Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2023/02822

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, регистр ..., Б... овогт Д....ын С...,

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, регистр ...., Д.. овогт Д....ын Ц...,

Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, регистр ..., Ч... овогт С....ийн Н...,

Нэхэмжлэлийн шаардлага:Зээлийн гэрээний 42 982 500 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:Нэхэмжлэгч Д.С..., Д.Ц..., өмгөөлөгч Ч.А..., Э.Э..., Д.Б..., хариуцагч С.Н..., өмгөөлөгч А.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С..., Д.Ц... нар хариуцагч С.Н...т холбогдуулан Зээлийн гэрээний 42 982 500 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.Үүнд:

Баянгол дүүргийн .... тоот дахь Ү-... улсын бүртгэлтэй байрны өмчлөгч байсан Ц.Э...д 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн.Зээлдэгч Ц.Э... нь авсан зээлээ бүрэн төлж чадахгүй байсаар 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан.Одоо энэ байрны өмчлөх эрхийн гэрчилгээг 2020 оны 8 дугаар сард С.Н... авсан байдаг.Иймд энэ байрны өмчлөгч С.Н...ээс нэхэмжлэгч Д.С..., Д.Ц... нар барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 42 982 500 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд энэ нэхэмжилсэн мөнгийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан Баянгол дүүргийн .... тоот байрыг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Барьцааны эрх нь барьцаалуулагч этгээдээс бус барьцаанд тавигдсан хөрөнгийн эрхээ даган шилждэг өмчийн эрх зүйн өвөрмөц онцлогтой эрх байдаг. Иймд зээлийн барьцаанд тавьсан байраа дагаж энэ байрны өмчлөгч С.Н...ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг 2014 оноос хойш гаргаж байсан боловч энэ байрны өмчлөгч нь тогтоогдоогүйн улмаас миний нэхэмжлэл хангагдахгүй байсан.Одоо С.Н... нь барьцааны зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан учир зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.Дээр дурдсанаар барьцаа нь барьцаалуулсан эзнээ биш, хөрөнгөө дагадаг учраас Барьцааны тухай хуулийн 5 дугаар бүлэг, 28.1, 28.4 дэх хэсэгт зааснаар барьцааг хүчинтэй гэж үзнэ.

Хариуцагч нар Б.С...г нас барснаас хойш 4-5 жилийн дараа өвлөх эрхийн асуудлаа хэрэгжүүлэхгүй явсаар байсан.Уг харилцааг үүрэгтэй холбоотой гэдгийг мэдэж байсан учраас тухайн орон сууцыг өвлөж авахаас татгалзаж байсан. Уг зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар 5-6 жил шүүхээр явж байна.Анхан шатны шүүхийн шийдвэрээс өвлөх эрхтэй холбоотой асуудлыг хангаж өгөхгүй гэх асуудлыг тавьсны дараагаар эдгээр хүмүүс хүсэлт гаргаж өвлөх эрхээ хэрэгжүүлсэн. Барьцаагаар хангагдах эрх буюу өмчөө дагасан үүргийн харилцаа хэвээр байх тул бид барьцаагаар хангагдах эрхээ хууль ёсных гэж үзэж байгаа гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:Миний эцэг Б.С... нь 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр насан өөд болсон, эцгийн өв хөрөнгө болох Баянгол дүүргийн .... тоот 40 м.кв орон сууцыг бидний эзгүйд С.Мө..., С.Мя..., С.С... нар болон С.Н...ийг оролцуулахгүйгээр Ц.Э... нь хууль бусаар эзэмшиж өөрийн болгож Д.С..., Д.Ц... нарт барьцаанд тавиад нас барсан.Гэвч өдийг хүртэл Ц.Э...гийн үр хүүхдүүдээс Ц.Э...гийн өвийг ч авахгүй, өрийг ч авахгүйгээр татгалзсан. Д.С..., Д.Ц... нарын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчаас нэхэмжлэгч нарт холбогдуулан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Д.С..., Д.Ц... нар нь Ц.Э...тай харилцан тохиролцож өмчлөх, өв залгамжлах эрхгүй болохыг мэдсээр байж Баянгол дүүргийн ... тоот 3 өрөө бүхий 40 м.кв талбайтай орон сууцыг 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 19-нд 10,000,000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 02-нд 5,000,000 төгрөг зээлж, барьцааны болон зээлийн гэрээг бүртгүүлсэн байдаг.Уг гэрээг сунгах хэлбэрээр Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт 5 удаагийн үйлдлээр хуурамч нотлох баримт бүрдүүлж барьцааны гэрээний бүртгэлийг хийлгэжээ.Нэхэмжлэгч нар Б.С...гийн хууль ёсны өв залгамжлагч нарыг байгааг мэдсээр байж хууль ёсны өв залгамжлагч С.Н..., С.Мө..., С.Мя..., С.С... нарыг эзгүйд барьцаалбарыг бүртгүүлсэн байх тул барьцааны гэрээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд:Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч Ц.Э... нь үл хөдлөх хөрөнгийн газраас албан ёсоор олгосон нэг хүний өмчлөлтэй гэрчилгээг үндэслэн барьцаат зээл олгохыг хүсэж бидэнд хандсанаар Д.С..., Д.Ц... нар банк, банк бус байгууллагуудын зээл олгодог жишгээр иргэд хоорондын гэрээг Ц.Э...тай байгуулж, хуулийн дагуу нотариатаар батлуулан, үл хөдлөх хөрөнгийн газарт барьцааг бүртгүүлэн, Ц.Э...д гэрээний дагуу мөнгийг олгож байсан нь гарын үсгээр батлагдан нотлогддог юм.Эд хөрөнгийн барьцаа нь тухайн эд хөрөнгө хэний ч өмчлөлд шилжсэнээс үл хамааран хүчинтэй байдаг, барьцааны хөрөнгө устаж үгүй болоогүй. Иймээс Д.С..., Д.Ц... нарын нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

Д.С..., Д.Ц... нар Ц.Э...тай удаа дараа иргэний эрх зүйн зээлийн харилцаанд орж байсан.Энэхүү харилцаанууд нь ажил хэргийн хүрээнд тодорхой хэрэгжиж байсан.Энэ утгаар байгуулагдсан гэрээ бүгдийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлж байсан.Тус гэрээний салшгүй хэсэг болох барьцааны гэрээ мөн хүчин төгөлдөр учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгчээс:Баянгол дүүргийн ... тоот дахь Ү-... улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээ /1хх-9/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ... тоот лавлагаа /1хх-10/, Зээлдүүлэгч Д.С..., Д.Ц..., зээлдэгч Ц.Э... нарын байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 15,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ /1хх 11-12/, Д.С..., Д.Ц..., зээлдэгч Ц.Э... нарын байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ /1хх13-14/, Д.С..., Д.Ц..., зээлдэгч Ц.Э... нарын байгуулсан 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 5,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ /1хх15-16/, Д.С..., Д.Ц..., зээлдэгч Ц.Э... нарын байгуулсан 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 10,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ /1хх 17-18/, Зээлдүүлэгч Д.С..., Д.Ц..., зээлдэгч Ц.Э... нарын байгуулсан 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ /1хх 19-20/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн мэдүүлэг /1хх-29/, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар тогтоол /1хх-68-71/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар шийдвэр /1хх 72-75/, С.Н..., С.С..., С.Мө..., С.Мя... нарын өмчлөлд орон сууцыг бүртгэсэн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /1хх-76/, Монголын нотариатчдын танхимын 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 890 дугаар албан бичиг /1хх-245/, Ц.Э..., Ц.Э... нарын Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан хүсэлт /1хх-246, 247/, Б.С..., Ц.Э... нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1хх-248/, Б.С..., Ц.Э... нар 2004 оны 10 дугаар сарын 15-ны өдөр С.С...ийг үрчилсний бүртгэлийн лавлагаа /1хх-249/, Ц.Э...гийн төрүүлсэн хүүхдийн лавлагаа /1хх-250/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ... дугаар шийдвэр /2хх-1-8/, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон акт, өрхийн амьжиргааны түвшин тогтоосон баримт /3хх 48-48/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас:Ц.Э...гийн иргэний үнэмлэх, нас барсны гэрчилгээний хуулбар /1хх-44/, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн болон 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 73 тоот тодорхойлолтуудын хуулбар /1хх 45-46/, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 06/1151 дугаар албан бичгийн хуулбар /1хх-47/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 514 дугаар шийдвэр /1хх 48-49/, 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 16 тоот Өв залгамжлах эрхийн гэрчилгээний хуулбар /1хх-50/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаар Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамж /1хх 51-52/, Ц.Э...гийн өмчлөлд орон сууцыг бүртгэсэн 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /1хх-53/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 583 дугаар шийдвэр /1хх-54-57/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар магадлал /1хх-58-61/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 456 дугаар магадлал /1хх 62-64/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Талуудын хүсэлтээр болон шүүхийн санаачилгаар:Шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ... тоот захирамжаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий Ү-... бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, хувийн хэрэг, /1хх 38, 84-169/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ц.Э...гийн төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдүүдийн талаарх лавлагааг, Монголын Нотариатчдын танхимаас Ц.Э...гийн өмчлөлийн маргаан бүхий орон сууцыг эрх бүхий этгээдээс өвлөж авахаар хүсэлт гаргасан эсэх, өвлөхөөс татгалзсан хүсэлт гаргасан эсэх, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэх талаарх лавлагааг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архиваас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ... дугаар шийдвэр, мөн шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 514 дүгээр шийдвэр, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 583 дугаар шийдвэртэй иргэний хэргээс дээрх шийдвэрүүдийг хянасан давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолууд, Ц.Э..., Ц.Э...ын нарын тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 он 10 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 00226 дугаар магадлал, Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа, Ц....ын О...ийн тайлбар, Нийслэлийн архив газраас ирүүлсэн баримтууд, шүүхийн тусгай архиваас ирүүлсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн./2хх-92, 100-135, 144, 145-151, 3хх 77, 92-108, 109-112, 121-122, 130, 172-204, 207-208,/

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгч Д.С..., Д.Ц... нарын гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.Н...ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нар нь Ц.Э...д мөнгө зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар түүний өмчлөлийн орон сууцыг барьцаалан барьцааны гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн.Ц.Э... зээлээ бүрэн төлөлгүй нас барсан, барьцааны хөрөнгийн өмчлөгчөөр С.Н..., С.С..., С.Мө..., С.Мя... нар бүртгэгдсэн боловч бодитоор эзэмшиж байгаа С.Н...т холбогдуулан Ц.Э...гийн зээлийн гэрээний үүрэг 42,982,500 төгрөгийг барьцаа хөрөнгөөс хангуулна, Ц.Э...гийн төрүүлсэн хүүхдүүд түүний өвийг хүлээн авахаас татгалзсан гэж тайлбарлажээ.

Уг орон сууц нь аав Б.С...гийн өмч бөгөөд Ц.Э... хууль бусаар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан, орон сууцыг барьцаалсан нь тогтоогдсон.Нэхэмжлэгч нар Ц.Э...тай хамтарч хууль бус гэрээ байгуулсан байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагч С.Н... татгалзжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Д.С..., Д.Ц... нар Ц.Э...тай хамтарч Б.С...гийн хүүхдүүдэд мэдэгдэлгүйгээр орон сууцыг барьцаалсан гэрээ хийж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно гэж  тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч Ц.Э...тай хуульд заасны дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн, биднээс зээл авах үед үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь Ц.Э...гийн нэр дээр байсан тул бид хөрөнгийг барьцаалж, мөнгө зээлдүүлсэн, барьцааны гэрээг шинэчлэн, барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хүчин төгөлдөр гэрээ тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж  тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн болон барьцааны гэрээнүүд, Ц.Э...д 2009 онд олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, Ц.Э...д олгосон өвлөх эрхийн гэрчилгээ, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд, магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолууд, Ц.Э..., Ц.Э..., Ц.О... нарын шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, Б.С..., Ц.Э... нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэдний С.С...ийг үрчилсэн тухай лавлагаа, Ц.Э...гийн хүүхэд төрүүлсний лавлагаа, С.Н..., С.С..., С.Мя..., С.Мө... нарын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ болон бусад зэрэг нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Маргааны зүйл нь нэхэмжлэгч нар Ц.Э...тай 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг болох 42 982 500 төгрөгийг С.Н..., С.С..., С.Мя..., С.Мө... нарын өмчлөлийн Баянгол дүүргийн ... тоот дахь 40 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулах тухай байна.

Д.С..., Д.Ц... нар 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Ц.Э...тай зээлийн гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ц.Э...гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ... тоот дахь 40 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Дээрх зээлийн гэрээний талууд 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж, өмнөх гэрээний нөхцөлөөр 5 000 000 төгрөгийг, мөн 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр адил нөхцөлөөр 10 000 000 төгрөгийг Ц.Э...д зээлдүүлэхээр зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн ба 2012 оны 9 дүгээр сарын 20, 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тус тус зээлийн болон барьцааны гэрээний хугацааг сунгахаар харилцан тохиролцож байгуулан, мөн гэрээнүүдийг болон барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Барьцааны зүйл болох Баянгол дүүргийн ... тоот дахь 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1998 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс Д.М... эзэмшиж, 2000 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хувьчлан өмчилж, 2000 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2654 тоот орон сууц бэлэглэлийн гэрээгээр Б.С...гийн өмчлөлд шилжсэн байна.

Б.С... нь Д.О...тэй 1971 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 1977 оны 5 дугаар сарын 2-ны өдөр бүртгүүлсэн, тэдний дундаас 1973 онд С.Н..., 1978 онд С.Мө..., 1982 онд С.Мя... нар төрсөн, Д.О... нь 1993 онд нас барсан байна./1хх 143, 144, 146, 147. 148/

Ц.Э... нь 1976 онд Ц.Э..., 1979 онд Ц.О..., 1973 онд Ц.Э... нарыг төрүүлсэн болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2021 оны 11 дүгээр сарын 4-ны өдрийн 1 дүгээр маягтын лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаануудаар нотлогдож байна./1хх 146-149/

Б.С... нь Ц.Э...тай 1995 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр бүртгүүлсэн бөгөөд  2004 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.С..., Ц.Э... нар охин С.С...ийг үрчилж авсан байна./2хх-146-151/

Б.С... нь 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барсан, Ц.Э... нь 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр Б.С...гийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг ганцаараа өвлөн авч, мөн 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр уг хөрөнгө Ц.Э...гийн өмчөөр бүртгэгдэн, улмаар 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Д.С..., Д.Ц... нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, дээр дурдсан зээлийг авсан байна./1хх 50, 53, 9-20/

Зээлдэгч Ц.Э... нь дээрх зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй байхдаа буюу 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан.

Б.С...гийн хүүхдүүд болох С.Н..., С.Мө..., С.Мя...,  С.С... нар нь нотариатч Б.Э...д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 5 дугаартай нотариатч Б.Э...гийн Ц.Э...д олгосон 2009 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 16 дугаартай өв залгамжлах эрхийг гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Э... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаартай захирамж хүчин төгөлдөр байна./1хх 51-52/

Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 583 дугаар шийдвэрээр Ү-... улсын бүртгэлийн дугаар бүхий Баянгол дүүргийн .... тоот хаягт байрлалтай, 40 м/к талбай бүхий орон сууцны зориулалт бүхий Ц.Э...гийн өмчөөр бүртгэгдсэн ... тоот гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна./1хх 114-133/

Нэхэмжлэгч Д.С..., Д.Ц... нарын С.Н..., С.С... нарт холбогдуулан гаргасан орон сууцны өвлөгчийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар тогтоол байна./2хх 101-104, 105-109, 110-113/

Дээрх шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаар тушаалаар Ц.Э...д 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олгосон ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар албан бичгээр нотлогдож байна./1хх 162/

Улмаар С.Н..., С.М..., С.Мя..., С.С... нар нь нотариатчийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 005 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн эцэг Ц.С...гийн өмчлөлд байсан орон сууцыг өвлөн авч, тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна./1хх 141-142, 164/

Талийгч Ц.Э... нь Баянгол дүүргийн ... тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж аваагүй байгаа болох нь дээр дурдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаартай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар шийдвэр,  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаар тушаалаар нотлогдож байна.

Баянгол дүүргийн ... тоот байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг олж авсан талийгч Ц.Э...гийн үйлдэл нь хуульд нийцээгүй байхад түүний Д.С..., Д.Ц... нартай байгуулсан барьцааны гэрээг хуульд нийцсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

Талийгч Ц.Э... нь Баянгол дүүргийн ... тоот байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг талийгч Ц.С...гийн өмчлөлөөс шилжүүлэн авахдаа хууль зөрчсөн болох нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч нар нь Ц.Э...тай 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан үеэс тухайн орон сууц нь барьцааны зүйл болох ба барьцаалагч Ц.Э... нь барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн тухай үйл баримт тогтоогдоогүй, харин Ц.Э...гийн хууль бус өмчлөлөөс өвлөгдөх хөрөнгөө С.Н..., С.М..., С.Мя..., С.С... нар шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байх тул Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасан үндэслэлд хамаарахгүй байна.

Нэхэмжлэгч нар нь Ц.Э...тай 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр барьцааны гэрээ байгуулахдаа барьцааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Э... өмчлөх эрхгүй байсан болохыг мэдээгүй байсан гэх нөхцөл байдлыг үндэслэн тэдний хооронд хийгдсэн барьцааны гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх боломжгүй ба Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т “Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно” гэж заасан боловч хуульд заасан журмын дагуу С.Н..., С.М..., С.Мя..., С.С... нарын өмчлөлийн Баянгол дүүргийн ... тоот байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс Д.С..., Д.Ц... нарын Ц.Э...тай байгуулсан зээлийн гэрээний төлбөр 42 982 500 төгрөгийн үүргийг хангуулах боломжгүй гэж дүгнэв.

Ц.Э...гийн хүүхдүүд болох Ц.Э..., Ц.О..., Ц.Э... нар нь өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт болон тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон тухай бүртгэл мэдээлэл байхгүй болох нь Монголын нотариатчдын танхимын 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 890 дугаар, 2021 оны 11 дүгээр сарын 4-ны өдрийн 824 дугаартай баримтуудаар тогтоогдож байна./1хх-245, 2хх-145, 3хх-77, 80, 130/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Н... нь гуравдагч этгээд С.М..-ыг төлөөлөх итгэмжлэлээсээ татгалзсан ба нэхэмжлэгчийн хүсэлтээр гуравдагч этгээдээр татан оролцуулсан С.Мө..., С.С..., С.Мя... нар Монгол улсад амьдардаггүй, би хаягийг нь мэдэхгүй гэж тайлбарладаг тул тэднийг шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй болсон.

Нөгөө талаар нэхэмжлэгч нар болон тэдний өмгөөлөгч нар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ, гуравдагч этгээд нарын хаягийг тодруулах ажиллагаатай холбогдуулан гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжийн биелэлтийг хангуулах шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдаж байна.

Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нарын төлсөн 443 063 төгрөг, хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 70 200 төгрөг гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 169 дүгээр зүйлийн 169.1-т заасан үндэслэлгүй тул Д.С..., Д.Ц... нарын С.Н...т холбогдуулан гаргасан Ц.Э...тай байгуулсан зээлийн гэрээний төлбөр 42 982 500 төгрөг гаргуулах үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн .... тоот дахь 40 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-т заасныг баримтлан Д.С..., Д.Ц... болон Ц.Э... нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 443 063 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 70 200 төгрөг гаргуулан хариуцагч С.Н...т олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                   

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         З.ДОРЖНАМЖИН