал, Сарангэрэл нь Натур төвд байдаг тоглоомын теллер хүмүүс байна. Тэд нар нь тоглоомын данс бөгөөд би тэд нарт өртэй байгаад шилжүүлсэн зүйл байхгүй. Ө.А-аас оруулсан мөнгө...” гэж тус тус мэдүүлдэг тул Ж.Бын мэдүүлгийн эх сурвалжийг шалгах ажиллагаа явуулах.

Тодруулбал шүүгдэгч Ж.Б-аас шүүгдэгч Ө.А-ийн болон түүнтэй холбоотой этгээдийн данс руу мөнгө шилжүүлсэн нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.

4. Хэрэгт авагдсан “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар н.Пагам, Д.Амарзаяа нараас “Аполо жуно” ХХК-ийн дансанд мөнгө шилжүүлсэн гүйлгээ хийгдсэн байх ба энэ нь хэрэгт хамааралтай эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй байна гээд хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Б, Ө.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Я.Батханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/1078 тоот захирамжийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Миний үйлчлүүлэгч Ж.Б-ыг “Ханан Шишгэд” ХХК-ийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн мэтээр шүүгчийн захирамжид дурдсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн талаар зохицуулсан байдаг. Гэтэл Ж.Б-ын үйлдэлд уг гэмт хэргийн шинж байхгүй ба “Ханан Шишгэд” ХХК-ийн бэлэн загвар, баримт дээр гэрээ хийж байсан нь Ж.Б-ын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан гэрээ, тухайн компанийн баримт бичгүүдээр нотлогдож байх тул баримт бичиг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Шүүгдэгч Ө.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ хохирогчдод учруулсан хохирлоос тодорхой хэмжээгээр хэрэглэсэн, Ж.Б-тай нийлж хэрэглэсэн талаар мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүх хэт нэг талыг барьж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчмыг зөрчин Ө.А-ийг гэм буруугүй мэтээр дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй юм.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлын талаар тодорхой зохицуулсан байдаг. Гэтэл хэрэгт огт хамааралгүй Пагам, Д.Амарзаяа нар нь хэрэгт хамааралтай эсэхийг шалган тогтоолгохоор буцааж буй нь үндэслэлгүй. Тухайлбал, Пагам, Амарзаяа нар нь ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй, уг гэмт хэрэгт хамааралгүй нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогддог. Иймд Ж.Б, Ө.А нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэх бүрэн боломжтой, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй, нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдсон байх тул 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/1078 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Я.Батхандын гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна.” гэв.

Шүүгдэгч Ө.А-ийн өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Ж.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгуулахаар “Ханан Шишгэд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын зүгээс цагдаагийн байгууллагад тусгайлан гомдол гаргасан. Үүнд ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй. Тухайн байгууллагын албан бланк, тамга, тэмдэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд ашиглаж байгаа талаар шүүгчийн захирамжид дурдсан нь үндэслэлтэй. Шүүгдэгч Ө.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр түүнийг гэм буруутай талаар урьдчилсан дүгнэлт хийх боломжгүй. Гэм буруугийн асуудлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтоодог. Шүүгдэгч Ө.А-ийн хувьд тодорхой хэмжээний мөнгө хэрэглэсэн гэдгээрээ залилах гэмт хэргийн үндсэн шинжид хамаарахгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт объектив талын шинжүүдийг тодорхой тусгасан байдаг. Тухайн хэрэгт шүүгдэгч Ө.А ямар оролцоотой гэдгийг тогтоох боломжгүй байсан. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудал яригдах боловч шүүгдэгч Ө.А гэм буруутай гэдгийг давхар нотлох эх сурвалжууд тогтоогдоогүй учраас дээрх нөхцөл байдлыг сэргээн дүрслэх боломжгүй. Яллах дүгнэлтийн хүрээнд гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилгыг тогтоох гэхээр боломжгүй байсан. Тухайн “Ханан Шишгэд” ХХК-ийн дансаар залилах гэмт хэргээ хэрэгжүүлэх замаар бусдын эд хөрөнгийг авсан. Мөрдөгч дансанд үзлэг хийхэд нийт 6 хүнээс мөнгө авсан байдаг. Пагам гэх хүнээс эхлэж мөнгө авсан. Г.Б-д мөнгөө дамжуулах замаар явж байсан. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт Пагам болон Амарзаяа нараас мөнгө авсан. Нотолбол зохих байдалд гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт зорилгыг зайлшгүй тогтоох шаардлагатай. Эдгээр хүмүүсийн мөнгө ямар учиртай талаар шүүгдэгч нараас тодруулахад Пагамаас мөнгө авч Г.Б-д өгсөн гэх зэргээр мэдүүлэг өгдөг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зайлшгүй шаардлагатай болсон. Дээрх нөхцөл байдлыг тодруулсаны үндсэн дээр гэм буруугийн асуудлыг тогтоох шаардлагатай. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. гэв.

Хохирогч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэж байна.” гэв.

Хохирогч Г.Б-ы өмгөөлөгч Б.Шихихутаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ саналыг дэмжиж байна. 2019 оноос хойш өөрийнх нь хувьд амьжиргааны эх үүсвэр болохуйц хэмжээний мөнгөөр хохирчихоод одоог хүртэл хохирлоо төлүүлж чадаагүй явж байна. Мөрдөн байцаалт, прокурорын шатанд хохирол төлүүлэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогч Б.Ц-гийн өмгөөлөгч Ц.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэргийн хувьд нотлогдвол зохих байдлууд нотлогдсон. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд хохирол төлбөрөө аваагүй байдаг. Хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Амармөрөн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд томилолтоор оролцож байна. Шүүгдэгч Ж.Б нь залилах гэмт хэргийг үйлдэх үедээ “Ханан Шишгэд” ХХК-ийн албан бланкийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн. “Ханан Шишгэд” ХХК-ийн хохирогчоор тогтоолгох үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ж.Б нь Ө.Атай бүлэглэн гэмт хэрэгт оролцоогүй гэж үзэж байгаа боловч хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд буюу хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч Ж.Б, Ө.А нар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Нотлогдвол зохих байдал буюу хохирол төлбөр, хор уршигтай холбоотой баримтууд хавтас хэрэгт авагдсан. Хохирогч нарт учирсан хохирол бүрэн тогтоогдсон байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Ж.Б, Ө.А нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Я.Батхандын гаргасан давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг бүхэлд нь хянахад, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд нотолбол зохих байдал тогтоогдох боловч шүүх хуралдаанаар уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн “Ж.Б нь хохирогч нартай харилцахдаа үзүүлж байсан “Ханан шишгэд” ХХК-ийн албан бланк бүхий хариу өгсөн бичиг, ажил гүйцэтгэх тушаал, хурлын тэмдэглэл гэх мэт баримтууд тухайн хэрэгт хамааралтай эсэх, залилах гэмт хэргээс гадна өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж болох” гэсэн дүгнэлтээс гадна тухайн компанийн үйлдэл, оролцоо байсан эсэхийг нэг мөр шалгаж шийдвэрлэхгүйгээр гэрчийн мэдүүлгийг үндэслэж, Ж.Б өөрөө дээрх баримтуудыг үйлдсэн гэж таамаглаж, түүнийг өөрөө хариуцана гэсэн агуулгаар хэрэгт шалгалгүй орхигдуулсан нь ойлгомжгүй юм.

Түүнчлэн, анхан шатны шүүхийн “Ж.Б нь хохирогч нараас шилжүүлсэн мөнгийг өөрсдийн үүсгэн байгуулсан “Аполо жуно” ХХК-ийн дансаар дамжуулан авсан үйл баримт авагдсан боловч зарим иргэдийн шилжүүлсэн мөнгө хэрэгт хамааралтай эсэхийг тодруулах нь зүйтэй”, “хэрэгт аливаа хүсэлт санал гаргасан байхад түүнийг шийдвэрлээгүй”, “зарим гэмт хэргийг хэзээ хаана үйлдсэн тодорхойгүй” талаарх дүгнэлтүүд үндэслэлтэй бөгөөд эдгээрийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаасныг үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгч Я.Батхандын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/1078 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Я.Батхандын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.МЯГМАРЖАВ

 

            ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ