Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1520

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул  даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01768 дугаар шийдвэртэй

 

Н.А-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Р.Э-т холбогдох газар чөлөөлүүлэх, 51 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

152 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, өмгөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ээжийнхээ өгсөн итгэмжлэлийн дагуу маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг газрын хамт худалдахаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентлагууд болон хувиараа зар тавьсны дагуу 2017 оны 10 дугаар сард хариуцагч Р.Э- надтай уулзсан. Би худалдах гэж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг төвийн дулаанд холбогдоогүй, цахилгааны зөвшөөрөлтэй, усны зөвшөөрөлгүй тухай түүнд ярьсан. Бид 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг 780 000 000 төгрөгөөр байгуулахаар тохиролцсон. Тухайн үед хариуцагчаас хуучин түрээслэгчийг үйл ажиллагаагаа явуулахыг зогсоохыг шаардаж, өөрийн хүслээр засварын ажлаа хийж эхэлсэн. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа намайг түүнтэй дахин уулзахад худалдах гэж буй үл хөдлөх эд хөрөнгийн урд талд 2 ширхэг объект барихаар суурь цутгасан байсан бөгөөд болохгүй гэж хэлэхэд тэрээр санаа зоволтгүй, худалдаж авчихаад зөвшөөрлийг нь хөөцөлдөнө, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөнгөө төлнө гэсэн. Би хариуцагч Р.Э-ыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй тохиолдолд 2 ширхэг объектоо ямар нэгэн асуудалгүйгээр чөлөөлөх тухай бичгээр амлалт өг гэхэд чадахгүй гэсэн. Бид Баянзүрх дүүргийн газрын алба, мэргэжлийн хяналтын газарт хандаж байсан бөгөөд газрын албанаас хариуцагч Р.Э-т зөвшөөрөлгүй барьсан объектыг чөлөөл гэсэн шаардлага өгсөн байдаг. Хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас 2017 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрт 51 000 000 төгрөгөөр хохирч, объектоо захиран зарцуулах гэхээр дотор нь засвар хийсэн тул төлөв байдлыг нь өөрчилж болохгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нэхэмжлэгч Н.А-гийн өмчлөлийн хөрөнгөд засвар үйлчилгээ хийж, оруулсан хөрөнгөө буцаан нэхэмжилсэн байна. Гэтэл тэрээр тухайн засварыг өөрийн хүслээр хийсэн учраас манайх ямар нэгэн хариуцлага хүлээх ёсгүй. Харин барилгын дотор засал дээр бид нар маргахгүй. Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайланд нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгөд хийсэн засварын зардлыг бодитой гэж үзэж байна. Хариуцагч нь анхнаасаа тус үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авах зорилгогүй байсан бөгөөд ашигтай байрлалд байдаг тул худалдан авах дүр үзүүлж, ашиглах сэдэлтэй байсан. Нэхэмжлэгч тал 17 сарын түрээсийн төлбөрийг хариуцагчийн буруутай үйлдлээс болж авч чадаагүй учир Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт тус тус зааснаар 51 000 000 төгрөгийг шаардах эрхтэй. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн хувьд дотор засварын зардлын талаар маргахгүй. Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн засварын хувьд 4,600,000.00 төгрөгийн үнэтэй лангууг буцаан авсан ба энэ талаар үнэлгээний тайланд тусгагдаагүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гэрээг байгуулах тал дээр Б.Энхбаатартай тохиролцоонд хүрээгүй. Гэтэл хэсэг хугацааны дараа нэхэмжлэгч нь худалдахгүй болсон гэж мэдэгдсэн байдаг. Худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй шалтгаан бол нэхэмжлэгчийн буруугаас болсон тул хариуцагч Р.Э-ын барьсан 2 объектыг буулгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд олох ёстой байсан орлого 51 000 000 төгрөг гэсэн боловч үүнийг нотлох баримт өгөөгүй. Өөрөөр хэлбэл, 2013 оны 12 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл түрээслэн орлого олдог байсан гэх боловч сар бүр 3 000 000 төгрөгийг төлж байсан тухай баримтгүй. Нэхэмжлэгчийн анхны тайлбар дээр дулааны зөвшөөрөлгүй, цэвэр ус өөр газраас авдаг, тогны өртэй, түрээслүүлэх боломжгүй гэсэн байсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч талд уг үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах эрх нь хэвээр байгаа. Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч Р.Э- нь маргаан бүхий объектын худалдаж авах гэтэл 2 давхрыг агуулахын зориулалтаар ашиглаж байсан, 1 давхар хөлдүү, тогны өртэй, 380 вт-д холбогдох зөвшөөрөлгүй байсан бөгөөд 761 м.кв талбайд хариуцагч тал өөрийн хөрөнгөөр засвар хийсэн бөгөөд шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэж үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг өсгөхийн тулд өөрөөсөө 152 000 000 төгрөгийг гаргасан. Үүнээс 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Н.А-г Америкийн нэгдсэн улсаас ирэхэд төлсөн. Гэвч хариуцагч Р.Э- эдгээр бүх зардлыг тухай бүр нотолсон анхан шатны санхүүгийн баримт үйлдээгүй тул хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлгээ хийлгэсэн. Хөрөнгийн үнэлгээгээр зөвхөн үнэлж болох эд хөрөнгүүдийн үнэлгээ гарсан. 2 ширхэг лангуу хүлээлгэж өгсөн баримт байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хасах хүсэлтэй байна. Эдгээр лангууг үнэлгээг хийхээс өмнө буцаан өгсөн байсан.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Дээрх маргаан бүхий барилгад нийт 150 000 000 төгрөгийн засварын ажил хийсэн бөгөөд мөн тус объектийн хаалганы урд талын явган хүний зам хүртэл талбайг Б.Энхбаатар нь манайх гэж хэлсэн бөгөөд барилга барьж болно гэсэн тул түүнтэй тохиролцсоны дагуу уг газарт нь тус бүр 40 м.кв талбайтай 2 ширхэг объект барьсан. Түүнчлэн, Б.Энхбаатарын ээж Н.А-тай холбогдож гэрээний загвар, засварын үеийн зураг, бичлэг зэргийг илгээж байсан. Харин Н.А- нь “манай хүүхдүүдтэй хэл амаа ололцохгүй байгаа бол би өөрөө очмоор байна, чи зардал өгөөч” гэж хандсан тул би АНУ-аас ирэх түүний онгоцны билетийг захиалж, Монгол Улсад ирүүлж байсан тул дээрх нөхцөл байдлыг харгалзаж нэхэмжлэгчээс нийт 152 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иймд, нэхэмжлэлийн шаардлагад биет байдлаар хөрөнгийн үнэлгээгээр гарсан 79 000 000 төгрөг дээр хариуцагчийн ноу хау багтаж байгааг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ өссөн тул 147 400 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Батбаатар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хууль зөрчиж барилга барьсан. Манайх хариуцлага хүлээх үүрэг байхгүй. Өөртөө оруулсан хөрөнгө оруулалтад манайх үүрэг хүлээх ёсгүй. Харин барилгын дотор засал дээр манайх маргахгүй. Р.Э- нь анхнаасаа үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зорилго байгаагүй. Зам дагуу ашигтай байрлалтай тул худалдаж авахаар тохироод цаагуураа ашиглах зорилготой байсан байх. Анх талууд уулзахдаа манайх авна гэж санал тавьсан. Ингээд 780 000 000 төгрөгөөр тохирсон. 11 дүгээр сард хариуцагч нь 780 000 000 төгрөгийг өгөх аман хэлцэл байгуулсан. Гэтэл хариуцагч нь хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул олох ёстой орлогоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Хариуцагч нь худалдан авах үүргээ биелүүлээгүй тул ашиглаж чадаагүй хугацааны 51 000 000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Р.Э-т Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Дарь-Эхийн 1 дүгээр гудамж, 5/Б тоот хаягт 18644312830312 нэгж талбарын дугаартай, Г-2204004130 тоот улсын бүртгэлийн дугаартай, 525 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон 784.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн урд барьсан 2 ширхэг объектыг чөлөөлөхийг даалгаж, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 187.3.-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 51 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 187.3, 492 дугаар зүйлийн 492.1.1.-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Н.А-гаас 18 407 625 төгрөгийг гаргуулж хариуцагч Р.Э-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 128 992 375 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483 150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 917 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 249 988 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сөрөг нэхэмжлэлд Р.Э- нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дарь-Эхийн 1 дүгээр гудамжны 5/Б хаягт байрлах 784,4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар Б.Энхбаатартай тохиролцон худалдах, худалдан авах гэрээг байгуулахаас өмнө уг үл хөдлөх эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийж, мөн түүнийг зөвшөөрсний дагуу 2 ширхэг үйлчилгээ явуулах зориулалт бүхий объектыг барьсан байдаг ба уг зардлаа гаргуулахаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аар үнэлгээ хийлгүүлж нотолсон байдаг. Уг үнэлгээний дүгнэлттэй нэхэмжлэгч тал маргаагүй байдаг. Гэвч шүүх Р.Э- нь 2 ширхэг объектыг нэхэмжлэгч талын зөвшөөрөлгүй барьсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н.А- болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаатар нap нь 2 ширхэг объектыг баригдах явцад үүнийг таслан зогсоох болон зөвшөөрөл өгөөгүй болохоо илэрхийлсэн үйлдлийг хийж байгаагүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгөө Р.Э-т худалдах үйл ажиллагаа удааширч, худалдах, худалдан авах гэрээг хийхгүй болсон үеэсээ эхлэн дээрхи 2 объектыг хууль бус болохыг тогтоолгохоор холбогдох байгууллагуудад өргөдөл, гомдол гаргаж, мөн шүүхэд “миний зөвшөөрөлгүй барьсан” хэмээн тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар нотлогддог. Хэрэгт авагдсан Фэйсбүүк чатанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэгт нэхэмжлэгч Н. Амгалан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаатар нар нь 2 ширхэг объектыг баригдаж эхлэхэд эсхүл байх явцад хориглосон, зөвшөөрөл олгоогүй болохоо илэрхийлсэн зэргийг нотолсон бичлэг болоод зурвас байхгүй болно. Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт баригдсан 2 ширхэг объектийн үнэлгээгээр тогтоогдсон үнэ болох нийт 62 805 940 төгрөгийг нэхэмжлэгч Н.А-гаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.А-гаас хариуцагч Р.Э-т 2 ширхэг объектийн үнэлгээгээр тогтоогдсон үнэ болох 62 805 940 төгрөгийг нэмж гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                             ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн байна. Харин шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт баримталсан хуулийн зүйл заалтыг зөрүүтэй бичиж техникийн алдаа гаргасныг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна гэж үзлээ. 

 

            Нэхэмжлэгч Н.А- нь хариуцагч Р.Э-т холбогдуулан газар чөлөөлүүлэх, 51 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 152 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрийн өмчлөлийн 784.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөө “Каунтритрейд” ХХК-д аж ахуйн зориулалтаар сарын 3 000 000 төгрөгөөр түрээсэлж байсан гэрээгээ цуцалсан боловч тэрээр худалдаж аваагүй учир 2017 оны 11 дүгээр сараас эхлэн 17 сарын түрээсийн төлбөрөөр хохирсон тул 51 000 000 гаргуулна, мөн зөвшөөрөлгүй барьсан 2 ширхэг объектыг буулгана гэж тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч Н.А- нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Дарь-Эхийн 1 дүгээр гудамж, 5/Б тоот хаягт 525 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, уг газар дээр баригдсан 784.4 м.кв талбайтай үйлчилгээ, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын хувийн хэрэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /1хх 4, 106-114, 2хх 91/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид Н.А-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Дарь-Эхийн 1 дүгээр гудамж, 5Б тоот хаягт байрлах 525 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, уг газар дээр баригдсан 784 мкв талбайтай үйлчилгээ, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахаар тохиролцож байжээ.

 

Дээрх тохиролцоог үндэслэн хариуцагч Р.Э- нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 784.4 мкв талбайтай үйлчилгээ, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг засаж тохижуулсан, нэхэмжлэгчийн өмчлөлийн хашааны өмнө 2 обьектийг барьсан болох нь тогтоогдсон байна.

 

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд зохигчид нэхэмжлэгчийн өмчлөлийн 525 м.кв талбайтай газар болон уг газар дээр баригдсан 784.4 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахаар хэлэлцэж байсан боловч хуульд заасан журмын дагуу бичгийн хэлбэрээр гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан бөгөөд талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Хариуцагч Р.Э- нь нэхэмжлэгч Н.А-гаас 147 400 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Ц.Амгалангийн өмчлөлийн 2 давхар объектод засвар хийж, тохижуулсан зардал 30 000 000 төгрөг, 2 ширхэг объект барьж цайны газрын зориулалтаар тохижуулахад гарсан зардал 120 000 000 төгрөг бүгд 152 000 000 төгрөг болсон гэж тайлбарлажээ.  

 

Харин талууд хариуцагчийн барьсан 2 ширхэг объект нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газартай давхцаж байгаа эсэх болон хариуцагч Р.Э- нэхэмжлэгч Ц.Амгалангийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн засварын зардлын талаар маргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч уг асуудлуудаар шинжээчийн дүгнэлт гарсан байна.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/Ш32018/19107 дугаар захирамжаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг томилж, тус газрын шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/206 тоот дүгнэлтэд “... хариуцагч Р.Э-ын барьсан барьсан гэх 2 ширхэг объект нь тус бүр 42 м.кв талбайтай бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын хил хязгаарт 21 м.кв талбайгаар нэвтрэн орсон байх ба барилга хоорондын зай 0.73 м байна. Энэ нь хууль, нормын заалтуудыг хангаагүй” гэсэн, /хх126-135/ мөн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээчний дүгнэлтээр дотор засварын ажилд 10 418 725 төгрөг, гадна засварын ажилд 5 988 900 төгрөг зарцуулагдсан болохыг тогтоожээ. /хх 156/

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй байдаг бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.

 

 Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Амгалан өөрийн өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч Р.Э- саад учруулсан гэж үзэж, нэхэмжлэгч уг үйлдлийг таслан зогсоох, зөрчлийг арилгуулахыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

 

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээний тайлангаар Р.Э- нь 784.4 м.кв талбайтай үйлчилгээ, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн дотор засалд 10 418 725 төгрөг, гадна засварын ажилд 5 988 900 төгрөгийн зардал гаргасан нь мөн 2 ширхэг объектыг 525 м.кв талбайтай газрын урд хэсэгт барьсан болох нь анхан шатны шүүхийн үзлэг хийсэн баримтаар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна. /1хх 86-104, 2хх 141-158/.

 

Зохигчид 525 м.кв талбайтай газар, түүн дээр баригдсан 784.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах тухай гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй буюу өмчлөх эрхийг шилжүүлэх талаар тохиролцоогүй байхдаа гадна болон дотор засварын зардалд нийт 16 407 625 төгрөгийг зарцуулж, 62 805 670 төгрөгийн өртөгтэй 2 ширхэг объектыг зөвшөөрөлгүй барьсан байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Н.А- тус 784.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “Каунтритрейд” ХХК-д аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар түрээслүүлж байсан боловч Р.Э-т худалдахаар тохирсон гэсэн үндэслэлээр гэрээгээ цуцалсан байна. /1хх 52, 53, 56-58, 71-73/ Нэхэмжлэгчийн зүгээс сарын 3 000 000 төгрөгийн түрээсийн орлоготой гэрээг хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас цуцалсан гэж тайлбарласан боловч сар бүр 3 000 000 төгрөгийн түрээсийн орлого олдог гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.3 дахь хэсэгт заасныг үндэслэн 51 000 000 төгрөгийг нэхэмжлэх нь үндэслэлгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Харин хариуцагч нь нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар тохиролцож түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд оруулсан засварын зардалд 16 407 625 төгрөг, онгоцны тасалбарын төлбөрт 2 000 000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх нэхэмжлэгч тухайн хэмжээгээр хөрөнгөжсөн гэж үзэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид 18 407 625 төгрөгийг төлөх үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Р.Э-ын зүгээс 2 ширхэг объектыг барихад гарсан 120 000 000 төгрөгийн зардлыг нэхэмжлэгчээс шаардсаныг шүүх нэхэмжлэгч тал хариуцах үндэслэлгүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Учир нь, Баянзүрх дүүргийн Газрын албанаас 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Р.Э-т нийтийн эзэмшлийн газарт Газрын тухай хууль зөрчиж 2 ширхэг объект барьсныг 3 хоногийн дотор буулгах тухай мэдэгдэл өгсөн боловч хариуцагч нь Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчин нэхэмжлэгчийн өмчлөлийн газар, түүн дээр баригдсан үл хөдлөх хөрөнгийн чанх урд зөвшөөрөлгүйгээр объект барьсан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн өөрийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр барьсан 2 ширхэг объектыг чөлөөлөхийг түүнд даалгаж, нэхэмжлэгчээс 18 407 625 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв болжээ. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Харин шүүх тогтоох хэсгийнхээ 1 болон 2 дахь заалтад  техникийн алдаа гаргаж “183 дугаар зүйлийн 187.3” гэж хуулийн зүйл, заалтыг буруу бичсэнийг “187 дугаар зүйлийн 187.3” гэж залруулах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01768 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “183” гэснийг “187” гэж,

 

2 дахь заалтын “183” гэснийг “187” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 471 980 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

 

                   ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

 

                                                            Ц.ИЧИНХОРЛОО