Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2015 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2016/00703

 

Н.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн

2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 336 дугаар шийдвэртэй,

Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 202/МА2016/00023 дугаар магадлалтай,

Н.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Б.Ганболдод холбогдох

Эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын төлбөрт 13 481 924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Ганболд, хариуцагчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр охин Б.Болормаа болон охины найз н.Энхчимэг бид нар УАЗ 31512 маркийн 65-71 ДГО дугаартай машинд суун Эрээнээс Монголын хил гарч яваад жолооч Б.Ганболдын буруутай үйлдлээс болж осолд орсон. Б.Ганболд эсрэг урсгалд орсон, маш хурдан явж байгаад өөдөөсөө ирж байсан машинаас зайлж гарах гэж оролдоод чадаагүй, бид замын хажуу руу онхолдон, өнхөрч, бид гурав талын нэг шидэгдсэн. Тухайн үед Б.Ганболдод удаа дараа хурдаа хасахыг анхааруулж, хэлсэн ч үл тоон, хэнэггүйтэж байснаас болж 3 хүнийг эрүүл мэндээр нь хохироогоод зогсохгүй, насан туршдаа өвчин зовиуртай, байнгын өвчин намдаах эмчилгээ хийлгэхэд сэтгэл санаа, эдийн засгийн дарамтад байлгах хэмжээнд хүргэж биднийг хүндээр гэмтэхэд хүргэсэнд гомдолтой байна. 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сум дундын 9 дүгээр шүүхийн шийдвэрээр Б.Ганболдыг буруутайд тооцон, хохирлыг түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Одоо миний бие маш зовиуртай, нуруу муруйж бороолон, мэдрэлийн судсаа дарсан, байнгын өвдөлттэй байдаг тул, удаан сууж, явж чадахгүй, 2 хөл чирэгдэн, хуруу тасарч унах гэж өвдөн, хажуугаар нь байнга өвчин намдаах лаа, эм тариа хэрэглэн, заримдаа ч өвчиндөө шаналан, зовиурлаж, ингэж амьд явснаас тэр үед тэр чигтээ үхчихгүй яавдаа гэж хүртэл бодож, зүхэх үе ирдэг. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн, өөртөө тохирсон бизнес хийж, ажилтай, орлоготой, бусдаас дээр гардаггүй юмаа гэхэд доор орохгүй байх санаатай 2007 оноос компани байгуулан, хүнсний дэлгүүр ажиллуулан цаг наргүй өчнөөн жил зүтгэж, хуримтлуулж, цуглуулсан хэдэн төгрөгөө аваад Эрээн үзэх санаатай охиноо дагуулан хөл хөөрцөг болон явж байсан тэр цаг үе эсрэгээрээ юу ч үгүй, хөдөлмөрийн чадвар болж эрүүл мэндээрээ ганцхан хүний хариуцлагагүй үйлдлээс болж бүхэл бүтэн 1 хүний амь, 4 ам бүлийн цаашдын амьдрал, ирээдүй орвонгоороо эргэж, сүйрч байна. Нэгэнт Б.Ганболд миний биеийг хуучин хэвэнд нь оруулж өгч чадахгүйгээс хойш ядаж ирж уулздаггүй юмаа гэхэд утсаар ч болов асууж, хэл амгүйхэн шиг эмчилгээний зардлыг барагдуулчхаж болохгүй байсан юм байхдаа гэж гомдох юм. Би 2014 оны 06 дугаар саарын 16-ны өдрийн 9 дүгээр шүүхийн шийдвэрээс хойш хэрэглэсэн эмчилгээний зардалд 2 147 800 төгрөг, тээврийн зардалд 89 200 төгрөг, ослын улсаас учирсан эд хөрөнгийн хохирол 1 045 000 төгрөг, биднийг авах гэж Замын-Үүдэд очих шатахууны зардалд 760 000 төгрөг, ажилгүй байсан 12 сарын цалин /450 000х12/ 5 500 000 төгрөгөөс эмчилгээний 1 271 388 төгрөгийг хасаж 4 228 612 төгрөг, орчуулга, эд хөрөнгийн үнэлгээ, нотариат зэрэг бусад зардалд 165 700 төгрөг, нийт 8 436 312 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэмж эмчилгээнд 50 800 төгрөг, унааны зардалд 45 000 төгрөг нийт 95 000 төгрөгөөр, мөн эмчилгээнд 3 446 320 төгрөг, унаа 107 650 төгрөг нийт 3 553 970 төгрөг, эмчилгээнд зарцуулсан 567 494 төгрөг, ослын улмаас нурууны 2 дахь удаагийн хагалгаанд ороод одоо гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэн хэвтэж байна. Мөн нэмж 537 150 төгрөг, 763 592,76 төгрөгийг нэмж нийт 13 481 924,80 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 10 дугаар сарын 15-ны  дөр хилээс Замын-Үүд явж байх замд 1-р эгнээнд зогсож байсан 99-99 ДГО дугаартай Л.Гантулгын явсан машин буцаж эргэх дохио өгөлгүйгээр буцаж эргэхдээ машиныг мөргөхгүй гэж зүүн гар тийш зайлж гараад машин маань тогтолгүй унасан. Миний жолоодож явсан машиныг осолд оруулах замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчсөн Л.Гантулга гэдэг хүний буруутай үйлдлээс болж би өнөөдөр хохирогч биш хэрэгтэн болчхоод байна. Би зүгээр явж байгаад замын хажуу руу унахгүй, миний урдуур шахаж эргэсэн 99-99 ДГО дугаартай машинтай мөргөлдөж хүний амь насны эрсдэл гаргахгүй гэсэн үйлдэл хийгээд буруутай болчхоод байна. Би Б.Болормаа, Ө.Энхчимэг нарт тус бүр 750 000 төгрөг, Замын-Үүд сумаас Улаанбаатар хот явах 5 хүний вагоны зардалд 160 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Замын-Үүд сумын 9 дүгээр шүүхийн шийдвэрээр төлөх болсон Н.Бат-Эрдэнэд 1 878 000 төгрөг, Ө.Энхчимэгт 762 000 төгрөг, Б.Болормаад 501 000 төгрөгийн төлбөр төлж барагдуулсан ба Н.Бат-Эрдэнэ Замын-Үүд сумын шүүх эмнэлгээс хөнгөн гэмтэлтэй гэсэн дүгнэлттэй Улаанбаатар явж гэмтэл согогийн эмнэлэгт 7 хоног хэвтээд гарсан болно. Иймд Н.Бат-Эрдэнээс надаас нэхэмжилж байгаа 8 500 000 төгрөгийг төлөх чадвар байхгүй. Учир нь би 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 16-ны хооронд ямар ч ажил хийж чадахгүй, эмнэлэгт хэвтэж эмчлүүлж чадаагүй нуруу бөөр байнгын өвдөлттэй явж байна. Би Н.Бат-Эрдэнэ, Б.Болормаа, Ө.Энхчимэг нарт төлсөн мөнгөө хүнээс зээлж төлсөн бөгөөд одоо хүртэл төлж дуусаагүй. Одоо өдөрт хүний машиныг өдрийн 100 юанийн хөлсөөр унаж ажил хийдэг бөгөөд төлбөрийн чадваргүй. Энэ хэргээс болоод ажил төрөл ч хийж чадалгүй, асар их удаж байна. Л.Гантулга гэж хүний ноцтой үйлдлээс болж би хохирсон. Тухайн үед Л.Гантулга гэж хүний ноцтой үйлдэл байгаагүй бол би замын хажуу руу унахгүй байсан. Н.Бат-Эрдэнэ гэж хүнийг үзээд анх гаргасан дүгнэлт нь хөнгөн зэргийн гэмтэл гэж байсан. Одоо надаас ойр ойрхон мөнгө нэхэмжилж, дарамттай байна. Би ажил төрөлгүй тул төлөх боломжгүй гэжээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 336 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нийт нэхэмжлэлийн шаардлага болох 13 481 924,80 төгрөгөөс хариуцагч Б.Ганболдоос эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 5 665 511 төгрөг, замын зардалд 257 400 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 2 951 559 төгрөг зэргийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнэд, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 418 494 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Болормаад тус тус олгож, нэхэмжлэгч С.Эрдэнэбилэг, Т.Ууганбаяр нарын шатахууны зардал 760 000 төгрөгийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнэ, Б.Болормаа нарын эд хөрөнгөнд учирсан хохирол 1 045 000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнийн орчуулгын болон нотариатын зардлын гэх 165 700 төгрөгийг, түүнчлэн эрүүл мэндийн гэм хорын төлбөрт нэхэмжилсэн нотлох баримтаар тогтоогдоогүй нийт 2 069 260 төгрөгийн нэхэмжлэлийг хасаж, нэхэмжлэгч Б.Болормаагийн эрүүл мэндийн гэм хорт нэхэмжилсэн 567 494 төгрөгөөс үлдэх хэсэг 149 000 төгрөгийн нэхэмжлэлийг хасаж тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б.Ганболдоос улсын тэмдэгтийн хураамжид 163 637 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ. 

Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 202/МА2016/00023 дугаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 336 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч Б.Ганболдын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Ганболдоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй. Би жолооч Б.Ганболдын буруутай үйлдлийн улмаас осолд орсноос өвчиндөө шаналж хохирсон. Би осолд орохоос өмнө өөрийн гэсэн бизнэс эрхлэн 3-4 хүнийг ажлын байраар ханган, ажилтай, орлоготой, улсад татвар төлөн хөдөлмөрлөж байсан. Гэтэл одоо өөрөө хүнээс мөнгө гуйн, хөдөлмөрийн чадваргүй болчхоод байна. Энэ хугацаанд эмчилгээ хийлгэх гэж бусдаас зээлсэн мөнгөө буцааж төлөх, дараачийн эмчилгээнд шаардлагатай зардалтай холбоотой банкнаас зээл авсан ч хугацаанд нь төлж чадахгүй байраа алдахад хүрээд байна. Би ослоос өмнө тэтгэвэрт гарах гэж цалингаа бага багаар нэмэгдүүлэн, 350 000 төгрөгийн цалин авч байсныг 450 000 төгрөг болгон нэмэгдүүлж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж, тэтгэврээ тогтоолгоно гээд хичээн, зүтгэж байсан нь ослын улмаас боломжгүй болж хохирсон. Хэрэв осолд ороогүй байсан бол өнөөдрийг хүртэл би ажлаа хийгээд цалингаа аваад явж байх байсан. Энэ бүх байдал хариуцагчийн хариуцлагагүй байдлаас болсон. Би “Эвийн гагнаас” ХХК-ийг 2009 онд 1 гишүүнтэйгээр байгуулан захирал, нягтлан бодогчоор нь ажиллаж тайлан тооцоогоо цаг тухайд нь өгч ажиллуулж байсан. Гэтэл яагаад би захирал болон нягтлан бодогчийн гарын үсгийг яахаараа зурж болохгүй гэж, өөр хүнээр зуруулах байсан юм уу би ойлгохгүй байна. Энэ ослоос болж компаниа татан буулган хохирч үлдсэн. Мөн 3 cap эмнэлгийн хуудас авч дахин цааш сунгуулах гэхээр нийгмийн даатгалын хэлтсээс зөвшөөрөхгүй байна. Учир нь 3 сараас дээш үргэлжлүүлэн өвдсөн тохиолдолд групп тогтоолгох ёстой. Хэдийгээр хөдөлмөрийн зохицуулалт хийх шаардлагатай гэсэн эмчийн шийдвэр байгаа ч намайг та одоо группд байдаг, давхар групп тогтоогдохгүй, нийгмийн даатгалын нэг сангаас 2 тэтгэвэр 1 хүнд олгогдох хуулийн заалт байхгүй” гээд олгогдоогүй. Би өмнө нь элэгний циррозоор группд байдаг байсан. Мөн эмнэлгийн хуудаснуудыг бүгдийг нь шүүхэд баримтаар гаргаж өгөөгүй. Уг ослоос болж би ажил хийх нь битгий хэл эмнэлэг, сувилалын орноос холдолгүй, 2 хөл саажилттай өнөөдрийг хүрч байхад миний энэ хохирлыг хэн хариуцах болж байна? Үүнээс гадна эд материалын хохирол надад учирч байна. Иймд магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан үндэслэлд нийцээгүй тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Хамтран нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнэ, Б.Болормаа, С.Эрдэнэбилэг, Т.Ууганбаяр нар нь хариуцагч Б.Ганболдоос гэм хорын хохиролд 13 481 924 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ. Б.Болормаа, С.Эрдэнэбилэг, Т.Ууганбаяр нар Н.Бат-Эрдэнэд нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэлээр олгосон, нэхэмжлэлд нэхэмжлэгч тус бүрийн шаардлагыг тодорхой тусгасан байдалд шүүх дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлсон байна. /хх-61, 62, 63/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсон тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заажээ. 

Хариуцагч Б.Ганболд нь 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоос сумын төв орохоор тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь хэсгийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас машинд сууж явсан Н.Бат-Эрдэнийн биед бүсэлхийн 2, 3 дугаар нугалмын хугарал, нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл, Б.Болормаагийн биед хүзүүний 6, 7 дугаар нугаламын арын сэртэнгийн зөрүүгүй хугарал... бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан, мөн тэдгээрийн авч явсан эд хөрөнгө устаж, гэмтсэн болох нь Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогджээ.

Хариуцагчийн зүгээс осол гарахад бусдын буруутай үйлдэл нөлөөлсөн, зохих төлбөрийг төлсөн, ажилгүй учраас орлогогүй, төлбөрийн чадваргүй байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, нэхэмжлэгчийн гаргасан эмчилгээний зардал, эд хөрөнгийн хохирлыг бодит байдалд нийцээгүй гэж тайлбарласан боловч өөрийн татгалзлын үндэслэлийг баримтаар нотолж, нэхэмжлэлийг үгүйсгэж чадаагүй байна.

Бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм буруутай үйлдлээр гэм хор учруулсан этгээд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар эд хөрөнгийг өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр төлөх үүрэгтэй.

Хариуцагч Б.Ганболд нь гэм буруутай учраас бусдад учруулсан гэм хорыг төлөх ёстойгоос гадна гэм хорын хэмжээ нотлогдсон байх учиртай. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэгч тус бүрийн нэхэмжлэлийн  шаардлагын талаар дүгнэлт өгч, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг  хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна. 

Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнийн сарын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн чадвараа алдсанаас ажиллаагүй хугацаатай холбоотой баримтууд зөрүүтэй, нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэхдээ хэрэгт цугларсан бусад баримтыг харьцуулан, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэж, чадаагүй, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй байжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа эмнэлгийн хуудас гэх 4 ширхэг баримтуудыг хуульд заасан шаардлагыг хангаагүй “хуулбар” хэлбэрээр хавсаргаж өгсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг баримтуудыг эх хувиар нь гаргаж өгсөн байна. /хх- 53-55,104-107/

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнэ өөрийгөө сарын 450 000 төгрөгийн цалинтай байсан гэсэн боловч 350 000 төгрөгийн цалинтай болох нь нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн хуудас зэрэг баримтаар тогтоогдсон, эмнэлгийн хуудсанд сарын 350 000 төгрөгийн цалингаас тооцож 898 441 төгрөгийн тэтгэмж олгосон,  2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Н.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тухай тус тус тэмдэглэгдсэн байна.           

Шүүх осолд орж, гэмтэл авсан 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Н.Бат-Эрдэнийг олох байсан орлого буюу цалингаараа хохирсон гэж үзэж, үүнээс эмнэлгийн хуудсаар авсан мөнгийг хасаж үлдэх хэсгийг гаргуулсан нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д нийцжээ. Н.Бат-Эрдэнэ нь уг ослын улмаас 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дахин хагалгаанд орсон тухай шинжээчийн дүгнэлт, өрхийн эмчийн үзлэг хийсэн баримтуудаас үзэхэд эрүүл мэндийн шалтгаанаар ажиллах боломжгүй байсан нь тогтоогдсон байна.

Иймд нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, хэрэгсэхгүй болгосон талаар ойлгомжгүй тусгасан байх тул найруулгын хувьд өөрчлөлт оруулна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 202/МА2016/00026 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 336 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ганболдоос  8 874 470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнэд, 418 494 төгрөгийг гаргуулж Б.Болормаад тус тус олгож,  нэхэмжлэлээс 3 428 960 төгрөгийн нэхэмжлэл болон 760 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Эрдэнэбилэг, Т.Ууганбаяр нарын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнэ хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                         П.ЗОЛЗАЯА