Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2023/03955

 

 

 

 

 

2023 09 12

101/ШШ2023/03955

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, шүүгч Д.Ганболд, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух, Ч-ийн нэхэмжлэлтэй,

Гэм хорын хохиролд 12,898,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, Засгийн газрыг төлөөлж Х.Наранбаатар, Э.Болор-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч Б.Амарзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Миний төлөөлүүлэгч Г.Чийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор Ү.Ч, М.М нартай бүлэглээд, 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр маргалдаж Б.Тгийн толгойн тус газарт хөлөөрөө өшиглөсөн, хүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулаад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байна.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, Эрүүгийн шүүхээс 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 645 дугаартай тогтоолоор Г.Чийг гэм буруутайд тооцож, 5,400,000 төгрөгөөр торгож шийтгэсэн.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Г.Ч, түүний өмгөөлөгч С.Баасандорж нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд, 1138 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 1.1 дэх заалтанд зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийн хэрэгсэхгүй болгож, Г.Чийг цагаатгасан байдаг.

Тогтоол хүчин төгөлдөр болсон ба нэхэмжлэгч түүний эх Ж.О нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчаар татагдсаны дараа 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өмгөөлөгч Б.Баасандоржтой өмгөөллийн хууль зүйн туслалцаа үзүүлэх 43 дугаартай гэрээ байгуулсан. Ингээд талууд өмгөөллийн хөлсийг 10,000,000 төгрөгөөр тохирч, Г.Чий хувьд өмгөөлөгчид төлөх ёстой хөлсийг бүрэн төлж барагдуулсан. Хөлс төлөхдөө өмгөөлөгч Б.Баасандоржийн Хаан банкны дансанд 3 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн буюу 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Г.Ч 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс хойш буюу яллагдагчаар татагдсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6 сар 27 хоног мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцож, прокурорын хяналтад байсан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Энэ хугацаанд учирсан хохирлоо төрөөс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хууль зүйн үндэслэлийн хувьд эд хөрөнгийн хохиролд Иргэний хуулийн 497.1 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6 хэсгийг үндэслээд хууль зүйн туслалцаа авахад төлсөн 10,000,000 төгрөгийг, мөн эдийн бус хохирол болох сэтгэл санаанд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 230.2 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн хохирлоо тооцоолохдоо тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөгөөр 1 сарын хугацааг тооцож, 6 сард 2,520,000 төгрөг, 27 хоногт 378,000 төгрөгийг тооцон нийт 2,898,000 төгрөг, нийтдээ 12,898,000 төгрөгийг Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр төрөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

2.Гуравдагч этгээд прокурор Г.Сувд-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1-д Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлэгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж, 2.1-д хууль бусаар баривчилагдсан, цагдан хоригдсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн нь тогтоогдсон, 2.3-т тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ гэж, 45.3 дугаар зүйлийн 1.1-д хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого...45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний талаар заасан. хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргах эрхтэй.

Мөн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 230.3 дахь хэсэгт хохирогчийн эдийн бус гэм хорыг арилгуулах шаардах эрхийн талаар хуульчилсан.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө. гэж заасан байх бөгөөд эдийн бус гэм хорыг хэр хэмжээгээр, хэрхэн тооцож, хэрхэн гаргуулах талаар хуульд тусгайлан заасан зохицуулалт байхгүй буюу сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх талаар хуульд тусгайлан заагаагүй нь нэхэмжлэгч Г.Чд учирсан гэх сэтгэл санааны хохирлыг гаргуулах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Г.Ч нь мөрдөгч, прокурорын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохиролд сэтгэл санааны хохирол 2,898,000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд эрүүгийн хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр Г.Чийг яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай баримтууд цугларсан тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Харин нэхэмжлэгч Г.Ч нь өөрийн сэтгэл санаанд учирсан гэх хохирол түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан "шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Засгийн газрыг төлөөлөгч Х.Наранбаатар, Э.Болор-Эрдэнэ нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид гардуулсан нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд нэхэмжлэгч маань дараах 2 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Сэтгэл санааны төлбөрт 2,898,000 төгрөг, өмгөөлөлийн зардалд төлсөн 10,000,000 төгрөг тиймээнийт 12,898,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар энэ мөнгөнүүдийг нэхэмжлэх тийм эрх зүйн үндэслэл байгаа боловч дараах нь эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учраас бид хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Сэтгэл санааны хохирлын хувьд бол ЭХХШтХ-ийн 45.1 дүгээр зүйлд эд хөрөнгийн бус хохирол сэтгэл санааны тусгай хохирол хор уршгийн мөнгөн хэлбэрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр үнэлэн төлнө гэж зохицуулсан байдаг. Үүнээс өөрийн сэтгэл санаанд учирсан хохирлоо юунд үндэслэж яаж тооцсон бэ? гэдэг нь тодорхойгүй. Ер нь бол тодорхой хэлэхэд өөрөө тухайн үедээ оюутан байсан, цагдан хоригдсон хоног байхгүй ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, тэгээд яг ямар сэтгэл санааны учирсан хохирлоо ингэж энэ дүнгээр тооцоод нэхэмжлээд байгаа гэдэг нь ойлгомжгүй байна. Улсын дээд шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг мөрдөх мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд төлсөн хохирлын талаар гаргасан зөвлөмж гэж байдаг. Энэ зөвлөмж нь ажиллаж байсан бол хууль бус ажиллагааны улмаас иргэний хамаарлын цалин төсөл дээр дүйцүүлэн ажил эрхлэхгүй байсан бол тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож олгоно гэсэн байдаг. Үүнийг яаж тооцсон эсэх нь тодорхойгүй гэж үзэж байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад хэргийн оролцогчдод шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримт цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Нэхэмжлэгч тал нэхэмжилж байгаа нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхой баримтуудаар нотолсон байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дох хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, шүүхийн үүргийг нотлох баримтыг яаж үнэлэх тухай заагаад өгчихсөн байдаг. Үүнд Монгол улсын Засгийн газарт ямар эргэлзээ төрөөд байгаа вэ гэхээр өмгөөлөгчтэй байгуулсан гэрээний дагуу өмгөөллийн хөлснүүдийг Г.Ч тодорхой хугацаанд шилжүүлсэн байна. Өмгөөллийн хөлсөө тодорхой хугацаа зааж, хувааж шилжүүлнэ гэж тохироогүй, зөвхөн 10 сая төгрөгөөр тохирчхоод 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн төрсөн эх н.Оийн Хаан банкны данснаас 3,000,000 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 5,000,000 Г.Чий өмгөөллийн хөлс гээд шилжүүлсэн Хаан банкны баримт байсан. Бид нар яагаад үүнийг эргэлзээтэй байна гэж үзсэн гэхээр энэ хэрэг маргаан буюу Г.Чд холбогдох хэргийн хамгийн сүүлд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдөр буюу энэ нөгөө 2 дахь өмгөөллийн хөлс төлснөөс авхуулаад, төлсөн өдөр нь хэрэг маргаан шийдвэрлэгдсэн өдрөөс хойш болсон ийм зүйлүүд байна. Бид нарын эргэлзээтэй байгаа асуудал яг эндээс эхэлж байгаа. Өмгөөлөгч хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдэхээс өмнө өмгөөллийнхөө хөлсийг авчихсан байж байдаг. Энэ болохоор Г.Чтэй холбоотой хэрэг маргаан хянан шийдвэрлэгдсэний дараа нэлээн хугацаа зарцуулж, энэ мөнгийг банканд шилжүүлсэн байдлаар шилжүүлсэн. Энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 2-д зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нотлох баримтыг үнэлэх ёстой гэсэн нөхцөл байдалд таарахгүй байна. Тийм учраас зөвхөн хэрэг маргаан шийдвэрлэгдэж байх үеийн 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Үлдсэн 7,000,000 төгрөг болон сэтгэл санааны хохиролд нэхэмжилж байгаа 2,898,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Иргэдийн төлөөлөгч Ч гэмт хэрэгт холбогдоод шүүхээр цагаатгагдсан. Тэр хооронд гарсан зардал сэтгэл санааны хохирлыг төрөөс нэхэмжилж байгаа гэж ойлгосон. 18 настай байхдаа холбогдсон сэтгэл санаанд их хүнд цохилт болсон энэ нэхэмжилж байгаа мөнгөө төрөөс нь авах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргажээ.

5. Нэхэмжлэгчээс Чингэлтэй дүүргийн прокурорын 2022 оны 5 сарын 04-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, 2022 оны 5 сарын 31-ний өдрийн хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоол, прокурорын тогтоол танилцуулсан тэмдэглэл, хүсэлт, 2022 оны 5 сарын 31-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас, 2022 оны 6 сарын 16-ны өдрийн 161 дугаартай гомдол хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 1019 дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/745 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 2022/ДШМ/1138 дугаар магадлал, 2022 оны 5 сарын 15-ны өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2023 оны 1 сарын 16-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа, Хаан банкны орлогын 2022 оны 12 сарын 20, 2023 оны 01 сарын 17-ны өдрийн баримт, депозит дансны хуулга, Хаан банкны тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдааны үед гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Г.Ч нь төрийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 12,898,000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг түүнд холбогдуулан үүсгэж, ял шийтгэсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ДШМ/1138 дугаартай магадлалаар цагаатгаж шийдвэрлэсэн тул өмгөөллийн хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөг, сэтгэл санаанд учирсан хохиролд 2,898,000 төгрөг нийт 12,898,000 төгрөгийн хохирол шаардах эрх үүссэн гэж тайлбарлаж байна.

2.Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч хянаад, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/745 дугаар шийтгэх тогтоолоор Г.Чд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг Нийслэлийн эрүүгийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 2022/ДШМ/1138 магадлалаар Г.Чд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 18-28 дугаар тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй, гэж, мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 1-д Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж, 45.2 дугаар зүйлийн 2.2-д тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан бол хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ гэж тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч Г.Чд холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн байх тул Г.Ч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, 45.2 дугаар зүйлийн 1, 45.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлээр учирсан шууд хохирлоо шаардах эрхтэй байна.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхийг төр ханган арилгах нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт, Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэсэн зохицуулалтаар хангагдана.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэг нь агуулгын хувьд гэм хор учруулснаас үүсэх үүргийн зохицуулалт байх тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт зааснаар, гэм хор учруулснаас үүсэх иргэний эрх зүйн харилцаа бөгөөд зөрчигдсөн эрхийг энэ зүйлд заасан үндэслэлээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

4.Нэхэмжлэгч төрөөс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо, 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу төлсөн өмгөөллийн зардал 10,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлээр эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх харилцааг зохицуулсан байх бөгөөд энэ хохиролд мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6-д зааснаар, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс-ийг хуульд заасан эх үүсвэрээс олгохоор хуульчилсан байна.

Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний дагуу өмгөөлөгч Б.Баасандорж нь хууль зүйн туслалцаа болон өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлэх үүргийг хүлээсэн байна.

Гэрээ байгуулсан хугацаа болон нийтлэг үндэслэлийн хувьд нэхэмжлэгч Г.Чд холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай байх бөгөөд гэрээний үүргийн дагуу 2,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 3,000,000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр, 5,000,000 төгрөгийг 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр тус тус төлсөн гэх баримт нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 31-33 дугаар тал/

Гуравдагч этгээд болох Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Г.Чд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэснээс хойш төлөгдсөн өмгөөллийн хөлс болох 7,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй цаг хугацааны хувьд эргэлзээтэй байна гэх тайлбарыг гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6-д хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс-ийг хуульд заасан эх үүсвэрээс нөхөн төлөх эд хөрөнгийн шууд хохиролд хамааруулсан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нийт 10,000,000 төгрөгийг гэрээгээр тохиролцсоны дагуу төлсөн нь тогтоогдож байх тул энэ хөлс нь бодитой, зайлшгүй гарсан зардал гэж үзэхээр байна.

Учир нь, гэм хор арилгах үүргийн хувьд тухайн гэм хор учруулсан гэм буруутай үйлдэл, эс үйлдэл байх, тухайн үйлдэл гэм хорын хоорондох шалтгаант холбоо тогтоогдох учиртай.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баасандоржтой 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан өмгөөллийн гэрээ, өмгөөлөгчийн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хууль зүйн туслалцаа үзүүлсэн байдал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газарт удаа дараа гаргасан хүсэлтүүд нь 2022 оны 12 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 5 сарын 21-ний өдөр 3,000,000, төгрөг, 2023 оны 1 сарын 17-ны өдөр 5,000,000 төгрөг тус тус төлсөн төлбөрийн цаг хугацаатай давхцаж байх бөгөөд Засгийн газрын төлөөлөгчөөс гаргасан хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн өдрөөс хойш төлсөн өмгөөлөлийн хөлс болох 7,000,000 төгрөгийг төлөхгүй гэх тайлбар нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, агуулгаа өөрсдөө тодорхойлох зохицуулалтад нийцэхгүй байна. /хх-ийн 10-17 дугаар тал/

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй... гэж, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт гэм хорыг арилгах хэмжээг тодорхойлохдоо, Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж зохицуулжээ.

Иймд Засгийн газрын нөөц сангаас эд хөрөнгийн шууд хохиролд 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Чд олгох нь зүйтэй гэж үзэхээр байна.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх эрхтэй этгээд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, эсхүл хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан.

Хэдийгээр нэхэмжлэгч сэтгэцэд учирсан уршгийг арилгуулахаар шаардах эрхтэй хэдий ч сэтгэл санааны хохиролд 2,898,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын хувьд тухайн шаардлагыг хангах бодит үндэслэлийг нотлоогүй байна.

Тодруулбал, сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

6.Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын нөөц сангаас эд хөрөнгийн шууд хохиролд 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Чинүнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,898,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7.Иргэдийн төлөөлөгчийн Г.Ч нь гэмт хэрэгт холбогдон шалгуулж, шүүхээр цагаатгагдсан бөгөөд энэ хооронд гарсан зардал, хохирлыг төрөөс нэхэмжилж байгаа нь зүйтэй гэх дүгнэлтийн зарим хэсгийг үндэслэлтэй гэж үзэв.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль бус ажиллагааны улмаас учирсан шууд хохиролд 10,000,000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч Г.Чд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,898,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА

 

ШҮҮГЧ Д.ГАНБОЛД

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ