| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2023/04230/И |
| Дугаар | 101/ШШ2023/04095 |
| Огноо | 2023-09-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2023/04095
| 2023 09 21 | 101/ШШ2023/04095 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт байрлах Д ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, Ё -д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,057,633.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян, шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.
Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д ББСБ нь хариуцагч Ж овогтой Ёад 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр SS2-05 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр 3,618,000 төгрөг, 24 сарын хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэй байхаар тохиролцон барьцаалдан зээлдүүлэх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш хариуцагчийн хувьд 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 700,000 төгрөг төлсөн байдаг. Өөр төлөлт хийгээгүй. Өнөөдрийг хүртэл хугацаанд нийтдээ 285 хоногийн хугацаа хэтрэлттэй байна.
Зээлдэгчийн зүгээс 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний 5.2.1-т заасан үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлсэн тул тус гэрээний 7.2-т заасныг үндэслэн гэрээг цуцалж үндсэн зээл 3,378,571.40 төгрөг, үндсэн зээлийн хүү 679,092.57 төгрөг, нийт 4,057,663.97 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
2.Нэхэмжлэгчээс: Зээл хүсэгчийн өргөдөл, барьцаат зээлийн гэрээ, зээл төлөлтийн дансны хуулга, зээлийн үлдэгдлийн тооцоолол, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэгч Д ББСБ ХХК нь хариуцагч Ж.Ёад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,057,663 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагчаас хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.
2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №SS2-05 дугаартай Барьцаат зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас үндсэн зээл 3,378,571.40 төгрөг, зээлийн хүү 679,092 төгрөг, нийт 4,057,663.97 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байна.
Зохигчдын хооронд 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр №SS2-05 тоот зээлийн гэрээ байгуулагдан нэхэмжлэгчээс хариуцагчид 3,618,000 төгрөгийг сарын 3.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, барьцаат зээлийн гэрээ, зээл төлөлтийн дансны хуулга зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 6-10 дугаар тал/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний агуулгад нийцэж байх тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
3.Зээлийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 3,378,571.4 төгрөг, хүүгийн төлбөрт 679,092 төгрөг нийт 4,057,663.97 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, хариуцагчаас нэхэмжлэлд хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан зээл төлөлтийн дансны хуулга гэх баримтаар хариуцагч Ж.Ё нь үндсэн зээлийн төлбөрт 239,428 төгрөг зээлийн хүү 452,250 төгрөгийг төлсөн ба 2022 оны 11 сарын 03-ны өдрөөс хойш хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгээгүй үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.
Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байх тул гэрээгээр тохиролцсоны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үлдэгдэл төлбөр болон хүүгийн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл болон хүүгийн төлбөрт нийт 4,057,663.97 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
4.Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хойшлуулж, 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг 00 минутад товлон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг гардан авсан боловч хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хянан шийдвэрлэнэ гэсэн зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Ёаас зээлийн гэрээний үүрэгт 4,057,663.97 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д ББСБ ХХК-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,872 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Ж.Ёаас 79,872 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА